Ц.Алтансүх: Шахмал түлш бол агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны зорилт юм


“Тавантолгой түлш” хувьцаат компанийн ерөнхий инженер Ц.Алтансүхтэй цаг үеийн сэдвээр ярилцлаа. 

 -Сүүлийн үед “Тавантолгой түлш” компанийн талаар янз бүрийн мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Ялангуяа, Хятад улсаас шахмал түлшээ оруулж ирдэг гэх асуудал. Энэ үнэн үү. Эндээс ярилцлагаа эхэлье?

-Манай компани Хятад улсаас сайжруулсан шахмал түлш оруулж ирэх ямар ч шаардлагагүй. Андуурч эндүүрсэн үү, эсвэл санаатайгаар гүтгэлгийн шинжтэй мэдээлэл цацсан эсэхийг мэдэхгүй. Манай компанид ажиллаж буй 3000 ажилтны хөдөлмөрийг үнэгүйдүүлж, үгүйсгэсэн ийм мэдээлэл нийтэд түгээсэнд харамсаж байна. Хэрвээ импортлох шаардлагатай бол бид, манай 3000 ажилтан энд юу хийдэг болж таарах вэ. Цаг нөгцөөж суудаг гэсэн үг үү. Хүн хардаж болно, гэхдээ ор үндэсгүй гүтгэж, бусдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, урмыг нь хугалж болохгүй. Олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл өгөхийг хүсье. 

-Хоногт хэчнээн тонн шахмал түлш үйлдвэрлэж байна вэ?

-Одоогийн байдлаар манай компанийн гурван үйлдвэрийн 14 шугам тасралтгүй ажиллаж байна. Хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг. Нийслэлийн шахмал түлшний нэг өдрийн хэрэглээ ихдээ 3500 тонн гэсэн тооцоо бий. Бид өнгөрсөн тавдугаар сараас хойш өвлийн нөөцөө бэлдсэн. Одоогоор нийслэлийн хэмжээнд 97 агуулахад 110 мянган тонн түлш нөөцөлсөн. Энэ бол нийслэлийн өвлийн хэрэгцээнд хангалттай хүрэх нөөц юм. Дахиад ч үлдэнэ. Ийм байхад Хятадаас шахмал түлш импортлох ямар ч шаардлагагүй юм. Гол түүхий эдийн нэг болох мидлингийн нөөц 330 мянган тонн байна. Энэ нь 110 орчим хоногийн нөөц. Барьцалдуулагчийн нөөц 12300 тонн байгаа нь 140 хоногийн хэрэгцээ юм. Үйлдвэрлэл хэвийн, нөөц хангалттай бий. Санаа зовох хэрэггүй. 

-Сайжруулсан шахмал түлшийг анх хэрэглээнд нэвтрүүлэхэд олон асуудал гарч байлаа. Иргэдийн зүгээс ч багагүй шүүмжилсэн. Танай үйлдвэр байгуулагдаад таван жил болох гэж байна. Энэ хугацаанд түлшний чанарыг сайжруулах тал дээр ямар ажил хийв?

-Сайжруулсан шахмал түлшний жилийн хэрэглээ нийслэлд 600 мянган тонн байдаг. Энэ бол ихээр бодсон дээд хэмжээ. Өмнө нь жилд нэг сая гаруй тонн түүхий нүүрс хэрэглэдэг байлаа. Сайжруулсан түлш хэрэглэсэн цагаас эхлээд утаа нүдэнд харагдахуйц буурсныг хүн бүр мэднэ. Ил тод харагдаж байгаа зүйл. Түлшний чанарын хувьд асуудалгүйг мэргэжлийн хяналтын байгууллагууд тогтоосон. Ер нь нүүрсний дутуу шаталтаас үүсдэг нүүрстөрөгчийн дутуу исэл, хүхрийн дутуу исэл, ноксокс, азотын дутуу исэл гэсэн хортой бодисууд үүснэ. Шахмал түлшний дулаан ялгаруулах чанар бидний хэрэглэдэг байсан хүрэн нүүрстэй харьцуулахад хоёр дахин өндөр. Мөн хүрэн нүүрстэй харьцуулбал хортой бодис бага. Шахмал түлшийг дөнгөж хэрэглээнд нэвтрүүлэхэд хүмүүс угаартаж нас барсан тохиолдлууд гарч байлаа. Харин өнөөдөр шахмал түлшийг хэрэглэж хэвшсэн байна. Дутуу шатааж угаартах нь эрс багассан. Хэрэглэгчдэд үйлчлэх төвд угаартсан дуудлага бараг бүртгэгдэхээ больсон. Өмнө нь дуудлага зуу, хоёр зуугаараа ирдэг байж. Харин өнөөдрийн хувьд сардаа 20 орчим дуудлага ирвэл их юм. Зарим өдөр дуудлагагүй өнжиж байна. Эндээс харахад хэрэглэгчид шахмал түлшийг зөв хэрэглэж сурчээ. Дээр нь айл өрх бүрд угаар мэдрэгч суурилуулсан. Үүнийг манайхан тогтмол хянаж, аюулын дохио илэрсэн айлуудад очиж шалгадаг. Ямар ч байсан угаартсан дуудлага анхны жилээ бодоход 90 гаруй хувиар буурсан. Дулааны чанар өндөртэй түлшийг хэрэглээд сурчихвал бидэнд л хэрэгтэй. Сайжруулсан шахмал түлш хүрэн нүүрсийг бодвол дөл харагддаггүй. Гэтэл манайхан шатаад дууссан гэж үзээд яндангийн сойлтоо хаадаг. Үүнээс шалтгаалж угаартах нөхцөл бүрддэг байсан. 

-Сайжруулах, хөгжүүлэх тал дээр ямар ажил хийж байгаа талаар асуусан юм. Та дутуу хариулах шиг боллоо?

-Нэгдүгээрт бид үйлдвэрүүдээ өргөтгөж хүчин чадлыг нь нэмж байна. Дөрөвдүгээр үйлдвэртээ засвар, шинэчлэл хийж хүчин чадлыг 2.5 дахин нэмэгдүүлж хоногт 800 тонн шахмал түлш үйлдвэрлэх болсон. Мөн зүүн үйлдвэрийн өргөт­гөлийг шуурхай зохион байгуулж хүчин чадлыг нь хоёр дахин нэмэг­дүүлж байна. Технологио сайж­руул­бал бүтээгдэхүүний чанар сайжирна. Яваандаа бид баруун үйлдвэрийн үйл ажиллагааг шат дараатай зогсоож, шахмал түлшний үйлдвэрийг хотоос гаргах бодлого баримтлана. 

Хоёрдугаарт, бид түлшний чанараа сайжруулах судалгаа, шинжилгээний ажлаа хийсээр байна. Энэ хүрээнд шахмал түлшний барьцалдуулагчийг шинээр зохион бүтээж дотооддоо үйлдвэрлэх боломжтой болсон. Магни, кальцийн агууламж өндөртэй шохойлог чулуулгаас бүрдсэн доломит хэмээх бүтээгдэхүүнээр барьцалдуулагч хийсэн бөгөөд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн шугамуудад туршилт явуулж лабораторийн шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээгээр дээрх бүтээгдэхүүнээр барьцалдуулсан түлшнээс гарах утаанд агуулагдах хүхрийн агууламж одоо үйлдвэрлэж буй шахмал түлшнээс 2-3 дахин бага байгаа нь батлагдсан. 

Мөн “Тавантолгой түлш” компани 30 мянган айл өрхөд түлш хэмнэгч “Бортого” суурилуулж байна. Бортогыг хэрэглэснээр түлш хэмнэхээс гадна агаарт хаягдах хорт хийн агууламжийг багасгах ач холбогдолтой юм. Учир нь, бортого түлшийг бүрэн шатаахаас гадна түлшнээс гарсан утааг дахин шатаах горимын шийдэлтэй. 

-Агаарын бохирдлыг хэдий хугацаанд бүрэн арилгах боломжтой вэ?

-Шахмал түлш бол агаарын бохирдлыг бууруулах богино хугацааны зорилт. Дараагийн алхам Монгол Улс хагас кокс үйлдвэрлэх үү, хийн түлшээр халаалтаа шийдэх үү гээд асуудлууд яригдана. Урт хугацаандаа бол дэд бүтцээ сайжруулж гэр хорооллыг шугам сүлжээнд холбох, орон сууцжуулах бодлого шүү дээ. Английн орчны үнэлгээний газраас Улаанбаатарын агаарын бохирдлыг 2-3 дахин буурсан гэсэн бол манай мэргэжлийн байгууллагууд 50 хувь буурсан гэж дүгнэсэн. Энэ бол богино хугацааны зорилт үр дүнд хүрч байгаагийн илрэл. 

-Баруун үйлдвэрийг нүүлгэн шил­жүү­лэх ажил ямар шатанд явна вэ?

-Налайх дүүрэгт байх зүүн үйлд­вэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, үйлд­вэрлэлийг төвлөрүүлснээр баруун үйлдвэрийн ачаалал буурна. Улмаар тус үйлдвэрийг алсдаа хотоос гаргах асуудал яригдана. Гэхдээ шууд хаагаад нүүлгэх боломжгүй. Баруун үйлдвэр техно­логийн есөн шугамтай. Шугамыг шат дараатай зогсоож, үйлдвэрлэлийг нь аажмаар багасгах бодлого баримтлана. Одоогоор баруун үйлдвэрийг хаах тухай тодорхой шийдвэр гараагүй. 

-Түлшийг анх нэвтрүүлэхэд айлуудын гэрээр явж заавар­чил­гаа өгөх, яндан хөөлөх гэх мэт ажлыг эрчимтэй хийсэн дээ. Одоо хэвээрээ юү?

-Яндан хөөлөхөөс эхлээд түлшийг хэрэглэх талаар зөвлөгөө өгдөг бригад ажилладаг байлаа. Одоо энэ хүмүү­сийн ачаалал буурсан. 

-Ингэхэд ажиллах хүчний хувьд ямар байна вэ?

-Манай компани 3000 хүнтэй. Үүнээс 2200 орчим нь яг үйлдвэр дээрээ дөрвөн ээлжээр тасралтгүй 24 цаг ажиллаж байна.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №47/24528/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 18 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 21 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 21 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 22 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 22 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 23 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 23 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 23 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 23 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 23 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 23 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 23 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 23 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 23 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 23 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 23 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр