Сайжруулсан шахмал түлшийг бүтээсэн нүүрсний химич, “Тавантолгой түлш” компанийн зөвлөх инженер Ж.Батбилигтэй ярилцлаа.
-Сайжруулсан шахмал түлшний санаа анх хэрхэн төрсөн талаар яриагаа эхэлье?
-Миний хувьд ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийг нүүрсний химич мэргэжлээр төгссөн. Төгссөн цагаасаа хойш 30 гаруй жил нүүрстэй холбоотой төрийн байгууллагуудад ажиллалаа. Агаарын бохирдол гэдэг зүйл манай улсын тулгамдсан асуудал. Үе үеийн Засгийн газар янз бүрийн санал санаачилга гаргаж, тодорхой ажлууд хийсэн боловч үр дүнд хүрээгүй. Хүн бүр утааны хор уршгийг мэдэж байгаа хэрнээ бодитой ажил хийгээгүй. Миний үр хүүхэд, ах дүү олон хүн Улаанбаатар хотод амьдарч байна. Тэднийхээ төлөө Улаанбаатарын утааг бууруулах олон ажил болон төслүүдийг хийж байсан. Түүний нэг нь сайжруулсан шахмал түлш юм. Гэхдээ шахмал түлш гэдэг саяхан шинээр бий болсон зүйл биш. “Гэрлэж амжаагүй явна” кинонд нүүрсний судлаач шахмал түлш хийж байгаа тухай гардаг шүү дээ. Сайжруулсан шахмал түлшийг бүтээхэд 10 гаруй жилийг зарцуулсан. Тодруулбал, 2013 онд “Энержи ресурс” компанийн Ухаа худгийн мидлинг гэдэг түүхий эд дээр зохион бүтээж оюуны өмчийн газраар баталгаажуулж авсан. Угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсээс утаа багатай сайжруулсан шахмал түлшийг гаргах технологи дээр үндэслэн бүтээсэн байдаг. Ингээд 2018 оны тавдугаар сард долоон хүнтэй компаниа байгуулж байсан. Сүүлдээ төрийн өмчит компани болсон.
-Зохиогчийн хувьд шахмал түлш үүргээ хэр биелүүлсэн гэж боддог вэ?
-Анх эхлэхдээ Улаанбаатар хотын утааг 50 хувиар бууруулах зорилт тавьсан. Тэгвэл өнөөдөр энэ зорилтдоо хүрлээ. Мөн хортой бодисын агууламжийг хоёр дахин бууруулсан. Тодруулбал, нэг мкб агаарт хорт бодис 1200 мг байдаг бол үүнийг 300 мг, мкб болгож буурууллаа. Энэ нь олон улсын хэд хэдэн лабораториор баталгаажсан зүйл. Тодруулбал, Япон, Хятад, ОХУ-ын олон улсын магадлан итгэмжлэгдсэн лабораториудаар баталсан гэсэн үг. Мөн Дэлхийн банк, ДЭМБ-аас гаргасан судалгаагаар утааны хортой чанарыг 50 хувиар бууруулсан нь зулбах, ургийн гажиг үүсэх эрсдэлийг хоёр дахин бууруулж, жилд 200 гаруй хүүхдийн амийг аварч байна гэсэн судалгаа хүртэл гарсан байдаг. Нийгмийн эрүүл мэнд талдаа үр өгөөжтэй ажил хийсэн юм болов уу гэж боддог доо.
-Цаашид агаарын бохирдлыг хэдэн хувь хүртэл бууруулах боломжтой вэ. Мөн мидлингээс өөр бодис, эсвэл нүүрс ашиглан агаарын бохирдлыг бууруулах боломж бий юү. Манай улсын хувьд мидлингийн нөөц хэр байдаг юм бол?
-Мидлинг бодисыг ашиглан агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой. Мидлингийг одоо бол зөвхөн Тавантолгойн уурхайгаас авдаг. Тиймээс энэ бодисыг өөр нүүрсээс авах боломжтой эсэхийг судлах шаардлагатай. Өөр бусад нүүрс ашиглан утаа багатай түлш гаргах боломжтой эсэх дээр судалгаа хийсэн. Ингэхэд хүрэн нүүрс ашиглан хагас коксын үйлдвэр байгуулж, утаа багатай түлш гаргах боломж бий. Мөн байгалийн утаа багатай нүүрсийг ашиглаж болно. Гэхдээ манай улсад утаа багатай нүүрсний нөөц бага. Энэ жил орон нутагт хоёр үйлдвэр байгуулсан. Тодруулбал, Өвөрхангай аймгийн Баянтээг сум болон Ховд аймагт Хөшөөтийн уурхайг түшиглэн 30 тоннын хүчин чадалтай үйлдвэр барьсан. Ингэхэд дээрх уурхайн нүүрс нь утаа багатай түлш боловсруулахад тохирч байгааг шинжилгээгээр баталсан байдаг. Энэ жишгээр 21 аймагт утаа багатай түлшний үйлдвэр байгуулах тооцоо судалгааг хийсэн. Хүрэн нүүрсийг боловсруулж, хагас кокс буюу утаа багатай түлш гаргах технологиор зүүн гурван аймаг болон Төв аймгийг багтаасан хагас коксын үйлдвэр байгуулбал боломжтой. Төвийн бүсийн аймгуудын хувьд “Тавантолгой түлш”-ийн баяжмал буюу мидлинг дээр түшиглэн 150 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр барихад болно. Ингэснээр орон нутагт гурван мянган ажлын байр шинээр бий болох юм. Хөвсгөл аймгийн Могойн голын уурхайн нүүрс нь утаагүй түлшинд тохирсон байдаг.
-Таны хувьд одоо “Тавантолгой түлш” компанийн дөрөвдүгээр үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Анх байснаасаа өргөжсөн. Энэ талаар сонирхуулж болох уу?
-“Тавантолгой түлш” компанийг анх байгуулахад ерөнхий инженерээр ажилд орж байлаа. Харин одоо бодит үйлдвэр дээр буюу дөрөвдүгээр үйлдвэрийн даргаар ажиллаж байна. Миний хувьд ихэвчлэн нүүрсний гүн боловсруулалт, химийн технологийн чиглэлээр ажилладаг. Дөрөвдүгээр үйлдвэрийн хувьд Орос, Монгол компани хамтран 17 тэрбум төгрөгөөр шахмал түлшний үйлдвэр байгуулаад ашиглалтад оруулж чадалгүй орхисон байдаг. Найман жилийн дараа манай компани тус үйлдвэрийг ашиглалтад оруулан ашиглаж байна. Манай компанийн хүчин чадал анх 2019 оны эхний саруудад 30 тонн түлш үйлдвэрлэдэг байсан бол сүүлийн саруудад 40 мянган тонн түлш үйлдвэрлэж байсан. “Тавантолгой түлш” компани зүүн, баруун, дөрөвдүгээр үйлдвэр гэсэн гурван үйлдвэртэй. Үүний дотор дөрөвдүгээр үйлдвэр хүчин чадлаа 10 дахин нэмж 30 тонноос 300 тонн болтлоо нэмсэн. Харин одоо бол өдөрт 500 орчим тонн жилдээ 600 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Энэ нь Улаанбаатар хотыг бүрэн хангадаг. Мөн үндсэн 3600 ажилтантай гэсэн албан ёсны тоо байдаг. Харин нийслэлийн хяналтын ажилтан, борлуулалтын ажилтныг оруулбал 10 гаруй мянган ажилтантай гэсэн тооцоо бий. Үйлдвэрүүдэд өргөтгөлийн ажил хийсэн. Тодруулбал, өдөрт 250 тонн үйлдвэрлэдэг үйлдвэрийг 800 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон. Мөн хоёрдугаар шугамын өргөтгөлийн ажлыг хийж байна. Ингэхээр миний хариуцаж байгаа дөрөвдүгээр үйлдвэрт 200 гаруй хүн ажиллана. Мөн “Тавантолгой түлш” компанийн нийт үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний 40-50 хувийг үйлдвэрлэнэ. Зөвхөн шугамын чадлыг нэмээд зогсохгүй чанарыг сайжруулах хэрэгтэй.
-Барьцалдуулагчийн 90 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа гэсэн билүү?
-Сайжруулсан шахмал түлшний технологийн зохиогчийн хажуугаар гаднаас авдаг хуурай барьцалдуулагч дээр ажилласан. Үүнийг анхандаа бид 100 хувь гаднаас авч байсан бол одоо 90 хувийг нь дотооддоо үйлдвэрлэж байна. Импортоор авч байхад өртөг өндөртэй, хил, гаалийн асуудлууд тулгарч байлаа. Тиймээс монгол эко барьцалдуулагч хийе гэж шийдсэн. Ингээд энэ онд барьцалдуулагчаа бүх үйлдвэртээ нэвтрүүлсэн. Тодруулбал, үйлдвэрийн 14 шугам дээр энэхүү барьцалдуулагчийг хэрэглээд явж байна. Шохойлог доломид бодисыг хэрэглэдэг. Энэ бодис нь манай улсад түгээмэл тархацтай. Мөн хүхрийн агууламжийг дөрөв дахин бууруулсан хурдан хаталттай нь эргэлтийн шугамд тохирч байна. Хүхрийн агууламжийг бууруулах нь дэлхий нийтийн хувьд том асуудал байдаг. Тэгвэл хүхрийн агууламжийг бууруулж чадсан нь том амжилт юм. Өдөрт 160 гаруй тонн барьцалдуулагч хэрэглэдэг. Дунджаар 3500-4000 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Мөн шахмал түлшний бараа материалыг дотоодоосоо хангах боломжтой юм. Барьцалдуулагч материалын хувьд дотооддоо 100 хувь үйлдвэрлэх боломжтой. Одоогоор 10 хувийн давирхайлаг материалыг гаднаас авч байна. Ирэх жилээс бид тэр 10 хувиа өөрсдөө хийдэг болох боломжтой.
-Шуудайгаа 100 хувь Хятадаас авдаг гэсэн. Дотооддоо үйлдвэрлэх боломжгүй юу?
-Манай улс үйлдвэрлэгч орон биш учраас шуудайгаа гаднаас авдаг. Нэг тонн шахмал түлшинд 40 шуудай ордог. Нэг удаадаа дөрвөн сая шуудай худалдан авдаг. Гэхдээ бид үндэсний компаниудаасаа худалдаж авъя гээд судалгаа хийсэн боловч энэ хэмжээний шуудай үйлдвэрлэх боломжгүй байсан. Дотоодын компаниудаас заавал тоо зааж шахахгүйгээр хүчин чадлаас нь хамаарч шуудай авдаг болсон шүү дээ. Тэгэхээр огт дотоодоос авдаггүй гэж хэлж болохгүй.
-Энэ онд шахмал түлшний стандарт шинэчлэгдсэн гэсэн. Энэ талаар?
-Сайжруулсан шахмал түлшний хувьд 2011, 2014, 2019, 2022 оны стандарт гээд дөрвөн удаа шинэчилж сайжруулсан байна. 56:79 стандартад миний бие оролцсон. 2022 оны стандарт чанар, аюулгүй байдлын хувьд илүү сайжирсан. Нэг үгээр хэлбэл бид өөрсдөдөө тавих шаардлагаа улам сайжруулж, чангаруулж, шахмал түлшний хор хөнөөлийг багасгаж байна гэсэн үг. Нэг жишээ дурдвал ус чийгийн агууламж өмнө нь 2014 оны стандартад 15 хувь байсан бол 2019 онд 10 болсон. Тэгвэл 2022 оны стандартаар зургаа болж буурсан. Харин илчлэг өмнө нь 4200 байсан бол 5200 болсон гэх мэтээр гарч буй бүтээгдэхүүндээ тааруулж стандартаа шинэчилж сайжруулж байна.
-Шахмал түлш анх гарч байхдаа багагүй хэл ам дагуулж байсан. Барьцалдуулагч нь шоргоолжны хүчил гэдэг бодистой гэх зэргээр. Таны хувьд ямар эрсдэлүүдийг даван туулж байв?
-Анх өөрийн хоёр өрөө байр, гурван га газар, ахынхаа гурван өрөө байрыг банкны барьцаанд тавьж 505 сая төгрөг зээлж эхлүүлж байсан. Зээл аваад Хятадаас энэ төрлийн төхөөрөмж худалдаалдаг үйлдвэрээс бага оврын төхөөрөмж худалдаж авсан. Ингээд өөрийн таван дүүгээ дагуулан хоёр жил зүтгэсний эцэст утаа багатай түлш хийж чадсан гэдгээ нотоллоо. Гэвч барьцаанд тавьсан бүхнээ алдсан. Одоо л төлж дуусаж байна. Үнэ хөлсгүйгээр бүтдэг зүйл гэж байдаггүй. 2018 онд түлшээ гаргаж эхэлж байхад 18 хүн угаартаж нас барсан. Ингээд тагнуул, цагдаагаас олон удаа дуудаж байцаасан. Хүмүүсийн хувьд шахмал түлш угаартуулж байна гэсэн. Барьцалдуулагчийг хэвлэлийн бага хурал дээр би идэж үзүүлсэн. Энэ мэтчилэн олон бэрхшээлийг даван туулсан юм шүү.
А.Даваа
Эх сурвалж: Монголын үнэн сонин №47/24528/