Оршин суугчдынхаа тав тухыг дээдэлсэн нийслэлийн шилдэг хороо


Баянгол дүүрэгт 2021, 2022 онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өргөн далайцтай хийжээ. Дүүргийн Засаг даргын ярианаас ч үүнийг анзаарч болохоор байв. Иргэдийнхээ тав тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцөл орчныг бүрдүүлэхэд юуны түрүүнд анхаарч, орон сууцны болон гэр хороолол дундах авто зам, явган хүний зам, автомашины зогсоолыг олноор барьж байгуулжээ. Мөн орон сууцны хорооллууд дундах гараашуудыг чөлөөлж явган хүний зам, авто зогсоол барьсан байна. 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны урд даацын түшиц ханыг шинэчлэн барьж байгуулсан аж. Энэ мэт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд өрнөсөн хороодын нэг нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо. Жалханз хутагт Дамдинбазарын гудамжинд байрладаг тус хороо ажил үйлсээрээ нийслэлийн хороодоос тогтмол айрагддаг шилдэг үйл ажиллагаатай анхан шатны нэгж юм байна. Хорооны Засаг дарга Б.Мөнхзул биднийг угтан авч хороогоо товч танилцуулав. 26.5 га газар нутагтай, орон сууцны 29 байр, 1816 өрхтэй, 7168 хүн ам оршин суудаг энэ хороонд тэтгэврийн насныхан 1571, ЕБС-ийнхан буюу 6-17 насны 1511 хүүхэд байдаг гэнэ. Энэ жил нэгдүгээр ангид 106 хүүхэд элсэн орсон гэдгийг ч хорооны Засаг дарга цээжээр хэлж байна. XIX хороо төрийн өмчийн нэг цэцэрлэгтэй. Хорооны хэмжээнд 0-5 насны 817 хүүхэд байдгаас 577 нь хорооныхоо цэцэрлэгт, үлдсэн 240 хүүхэд хөрш зэргэлдээ XVIII хорооны 13 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байгаа аж. Хороонд “Шар дэгд” өрхийн эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Эдний хороог газар зүйн байрлалаар бол 25 дугаар эмийн сангаас “Өргөө” кино театр руу өгсөх замын зүүн тал, Модны хоёроос баруун тийш үргэлжлэх орон сууцны хорооллууд гэж ойлгож болно. Хорооны нутаг дэвсгэрийн хойд зах нь III, IV хорооллын төв авто замд тулна. Үүнийг уншихаар тус хорооны талаар тодорхой төсөөлөлтэй болж байгаа болов уу. 

XIX хорооны Засаг дарга Б.Мөнхзул “Дүүргийн бусад хороодын адил манай хороонд 2021-2022 онд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил маш сайн хийгдсэн. Бид иргэд, оршин суугчдынхаа тав тухтай, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна” хэмээн онцоллоо. Хорооны орон сууцны байрууд доторх авто замыг бүрэн шинэчилж, мөн явган хүний зам хийсэн нь иргэдийн талархлыг хүлээжээ. Энэ талаар бяцхан статистик дурдахад 2021 онд л гэхэд тус хороонд 19944.8 метр квадрат авто болон явган замыг хоёр тэрбум гаруй төгрөгөөр барьж байгуулжээ. Мөн онцлох бүтээн байгуулалтын нэг нь 61 дүгээр байрны 100 метр урт түшиц хана таван жил гаруйн өмнөөс муудаж цөмөрч аюулгүй, эрсдэлтэй орчин үүсээд байсныг энэ жил шинэчилж,  дөрвөн метр өргөн цутгалт хийж засжээ. Түшиц хананы дагуух авто гараашуудын хаалгыг гадагшаа шууд авто зам руу дэлгэгддэг байсныг дээшээ сөхөгддөг болгосон гэнэ. Үүний зэрэгцээ тэргэнцэртэй иргэд, бага насны хүүхэдтэй иргэд зорчих зориулалттай шат хийсэн нь хүндээ хандсан, ээлтэй дэд бүтцийг бий болгох гэсэн зорилгынх нь илрэл.  

III,IV хорооллын орон сууцнуудын дунд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барьсан авто машины  гараашууд хөл тавих зайгүй байсан гэхэд болно. Байр бүхэн аль нэг талдаа үргэлжилсэн гараашуудтай. Тэнд нь хог хаягдал овоорч, орчны бохирдол үүссэн, гэрэлтүүлэггүй харанхуй орчин бий болсон байдаг байв. Энэ дүр төрхийг өнгөрсөн хоёр жилд өөрчилж чаджээ. Нийслэлийн хэмжээнд автомашины гараашуудыг нүүлгэн шилжүүлж, газрыг нь чөлөөлөн явган хүний зам, автомашины зогсоол барьж байгуулж байгаа. Энэ ажил Баянгол дүүрэгт ч эрчимтэй зохион байгуулагдсаныг харж болно. 19 дүгээр хорооны хэмжээнд л гэхэд 47 дугаар сургуулийн хойд талд 50 гараашийг нүүлгэн шилжүүлж, 40 машины авто зогсоол болон явган хүний зам тавьсан байна. Урьд нь уг байрлалд гараашууд байхад явган хүний замгүй, авто замаар явахад ч хүндрэлтэй байсан гэнэ. 47 дугаар сургуулийн баруун талд мөн явган хүний зам хийжээ. 198 дугаар цэцэрлэгийн дэргэдэх гараашуудыг буулган уг байрлалд ирэх жил цэцэрлэгийн өргөтгөл барихаар төлөвлөсөн байна. 198 дүгээр цэцэрлэгийн зүүн талд авто зам, явган хүний зам ч мөн барьжээ. Одоогоор хорооны нутаг дэвсгэрт 188 гарааш байгаагаас 154-ийг нь ирэх онд мөн буулгахаар төлөвлөжээ. Үлдсэн гараашуудыг нь яагаад буулгахгүй байгаагийн учрыг хорооны Засаг даргаас асуухад “Гуч гаруй гарааш нь нэг хүний эзэмшил болохоор буулгаж болохгүй байгаа” гэлээ. Тус хорооны 57 дугаар байрны урд байрлалтай 25 гарааш гэх мэтээр хэд хэдэн байрлалд нэг хүн газар авч, дээр нь гарааш барьсан аж. Газар эзэмших эрхийн ямар нэг зөрчилгүй учир албадан буулгах боломжгүй юм байна. 

Хорооны нутаг дэвсгэрт 55, 56 дугаар байр, 52, 61 дүгээр байруудын дунд гурван байрлалд хүүхдийн тоглоомын талбай шинээр байгуулсан байна. Хорооны хэмжээнд гэрэлтүүлэг сайн. Харин камер дутагдалтай байгаа тул ирэх 2023 онд энэ талаар хөрөнгө оруулалт хийлгэх санал өгчээ. Хорооны Засаг дарга Б.Мөнхзул энэ долоо хоногийн эхээр нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулдаг СӨХ-ны дарга нар, дүүргийн ТҮК-ийн удирдлагуудтай ажлын уулзалт хийсэн гэдгээ хэллээ. Тус хорооны орон сууцны 29 байрын дөрөв нь л шинэ баригдсан, бусад нь хуучны угсармал байрууд. Тиймээс орон сууцнуудыг дулаалах шаардлагатай болжээ. Жил жилийн төсөвт энэ ажлыг тусган хийдэг байна.

Цаашид хорооны хэмжээнд авто зогсоолууд нэмж байгуулах, ногоон байгууламжаа нэмэгдүүлэх талаар 2023 онд анхаарч ажиллахаар төлөвлөжээ. Мөн хоггүй хороо болохоор зорьж байгаа гэнэ.

 Г.Санчир

Эх сурвалж: Монголын үнэн сонин №48/24529


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06