Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан. Энэ сарын 16-нд болсон цахим шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэсэн юм. Шүүх хуралдаанд амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу болон түүний өмгөөлөгч Б.Баяр нар цахимаар оролцсон. Энэ шийдвэртэй холбогдуулан өнөөдөр Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу болон түүний өмгөөлөгч Б.Баяр нар сэтгүүлчдэд хэвлэлийн бага хурал хийлээ. Ш.Алтантуяа агсны аав С.Шаарийбуу:
-Энэ хэрэг үйлдэл дээрээ баригдаж, хөдөлшгүй баримтаар нотлогдсон. Гэвч 2006-2018 он хүртэл 12 жилийн хугацаанд эрүүгийн хэргийг шийдэх гэж бүтэлгүй талдаа явж ирсэн. Боломж ч ховор байв. Хэргийг үйлдсэн офицерууд баригдаж, хийсэн үйлдлээ зааж өгч, хуулийн байгууллага ажилласан боловч үр дүнд хүрээгүй ирсэн.
Яах гэж энэ үйлдлийг хийсэн бэ гэхээр тэд нэг л зүйлийг хэлдэг байсан. "Багиндад туслах гэж, түүнээс мөнгө авсан" гэх зүйлийг л 12 жилийн турш ярьж ирсэн.
Гэтэл 2018 оноос байдал өөрөөр эргэсэн. Тэд Малайзын төрийн мэдэл бүхий, бүгдийг мэддэг тэр хүний тушаалаар үүрэг биелүүлсэн гэж хэлдэг болсон. Ингэж нөхцөл байдлыг өөрчлөх гэж ярьцгааж эхэлсэн.
Малайзын нэртэй хуульч, өмгөөлөгч Карпал Сингхтэй би хувь тохиолоор учирсан. Тэр хүн надад тусалъя гэсэн, гэхдээ энэ хэрэг 100 жилийн дараа шийдэгдэж магадгүй, чи тэвчээртэй байгаарай хэмээж байсан. Ингээд бид эхэлсэн.
Бидний нэг туршлага дутсан зүйл бол ардчиллын эхний жилүүдэд манай Монгол Улс маш олон оронтой найз болсон. Юу юуны духанд хүрэлгүй визгүй зорчихоор тохирсны нэг нь Малайз байсан. Тэр газар руу бусад эрх зүйн гэрээгүй орон руу манай монголчууд гахайгаа үүрээд, машинд даараад, хураалгаж, зодуулаад, амь насаа алдаад явсан. Эрхзүйн гэрээгүй учраас тэнд хуулийн үйл ажиллагаа явуулах бололцоогүй олон орон байна.
Асуудал ингэж эхэлсэн. Тэр хийсэн ажлынхаа хөлсийг авахаар хуулийн дагуу, өмгөөлөгчтэйгөө тохирсон. Үүний дагуу одоо асуудлаа шийдвэл яасан юм бэ гэсэн.
ЗХУ-д манай гэр бүл олон жил амьдарсан тул миний охин орос хэлийг цэцэрлэгээсээ сурсан, англи хэлийг багаасаа сурсан, хятад хэлтэй. Монголдоо англи, орос хэлний мэргэжлээрээ сурсан.
Хоёр хүүтэй байсан. Бага хүү нь хөгжлийн бэрхшээлтэй, оюун санаа зүгээр, хөл, гарын хөдөлгөөнгүй байлаа. Гадаадад бололцоогоороо эмчлүүлсэн. Өдөр болгон эмнэлэгт очиж бариа хийлгэнэ, эм тан авч өгнө, уламжлалт эмчилгээгээр явдаг байсан.
Ингээд хөдөлж чаддаггүй хүүхэд хана түшээд явдаг болсон. Түүнийгээ би бусад шиг гүйдэг, харайдаг болгоно гэж охин минь Малайзыг зорьсон юм. Тэр хүнд цагт эдийн засгийн болон бусад талаар би тусалж чадаагүй. Би жирийн л нэг багш хүн. Социализмын үед юм хурааж чадсангүй, улсаас өгсөн хоёр өрөө байртай л байсан.
Охин минь хүүгийнхээ төлөө явж байгаад баригдсан. Баригдахын урд өдөр цагдаад очиж мэдүүлэг өгсөн байдаг. Миний амь нас дээсэн дөрөөн дээр байна. Асуудал гарвал Багинда үүнийг шийднэ. Тиймээс ямар нэг юм болбол түүнд л дамжуулаарай гэж өөрийн гараар бичиж үлдээсэн байдаг. Хэрвээ ямар нэгэн асуудал болбол Разак Багинда гэдэг хүн шийднэ гэж” мэдүүлэг өгсөн байдаг. Өөрийн гараар бичиж өгсөн. Талийгаач охин маань сэргэлэн хүн байсан учраас сүүлд очихдоо хоёр найзтайгаа очсон. Разак Багиндатай уулзахдаа гурвуулаа очдог. Гурвын гурван хүнийг цааш нь харуулж чадахгүй. Гэтэл Разак Багинда буудалд нь өөрийнхөө хүнийг тагнуулаар тавьсан. Тэр нь үүдэнд нь хэвтэж байдаг. Шөнө болохоор өрөөнд нь орж ирдэг. Зорилго нь талийгаачийг цонхоор авч шийдэх. Ингээд золгүй явдал мэт харагдуулах зорилготой байсан гэж хэлдэг. Талийгаач хоёр найзтайгаа очсон учраас араас нь хөөцөлдөх хүнтэй болсон байсан.
Хэргийг үйлдсэн хоёр хүний нэг нь 27 жил Малайзыг удирдсан хүний хамгаалах албаны ахлах офицер, нөгөө нь Шадар сайдынх нь бие хамгаалах албанд ажилладаг офицер байсан. Энэ хүний одоогийн мэдүүлж байгаагаар “Манай Ерөнхий сайд намайг өрөөндөө дуудаад Малайз улсын аюулгүй байдалд онц ноцтойгоор нөлөөлөх гадаадын тагнуул эмэгтэйг устгах хэрэгтэй байна. Чи үүнийг хэрэгжүүл” гэж үүрэг өгсөн гэдэг. Тэгэхэд нь “Би хэнтэй уулзах вэ” гэж асуухад, “Багинда гэдэг хүнтэй уулз. Тэр хүн чамд бүх зааварчилгааг өгнө. Тэр хүнд тусал” гэж хэлсэн байдаг. Багиндатай бичсэн мессеж дээр “Би өмнө нь 7,8 хүн цааш нь харуулж байсан туршлагатай. Хүсээд байгаа юмыг чинь хийгээд өгнө” гэсэн байдаг. Олон удаа бэлтгэж байгаад энэ аймшигт хэргийг үйлдсэн. Тэр орой нь “Багинда та өнөө орой тайван унтаж болно” гэж мессеж бичсэн байдаг. Түүнийхээ төлөө 300 сая ринггит авсан гэж мэдүүлдэг. Шүүх нь анхнаасаа хуулиа умартаж, эрх мэдэлтнүүдийн төлөө ажилласан. 12 жил тэдэндээ үйлчилсэн. Шүүх, прокурор, цагдаа хүчний байгууллага бүгд ажилласан.
Тэгэхээр яаж үүнийг тогтоох вэ. Нажибын засаглаж байсан 12 жил ингэж өнгөрсөн. Энэ 12 жилд манай талаас нөлөөлөх ямар ч боломж байгаагүй. Охиныг минь зэрлэгээр хөнөөсөн шиг хэрэг өмнө нь гарч байгаагүй юм билээ. Гэр орныхныг нь, үлдэж байгаа үр хүүхдийг нь энэ олон жил аймшигтайгаар балбасан. Давхар намайг сөхөртөл хохироосон. Энэ бол хэлмэгдүүлэлт. Эдийн засаг, сэтгэлзүйн хувьд. Яах вэ би азгүй, хувь тавилангүй хүн байсан юм байлгүй. Энэ өдрийг хүртэл ямар ч байсан би амьд байх ёстой гэж салганаж явсаар өдийг хүрлээ. Ээж нь өнгөрсөн. Бие муутай байсан нэг хүү нь бас өнгөрсөн. Энэ хугацаанд би 300 гаруй өргөдөл бичсэн байна. Монголын Хууль зүй, Гадаад харилцааны бүх сайдтай уулзсан. Тусалдаг л гэж бодсон. Гэхдээ тийм биш юм билээ. Хууль дүрэмтэй учраас боломжгүй юм билээ. Хууль нь өөр учраас гар дүрэх ямар ч боломжгүй. Арай л өөрийгөө зарсангүй явсаар байгаад энэ 17 жилийн ард гарлаа. Энэ хугацаанд өнчирсөн хэдэн хүүхэд, навсайсан нэг амьдрал үлдлээ. Би яах гэж явсан юм бэ. Би мөнгө төгрөг нэхэхгүй, шүүхэд нөлөөлж чадахгүй. Харин уучлаарай гэдэг үгийг хэлүүлэх гэж 17 жил явлаа. Гурав хоногийн өмнө хэлүүлж чадлаа.
Алуурчдыг барьсан, шүүсэн, ял оноосон. Цаазын ял оноосон ч хэрэгжээгүй. Гэмт хэрэг үйлдсэн хоёр хүний нэг нь Австралид, нэг нь нутагтаа байгаа. Нутагтаа байгаа нь “Бид хоёр хамтарч хийсэн. Би үүнийхээ төлөө цаазын ял явахгүй” гэдэг. Австралид байгаа нь “Миний амийг өршөөхгүй бол би нутагтаа очихгүй” гэдэг. Шүүх энэ хэргийн захиалагч хэн бэ гэдгийг тогтоох ёстой. Энэ бараг боломжгүй юм билээ. Үүний төлөө л энэ олон жил явсан. Гурав хоногийн өмнө анх удаа Багинда гэдэг хүн захиалагч нь гэдгийг тогтоолоо. Энэ хүнийг шийтгэхгүй байх. Өөрөө гардаж хийгээгүй.
Эцэст нь хэлэхэд, Сангит бүсгүйд баяр хүргэе. Ийм хуульч байх ёстой. Өнгөрсөн жил миний төлөө халуун орноос арванхоёрдугаар сард Монголд ирж байсан. Энэ хэргийн араас олон орноор явж баримт, материал цуглуулсан. Ирэх зун Монголд ирээрэй гэж урьсан. Тэр үед төр засаг нь зохих байдлаар урамшуулах байх гэж найдаж байна.
Шүүхийн шийдвэрээр нөхөн олговор олгох болсон хэдэн тоонд битгий ач холбогдол өгөөрэй. Би баярлахгүй байна. Хүний амь гэдэг иймхэн юмаар дуусдаг юм биш. Үр хүүхэд гэдэг бол эцэг хүнд, төрөл саданд нөхөх боломжгүй, хэмжиж болохгүй үнэтэй. Харин Малайзын шүүх хэзээ нэгэн цагт ийм шийдвэр гаргана гэдэгт би итгэж байсан. Тэдэнд гарах гарц байхгүй. Асуудал ингээд дуусахгүй болов уу. Одоо тэд давж заалдана. Эрх нь байгаа. Захиалагч, хэргийг үйлдэгч нарыг хэрхэн шийдэх асуудал дуусаагүй байна. Алийг нь ч шийдээгүй байна. Яахыг бүү мэд.
Би цаашдаа монгол хүний эрхийн төлөө, шударга үнэний төлөө хүчтэй шүгэл үлээгч байна.
Э.Сонор