Жагсагчдын шаардлагыг дэмжсэн Засгийн газрын шийдвэр


“Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла”, “Худалдан авалтын гэрээг ил болго”, “Ерөнхий сайд ард түмнийхээ өмнө гарч ир”, “Бидний шаардлагыг хүлээн авч, хамтарч ажилла”, “УИХ-ын гишүүд бүрэн эрхээсээ татгалзаж, шалгуул” хэмээн шаардлага тавьсан жагсагчдын жагсаал үргэлжилж байна. Энэ сарын 4-ний ням гаргаас эхэлсэн нүүрсний хулгайтай тэмцэх иргэдийн жагсаал, тэмцлийг хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагаа Засгийн газар илэрхийлж байгаа. Ингээд өнгөрсөн хугацаанд жагсагчдын тавьсан шаардлагад шийдвэртэй ямар арга хэмжээ авч хэрэгжүүлснийг тоймлон хүргэе. 

 

2022.12.05

Д.Амарбаясгалан: Засгийн газар нээлттэй ажиллах болно 

 Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Ерөнхий сайдын захирамжаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Ажлын хэсгийг байгуулав. ЗГХЭГ-ын дарга, Ажлын хэсгийн ахлагч Д.Амарбаясгалан: 

-Нүүрсний хулгайн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг шаардаж иргэд жагсаж байгаатай Засгийн газар санал нэг байна. Засгийн газрын шийдвэрээр өнгөрсөн сард “Эрдэнэс Тавантолгой”-н Бүрэн эрхт төлөөлөгчийг томилж ажиллаж байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн нүүрсний хулгайн асуудлаар 15 албан тушаалтан АТГ-т шалгагдаж байна. Гэм буруутай эсэхийг шүүхийн байгууллага шийдвэрлэнэ. Гэхдээ Засгийн газрын гомдлоор нэр бүхий албан тушаалтнуудыг шалгаж байна. Аливаа асуудлыг яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх ёстой. ЗГХЭГ-ын дарга миний биеэр ахлуулсан Ажлын хэсгийг байгуулан, ажиллаж байна. Засгийн газар шаардлагыг хүлээн авна. Жагсаалыг өөр зорилгоор ашиглах, үймээн самуун дэгдээх оролдлого бий. Тиймээс зохион байгуулагчид яриа хэлэлцээрийн шугамаар шийдвэрлэх хэрэгтэй. Засгийн газар нээлттэй байх болно” хэмээв. 

Монгол Улсын ерөнхий проку­рорын зүгээс нүүрсний хулгайн асуудлаар хоёр улсын прокурорын байгууллага хамтарч ажиллах шаардлагатай талаар Ерөнхий сайдад хандаж хүсэлт ирүүлжээ. БНХАУ-д импортлогдсон сүүлийн 10 жилийн нүүрсний хэмжээг тулгаж үзэх шаардлагатай гэж үзсэн байна. Өмнө нь 2013-2019 оны хооронд 385 мянга орчим тонн нүүрсний зөрүү гарсныг ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж байгаа аж. 

 

2022.12.06

Ерөнхий сайдын МЭДЭГДЭЛ 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд хандан мэдээлэл хийв. Ерөнхий сайдын мэдээлэл Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын өрийг бүрэн төлж барагдуулсан тухай мэдээгээр эхэлсэн юм. Жагсагчдаас 20 гаруй шаардлага ирсэн байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгайч нар өнөө­дөр хамгийн чанга хашгирч байна. Би тэмцлээсээ сөөм ч ухрахгүй. Тогтолцооны өөрчлөлт хийх талаар улс төрийн намууд санал тави­лаа. Манай парламентын тө­лөө­лөх чадвар өдрөөс өдөрт буурч байна. Тогтолцооны өөрчлөлт хийх шаард­лагатай гэдэг дээр санал нэгдэж байна” хэмээн мэдэгдсэн юм. 

 

2022.12.07

Ерөнхийлөгчийн сануулга ба анхааруулга

 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газар, хууль, хүчний байгууллагын удирдлагуудыг дуудаж уулзав. Уулзалтаар нүүрсний хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д оруулах эрх хуулиар олгогдсоныг Улсын Ерөнхий прокурорт сануулж байлаа. Асуудлыг шуурхай шийд­вэрлэхгүй бол холбогдох хууль тогтоомжуудад заасны дагуу УИХ, Засгийн газрын бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож, ард түмэнд сонголт хийх эрхийг нь олгох цаг ойрхон байгааг мөн анхааруулсан юм. Түүнчлэн Засгийн газрын төлөөллийг төв талбайд очиж жагсагч иргэдтэй уулзан, хийж байгаа ажлаа ил тод ярихыг шаардсан билээ. 

 

Л.Оюун-Эрдэнэ: Нүүрсний хулгайч нарын ятгалгад автахгүй тэмцэнэ гэдэгт итгэж байна

 Энэ өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амар­баясгалан нар жагсагчидтай уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын эдийн засгийг бүрдүүлэгч уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрсний хулгайг илчлэхийг шаардаж байгаа иргэдэд талархаж байна. Өнөөдөр төв талбайд үзэл бодлоо илэрхийлж буй иргэн бүрд баярлалаа. Энэ жагсаалын үеэр зохион байгуулалттай бөгөөд эмх замбараагүй байдлыг үүсгэх эрх ашиг мөн байгааг иргэд ойлгох хэрэгтэй. Нүүрсний хулгайч нарын ятгалгад автахгүй тэмцэж чадна гэдэгт иргэддээ итгэж байна. 

Иргэд та бүхэн Засгийн газар­тайгаа нэг тал байх ёстой. Өнөөдрийн жагсаалд зориудаар нөлөөлөх гэсэн нүүрсний хулгайч нарын захиалгаар жагсаж байгаа хүмүүс ч байгаа. Энэ бүх талыг залуучууд ялгаж, салгаж дүгнэлт хийнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ жагсаалыг харж байгаа шүүх байгууллагын удирдлагуудад хандаж хэлэхэд та бүхэн ажиллаж чадахгүй бол ард түмэн луйварчдыг өөрсдөө яллах нь байна шүү гэдгийг сануулмаар байна. Л.Оюун-Эрдэнэ миний бие Засгийн газар, УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамтарч нүүрсний хулгайн асуудлыг гаргаж, ард нь гарах болно” хэмээн байр сууриа илэрхийлэв. 

 

Засгийн газраас байгуулсан Ажлын хэсэгт жагсагчдын төлөөллийг оруулав 

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар нүүрсний хэрэгтэй холбогдуулан явуулж буй мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилго бүхий Ажлын хэсэг байгуулав. Энэ ажлын хэсгийг ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулан байгуулсан юм. Энэхүү штабын үйл ажиллагаанд хяналт тавиулахаар жагсагчдаас 100 хүний төлөөллийг оруулахаар болов.

 

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна

 УИХ-ын даргын захирамжаар Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсголыг энэ сарын 21-нд зохион байгуулна. Ерөнхий хяналтын сонсголыг:

•           “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй оффтэйк болон төлбөрийг урьдчилан авсан, ашигласан гэрээнүүдийн талаар; 

•           2020-2022 онд улсын хэмжээнд коксжих нүүрс олборлосон аж ахуйн нэгжүүд, олборлолтын хэмжээ, коксжих нүүрс тээвэрлэсэн аж ахуйн нэгжүүд, тэдгээрийн олсон орлого, 

•           Коксжих нүүрсний олон улсын зах зээл дээрх болон БНХАУ-ын үнэ болон Монгол Улсын экспортлох өртөг хоорондын хэт их зөрүүний учир шалтгааныг тодорхой сонсож, энэхүү зөрүү мөнгө нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, татвараас зайлсхийх нөхцөлийг бүрдүүлдэг эсэх;

•           “Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэр хэмжээний санхүүжилт гарган оролцсон, эдгээр төмөр замуудын нэг км тутмыг ямар хэмжээний өртгөөр барьж байгуулсан тухай зэрэг асуудлын хүрээнд хийх аж.


2022.12.08 

“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг нарын найман хүнийг баривчлав 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан нүүрсний хулгайг шалгах ажилд дэмжлэг үзүүлэх Засгийн газрын Ажлын хэсэг мэдээлэл хийлээ. Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг болон түүний хамаарал бүхий дөрвөн иргэнийг, “Хишиг-Арвин Индустриал” ХХК-ийн ерөнхий захирал Б.Хишигдорж, хамаарал бүхий хоёр иргэн, нийт найман иргэнийг прокурорын зөвшөөрлөөр баривчилжээ. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын мэдээлснээр мөрдөн шалгах ажиллагааны үеэр Б.Ганхуяг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах үедээ өөрт давуу байдал үүсгэсэн байж болзошгүй. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш хөрс хуулалт, олборлолт, операторын үйл ажиллагаа эрхэлж байгаа, үндэсний томоохон компани болох “Хишиг-Арвин индустриал” ХХК-тай холбоотой албан тушаал, авлигын гэмт хэргийн тодорхой нотлох баримт илэрсэн байна. 

Тухайлбал, Б.Ганхуягийн хамаарал бүхий этгээдүүд болон “Хишиг-Арвин индустриал” ХХК-ийн хамаарал бүхий хүмүүс дундаа хамтран эзэмшдэг компани байгуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна. Улмаар мөрдөн шалгах ажиллагааг гүнзгийрүүлэх үүднээс хойшлуулшгүйгээр барив­чилжээ. 

 Нүүрсний хэрэгт холбогдох мөр­дөн шалгах ажиллагааны хүрээнд:

1. Тавантолгой орд ашиглалтад орсноос хойш олборлосон нийт уулын цулын хэмжээ. Үүнээс хөрс хуулалт хийж, экспортод гаргасан нүүрсний хэмжээ. Мөн нүүрсний чанар, экспор­тод гарсан нүүрсний гаалийн бүрдүүлэлтийг тулгах.

2. Өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын хэлээр гарсан нийт нүүрс тээврийн хэрэгсэл, тээвэрлэгч ААН-үүдийн төлсөн татвар. Тээвэрлэгч компаниудын улс төрд нөлөө бүхий хүмүүсийн холбоо хамаарал, эцсийн өмчлөгчийг 2022 онд багтаан ил болгож, улсын бүртгэлд бүртгэх.

3. БНХАУ болон тус улсаар дам­жин бусад оронд бүртгэлгүйгээр экспортод гарсан нүүрсний мэдээл­лийг авах. 

4. Үе үеийн гаалийн байцаагч нарыг шалгаж, гаалийн бүрдүүлэлтийн архивлагдсан баримтуудыг тулгалт хийх. Хилээр нэвтэрсэн бараа тээвэр, хүн тээврийн хэрэгслүүдийг нэгбүрчлэн тулгах шалгалтуудыг хийж байгаа аж.

 

2022.12.09

Орон нутгийн “Тавантолгой”-д онцгой дэглэм тогтоов  

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Хуралдаанаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах орон нутгийн өмчийн оролцоотой “Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын шууд хяналтад авч, зургаан сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон юм. Ингээд “Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд Засгийн газарт эрх олгох тухай хууль, энэ тогтоолд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэн, компанийн үндсэн үйл ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар хангах, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавьж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томиллоо.

 

Есөн гэрээг нууцаас гаргаж, ил болгон байршуулав  

Жагсагчдын тавьсан шаардлагад тусгасан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах гэрээнүүдийг ил болгож, компанийн цахим хуудсанд байршуулав. 

Засгийн газрын хуралдаанаар шийд­вэр­лэсэн асуудлуудтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ҮАБЗ-ийн зөвлөмжөөр нууцад хамаар­сан байсан есөн гэрээг Засгийн газар гаргалаа. Энэхүү гэрээг нууцаас гаргаснаар УИХ дээр байгуулагдсан Түр хороонд шилжүүлэх, гэрээтэй холбоотой авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн эсэхийг хянуулах зорилгоор АТГ-т шилжүүлэх үүрэг өгсөн. Засгийн газрын зүгээс цаашид бүтээн байгуулалттай холбоотой төс­лийг ҮАБЗ-өөр нууцад авдгийг болино. Цааш­даа Монгол Улсын Засгийн газар нэг ч нууц гэрээг батлахгүй гэдэгтэй зарч­мын хувьд шийдэлд хүрсэн” хэмээв.

 

2022.12.12

"Эрдэнэс Тавантолгой"-н үйл ажиллагаанд олон улсын аудит оруулна 

Засгийн газрын ээлжит бус хурал­даан даваа гарагт боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Таван­толгой”-н гэрээг олон нийтэд ил бол­гохоор шийдвэрлэлээ. Нүүрсний хулгайн хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”-н үйл ажиллагаанд олон улсын аудит оруулах аж. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компанийг олон нийтийн компани болгохоор IPO гаргахаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан Ажлын хэсэг судалгаа хийхээр болжээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Өнгөрсөн хугацаанд 25 мянган автомашин бүртгэлд бүртгэгдсэнийг ил болгоно. Өнөөдрийн байдлаар уртын болон богинын тээвэрлэлтийн үйл ажиллагааг хийж байна. Нэг сая орчим тонн нүүрс бүртгэлгүй гаргасан байх магадлалтай гэсэн тооцоо байна. 2017 оны тавдугаар сарын 20-ноос сарын хугацаанд 207 мянган тонн нүүрс гаалийн бүртгэлгүй гарсан байж болзошгүй баримт шалгах явцад гарсан” хэмээн мэдээлсэн юм. 

 

Нүүрсний хэргээр 30 албан тушаалтныг яллагдагчаар татан шалгаж байна 

 АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдуулан мэдээлэл хийсэн юм. АТГ-аас "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" компаниудын эрх бүхий албан тушаалтнуудын тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах, улсын хилээр хууль бусаар гаргах, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл, төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хахууль авсан байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж. Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх хэрэгт, таван хүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэгт, хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа аж.

Эрх бүхий албан тушаалтнууд нийтдээ 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон талаар АТГ-ын дэд дарга Г.Азжаргал мэдээлэв. 

 

Гашуунсухайтаар хоосон гарсан 203 машиныг шалгаж, 2450 жолоочоос мэдүүлэг авчээ 

Нүүрсний хэрэгтэй холбогдуулан орон нутгийн өмчит "Тавантолгой" компанид хийж байгаа мөрдөн шалгах ажиллагааны талаар ЭЦГ-ын дарга, хурандаа Т.Сүхболд мэдээлэл өглөө. Өмнөговьд цагдаагийн байгууллагаас дэд ажлын хэсэг байгуулаад, 75 мөрдөгч нүүрсний хэрэг дээр ажиллаж байгаа аж. Жижиг "Тавантолгой" ордын 51 хувийг орон нутаг, 19.69 хувийг "Ажнай" корпорац, 16.31 хувийг "Шандас импекс" компани, 13 хувийг бусад үнэт цаас эзэмшигч эзэмшдэг байна. 2013-2017 оны хооронд Гашуунсухайт боомтоор 296 компанийн 7373 тээврийн хэрэгсэл хоосон гарсан бүртгэл байжээ. Хоосон гарсан тээврийн хэрэгслийн 19 нь Монгол Улсын аж ахуйн нэгжийнх бол 27 нь Хятад улсынх. “Тавантолгой” хувьцаат компанитай гэрээлсэн гэрээнээс 942 мянган тонн нүүрс экспортод илүү гарсан болох нь төрийн байгууллагаас гаргаж өгсөн баримт, аудитын бүртгэлээр баталгаажсан байна. Гашуунсухайт хилийн боомтоор 203 машин хоосон гарсныг шалгаж, 2450 жолоочоос мэдүүлэг авчээ. 

Шалгалтаар ГЕГ, ХХЕГ-ын 2013-2017 оны хооронд хилээр гарсан тээврийн хэрэгсэл, хилээр гарсан нүүрсний мэдээлэл зөрсөн байна. Монгол Улсын хилээр гарсан тээврийн хэрэгсэл хэчнээн тонн нүүрстэй гарсан бэ гэдэг мэдээллийг авахын тулд цагдаагийн байгууллагаас 2019 оны есдүгээр сарын 4-нд анх Хятад улсын гааль, цагдаагийн байгууллагад хандаж байжээ. 2019 оны аравдугаар сарын 3-нд Хятад улсын гааль, цагдаагийн байгууллагаас “Цагдаа, гаалийн эрх мэдлээс давсан тул хариу өгөх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн байна. Монгол Улсын Цагдаагийн ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яамаар дамжуулан 2019 оны арванхоёрдугаар сарын 16-нд дахин Эрх зүйн туслалцаа авах гэрээний дагуу дахин хандахад “Хууль зүй, дотоод хэргийн яамнаас цахим картын өмнөх мэдээллийг зогсоосон тул хариу өгөх боломжгүй” гэжээ. Мөн орон нутгийн өмчит “Тавантолгой” компани нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн ашиглалтын лицензтэй талбайд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулж, 268.3 мянган тонн нүүрс олборлож, 20 орчим сая ам.долларын хохирол учруулсан байж болзошгүй хэргийг шалгаж байгаа аж. 

 

2022.12.13

Нүүрсний хэрэгт холбогдсон 17 албан тушаалтны нэрийг зарлалаа 

АТГ-аас нүүрсний хэрэгт холбог­дон шалгагдаж байгаа албан тушаалт­нуудын нэрийг зарлалаа. АТГ-ын ахлах комиссар М.Даваатогтох “АТГ хуулийн бусад байгууллагатай хамтран нүүрсний борлуулалт, олбор­лолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах ажил­лагаатай холбоотой хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Одоогоор нүүрсний хулгайн 22 хэргийг мөрдөн шалгах ажил­лагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 47 обьектод нэгжлэг хийж, 15 хүнийг барив­чилж, 10 хүнийг цагдан хорьсон байна. Одоогийн байдлаар хахууль авах гэмт хэрэгт 23 хүн, албан тушаалаа урвуулан ашигласан найман хүнийг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хоёр, нийтдээ 35 хүнийг яллагдагчаар татсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэр бүхий албан тушаалтнууд нүүрсний борлуулалт, олборлолт, тээвэрлэлт, төрийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худал­дан авах явцад шууд болон шууд бусаар оролцсоныг тогтоолоо” хэмээв. Нүүрсний хэрэгт холбогдсон нэр бүхий албан тушаалтнуудаар

 

•           Ерөнхийлөгч асан Х.Баттулга

•           ЕТГ-ын дарга асан Ө.Шижир

•           ЗТХ-ийн сайд асан Д.Ганбат

•           УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн

•           УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ

•           УИХ-ын гишүүн Ц.Анандбазар

•           ЕТГ-ын дарга асан З.Энхболд

•           УИХ-ын гишүүн Н.Наран­баатар

•           УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

•           УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн

•           УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд

•           Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж

•           Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир

•           Өмнөговь аймгийн Засаг дарга асан Б.Бадраа

•           “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан А.Ариунболд

•           “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг

•           “Эрхэт Монгол” ХХК-ийн захирал Х.Мандахбаяр нарын 17 хүнийг зарлав. 

 

2022.12.14

Жагсагчдын шаардлагыг хуулийн төсөлд тусгав  

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг, "Сүхбаатарын талбайд жагсаж байгаа жагсагчдын шаардлага энэ хуулийн төсөлд туссан” гэдгийг онцолсон юм. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Эрүү­гийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагал­дуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болов. 

 

Жижиг “Тавантолгой”-н төрийн өмчит компанийн талбайгаас ашигласан нүүрсийг буцаан төлүүлнэ 

 ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг Өмнөговь аймагт орон нутгийн Тавантолгойн Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаад ирсэн. Энэ талаар тэрбээр “АТГ болон цагдаагийн газар зарим хэргийг сэргээн шалгаж байна. Бүх бичиг баримтыг хураан авсан. Засгийн газар орон нутгийн “Тавантолгой” компанийн хувьцааг төрийн аль нэг байгууллагад шилжүүлэх асуудал байхгүй. “Эрдэнэс Таван­толгой” компанийн уурхайн амнаас давж, нүүрс ашигласан асуудал байна. Жижиг “Тавантолгой” ЭТТ уурхайн хилийг давж, 340 мянган тонн нүүрс олборлосон гэх асуудлыг шалгаж байна. Тиймээс төрийн өмчит компанийн ашиглах ёстой талбайгаас орон нутгийн өмчит компани ашигласан нүүрсийг буцааж төлөх асуудал яригдаж байна. Орон нутгийн удирдлагуудтай уулзсан” гэсэн мэдээллийг өгөв. 

 

2022.12.15

УИХ Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг яаралтай горимоор хэлэлцэж байна 

УИХ-ын чуулганы нэгдсэн хурал­даа­наар Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, хуулийн төслийг танилцуулсан юм. Засгийн газрын тэргүүн хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, нүүрс тойрсон хулгайн асуудлыг олон нийтэд ил болгож, өнөөдөр амаргүй нөхцөл байдлын дундуур энэ тэмцэл үргэлжилж байна. Авлигатай тэмцэхэд намын харьяалал хамаа­гүй. Авлига бол Монголын төрд го­лом­толсон хорт хавдар юм. Хорт хавд­рыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Хэдийгээр хувь хүний хувьд олон дайсантай болж байгаа ч ард түмний ирээдүйн боломжийг боомилсон авлигын гинжийг таслах нь Монгол Улсын Ерөнхий сайдын журамт үүрэг мөн. Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно. Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрах­гүйгээр тэмцэх болно” гэдгээ дахин мэдэгдсэн юм. 

 

Жагсагчдын төлөөллийг хүлээн авч уулзав 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Ерөнхий сайдын ахлах зөвлөх А.Ариунзаяа нар жагсагчдын төлөөлөлтэй уулзлаа. “Эмоци”-ийн жүжигчин У.Цогтбаяр жагсагчдын тавьж байгаа шаардлагыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланд албан  бичгээр өгсөн. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ үеэр “Шударга ёсыг шаардаж, цуглаж  санал, шаардлагыг Засгийн газар цаг тухайд нь хүлээн авч, хууль эрх зүйн хүрээнд шуурхай шийдвэрлэхийг зорин ажиллахыг хичээж байна. Бид “Эрдэнэс Тавантолгой”-г тойрсон хууль бус үйлдлийг зогсоож,  үйл ажиллагааг нь нээлттэй болгохоор ажиллаж байна. Үүнтэй холбоотой авлигын хэргийг АТГ, цагдаагийн байгууллага шалгаж байна. Нүүрсний хулгайтай холбогдож байгаа эрх мэдэлтэн хариуцлагаа хүлээх ёстой гэдэг дээр санал нэг байна” гэдгийг онцлов. Уулзалтын үеэр иргэн Ц.Оюунгэрэл онлайнаар холбогдож, саналаа илэрхийлж байлаа.

 

Шөнөдөө -33 хэм хүрч, өвлийн хүйтэн жавар тачигнасан энэ өдрүү­дэд Монголын улс төр халуун байна. Анх удаа олон хоног суултаар үргэлжилсэн энэ жагсаалын үеэр жагсагчдын хүсэлтийн дагуу НЗДТГ-аас гэр олгож, эрүүл мэндийн үзлэгийг тогтмол хийж, энгийн иргэд жагсагчдад санаа тавьж, халуун цай, хоол хүргэж байна. Жагсагчдыг бусдын турхиралтад өртөхөөс урьд­чилан сэргийлэн цагдаа, хүчний бай­гуул­лага ажиллаж, Засгийн газар жагсагчдын тавьсан шаард­лагыг шуурхай шийдвэрлэн хэрэг­жүүлж байгаа нь ард иргэд нь үгээ хэлж, эрхээ эдлэх бүрэн боломжтой ардчилсан орон гэдгээ олон улсад харуулж чадлаа.

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/

 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 12 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 14 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 15 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 15 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 15 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 15 цагийн өмнө
SDY Calling you... 15 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 15 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 15 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 16 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 16 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22