Цас орсны дараа гэмтэл, осголтын тоо хоёр дахин нэмэгддэг


Цас орох сайхан ч хамгийн түрүүнд гудамж талбайгаа хурдан цэвэрлээсэй, хэдэн хүн халтирч унан гэмтсэн бол гэх бодол нийслэлчүүдийн толгойд эргэлддэг болжээ. Арга ч үгүй биз. Цас орохтой зэрэгцээд Монголдоо ганцхан Гэмтлийн эмнэлэг ачааллаа дийлэхээ больдог. Хоногт эмчлүүлэх хүний тоо 500 хол давах нь ч бий. Хүмүүс унаж гэмтэх нь олон хүчин зүйлээс хамааралтай. Олон шалтгаанаар нийслэлчүүд хөдөлмөрийн чадвараа цаг зуур алдах тохиолдол нэмэгдсээр байна. Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа өнөө цагт долоо хоног ажиллах чадвараа алдана гэдэг тухайн гэр бүлд том асуудал болно. Тэгвэл халтирч унасан иргэдийн 60-70 хувь нь зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн оноштой гэртээ харьж байна. Тэд дор хаяж 7-14 хоног гам барих ёстой. Ингэхээр тухайн иргэн наанадаж хагас сар хөдөлмөрийн чадвараа алдаж, цалин орлого нь тодорхой хэмжээгээр буурна. Анхаарал болгоомжтой байж, гэмтлээс хэрхэн урьдчилан сэргийлэхийг зөвлөхөөр Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс сурвалжилга бэлтгэлээ.

 

Цас орсны дараа ачаалал хоёр дахин нэмэгдэж байна

Эмнэлгийн хүлээн авах тасагт хоногт 350-480 хүн ирдэг. Энгийн өдрийн л дуудлага шүү. Харин цас орсны дараа энэ тоо хоёр дахин нэмэгддэг аж. Найман эмч зэрэг үзлэг хийн, ажиллаж байна. Гэмтсэн иргэдийн 60-80 хувь нь халтирч унасан, халтиргаатай зам дээр авто осол гарч, үүнээс үүдэн гэмтэж, бэртсэн хүмүүс байдаг.  Мөн эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй байдлаас үүдсэн хүүхдийн түлэгдэлт олон байна. Эмнэлгээс халтиргаа, гулгаа ихсэж байгаа учир хүмүүсийг “оцон шувууны алхалт”-аар алхах зөвлөмж хүртэл гаргажээ. Зөвлөмжийг сонирхвол “Өвдгөө бага зэрэг нугалж, хөлөө тэнийлгэж алхах, тэнцвэрээ хадгалахын тулд гараа гадагш сунгана. Тэнцвэрийнхээ төвийг хадгалахын тулд бага зайтай алхах, хүндийн төвөө урд хөл дээрээ авч алхана” гэжээ. Энэ бол аргаа барсан үйлдэл юм. Бид өдрийн цагаар буюу 13.00 цагаас хойш очсон учраас ачаалал харьцангуй бага байлаа. Хүүхдийн мөр, тохой мултарсан, хөлөө гэмтээж гипсдүүлсэн иргэд эмчийн өрөөний үүд сахина. Ер нь хоногийн турш хамгийн өндөр ачаалалтай байдаг эмнэлэг бол ГССҮТ юм.

Эмч нар амсхийх завгүй. Өвчтөний цуваа тасардаггүй учраас эмч, эмнэлгийн ажилтнууд ээлжээр цайндаа ордог. Бусад эмнэлэг шиг “Цайны цаг” гээд ажлаа түр хаяж болдоггүй. Халтирч унаснаас гэмтсэн иргэдийн 80 хувь нь зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Хүмүүс халтирч унахдаа гарын бугалга болоод тохойгоороо ихэвчлэн унадаг. Ахмад настан унах үед дунд чөмөгний хүзүү болон эргүүлэг хоорондын хугарал үүсдэг байна. Харин хүүхэд багачууд шууны болон бугалгын хугарлын гэмтэлтэй ирдэг байна. “Халтирч унахаас сэргийлэхийн тулд нэн тэргүүнд халтирдаггүй зөөлөн резинтэй гутал өмсөх хэрэгтэй. Цас мөстэй халтиргаатай газраар явж байгаа бол алхаагаа удаашруулах нь унахаас сэргийлнэ. Тэнцвэрээ хадгалахын тулд гараа халааснаасаа гаргаж явах хэрэгтэй. Унахдаа бэртэж, гэмтэхээс сэргийлэн бээлий, малгай, зузаан хувцас өмсөх нь чухал юм. Мөн замын захаар, эсвэл хүний гаргасан замаар явбал халтирах нь бага байна. Цасан дор ч мөс байх магадлалтай учир анхааралтай явах хэрэгтэй. Халтиргаатай үед машины урдуур гүйхгүйгээр жолоочийг зогсох, эсвэл өнгөртөл хүлээж эрсдэлээс сэргийлээрэй” гэж албаныхан зөвлөлөө. Халтиргаа гулгаанаас болж 2021 оны арванхоёрдугаар сарын 1- 12 хүртэл 320 иргэн үйлчлүүлсэн бол энэ оны арванхоёрдугаар сарын 1-12 хүртэл 665 болж өсчээ.

 

Хөлчүү “зочид”

Даарин дээр давс гэгчээр Гэмтлийн эмнэлгийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлдэг хүмүүс бол хөлчүүрхсэн иргэд. Архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс зодоон цохион хийх, осгох зэрэг тохиолдлоор уг эмнэлгийг зоригсод цөөнгүй. Үйлчлүүлэгчдийн 20 орчим хувийг ийм шалтгаантай хүмүүс эзлэх аж. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 1-12-нд осголтоос болж 15 хүн Гэмтлийн эмнэлэгт очиж байв. Тэгвэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харилцуулбал энэ тоо 4.5 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 10 хоногт осгосон 72 хүн иржээ. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж осгоод зогсохгүй зодооноос үүдэлтэй гэмтэл авсан иргэд цөөнгүй байна. Энэ нь эмч нарын ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж буй нэг хэлбэр аж. Тархи толгойгоо хагалуулах, амин бус газарт хөнгөн чанарын  мэс хүргэх зэрэг тохиолдлын тоо буурахгүй хэвээр.

 

Албан байгууллагууд ухамсраа дээшлүүлье

Аж ахуйн нэгж, байгууллагууд, иргэн ойр орчмын замаа цэвэрлэх үүрэгтэй. Бүр тодруулбал, барилга байшингийнхаа баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй, орчныг бохирдолгүй цэвэр байлгах үүрэгтэй. Харин цас мөсийг цэвэрлээгүйгээс иргэнд гэм хор учруулсан тохиолдолд Иргэний тухай хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх /бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй/ хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээдэг. Гэвч бодит байдалд хэрэгждэггүй тухай хот тохижилтын ажилчид учирлаж буй. Тэд шаардлага тавьдаг хэдий ч хэрэгжүүлэх байгууллага ховор тул өөрсдөө цэвэрлэхээс өөр аргагүйд хүрдэг байна. Хот тохижилтын газрын хэвлэлийн төлөөлөгч Наранцэцэгийн мэдээлснээр “Нийслэлд томоохон аж ахуйн нэгжүүд л цас, мөсөө, орчноо цэвэрлэдэг. 100 байгууллага тутмын дөнгөж 20 хувь нь гаднах орчноо цэвэрлэдэг. Ялангуяа жижиг аж ахуйн нэгж, дэлгүүр хоршоо цэвэрлэгээнд маш хойрго ханддаг” хэмээн ярилаа. Тэгвэл халтиргааны нэг эх үүсвэр болж буй стандарт бус явган хүний замын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Манай улсад замын стандарт гэж байхгүй. Үүнээс үүдэн өвөл болохоор халтиргаа гулгаанаас үүдэн иргэд гэмтэж байгаа нь гөлгөр, халтирдаг замаас үүдэлтэй. Урин цагт хийсэн гоё ганган зам өвөл болохоор мөсөн гулгуурын талбай шиг болчихно.  Өөрөөр хэлбэл, цас орохоор хүн явахад халтирдаггүй зориулалтын зам байхгүй. Замын стандарт гэдэг нь явган хүний замыг ямар материалаар хийх, материал нь гөлгөр, халтирдаггүй эсэх ямар ч тодорхой стандарт байхгүйгээс халтиргаа гулгаа, машины түгжрэл үүсэж, явган хүмүүс унаж бэртээд байна. Иймээс энэ ондоо багтаад нийслэлд зориулалтын замын стандарт батлах төлөвлөгөө боловсруулж байгаа. Ингэхээр ирэх жилээс энэ байдал багасаж, алхахад тохиромжтой замтай болгохоор төлөвлөн, ажиллаж байна” гэлээ.

 

Цас, мөсөө цэвэрлээгүйгээс иргэн бэртвэл ийм хариуцлага хүлээнэ

НИТХ-ын тэргүүлэгчдийн 2012 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор баталсан журамд “Албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь өөрийн баталгаажсан 50 метр эдэлбэр газраас гадна дүүргээс хариуцуулсан нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хог, цас, мөсийг тогтмол цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх үүрэгтэй” хэмээн заасан байдаг. Уг тогтоолын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, цас мөсөө цэвэрлээгүй иргэнийг 50 нэгж, байгууллагыг 500 нэгжтэй тэнцэх мөнгөн торгуулиар торгох заалттай.

Мөн цас мөсөө цэвэрлээгүйн буруугаас иргэн халтирч бэртсэн, автомашин мөргөлдсөн бол Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу "Бусдын амь нас, эрүүл мэндэд санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан" хэмээн үзэж, гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээдэг. Тиймээс иргэн та цас мөсөө цэвэрлээгүй, халтиргаа гулгаагүй байх орчныг бүрдүүлээгүй албан байгууллагын ойр орчимд халтирч бэртсэн харьяа дүүргийнхээ Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар хохирлоо барагдуулах боломжтой юм. Харин ингэхийн тулд байгууллагын буруугаас халтирсан тохиолдлоо баримтжуулах шаардлагатайг сануулъя. Үүнийг тусгасан хэд хэдэн хуулийн заалт ч бий.

-Эрүүл ахуйн тухай хуулийн 4.4.3-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийн өмч, эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх газрын хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах, ногоон байгууламжийн арчилгааг хийх” гэж заасан байдаг.

-Мөн энэ хуулийн 13.1.6-д "Энэхүү хуулийн 4.4.3-т заасны дагуу нийтийн эзэмшлийн зам, талбайг хог хаягдал, тогтоол ус, цас мөсгүй байлгах, ногоон байгууламж нэмэх, шат, хашлага, хайсыг бүрэн бүтэн байлгах” гэсэн заалт бий.

Тухайн байгууллага дээрх хуулийн заалтыг зөрчсөн тохиолдолд  Иргэний хуулийн 497.1-д заасны дагуу хариуцлага хүлээх ёстой. Харин манайд энэ үүргээ биелүүлж байгаа байгууллага ч ховор, биелүүлэхийг шаардаж, хяналт тавьдаг хүн ч хуруу дарам цөөн боломжтой.

Дээрх хууль, журмыг хэрэгжүүлэхийн тулд халтирч унасан газраа баталгаажуулж, зураг дарж, бичлэг хийх шаардлагатай. Харин ганцаараа явсан үедээ бэртэж гэмтсэн бол цагдаа болон түргэн тусламж дуудаж, гэмтэж бэртсэнээ баталгаажуулж болно. Бэртлийн зэргээ тодорхойлуулж, эмчилгээний зардлаа тооцуулан, эмнэлгийн магадлагаа гаргуулж, тухайн дүүргийнхээ мэргэжлийн хяналтын байцаагчид хүргүүлнэ. Тухайн байцаагч эмчилгээний зардлыг байгууллагаас гаргуулж өгөх бөгөөд тухайн байгууллагын удирдлагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлэн торгож хариуцлага тооцох үүрэгтэй. Тиймээс аж, ахуйн нэгжүүд үүргээ биелүүлэн гудамж, талбайгаа цэвэрлэж, нөгөө талаас иргэд ч шаардлага тавих хэрэгтэйг сануулъя.

 Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №049/24530/

 

 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 13 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 23 цагийн өмнө
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17
Нарны эрчим хүчийг ашиглан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлжээ 2024/09/17
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анха… 2024/09/17
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 2024/09/16
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 2024/09/16
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 2024/09/16
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 2024/09/16
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 2024/09/16