Богд ууланд төвхнөсөн Зүүн тайгын цаатан


Зүүн, баруун тайга, Дархад, Шишгэдийн хотгор гэхээр үзэс­гэлэнт байгальд эрх дураар нүүдэллэн амьдардаг, нууцлаг түүхээр баян дархад, Духа буюу тува цаатан иргэд санаанд буух. Сургуулийн жаахан хүү гүйж явахдаа  эдгээр яст­ны хүчирхэг бөө, уд­гануудын увдис тарнийн тухай Ш.Сүрэнжав гуайн түүх, домог, аман ярианд тулгуурлан бичсэн “Хэрлэнгийн баръяа” романаас анх уншиж та­нилцсан болохоор тийм нууц­лаг дурсамж үлдсэн байх. Хүүхэд ахуйдаа автсан тэр мөрөөдлөө ур­гуулан бодож энэ алс холын цэнхэр хязгаарт очиж, тэр нууцлаг хүмүүстэй уул­заж ярилцахыг тоймгүй их хүсдэг байв.

Гэ­тэл хаа хол хөвч тайгын  эзэд, Хөвсгөл Цагааннуурын Духа цаатнууд Хан Богд уулын ар, Хатан Туулын дэнжид отгоо төвхнүүлээд буучихсан  байх юм. Тэдний энэ гэнэтийн айлчлалын хэрэг зоригийг мэдэж, амар мэндийг нь асуухаар зорьж очоод огт санаандгүй түү­хийн гэрч болж орхив.

 

Тайгын амьсгал 

Өв­лийн тэргүүн сарын тэнгэр тунгалагтан цэнхэртэнэ. Мод бургасны мөчир, найл­зуур тэсгим хүйтний ааг амьс­гаанд бамбардаж хоносон агаад, уулын цаанаас нойрмоглон өнгийх өвлийн нарны цайвар шаргал цацраг, тув тунгалаг тэнгэрээс ас­га­рах түг түмэн шилний хэл­тэрхий мэт нимгэхэн мөсөн талстуудыг гялалзуулан ид шидийн ертөнцөд орчих­сон мэт гайхамшигтай мэд­­­­­рэмж төрүүлэх аж.

Зүүн тайгаас ирсэн гэнэтийн зочдын урцнаас шингэн цэн­­­хэр утаа олгойдон хөөрч харагдах ба гадуур нь тод улаан, цэнхэр, ногоон өнгийн хувцастай хүүхдүүд бужигналдан их л хөл хөсөөнтэй байгаа бололтой. Ойртон очвол өсвөр насны хэгжүүхэн бор хүү нүдний шилтэй хот газрын царайт хүүд илтэд зааварчлан цаа эмээллэх аж. Зааварлагч хүүг Ганбатын Баяндалай гэдэг бөгөөд энэ отгийн отгон гишүүн аж. Тэрбээр энэ жил 15 настай сурагч. Аав ээжийгээ даган цаачин болохоор шийдсэн гэнэ. Хүүгээс аав ээжийг нь сураглавал “Аав цааны хөвд бэлтгэхээр явсан, ээж тэр урцанд бий” гэснээр яриа өндөрлөж би түүний заасан урц руу явлаа. Урцны цаахан талд хус модны оёороос дөрвөн цаа уяатай байх агаад товирдуу биетэй ганган цагаан цааг зарь гэдгийг би сүүлд нь мэдсэн.

 

Дархан бэрийн даацтай хариулт

 Урцанд ортол пүнхийсэн халуун агаар угтан авлаа. Бөөр нь улайссан зуухан дээр тогоотой зүйл даргилан буцална. Оторчдын гэрт л нэг ийм уур амьсгал, дүр зураг угтдаг сан. Гэрийн эзэгтэйтэй мэнд мэдэлцэн, ирсэн хэрэг зоригоо тайлбарлавал “Нөхөр маань л их сайхан ярьдаг хүн дээ. Даанч цааныхаа идшинд явсан, Улиастай гэдэг газраас олж ирдэг юм гэнэ билээ. Би ч яриа хөөрөө муутай хүн шүү дээ” гээд инээж байна.

Улаанбаатараас мянга гаруй километрын алсад байх Зүүн тайгаас гараад арваад хоночихлоо гэнэ. Цаагаа машинд ачиж гараад, замд дөрөв хоног явсан гэхээр ирээд долоо ч хоноогүй бололтой. Гэрийн эзэгтэйг Пунсалын Ганбат гэнэ. Хоёр охин, гурван хүүгийн ээж “Дархан бэр”.  Асуултад хаа нэг хариулт өгөн инээмсэглэн суух түүний амнаас үг унагана гэдэг нэлээд хүнд даваа байлаа.  “Нутгаа санаж байна уу” гэхэд “Хүн байтугай мал хүртэл төрсөн нутгаа санаад гүйдэг биз дээ. Хотод гурав дахиа л ирж байна. Өглөөд гараад хойш харахад битүү суунагласан утаа л харагдах юм. Яаж ийм газар удаан тэсэж суух вэ” гэж үгээр чимхчихээд хоолоо хутгана. Гадуур хүүхэд багачуудын инээд хөөр цангинаж, цаа хамраа тургин дуугарах аж. Нөхрийг нь хүлээх зуураа хэдэн зураг даръя гэж шийдээд эзэгтэйгээс уучлал гуйгаад гарлаа.

Баяндалай нөгөө товир биетэй цагаан зарийг эмээллэн хүүхэд мордуулаад хөтлөн тойрох аж. Зааварчилга сонсоод байсан нүдний шилтэй хот газрын хүү бас нэг цаа чарганд хөллөн хүүхдүүд суулган зугаацуулна. Цааны дэргэд зургаа даруулахад таван мянга, мордоод ава­хуулахад 10 мянган төгрөг хураадаг гэнэ. “Өнөөдөр ажлын өдөр болохоор хүн багатай байна, амралтын өдрүүдээр бол шаваад байх бололтой юм билээ” гэж Г.Ганбат ярьсныг санан тойрч хэдэн зураг дарав.


Хариултаа олов 

Үдээс хойхно цаандаа хөвд олж ирэхээр явсан хүмүүс ирлээ. Отгийн тэргүүнийг бас л Ганбат гэдэг. Гэхдээ Нямжавын Ганбат. Баз хүргэн Батбаярын Энхбаяртайгаа машин хөлслөн Улиастайн амны эх рүү хөвдөнд яваад иржээ. Цаа өвөлдөө хөвднөөс өөр юм иддэггүй бололтой юм яриадахсан би буруу дуулаагүй байгаа даа. Зуны халуунд ялаа шумуулаас болж жаахан шуугддаг ч хүйт ороод эхлэнгүүт л таргалдаг амьтан юм гэнэ. Хөвд буулгах зуур нь “Энэ урд ууланд хөвд байдаг уу, цаагаа сул тавиад идээшлүүлбэл яадаг юм бол” гэвэл “Байх нь байна аа, асга хад хавиар жаахан юм байх ч цаа идээшлэхэд жаахан тохиромжгүй юм билээ. Өглөө оройдоо хөвд хаяж өгөөд байхад энэ хэд маань алзахгүй ээ” гэж өгүүлээд “Хүмүүс бидний ирснийг янз янзаар л хүлээж авч байгаа сурагтай. Насаараа цаа малласан бид эднийхээ хоол ундыг яаж тохируулахаа мэднэ шүү дээ” гэх нь ямар нэг шүүмжлэл чихэнд нь хүрч дээ гэж бодогдуулав.

Энэ үед Б.Энхбаяр ярианд оролцон “Бидний ирсэн зорилго бизнес хийж, хэдэн цаагаар мөнгө олж өрхийнхөө орлогод нэмэрлэх биш. Наашаа гарахдаа сумынхаа удирдлагад учир байдлаа танилцуулж, мал эмнэлгээс зохих журмын дагуу бичиг баримтаа бүрдүүлсэн. Энд ирээд Богд Хан уулын Дархан цаазат газрын захиргаанд учир байдлаа тайлбарлан хэлж бас л ном журмынх нь дагуу зөвшөөрлөө авсан. Захиргаа ч бидний зорилгыг сонсоод дуртайяа тусалж дэмжихээ илэрхийлсэн” гэв. Би тэдний юуны тухай яриад байгааг ойлгосонгүй. Ярилцаж суухдаа тэдний гол зорилгыг мэдсэн хүн бол нэг их шүүмжлээд байхгүй л болов уу гэж бодов. Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын сайн сайхны төлөө гаргасан санал санаачилгыг нь сонсоод дотор хүнтэйгээ бяцхан муудалцаад авснаа нуух юун.

Зүүн, баруун тайгын хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулах арга зам эрэлхийлж “Лантуун дохио” ТББ-тай хамтран “Шидэт урц” төсөл хэрэгжүүлжээ. Тус төс­лийнхөө хүрээнд зүүн тайгад хүүхдүүдийн хөгжих боловсрох нөхцөлийг бүрдүүлсэн урцтай болж,  Духа ардын ёс заншлыг дуу хуураар дамжуулан сур­талчлан таниулах арга хэм­жээ явуулдаг гэнэ. Хөвдөнд явалц­сан баз хүргэн Б.Энхбаяр түүний эхнэр Д.Гэрэлчимэг хоёр энэ үйл хэрэгтээ Ган­батынхныг уруу татсан гол хүмүүс байв. Их хотыг бараадан ирж буусны учир ч үүнтэй холбоотой. Цаа унуулж олсон орлогынхоо тодорхой хувийг баруун тайгын хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлийг сайжруулах “Ши­дэт урц”-тай болоход зориу­лах гэнэ. Түүнээс гадна тэд хүмүүсээс ном, тоглоом, хөгж­мийн зэмсэг гээд хүүхдэд сурч боловсроход нь хэрэг болох юу ч байсан хандивлахыг хүссэн юм.

 

Зүүн тайгын балархай жимээр 

Б.Энхбаяр Хөвсгөл нутгийн охин Д.Гэрэлчимэгтэй оюутан байхдаа танилцаж, гэр бүл болжээ. Эхнэр нь нэг л өдөр хө­дөө явах шийдвэр гаргаж түүнийг 17 жил ажил­ласан МИАТ компаниас нь хөндийрүүлж хөвч тайгын гүнд аваад ирж. Б.Энхбаяр их хотын унаган хүүхэд байсан учир хүнд шийдвэр байсан нь мэдээж. Тайгын ах дүүс нь тэднийг найрсаг хүлээн авч цаа бэлэглэн сүрэгтэй болохыг ерөөснөөр хот газрын унаган хүү онгон байгалийн эздийн нэг болохоор сэтгэл шулуудсан нь таван жилийн өмнөх түүх. Хот газрын завгүй амьдрал хурдан хэмнэлд дассан тэд зүгээр суухыг хүсээгүй бололтой. Б.Энхбаяр лимбэчин, харин эхнэр нь шаггүй дуучин гэнэ. Энэ авьяасаа хүүхэд багачуудад зориулахаар ший­дэж тэдэнд дуу хөгжмөөр дамжуулан мартагдан мөхөх шахаж байгаа духа хэл соёлыг сануулан сургах үйл хэрэгт ханцуй шамлан оржээ.

Цаатан иргэдийн амьдрах нөхцөл, тэдний хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөл гээд шийдэх асуудал их.

Ийм нэгэн отог их хотын хаяа дэрлэн буугаад арваад хоножээ. Нийгмийн сүлжээгээр тэдний зөв бурууг шүүгээд эхэлсэн сурагтай. Дөрвөн уулынхаа дунд сая таван зуун мянгуулаа чихэлдэж суучихаад, замын түгжрэл, үнийн өсөлт, нүүрсний утаандаа боомилогдон бачимдсандаа харсан бүхнээ нулимж, шүүж суухын дон тусчихаж дээ бид. Бөглөрч бачимдсан сэтгэлдээ жаахан ч болов гэгээ тусгаад алсын цэнхэр хязгаар ар хөвчийн хүүхдүүддээ номын хандив өргөөсэй. Номын цагаан буян дэлгэрэх болтугай. Зорьж ирсэн үйл нь зөв учраас хэний ч өмнөөс нүүр бардам харах эрх тэднийх.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06