Үндэсний өдөр тутмын ууган хэвлэл, 102 жилийн түүхтэй “Монголын үнэн” сонин 2022 онд нийтлэлийн шинэ бодлого, өнгө төрхөө өөрчилж, долоо хоног тутам 24 нүүрээр хэвлэгдэн гарах болсон билээ. Энэ жил бид нийт 50 дугаарыг уншигчдынхаа гарт хүргээд байна. Шинэ оны босгон дээр манай хамт олон амжилт бүтээлээр бусдыгаа хошуучилсан шилгүүдээ тодрууллаа.
“Монголын үнэн” сонины 2022 оны “Шилдэг сэтгүүлч”-ээр Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Сэлэнгэ, “Шилдэг ажилтан”-аар дизайнер С.Пүрэвсүрэн нар тодорч БНТУ, БНХАУ-д аялах эрхийн бичгээр шагнуулав. Мөн Нийгэм, урлаг, спорт, гадаад мэдээний албаны дарга Х.Эрдэнэзаяа, тус албаны сэтгүүлч Б.Мөнхзул нар Ерөнхий эрхлэгчийн нэрэмжит шагналын эзэд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн медиалаар Маркетингийн албаны дарга Н.Энхцэцэг, дизайнер С.Пүрэвсүрэн, менежер Ж.Намжил нар шагнуулав. “Монголын үнэн” сонины Улс төр, эдийн засгийн албаны дарга М.Өнөржаргал, Нийгэм, урлаг, спорт, гадаад мэдээний албаны дарга Х.Эрдэнэзаяа нар МАН-ын “Эх орны төлөө” медаль, сэтгүүлч Н.Энхбат МАН-ын “Тэргүүний ажилтан” медалиар тус тус шагнууллаа.
Хариуцлагатай нарийн бичгийн дарга Б.Сэлэнгэ 2022 онд “Боловсролын салбарын шинэ сорил” сэдэвчилсэн нийтлэл, ярилцлага, тодруулга, “Түмэн модны эзэн”, “Хаягдал шилийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж” тэргүүтэй сурвалжилгуудаараа нийгэмд тулгамдсан асуудлыг хөндөн тавьж, гарц, шийдэл эрэлхийлж, загвар зохион бүтээгч Ариуна Сүри, жүжигчин Д.Бямбацогт, контемпорари бүжигчин Г.Мишээл, ДБЭТ-ын гоцлол бүжигчин Д.Нацагдорж зэрэг урлаг, соёлын салбарын шилдэг уран бүтээлчидтэй хийсэн ярилцлагаараа уншигчдын талархлыг хүлээсэн юм.
Дизайнер С.Пүрэвсүрэн “Монголын үнэн” сонины өнгө төрх, хийц дизайныг тодорхойлдог гол хүмүүсийн нэг. Сэтгүүлчдийн сурвалжилга, нийтлэл, ярилцлагыг хэрхэн, яаж уншигчдад хүргэх вэ гэдгийг сонины дизайнер, эх бэлтгэгчид шийддэг. С.Пүрэвсүрэнгийн хувьд хэвлэл мэдээллийн салбарт, тэр дундаа өдөр тутмын сонинд 20 гаруй жил ажиллаж байгаа манай туршлагатай эх бэлтгэгч, дизайнеруудын нэг юм.
Улс төр, эдийн засгийн мэдээллийн албаны дарга М.Өнөржаргалыг улс төрийн бичвэр, ярилцлагуудаар нь, Нийгэм, урлаг, соёл, спорт, гадаад мэдээний албаны дарга Х.Эрдэнэзаяаг дэлхий нийтийн анхаарлыг татсан халуун үйл явдлуудын талаарх аналитик тойм, сонирхолтой орчуулгуудаар нь, сэтгүүлч Б.Мөнхзулыг спортын сонирхолтой, даацтай тойм, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн тамирчид, олимп, тив, дэлхийн аваргуудын ярилцлага, сурвалжилгуудаар нь манай уншигчид сайн танина.
Н.НЯГТ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/