Хотын хөгжил хорооноос эхэлнэ


Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Нийслэлийн засаг захиргааны анхан шатны нэгж болсон хорооноос хотын хөгжил эхэлнэ. Улаанбаатарчуудын 30 хувь нь Баянзүрх дүүрэгт оршин суудаг.  Тус дүүргийн тав, 16, 19, 22, 24, 31, 32, 40, 41 дүгээр хороогоор зочилж, 2022 онд бүтээн байгуулсан, ирэх онд төлөвлөсөн ажил үйлстэй нь танилцсан юм. Шинэ суурьшил, газар чөлөөлөлт өрнөсөн эдгээр хороо гэр хороолол давамгайлсан ч дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцны барилгыг эрчимтэй барьж байна. 

Баянзүрх дүүргийн “Хөгжлийн зураглал-2030” баримт бичигт тусгасан хүний хөгжил, эдийн засаг, ногоон хөгжил, хотжилт, засаглал гэсэн таван үндсэн зорилгыг хэрэгжүүлэн ажилладаг аж.  Хүүхдийн тоглоомын талбай, явган хүний замыг засах, шинээр тавьж, ногоон тохижилт хийж иргэдийн ая тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн нь сайшаалтай. Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан гарааш, ТҮЦ-ийг буулган газар чөлөөлсөнд оршин суугчид талархаж байлаа. 

Дахин төлөвлөлт, газар чөлөөлөлтийн хүрээнд орос цэргийн хуаран байсан БАМ-ын гэх байрны 70 гаруй өрхийг орон сууцжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлж, өндөр настай, өрх толгойлсон эхчүүд шинэ байрандаа хэдийнэ төвхнөжээ. Таатай орчинд, эрүүл нөхцөлд аюулгүй амьдрахыг иргэн бүр хүснэ. 

Шинэ суурьшлын бүсэд авто замын сүлжээгүй учир нийтийн тээврийн үйлчилгээ хүртээмжгүй, хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх соёл, спортын цогцолбор дутмаг, өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй гэх мэт бэрхшээл олон байдаг. Харин бидний сурвалжилсан хороодод дээрх тулгамдсан асуудал харьцангуй бага байлаа. Шинэ хороод салбарлан байгуулсан ч эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэгт иргэдээ хамруулж, эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэдэг аж. Мөн цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүй гэсэн зорилгоор цэцэрлэгүүдээ өргөтгөн, зарим газар салбарыг нь байгуулжээ. Ингэж хамран суралцах хүрээнийхээ   хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулсан байна. 

Нийслэлийн тулгамдсан асуудал болсон утааг бууруулах зорилгоор амины эко орон сууцны төслийг инженерийн дэд бүтцээс алслагдсан 24 дүгээр хороонд барьж байна. Хүү багатай ипотекийн зээлд хамрагдах боломжтой гэнэ.

Овоот толгойд барьж буй энэхүү хотхон нь нарны илчээр дулаанаа шийдэж, агаар, хөрсний бохирдол үүсгэдэггүйгээрээ давуу талтай юм. Төслийг Нийс­лэлийн Орон сууцны корпорац, Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, “Хайбрид хаус” компани хамтран хэрэгжүүлж байна. Хүн амын шилжилт, суурьшилтыг дагаад ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгддэг. 

Гэр хороолол зонхилсон 19 дүгээр хороонд Улаанбаатар хотын жишиг 148 дугаар  сургуулийг нээжээ. Сургуулийн барилга, гадаад болон дотоод орчны тохижилт төвийн сургуулиас ч илүү байв. Ерөнхий боловсролын сургууль тохилог байхаас гадна чанартай  сургалтын хөтөлбөртэй байх ёстой. Тиймээс 148 дугаар сургуульд 11 дүгээр сургуулийн багш нар хичээл заах шинэ зохицуулалт хийснээр хотын төв, захын дүүрэг ялгалгүй хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол олгох зорилго бодит ажил болсон юм.  Иргэн төвтэй эдгээр ажлыг  Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нарын санаачилгаар хийж гүйцэтгэжээ. Дээрх хороодод өрнөсөн бүтээн байгуулалтын түүчээ 2030 он гэхэд Баянзүрх дүүргийн өрсөлдөх чад­варын индекс, ажиллах хүчний оролцоог ахиулж, бүтээлч үйлд­вэрлэл хөгжсөн, тогтвортой эдийн засагтай дүүрэг болоход түлхэц өгөх нь гарцаагүй юм.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №050/24531/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 14 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна Өчигдөр
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17
Нарны эрчим хүчийг ашиглан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлжээ 2024/09/17
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анха… 2024/09/17
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 2024/09/16
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 2024/09/16
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 2024/09/16
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 2024/09/16
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 2024/09/16