​ О.Уртнасан: “Мөрөөдөл биелүүлэгч”-д үйл ажиллагаагаа өргөжүүлэн 5000 гишүүнтэй болохоор зорьж байна


 Оюутан залуусын хүсэл мөрөөдлийг биелүүлж, хүссэн сургуульдаа элсэхэд гүүр нь болж дэмждэг хамт олон бол “Мөрөөдөл биелүүлэгч” байгууллагынхан. Одоогоос хоёр жилийн өмнө “Мөрөөдөл биелүүлэгч одод” НҮТББ нэртэйгээр байгуулагдсан ч чамлахааргүй олон ажлын ард гарч академи болтлоо өргөжиж чадсан тэдний амжилт, ирэх жилүүдэд хийхээр зорьж буй ажлын талаар гүйцэтгэх захирал О.Уртнасантай ярилцлаа. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй тэрбээр “Мөрөөдөл бие­лүүлэгч” байгууллагыг үүсгэн байгуулагч юм.

 

-“Мөрөөдөл биелүүлэгч одод” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагыг та хэдэн онд байгуулсан бэ?

-“Мөрөөдөл биелүүлэгч одод” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагынхаа үйл ажиллагааг 2020 оноос эхлүүлсэн. Хувь хүний хөгжил, илтгэх урлаг, англи хэл, эсээ бичих арга зүйн сургалтыг оюутан сурагчдадаа үнэ төлбөргүй заадаг. Одоогоор 2000 гаруй залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулсан. Нэгдүгээр сарын 10-наас дараагийн 1000 оюутанд онлайн хичээл заахад бэлэн болоод байна. Өнгөрсөн хугацаанд бид “Эрдмийн өгөөж” сургалтын төвийнхөнтэй хамтран гэр сургалтыг хийж эхлүүлсэн. Хичээлийн хоцрогдолтой хүүхдүүдэд гэрт нь очиж хичээл заахдаа халдваргүйжүүлэлтийн дэглэмээ баримтлан ажиллалаа. Өөрөөр хэлбэл, манайх гэрээр очиж хичээл заадаг системийг нэвтрүүлсэн юм. Дараа нь “Гэр хороололд гэгээн боловсролыг түгээе” сургалтад  сурагчдыг үнэ төлбөргүй хамруулаад байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд танхимаар сургалт явуулж хүүхдүүдийг элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөд нь тусаллаа. Бидний эхлүүлж үр дүнг нь үзээд явж байгаа томоохон ажлуудын нэг нь тэтгэлэгт хөтөлбөртэй сургалт. Тодруулбал, 2021 оны зургадугаар сараас БНХАУ-ын зарим сургуульд суралцах хүсэлтэй хүүхдүүдийг бэлтгэн зуучилж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд 100 гаруй хүүхдийг бусад академи, төвийнхөнтэй хамтран тэтгэлэгт хамруулаад байна.

-Та байгууллагынхаа багш нарыг хэрхэн нэгтгэсэн бэ?

-Би 2020 онд нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуульд багшилдаг байсан. Анхандаа ажлынхаа хажуугаар “Мөрөөдөл биелүүлэгч одод” нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагадаа ажилласан. Тэр үед өөрийн хүрээлэлд байгаа багш нартаа хандсанаар хамтран ажиллах эхлэлийг тавьсан түүхтэй. Үүний дараа МУБИС-ийн төгсөх дамжааны оюутнуудыг эгнээндээ нэгтгэсэн юм. Багш болохоор бэлтгэгдэж байгаа оюутнууд хүүхдүүдэд хичээл зааж, дадлагажихын зэрэгцээ цалин урамшуулал авах боломжийг бид бүрдүүлсэн.

-Багш нарын цалин, урсгал зардал гээд санхүүжилтээ хэрхэн зохицуулдаг юм бэ?

-Манайх гадаадын болон дотоодын сурагч, оюутнуудаасаа сургалтын багахан хэмжээний төлбөр авдаг. Түүгээрээ санхүүгийн асуудлаа зохицуулдаг юм. Дээр нь  сургалтын төлбөрөөс хуримтлуулсан санхүүжилтээрээ бусад асуудлаа шийдвэрлэдэг. Тухайлбал, манай байгууллагын ганцаарчилсан болон эрчимжүүлсэн сургалт төлбөртэй. Үүгээрээ багш нарын ирээдүйд хөрөнгө оруулалт хийж урамшуулдаг. Бид гишүүн сурагч, оюутан, залуу багш нарыгаа сургалтад хамруулахдаа 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг цорын ганц байгууллага.

-Байгууллагынхаа алсын хараа, хэтийн төлөвийг хэрхэн тодорхойлж байгааг асууя?

-Бид ирэх 3-5 жилийн хугацаанд 1000 гаруй оюутан, сурагчийг Америк, Хятад, ОХУ, Япон зэрэг  улс оронд Засгийн газрын  тэтгэлэгтэй сургахаар зорин ажиллаж байна. Хэрвээ тухайн үеийн нөхцөл байдал нь болбол тэтгэлэгтэй суралцагчийн эхний семистрийн төлбөрийг зөвхөн байгууллагаасаа хариуцна гэсэн бодолтойгоор үйл ажиллагаа эхлүүлж байгаа юм. Мөн “Хүүхдэд ээлтэй”, “Хүүхдүүд хооллох” болон үнэгүй сургалт явуулах,өөрсдийн барилгыг барих төслийг хэрэгжүүлэхээр зорьж байна.

-Өнгөрсөн хугацааны үр дүнгээсээ танилцуулж болох уу?

-Бид гадаад төдийгүй дотоодын их, дээд сургуулиудад сурагч, оюутнуудыг сурахад нь тусалдаг. Мөн суралцагчдаас маань АНУ, Австрали, БНХАУ-ын Өвөрмонголын Үндэсний их сургууль, Багшийн их сургууль, Анагаахын их сургуульд нийтдээ 100 орчим хүүхэд Засгийн газрын болон өндөр онооны тэтгэлэгтэйгээр суралцаж байна.

-Хичээл зааж байгаа багш нараа танилцуулаач?

-Англи хэлийг Филиппинээс зорин ирсэн Керин багш зааж байна. Манайхаас гадна “Шинэ эрин зуун” сургуульд багшилдаг. Мөн ОХУ-аас ирсэн Ринчен, “Глобал удирдагч” их сургуульд багшилдаг Батдаваа , “Сантис”-т олон жил багшилсан Оюунцэцэг багш нар маань манай төвийн англи хэлний багш. Харин хятад хэлийг Ням-Очир, Алтанзул багш нар маань заадаг. Ням-Очир багш  HSK-6, Алтанзул багш HSK-7 түвшинтэй. Багш нар хятад хэл заах  олон улсын эрх авсан, өндөр мэдлэгтэй. Мөн Алёна, Дөлгөөнмөрөн багш нар орос хэл зааж, орчуулагчийн ажлуудыг хийж байна.

-Өнгөрсөн хугацаанд ашгийн бус нэлээд ажлыг зохион байгуулжээ. Энэ чиглэлээр ирэх онд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

-Өмнө нь дурдсанчлан “Хүүхдэд ээлтэй” төслийг хэрэгжүүлнэ. Мөн 1000 оюутан, сурагчийг хэлний оноонд хүргэх зорилготой “Алсаас суралцаж бусдадаа түгээе” аяныг эхлүүлээд байна. Тодруулбал, есөн дүүрэг, 21 аймаг, 330 суманд манайхыг төлөөлөх менежертэй болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн 5000 гишүүнтэй болохоор зорин ажиллаж байгаа юм. Түүнчлэн гурван том төсөл, хоёр төрлийн реалити шоу, 100 гаруй тэмцээн уралдаан зохион байгуулж, сурагч, оюутан, багш нарыгаа илүү хөгжин цэцэглүүлэхийн төлөө  бүхнийг ундаалагч ус нь байх болно. Таны мөрөөдөл бүхэн биелэх боломжтой гэж хэлье.


 Б.СЭЛЭНГЭ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06