Стрессгүй, утаагүй, аз жаргалтай, бас ойрхон...


Улаанбаатарын иргэд өдөр тутамдаа л стресстэй, уур бухимдалтай байдаг болж. Түүнийгээ сошиал орчинд байнга илэрхийлнэ. Шалтгаан нь их энгийн. Түгжрэл, утаа, халтиргаа гулгаа, эрүүл мэнд. Эдгээр нь бүгд нэгнээсээ хамааралтай. Өглөө, оройдоо түгжрэлийг үзэн ядаж бухимдацгаана. Мөн нийтийн тээвэр хүлээж уурсана. Хүлээлгэсэн автобус нь хөлдүү шахам ирнэ. Дээрээс нь нийслэлийн утаа утгаараа хямраана. Утаанаас үүдэлтэй ханиад томуу эрчимжиж, эмнэлгийн шалаар нэг зулсан бяцхан багачууд, ээжүүд. Ийм байхад “Аз жаргалтай хот”-ын тухай яриад ч хэрэггүй биз. Амралтын өдрөөр агаарлах, гэр бүлтэйгээ цагийг аятайхан өнгөрүүлэх гэтэл олигтой газар байдаггүй. “Скай резорт” -ын үйлчилгээний төлбөр үнэтэй. Бас автобусаар очих боломжгүй. Богд уулыг тойрсон амууд битүү байшин. Бидний багадаа агаарлаж, цана, чаргаар гулгадаг байсан Хандгайт бол бараг хөл тавих зайгүй шахам байшин хаус сүндэрлэсэн байх юм. Ийм байхад хаана агаарлаж, цана чаргаар аюулгүй гулгах тухай ихийг бодоод дэмий биз. Сүүлийн 10 жилд иргэд эрүүл, цэвэр агаар хайж Улаанбаатарын ногоон бүсийг тойрдог болсон. Тэр утгаараа Кувейтийн ам, Түргэний ам, Жаргалантын ам, Зайсангийн ам гээд л бүгд битүү хүн, машин. Аюулгүй байдал талаас нь харвал бүгдийг нь хөөгөөд буулгамаар. Ерөөсөө гэр бүлээрээ ая, тухтай ганц хоёрхон цаг агаарлах газар хаана байгааг хайж, сурвалжиллаа.

 

“Мишээл” дэх гүйлтийн цанын баазын тухай товчхон 

Өвлийн улиралд хүүхэд залуус, гэр бүлээрээ цагийг хөгжилтэй өнгөрүүлэх газар үнэхээр ховор юм, нийслэлд. “Зайсан хилл”-д гэр бүлээрээ цагийг өнгөрүүлж болно. Гэхдээ битүү орчин учраас цэвэр агаар амьсгалж чадахгүй. Тэндэх үйлчилгээний төвүүдийн үнийн хувьд дунджаас дээгүүр. Утаатай Улаанбаатарт цэвэр агаар амьсгалъя гэхээр Маршалын гүүрний баруун талд Туул голын эрэг дагуу бага зэргийн тохижилттой. Өөрөөр олигтой газар алга. Тэгвэл “Мишээл” танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнд өвлийн улиралд амралтын өдрүүдээ аятайхан өнгөрүүлэх газар нээгджээ. Тэр нь цанын бааз. Энд цэвэр агаараар амьсгалахын сацуу гүйлтийн цанаар хичээллэж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх боломжтой. Цагтаа өвлийн олимпод Монголынхоо нэрийг дуурсгаж явсан олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн уг газрыг санаачлан нээсэн байна. 

Түүний хувьд өнгөрсөн жил Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйлтийн цанын зам тавьж, энэ спортоор хичээллэхийг сонирхсон иргэдэд сургалт явуулж байсан. Харин энэ удаа “Мишээл” танин мэдэхүйн цэцэрлэгт хүрээлэнг сонгожээ. “Мишээл”-ийн удирдлагууд ч түүний саналыг таатай хүлээн авснаар хамтын ажиллагаа эхэлсэн байна. “Мишээл”-ийнхэн Туул голын ай савыг тэр чигээр нь хадгалах зорилготой байсан бөгөөд эко орчныг бүрдүүлж, хүүхэд залууст байгалийг танин мэдүүлэх зорилго агуулан дээрх цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан. Харин Э.Очирсүрэн мастерын зорилго үүнтэй яв цав нийцжээ. Уг гүйлтийн цанын бааз нь архи, тамхигүй эко орчин юм. Байгуулагдаад 20-иодхон хонож байгаа ч өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 500 гаруй хүн үйлчлүүлжээ. Гүйлтийн цанын төв нь “Мишээл сити”-гийн нэгэн дэд төв болох 110 мянган мк.в талбайтай “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд зориулалтын зам талбай, ая тухтай үйлчилгээ, мэргэжлийн хувцас хэрэгсэлтэйгээр нээгдсэн нь энэ.


Гурван настай балчраас 80 настай буурал хүртэл цанаар гулгаж байна

Гүйлтийн цанын баазыг байгуулаад удаагүй ч иргэд тун ам сайтай байгаа аж. Тус баазаар үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийн зорилго харилцан адилгүй өөр. 50-иас дээш насныхан дурсамжаа сэргээх гэж, өсвөр насныхан илүүдэл жингээсээ салах гэж, идэрчүүд идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих гэж, харин багачууд цэвэр агаарт баясах гэж ирдэг гэнэ. “Мишээл сити” дэх цанын бааз анхлан суралцагчийн 300, насанд хүрэгчдийн 500 метрийн зам засчээ. Бас тус баазаар үйлчлүүлж буй иргэдийн 95 хувь нь өсвөр насныхан байгааг онцоллоо. Баазыг үүсгэн байгуулагчдын нэг Н.Сандагдаваа ярихдаа “Үүнийг бизнес гэж харахаасаа илүүтэй хүүхэд залуусыг баярласан сэтгэлийг харахад надад сайхан байгаа юм. Энд ямар ч стресс алга. Аав, ээжүүд эхэндээ болгоомжилдог байсан бол одоо ямар аюулгүй спорт болохыг ойлгосон.

 Манай мэргэжлийн цаначид цана дээр явах, унах, босох техникийг нь хүртэл зааж өгч байна. Амралтын өдрүүдэд бол тайван суух ч завгүй болдог. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэхийн тулд олноор ирдэг боллоо. Хамгийн гол нь архи, тамхигүй орчин шүү дээ. Тиймээс албан байгууллага, хамт олныг манай цанын баазад ирж цасны баяраа тэмдэглээсэй гэж хүсье. 10 гаруй жилийн өмнө цасны баяр гэж жигтэйхэн гоё арга хэмжээ байдаг байлаа. Эрүүл агаарт, Туул голын сав газарт гүйлтийн цанаар хичээллэж, уралдангаа цасны баяр хийвэл гоё шүү дээ” гэв. Энд гурван настнуудад зориулсан цана хүртэл байх юм. Гурван настай хүүхэд цанаар гулгаж чадах уу гэж та гайхаж магадгүй. Тэгвэл чадаж байгааг “Мишээл” дээр очиж нүдээр хараарай. Тэд жинхэнэ өвлийн гоё сайхныг мэдэрч, жаргалтайгаар нэг өдрийг өнгөрүүлж байна. Зарим эцэг, эх заавал амралтын өдрийг хүлээлгүй хүүхдээ дагуулан очдог болсон гэнэ. Ялангуяа Зайсан хавийн айлууд тэндэхийн байнгын үйлчлүүлэгч болжээ. “Мишээл” рүү Офицеруудын ордон, III-IV хороолол, Ханын материал, Долоон буудал гээд л нийслэлийн дөрвөн зүг, найман зовхисоос нийтийн тээврээр хүрэх боломжтой. Гүйлтийн цанаар хичээллэхэд асар их калори шатааж, тэр хэрээр хөлөрдөг. Тиймээс солих хувцсаа үүргэвчинд хийгээд очиход л болно. Халуун цай, кофе, аарцыг тус баазынхан үйлчлүүлэгч нартаа үнэ төлбөргүй бэлтгэжээ.

Биднийг очиход хүн багатай байлаа. Ажлын өдрүүдэд хүмүүс ихэвчлэн үдээс хойш очиж 1-2 цаг гулгаад буцдаг аж. Э.Очирсүрэн, Х.Хаш-Эрдэнэ мастер нар тамирчдаа аваад Булганы Тэшиг сумыг зорьж, Н.Сандагаа багш бууриа сахин үлджээ. Тэрбээр “Энд ирж гулгаж, гүйлтийн цанын спортын сайхныг мэдэрч байгааг харахаар цаанаасаа л баяр төрөөд, аз жаргалыг мэдэрдэг болчихлоо” гэсээр тав, гурван үг сольж суутал өсвөр насны охиноо дагуулсан эмэгтэй орж ирэв. Тэр дөрөв дэх удаагаа ирж буй нь энэ аж. Учир нь, түүний охин дунд ангийн сурагч бөгөөд түргэн хоол, бэлэн бүтээгдэхүүнээс шалтгаалсан жингийн илүүдэлтэй болжээ. Ингээд охиноо хөдөлгөөний дутагдалд орж байгааг мэдсэн ээж, аав нь анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд яг энэ үед телевизээр “Мишээл” цанын баазын тухай мэдээ гарчээ. Энэ дагуу охиноо гулгуулахаар анх ирснээс хойш охин нь гүйлтийн цанын спортод дурласан байна. Улмаар тууштай явбал илүүдэл жингээсээ бага ч гэсэн салах боломжтой гэдгийг мэджээ. Охин нэг ирэхдээ хоёр цаг гулгадаг аж. Тэгвэл биднийг явахын алдад 70 орчим насны ах ирлээ. Тэр Увс аймгаас ирсэн гэнэ. Залуудаа гүйлтийн цанаар хичээллэж байсан бөгөөд Улаанбаатарт түр хугацаагаар охин дээрээ иржээ. Энэ үедээ “Мишээл”-д цанын бааз нээгдсэнийг сонсоод жигтэйхэн их баярлаж, анх охиныхоо гэр бүлийг дагуулан ирсэн байна. Харин энэ удаад салхилангаа ганцаараа “булагнаж” яваа нь энэ. Хөвсгөлөөс ч хүртэл мэдээ үзээд зорин ирж үйлчлүүлсэн хүн байдаг бол Францын иргэн уг баазаар үйлчлүүлээд сэтгэл хангалуун буцсан тохиолдол ч бий гэнэ. Хэдийгээр биднийг тус баазаар зочлоод буцах хооронд хоёр хүн ирсэн ч гүйлтийн цанын спортын гоё сайхныг мэдэрсээр яваа зуу зуун хүн байгаа нь сайн хэрэг.

 

Гүйлтийн цана хүний биеийн таван чухал чадварыг идэвхжүүлдэг 

Монгол Улсад 68 дахь жилдээ хөгжиж буй гүйлтийн цанын спортоор хүн бүр хичээллэж бие бялдар, гоо сайхан, сэтгэл зүйн өв тэгш хөгжлийг өөртөө болон үр хүүхдэдээ өвлүүлэх эрхэм зорилго тээсэн тус баазыг санаачлагч олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн ярихдаа “Гүйлтийн цанаар тасралтгүй 30 минут гулгахад фитнест хоёр цаг хичээллэсэнтэй тэнцэхээр ккал, хоёр цаг тасралтгүй гулгахад биеийн хүчний ажлыг найман цаг хийсэнтэй тэнцэх хэмжээний ккал шатаадаг. 

Мөн хүний хамгийн идэвхгүй хүзүү, нүүрний арьсны булчин болон тулгуур эрхтэнүүд маш сайн хөгждөг. Хичээллэх явцад хүчилтөрөгчийг түлхүү авдаг болохоор цусан дахь сахарын хэмжээг багасган зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Чихрийн шижинтэй болон турах гэж байгаа хүмүүс илүүтэй ирж хичээллэдэг дээ. Биеийн бүх булчин жигд хөгжихөөс гадна тэнцвэр, тэсвэр, хурд, хүч, авхаалж самбаа гэсэн хүний хөгжлийн үндсэн таван чадвар хөгждөг болохоор энэ спортоор хичээллэдэг хүмүүс илүү дархлаа сайтай, эрч хүчтэй байдаг” гэв. Тэрбээр гүйлтийн цанаар 12 наснаасаа эхэлж хичээллэсэн. Монгол Улсын 28 удаагийн аварга болж 30 гаруй олон улсын тэмцээнд оролцож байсан. 

2006, 2010 оны олимпын цасан замд эх орныхоо тугийг мандуулан уралдаж байсан нэгэн юм. “Мишээл” байгаль орчин, танин мэдэхүйн хүрээлэнд гүйлтийн цанаар гулгахаар ирэх хүмүүст гялгар цасны хувцастай ирэхийг зөвлөж байна. Мөн хоёр ээлжийн бээлийтэй ирвэл зүгээр. Учир нь цасанд норох магадлал өндөр. Цанаар гулгаж байхдаа хүйтэн ус уулгүй аль болох халуун, аарц, чацаргана уувал сайн гэнэ. Дахин хэлэхэд, цана техник хэрэгсэл байхгүй гэж санаа зовох шаардлагагүй. “Мишээл”-ийнхэн бүх размерын цана, гутал хэрэгсэл бэлдсэн байна билээ. Тус баазын хамт олон та бүхнийг гэр бүлээрээ хүрэлцэн ирж цанаар гулган дархлаагаа сайжруулж өдрийг спортлог, хөгжилтэй өнгөрүүлээрэй гэж уриалсныг дамжуулан уламжилъя. 

 Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно Өчигдөр
Ялалтын уухайтай өдрүүд Өчигдөр
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06