Шинжлэх ухааны хувьсгал хүн төрөлхтөн үүссэн 2.5 сая жилтэй харьцуулбал тун бага буюу 500-хан жилийн настай. Танин мэдэхүйн хувьсгал, Хөдөө аж ахуйн хувьсгал хоёр хүний амьдралыг хөнгөвчилж, аюул эрсдэл багатай амьдрах боломжуудыг нээж өгч байсан бол хамгийн сүүлийн хувьсгал хүн төрөлхтнийг оюун санааны, бие махбодын доройтолд оруулах юм гэж хэн санах билээ.
Орчин цагийн нийгэм нь хүмүүс мэдээллийг зөвхөн гаднаас олж авдаг гэж итгүүлдэг учраас хүн өөрийн дотоод хүч, байгалиас өгсөн их мэдлэгээ нээж, ашиглаж чадахгүй болсон гэж үздэг хэсэг бий. Тэд “Хүн дэлхий ертөнцийн бодит байдлын чичирхийллийг зөвөөр мэдэрч хүлээж авах чадвараа алдсанаас худал хуурмагийг сайн ялгаж чадахаа больсон. Хүний ухамсарт эртнээс нөлөөлж буй нийгмийн хязгаарлалтаас болж хүн төрөлхтөн “үнэн" гэсэн “худал"-д итгэж, байгалиас суулгаж өгсөн чухал, үнэ цэнтэй зүйлсээ мартагнаад байдаг болжээ. Хүн хоорондын харилцаа, гэр бүлийн үнэ цэн, байгальтай амьдчилан харилцах харьцаагаа хүртэл албаар умартан мартагнасан гэхэд болно” гэж үздэг. Эдгээр нь мэдээж олон шалтгаантай. Үүний нэг нь өнөөгийн хүн төрөлхтний зайлшгүй хэрэглээ гэж үзэх болсон “Цахим мэдээллийн ертөнц” гарцаагүй мөн. Одоо бид ингээд “Мэдээллийн ертөнц”-ийн тухай эхнээс нь хүүрнэж болохоор боллоо.
Ингэж эхэлжээ
Анхны мэдээллийн сайтыг хомо сапиенсууд нээжээ. Тэдний мэдээллээ үлдээсэн “пэйж”-үүд дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт ул мөрөө үлдээсэн байдаг. Өдөр тутмынхаа амьдралыг хүүрнэсэн постуудыг нь Монгол орны хувьд л гэхэд Ховд аймгийн Манхан суманд байх Гурван цэнхэрийн агуй зэргээс харах боломжтой. Энэ мэтчилэн далайн чанадын тив, алслагдсан эх газарт хүртэл бидний өвөг дээдсийн бичиж, зурж үлдээсэн постууд дүүрэн байх. Үүн дээрээ түшиглэн хүн төрөлхтөн “Танин мэдэхүйн” хувьсгалын үед мэдээлэл, мэдлэгийг түгээж овог аймгаа гадагш тэлж нийгмийн харилцаа үүсгэх оролдлого хийж байсан гэдэг дүгнэлтийг өчүүхэн бичээчийн хувьд хийв. “Хөдөө аж ахуйн” хувьсгалаас хойш хүн төрөлхтөн бичиг соёлтой болов. Одоогоос таван мянга гаруй жилийн тэртээгээс бид бичиг соёлтой болж эхэлсэн гэсэн үг л дээ. Мэдээ, мэдээлэл түгээх, мэдлэг солилцох аргууд маань шинжлэх ухаанд тулгуурлан үүнээс цааш хөгжиж ирсэн биз. Ингээд дээр дурдсанчлан хөгжлийн тийрэлтэт хөдөлгүүрт залгагдсан XV, XVI зуунд шогшиж ирэв. Хүн бие махбодийн хувьд хөгжсөн үү, ухарсан уу гэдэг эргэлзээтэй асуултаа энд үлдээгээд өнөө үед ирцгээе.
Сошиалын Бүгд найрамдах Улс
Өнөөгийн нийгэм, улс төр, эдийн засгийн тогтолцоо хүмүүний ёс суртахууны доройтолтой цахим хэрэглээний идэвхтэй хэрэглээ ямар нэгэн хэмжээгээр холбоотой гэж үзэгсэд цөөнгүй байдаг. Нийгмийн ихэнх хэсэг улс дотроо улс байгуулан Сошиалын Бүгд найрамдах Улсын иргэд болсон гэхэд хилсдэхгүй. Бидний улс өөрсдийн гэсэн ёс заншил, ёс суртахуун, хэл яриа, бичгийн соёлтой. Бидний оюун санаа, хөгжил дэвшлийн хурдыг гүйцэхээ нэгэнт байснаа ухаарч тулга тойрсон хов, жив рүү тархиа дүрж орхисноо энд өгүүлсүү.
Манай Сошиалын Бүгд найрамдах Улсын иргэд сөрөг мэдээ мэдээллийг цангасан мал шиг уралдан ховх сорж, тархиныхаа бохирыг холин буцаан асгаж байдаг болсноо бахархалтайгаар дуулгая. Олны танил хүмүүс, тэдний хувийн нууцтай холбоотой томоохон дуулиан, шуугиан биднийг халааж, ор хөнжлийнх нь явдал тэчъяадуулж орхидог. Хуурамч мэдээ, мэдээллээр бид оюуны хэрэгцээгээ хангаж, лайкны эрэлд гарах маань Шамбалын хаалгыг олохоос бэрх. Бусдын тархи руу миний ойлголттой мэдээлэл орж байх нь чухал учраас лантуудаж оруулахаас сийхгүй. Их мэдэгчийн багтай хуурамч аккаунтууд цахимд нэр хүндтэй тул хүчирхийллийг дураар үйлдэж байдаг нь даган дууриах жишиг мөн гэдэг нь гарцаагүй. Цахим луйварчид маань үл мэдэгчийн тэнгист өөрийн тааваар сэлүүрдэж, компьютерын араас салдаггүй нусаа чирсэн бацаан хүчирхийллийн порно бичлэгүүд тараан эротик хүслээ дарж дийлэхээ байсан өөр шигээ нэгнийг луйвардах нь энүүхэнд. Ийм интернэт дэх хулгай, луйвар интернэт донтон зэргийг өөгшүүлэгчид бид өөрсдөө. Хандалт авч байгаа ихэнх нийтлэл, контентууд садар самуун, хошин маазрах өнгө аястай. Хуваалцаж байгаа пост нийтлэлийн ихэнх хэсэг нь нөлөөлөгч нарын хараал зүхэл дүүрэн үгстэй, нийгмийг өдөөн хатгасан шинжтэй байх. Тэд нийгмийг хэрхэн мунхруулж байгааг анзаарахгүй байхын аргагүйн дээр боловсрол, мэдлэгийн тухай дурдахын ч хэрэггүй. Үүнийг нийгмийн ухааныхан тайлж ойлгодог л байх, гэхдээ тэдний үгийг бид нохой хуцсан чинээ тоохгүй нь сайхан юм даа. Ерөөсөө шинжлэх ухааныг тоож шиншлэхээ байсан гэхэд хилсдэхгүй биз. Нийгмийн эерэг харилцаа, нийгмийн эв нэгдлийн талаар нийтэлсэн зүйлсийг хэт популист гэдэг өнцгөөс хүлээн авч үл тоомсорлох болсон нь нэг талдаа эмгэнэлтэй.
Дайсан олох дон
Хэн нэгнийг дайснаар тодруулах заншил Сошиалын Бүгд найрамдах улсын соёлын нэг хэсэг. Нийгэмд гарсан анхаарал татахуйц үйл явдал бүр дээр бид хэн нэгнийг арван таван толгойтой атгаалжин хар мангас болгож, мангасыг даран сөнөөх их аян дайнаа эхлүүлдэг. Эмч дайсан, цагдаа дайсан, төрийн ажилтнууд дайсан гэж байснаа бүр эхнэр маань дайсан, нөхөр маань дайсан бүр дайсан олдохгүй бол би өөрөө атгаалжин хар мангас гэж итгүүлэхийг оролдоно. Гэхдээ бид өөрсдөө голцуу манай тал л даа. Яагаад гэвэл бид чинь ямар ч алдаа гаргадаггүй, ямар ч дутагдал байхгүй Сошиалын Бүгд найрамдах улсын нэг хэсэг. Тэр муу дайсан л намайг ингээд байгаа болохоос би бол манай тал. Сошиалын Бүгд найрамдах улсын аюулгүй байдалд заналхийлсэн хэн нэгэн атгаалжин хар мангасыг сонор сэрэмжгүй байдлаасаа болж алдчих вий гэхдээ нойроо хугаслан, анхаарал сэрэмжээ хурцлан хоногсод цөөнгүй. Бүр ямар ч логикгүй, хүн гайхмаар дүгнэлт тайлбарууд бидний хурц сэлэм, ирт мэс болдог. Төрийн эрх баригчид(нам эвсэл)-ийнхэн бидний номер нэг дайснаар үргэлж нэрлэгддэг. Гэхдээ тэднийг шүүмжилж, жагсаж цугласан хүмүүс ч бидний дайснуудын нэгээр нэрлэгдэх бөгөөд тэдний ард заавал хэн нэгэн гадаад эсвэл дотоодын тагнуул зогсож, улс орныг урагшлуулахгүй, хөгжүүлэхгүй байх даалгавар өгсөн байдаг юм даа. Энэ бүхнийг олж илрүүлэн бут ниргэх нь угаасаа л иргэн бүрийн үүрэг. Бид харьцангуй ардчилалтай улс гэдэг нь нийгэмд гарсан ямар нэгэн дуулианы үеэр илүү ил тод мэдрэгддэг. Хоёр эсвэл гурав, дөрөв, таван тал ч болж маргалдаж магадгүй олон ургальч үзлээрээ бахархахаас өөр яах вэ.
Тоглоомгүй хэлэх нэгэн зүйл
Хэдийгээр интернэт нийгэм, эдийн засагт үр өгөөж, хөгжил дэвшлийг авчирч байгааг үгүйсгэх аргагүй ч эдгээр хөгжлийн зарим нь тэгш эрх, хүний эрх, ардчилал зэрэг хүн төрөлхтний үнэт зүйлсэд муугаар нөлөөлж болзошгүй. Технологийн компаниуд эдгээр муу үр дагаврыг багасгах дарамт шахалтад орж эхлээд байгаа бөгөөд зарим улстөрчид, удирдагчид эрс арга хэмжээ авахыг уриалж байгаа юм.
Бидний улс эв саналаа нэгтгэн...
Интернэт донтолт, интернэтийн буруу хэрэглээний тархалтын түвшний судалгаа улс орнуудад харилцан адилгүй байгааг судалгаа харуулжээ. Европын өсвөр үеийнхний ойролцоогоор дөрвөн хувь нь амьдрал, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг интернэтийн эмгэгтэй, тэгвэл 13 хувь нь интернэтэд дасан зохицох чадваргүй байгаа нь ажиглагдсан байна. Насанд хүрэгчдийн хувьд ч ижил төстэй тоо гарсан.
Тэгвэл монголчуудын хувьд байдал ямар байгаа вэ. Монголд гурван хүн тутмын хоёр нь интернэт хэрэглэгч. Интернэт хэрэглэгчдийн тоо долоон жилийн өмнөхтэй харьцуулахад 22 дахин, дөрвөн жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин өсөөд байна. Үүн дотор фэйсбүүк хэрэглэгчдийн тоо 2021онд хүн амын 68 хувь буюу 2,2 сая фэйсбүүк аккаунт хэрэглэгч байдаг бөгөөд 99 хувь нь гар утсаа ашигладаг гэсэн судалгаа байна. Түүнчлэн 250 мянган хүн пэйж удирддаг. Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан судалгаагаар Монгол Улс дэлхийд хамгийн хямдхан интернэт ашигладаг 10 орны нэг. Үүрэн телефоны операторуудад бүртгэлтэй хэрэглэгчдийн тоо аль хэдийн 5 сая давж, ухаалаг утастай хэрэглэгчдийн тоо 2 саяд хүрсэн нь ч үүнтэй шууд холбоотой үзүүлэлт юм.
Монголчууд интернэтийг юунд зарцуулж байгаа талаар та мэдэх үү. Монгол Улсын нийт интернэтийн хэрэглээний 60 хувь нь видео контентод зарцуулагддаг гэнэ. Харилцаа холбооны зохицуулах хорооны мэдээлснээр нийт датаны 41 хувь зөвхөн Youtube үзэхэд хэрэглэгдэж байгаа аж. Бид зөвхөн видео үзэхээс гадна хөгжим сонсох, нэвтрүүлэг үзэхдээ Youtube-ийг илүүтэй их ашиглаж байна гэсэн утгыг энэ тоо илэрхийлж болно. Харин веб хөтчүүдээр дамжин хэрэглэгдэж байгаа интернэт хэрэглээ ердөө 30 хувьтай байдаг гэнэ. Гэхдээ энэ зан төлөв сүүлийн жилүүдэд технологийн дэвшил, контентийн агуулгын өөрчлөлттэй уялдан хурдацтай өөрчлөгдөж байгаа. Нэтфликс, Look TV зэрэг технологи дээр суурилсан бүтээгдэхүүнүүд зах зээлд танилцуулагдсан учир Youtube-ийн эзлэх хувь багасч болох ч видеонд зарцуулах хэрэглээ улам нэмэгдэх төлөвтэй байна.
Атгаалжин хар мангасын бодлого
Урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээ, цаашдын бодлогыг тодорхойлох судалгааг хүүхэд залуус ялангуяа ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн оюутнуудадын дунд явуулах, интернэтийн хэрэглээтэй холбоотой донтолтын талаар мэдээлэл өгөх, шалгах , кампанит ажил явуулах нь өсвөр үеийнхний тоглоомын донтолттой холбоотой асуудалд, мөн тэдний ирээдүйд тустай байх болов уу.
Хэт их мэдээлэлтэй байх нь аливаа асуудлыг зөв ойлгох эсвэл үр дүнтэй шийдвэр гаргах чадварт нөлөөлнө. Мэдээллийн хэт ачаалал нь хяналт алдагдах, хэт ачаалалтай мэдрэмж, оюуны чадвар буурах, ажлын сэтгэл ханамж буурах зэрэгтэй холбоотой байдаг. Судалгаанаас харахад мэдээллийн хэт ачаалал нь хүмүүсийн 20-30 хувьд сөргөөр нөлөөлдөг. Орчин үеийн хүүхдүүдийн оюун ухаан маш идэвхтэй бөгөөд насанд хүрэгчдийн хэрэглэдэг үг бүрийг хайлтын систем дээр оруулж "секс" гэх мэт үгсийн утгыг ойлгодог болбол золгүй еэ! Эсвэл бүр ч дор, YouTube дээр! Хүүхдүүдийн оюун ухаан хүлээж авахад хэтэрхий хүнддэх зүйлсийг үзэж, улмаар сэтгэл зүй нь гэмтэнэ.
Эдгээр шалтгааны улмаас хүүхдүүд цахим ертөнцөд хэт их автсанаас хүүхэд байхаа больсон. Тэд яг бидэн шиг болж байна. Та хүүхдийнхээ интернэтийн хандалтыг өөрийнхөө хандалттай харьцуулж үзээрэй, бараг 70 хувь нь яг таарч байгааг та ойлгох болно. Тэдэнд хүүхэд нас гэж бараг байхгүй насанд хүрэгчид болж байна. Ингэснээр тэд насанд хүрэгчдэд холбоотой бүх асуудлыг мэддэг болсон. Өнөө үед олон хүүхдүүд нурууны өвдөлт, мигрень, мөр хөших зэрэг өвчнүүдийн хохирогч болж байна.
“ОЛОН НИЙТИЙН” ГАНЦААРДАЛ
Уг нь дүгнээд байх ч юмгүй л дээ. Сошиалын Бүгд Найрамдах Улсын иргэдийн ихэнх нь ганцаардалд орж, нийгмээс тусгаарлагдмал болчихсон байдаг тухай ярилтай нь биш. Сошиалын хэтэрсэн хэрэглээ, ялангуяа онлайн порнограф донтолтын улмаас хүмүүсийн амьд, дотно харилцаа мөхөж хамтач, нийтэч гэх зэрэг үгс үгийн сангаас хасагдах вий дээ гэж санаа зовох юм. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл гэх мэт технологиуд уг нь хүмүүсийг ойртуулах зорилготой гэдгийг бүгд таашаан толгой дохих боловч зарим тохиолдолд эсрэг үр дүн гарч байгааг бид үл мэдээчин болж, нүд анин толгой сэгсрэх нь анзаарагддаг.
2017 онд 19-32 насны залуучуудын дунд хийсэн судалгаагаар сошиал медиа их ашигладаг хүмүүс олон нийтийн сүлжээг байнга ашигладаггүй хүмүүстэй харьцуулахад нийгмээс тусгаарлагдах магадлал гурав дахин их байдаг болохыг тогтоосныг дуулбал яах бол.
Интернэт дэх цахим дарамт, цахим мөшгөлт, онлайн хулгай зэргийн хохирогчид Сошиалын Бүгд Найрамдах Улсын иргэдийн ихэнх хувийг эзэлдэг.
Цахим ертөнц, ухаалаг гар утас нь хувийн болон нийгмийн ялгааг бүдгэрүүлж, ажил, гэр, амралт зэрэг амьдралын янз бүрийн хүрээг эвдэж, хуурмаг нөхөрсөг харилцаа тогтоож байгаа мэт санагдана. Гэтэл таны хувийн амьдралын хил хязгаар аль хэдийн бусдын өрөвдөх сэтгэлгүй дайралтад өртсөн байдаг . Гэр бүлийн хүрээнд л мэдэж байх ёстой хувийн нууцлалын аюулгүй байдал алдагдаж, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаанд сэв сууж, гадны хэн нэгэнд алдсан таны нууц эргээд танд дарамт болж ирэх магадлалтай. Хүний амьдралын энгийн хэв маяг болох дэлгүүр хэсэх, худалдаа хийх зэргээр нийгэмшиж, чөлөөт цагаа өнгөрөөх, мэргэжлийн харилцаа холбоо үүсгэх зэрэг үйлдлүүд бүгд шахам интернэт рүү шилжсэнээс болж хүмүүсийн харилцаанд асуудал үүсэж эхлээд байна. Интернэтийн хэрэглээ нь тухайн хүн болон нөхцөл байдлаас шалтгаалан танин мэдэхүйн хөгжилд эерэг ба сөрөг нөлөө үзүүлдэг болохыг нийгэмд өрнөж байгаа зарим үйл явцууд харуулж байна. Хүүхдийн танин мэдэхүйн хөгжилд интернэтийг удаан хугацаагаар ашиглах, тухайлбал ой санамж, анхаарал төвлөрүүлэх чадвар, шүүмжлэлтэй сэтгэх чадвар, хэл сурах, унших, сурах чадвар зэрэгт сөргөөр нөлөөлдөг болохыг нотлох баримтууд байдаг. Гэхдээ илүү найдвартай дүгнэлт гаргахын тулд илүү их судалгаа хийх шаардлагатай. Нийтлэлийнхээ төгсгөлийг эхлэл хэсэгтэйгээ холбох үүднээс, шинжлэх ухааны уран зөгнөлт зохиолуудаараа алдаршсан Исаак Азимовын “Өнөө цагийн хүний хамгийн аюултай тал нь нийгмийн ухамсар сууж хүн болох хурд, шинжлэх ухаанч мэдлэгээ нэмэгдүүлэх хурдыг гүйцэхгүй байгаад оршино” гэдэг үгээр өндөрлөе.
ТРАМП ТӨМӨРӨӨ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24532/