Замын-Үүд автозамын хилийн боомт нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хэвийн горимд шилжсэн ажиллаж байна. Тус боомтоор Монгол Улсын 222 иргэн, БНХАУ-ын 148 иргэн гарсан бол Монгол Улсын 58 иргэн , БНХАУ-ын 85 иргэн орж ирснийг улсын хилээр зохих журмын дагуу шалган нэвтрүүллээ.
БНХАУ-ын Засгийн газар шинэ төрлийн коронавирусийг B ангиллын халдварт өвчнөөр бүртгэсний дараа БНХАУ-д зорчих гадаад улсын иргэдэд зориулан дараах арга хэмжээг авч байна. Үүнд:
1. Нуклейн хүчлийн шинжилгээ
БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээс өмнө 48 цагийн дотор нуклейн хүчлийн шинжилгээ өгөх шаардлагатай бөгөөд сөрөг хариу гарсан зорчигч БНХАУ-д зорчих боломжтой. Хэрэв зорчигчийн шинжилгээний хариу эерэг гарсан бол хариу сөрөг болсны дараа тус улсад зорчих боломжтой.
2. Гаалийн эрүүл мэндийн мэдүүлэг
БНХАУ-д зорчих иргэд хил нэвтрэхээсээ өмнө 48 цагийн дотор өгсөн нуклейн хүчлийн шинжилгээний хариуг WeChat-ийн туслах программ, цахим хуудас (https://htdecl.chinaport.gov.cn/htdeclweb/home/pages/healthDeclare/declare.html) болон China Customs APP-аар дамжуулан “БНХАУ-аас гарах/орох эрүүл мэндийн мэдүүлэг”-ийг англи, хятад хэл дээр урьдчилан бөглөсөн байх шаардлагатай. Мөн цаасаар монгол хэл дээр бөглөх боломжтой.
3. Хилээр нэвтрэх хорио цээрийн дэглэм
БНХАУ-ын хилээр нэвтэрсний дараа иргэд нэгдсэн нуклейн хүчлийн шинжилгээнд дахин хамрагдах шаардлагагүй. Гаалиар эрүүл мэндийн мэдүүлэг нь хэвийн, тогтоосон хорио цээрийн дэглэмийн зөрчилгүй иргэд хэвийн нэвтрэх боломжтой. Эрүүл мэндийн байдал нь хэвийн бус буюу халуурах зэрэг шинж тэмдэгтэй иргэдийг гаалийн байгууллага түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Түргэвчилсэн шинжилгээний хариу нь эерэг гарсан иргэд, хэрэв суурь өвчингүй, шинж тэмдэггүй эсвэл хөнгөн шинж тэмдэгтэй бол гэртээ болон байрлах газартаа тусгаарлаж, бие даан эмчлэх боломжтой. Хариу сөрөг гарсан тохиолдолд гаалийн байгууллага хууль тогтоомжийн дагуу хэвийн дэглэмээр шалган нэвтрүүлнэ.
4. Яаралтай үед холбоо барих
Иргэн танд БНХАУ-ын хилээр нэвтрэх үед болон хилээр нэвтэрсний дараа эрүүл мэндтэй холбоотой болон бусад асуудлаар яаралтай туслалцаа хэрэгтэй бол Монгол Улсаас БНХАУ-д суугаа ДТГ-уудтай дараах шуурхай утас болон цахим шуудангаар холбогдоно уу.
· Бээжинд суугаа ЭСЯ: +86(10)65321203,+8617600787323, beijing@mfa.gov.mn,
· Хөххотод суугаа ЕКГ: +8617678002262, huhhot@mfa.gov.mn,
· Шанхайд суугаа ЕКГ: +8613122656261, shanghai@mfa.gov.mn,
· Манжуурт суугаа КГ: +8615734851884, +8615648081299, manjuur@mfa.gov.mn,
· Эрээнд суугаа КГ: +86 15647964334, ereen@mfa.gov.mn
Н.Нягт