УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлийг энэ сарын 6-ны өдөр саатуулж, 48 цаг хорьсон билээ. "Эрүүгийн цагдаагийн газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж, УБТЗ-ын албан тушаалтан Б гэдэг хүний гэрээс болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн гэрээс 7.3 тэрбум төгрөгийг хураан авч, иргэн Б-г баривчилсан" гэсэн мэдээллийг ХЗДХ-ийн сайд хийсэн билээ. Түүнд холбогдох цагдан хорих шүүх хурал өнөөдөр боллоо.
Шүүх хуралдааны үеэр түүний өмгөөлөгчийн зүгээс прокурорын цагдан хорих санал үндэслэлгүй байна, хувийн батлан даалтад таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлтийг гаргасан юм. Харин тэрбээр “Монгол Улсын шүүхийн шийдвэр гараагүй байхад хүнийг ялладаг процесс үүсчээ. Надад үүсгэсэн хэрэг дээр цагдан хорих шаардлагагүй, хөнгөн гэмт хэрэг гэж ойлгосон. Гэтэл намайг цагдан хорихоос өөр аргагүй байдалд оруулж, цахим орчинд маш их сэвэлтийг зохион байгуулалттайгаар хийж байна. Би эхнэр дөрвөн хүүхэдтэйгээ хотод амьдардаг. Ээж, аав маань хөдөө амьдардаг. Би төмөр замд 14 жил ажилласан. Надад оргон зайлах асуудал байхгүй.
Би шүүхийн шийдвэр гарах хүртэл тууштай явна. Миний дөрвөн хүүхэд хатгаа ханиадтай байгаа. Охин маань 2-3 хоног нүдээ бүлцийтэл уйллаа. Эхнэр маань эмнэлэгт хэвтэж байгаа. Өсвөр насны охиныхоо сэтгэл санааны байдалд маш их санаа зовж байна. Ангийнхан нь цахим группээсээ миний охиныг хассан байна лээ. Би ийм байдалтай гэр бүлээ орхиж явж чадаагүй. Тийм учраас батлан даалтад гаргуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. Би нэмэлтээр ямар гэмт хэрэг үйлдэх гэж байгаа юм бол. Миний нэр дээр үйл ажиллагаа явуулдаг караоке, эхнэрийн нэр дээр байдаг гоо сайхны газрыг хураасан. Одоо надад юу ч байхгүй. Гэтэл зургаан байртай гээд худлаа мэдээлэл цацаж байна. Бүх эд зүйлээ хураалгачихаад, ажилгүй, гэртээ хүүхдүүдээ хараад байж байна" гэсэн тайлбар хийв.
Түүнийг яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа.