Нийслэлийн цагдаагийн удирдах газраас УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, Цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун:
-АТГ, Цагдаагийн байгууллагын ажлын хэсгээс энэ оны нэгдүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хойшлуулшгүй ажиллагаа явуулсан. Нэгжлэгээр С.Батдөл болон хамаарал бүхий этгээдүүдийн гэр, орон сууцнаас 7.3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний дөрвөн төрлийн валютыг бэлнээр хураан авсан. Мөн зургаан орон сууцны үл хөдлөхийн гэрчилгээ зэрэг хэрэгт шаардлагатай бусад эд зүйлсийг хураан авсан. С.Батдөлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн мөнгө угаах, татвар төлөхөөс зайлсхийх, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, хахууль авах гэсэн зүйл ангиар шалгалтын ажиллагаа хийж байна хэмээн мэдээлэв.
Шүүхээс С.Батдөлийг нэг сарын хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэсэн билээ. Хэвлэлийн хурлын үеэр С.Батдөлийн гэрт хойшлуулшгүй ажиллагаа хийсэн бичлэг, зургуудыг сэтгүүлчдэд дэлгэн үзүүлсэн юм.
Н.Нягт