Дархлаа хэмээх нууцлаг ертөнцийн гүн рүү...
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Л.Нямаатай ярилцлаа. Энэ удаа бидний яриа уран зохиол, урлагийн сэдвээр биш дархлаа хэмээх гайхамшигт зүйлийн эргэн тойронд өрнөсөн юм. Дархлааг дан ганц биеийн эрүүл мэндийн дархлаа гэж явцуу хүрээнд ойлгох аргагүй. Сэтгэлийн, оюуны, ёс суртахууны гээд олон дархлаа хүнд бий. Тэрчлэн хүний дархлаанаас гадна нийгмийн дархлаа, соёлын, хэлний дархлаа ч гэж байдаг. Л.Нямаа найрагч хагас зуун жил илүүтэй хугацаанд боловсролын салбарт ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч хүний хувиар дархлааг хүний эрүүл мэнд төдийгүй боловсрол, хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун гээд олон талаас нь судалж, сонирхолтой баримтууд цуглуулжээ.
Тэрбээр ярилцлагынхаа эхэнд хорт хавдрыг эсэргүүцэгч NKT эсийг нээж, шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн Д.Нямбаяр “Дархлаа бол биеийг эрүүл байлгах нөхцөлийг бүрдүүлж, гадаад дотоодын дайснаас хамгаалдаг цагдаа, цэргийн үүрэг гүйцэтгэдэг үлэмж нарийн нууцлаг тогтолцоо юм” хэмээн хэлснийг онцолж эшлэхийг хүссэн юм.
XXI зууныг бактери эсвэл вирус бус харин нейроз тодорхойлно
-Бид сүүлийн хэдэн жил дархлааны тухай их ярих болов. Дархлааг юу гэж ойлговол зохих вэ?
-Монголын үндэсний нэвтэрхий толь бичигт “Амьд бие махбод эвдэн бусниулах хүчний үйлдлийг эсэргүүцэж өөрийн бүрэн бүтэн байдал, биологийн хувь чанарыг хадгалах чадвар” гэж тодорхойлсон бол Монгол хэлний дэлгэрэнгүй толь бичигт “Бие махбодын өвчнийг сөрөх, эсэргүүцэх чадвар” гэжээ. Хятад, япон, солонгос, англи хэлний толь бичгүүдэд “Өвчнөөс хамгаалах хүний биеийн халдашгүй байдлыг хамгаалах, эсэргүүцэх чадвар” гэж тайлбарласан нь олонтаа байна.
Биологич Б.Баабар “Дархлаа нь хүний организм биед гаднаас халдварлан орж ирсэн гаднын биетийг, түүний дотор өвчин үүсгэгч бактер, вирусийг танин тэмцэж, өөрийгөө хамгаалах чадвар. Дархлаа нь хэд хэдэн төрлийн бүлэг уургийн хамтын ажиллагаагаар бий болдог. Дархлаажуулалтад чөмөг, дэлүү, сэрээ булчирхай зэрэг эрхтэн оролцдог. Дархлааны уургуудыг үүсгэдэг Т цагаан цогцос, В улаан цогцос, хуваагдагч эс нейтрофил, зизонофил, базофил зэрэг өөр өөр эс оролцох ба зарим нь хамтарч, зарим нь дангаараа тухайн гаднын биетийг устгадаг” гэжээ.
Доктор Халиун “Хүн бүхний дархлаа янз бүр. Тухайн бие организмд гаднаас халдвар нэвтрэхэд өвөрмөц дархлаа буюу эсрэг биет үүсдэг. Харин халдвар аваагүй байхад дархлаагаа сайжруулахаар нөгөө эсүүд юу хийх вэ. Өвчний үед үүссэн өвөрмөц дархлаа нь хүний генид кодлогддог. Өөрөөр хэлбэл “нүдгүй” хүний харааг сайжруулж болдоггүйтэй адил өвөрмөц ген үүсээгүй байхад дархлааг сайжруулах нь аюултай. Ингэснээр дархлааны эс өөрийнхөө эсрэг ажиллаж эхэлдэг. Өөрийн эсийн эсрэг өвөрмөц дархлаа үүсвэл тухайн хүний амьдрах насыг богиносгодог” гэсэн байдаг. Дархлаагаар хамаагүй тоглож болохгүй. Дархлаа хэмээх өвөрмөц, нууцлаг системийг зөв ойлгохын тулд хүмүүн хэмээх ертөнцийг шинжлэх ухааны болон систем судлал, эзотерик метафизик ухааны ойлголтуудтай холбон иж бүрэн ойлговол зохино. Өрнө, дорнын болон Монголын үе үеийн мэргэд хүмүүн нь биеийн, оюуны, сэтгэлийн, мэдрэмжийн, ёс суртахууны зэрэг олон ертөнцийг эзэгнэн бүтээгч мөн хэмээн үздэг. Дархлаа нь биеийн, оюуны, сэтгэлийн, мэдээлэл, ёс суртахууны ариун ертөнцөд нэвтэрч болзошгүй аюул түйтгэрээс хүнийг хамгаалах хүч гэж ойлгож болно.
Солонгос, Германы эрдэмтэн Хан Бён Чоль “Тамирдсан нийгэм” бүтээлдээ “Эмгэг судлалын байр сууринаас харвал XXI зууныг бактери эсвэл вирус бус харин нейроз тодорхойлно. Сэтгэл гутрал, анхаарал дутмагшил, сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдлын эмгэг, ажлаас халшрах эмгэг зэрэг нейрологийн өвчлөлүүд ихэснэ. Эдгээр өвчлөл халдваргүй ч үхэлд хүргэх чадвартай бөгөөд дархлаа судлалын үүднээс сөрөгцөл гэж үздэг харь зүйлээс бус харин илүүдсэн эерэгцлээс үүдэлтэй” гээд XXI зууны нейроны өвчлөл нь үгүйсгэлийн бус харин эерэгийн диалектикт захирагддаг. Хор хохирол зөвхөн сөрөгцлөөс бус мөнхүү эерэгцлээс ч үүсдэг гэсэн байдаг. Орчин үеийн нийгмийн мөн чанарыг танин мэдье гэвэл дээрх номыг судлаарай. Өнгөрсөн жил Нобелийн шагнал хүртсэн Филиппин сэтгүүлч Мария Ресса Нобелийн лекцэндээ “Хүн төрөлхтний бие, оюун, сэтгэл рүү урсан орж байгаа хорт лагийг яаж цэвэрлэх вэ. Ямар ч хяналтгүй мэдээлэл хүмүүний ертөнцийг устгаж байна” гэж онцолсон шүү дээ.
-Хүний аливаа аюулаас өөрийгөө хамгаалах эсэргүүцлийн хүч яагаад үйлчлэхээ больдог юм бол. “Материалын эсэргүүцэл” гэж шинжлэх ухаан хүнд хамаагүй юм уу гэдэг асуулт гарч байна?
-Оросын их зохиолч М.Горький тухайн үед нэрт сурган хүмүүжүүлэгч А.С.Макаренкод хандаж нэгэн асуулт тавьжээ. Хүний аливааг эсэргүүцэх төрөлх чанар яагаад алга болоод байна. Энэ зүй тогтлыг судалж үзээч гэжээ. А.С.Макаренко колонийн хүүхдүүдийн дунд судалгаа явуулж, дараах дүгнэлтэд хүрсэн. Тэр нь нийгэм хийгээд хүмүүжлээс ирж буй янз бүрийн үйлдлийг эсэргүүцэх чанар нуугдмал байдаг юм байна. Хүний хүмүүжил гэдэг нь хүний аливаа үйлдэлд хийх эсэргүүцлийг гүнзгий мэдэрч, түүнийг даврааж хүч оруулахгүйгээр аль таарсан зохицуулалтыг хийж, хүнийг өөд татах явдал юм гээд өөрийнхөө алдарт “Сурган хүмүүжүүлэх яруу найраг” ном болон тэмдэглэлүүддээ гайхмаар сонин баримтыг дурдсан байдаг. Жишээлбэл, хүнийг хүмүүжүүлнэ гэдэг бол эсэргүүцлийг даван туулах чадвар юм. Хүн болгон эсэргүүцэлтэй байдаг. Тэр эсэргүүцлийг хөөргөвөл тэр хүн буруу тийш явна. Зөв жолоодож чадвал зөв хүн болно гэсэн санаа дэвшүүлсэн. Тэр номд их олон гоё зүйл бий.
Колонийн сургуулийн алдартай хулгайчид багш, ажилчдын цалинг аваад ир гээд банкны чек өгч явуулжээ. Нөгөө мөнгийг нь аваад мань эр “Энэ мөнгийг аваад зугтаавал Орос орон уудам даа” гэж бодоод нэг хөлөө тавиад нөгөө хөлөө буцааж татсан байна. Тэгээд тэр эр мөнгийг гүйцэд аваачиж өгөөд, дахиж хулгай хийгээгүй. Ингэж хулгайчийн оюун сэтгэлд ухаарлын “тэсрэлт” өгч, насан турш зөв амьдралтай нь залгуулсан байдаг. Хүнтэй ингэж ажиллах ёстой. Халхын То ван “Хулгайчтай нөхөрлөж хүмүүжүүлнэ” гэж сургасан байдаг нь үүнийг л хэлсэн хэрэг. Социализмын үед МАХН-ын гишүүн бүх шатны удирдагч, нэгдлийн дарга, аймгийн намын хорооны дарга нарыг хүнийг хүмүүжүүлдэг Монголын макаренкочууд гэдэг байсан олон баримтыг мэдэх юм. Говь-Алтай аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нь нэгэн сумын тэмээний хулгайчид итгэл үзүүлэн нэгдлийн тэмээн сүргийг хариуцуулж, аймгийн аварга тэмээчин болгосон домог түүхээ Хэнтий аймгийн бүх шатны удирдлагуудад ярьж байсан нь тэмдэглэлийн дэвтрийн шарласан хуудсанд үлджээ.
Социализмын үед Орос, Монголын багш, сурган хүмүүжүүлэгчдийн ширээний ном байсан В.А.Сухомлинский, зохиолч Г.Медынский нарын номд ухаалаг, зөв үйлдэл, хандлагаар олон хүнийг өөд татсан баримтууд байдаг. Монголчууд бид монгол хүний тухай харгис гэмээр философио өөрчлөх цаг болжээ. Хүнийг муулж, шүүмжилж, хүний эсэргүүцэлд түймэр тавих нь ихэсчээ. Эсэргүүцлийн түймэр нь газар авсаар амьдарч байгаа нийгмээ шатаах аюултай.
Сэтгэл мандал бол бохирдож гэмтдэг, ариусан илааршдаг өвөрмөц орон зай
-Дархлааг арай өөрөөр эсэргүүцэл гэж нэрлэж байх шиг байна. Өөрийгөө хамгаалах төрөлх чанар, бурууг эсэргүүцэх унаган чадвар алга болдоггүйн учир юу вэ?
-Америкийн нэрт сэтгэл судлаач, сэтгэцийн эмч Б.Спок олон жил судалж, туршсан хүний чөлөөт хөгжлийн онолоороо хүн биеийн, оюун санааны, сэтгэл зүйн эсэргүүцэлтэй төрж, төлөвшдөг гэж үзсэн. Энэ чадварыг хориглож устгадгийг судалгаа, туршилтаар баталсан. Асаалттай байгаа плитка руу хүүхдийг тавихад дархлаа нь устаагүй хүүхэд халууныг мэдэрчихээд яваад өгнө. Дархлааг нь хориглож устгасан хүүхэд шууд плиткан дээр гараа тавина. Хүний агуу их дархлааг аав, ээж нар ингэж хориглож устгадаг юм байна гэдгийг тогтоосон. Тиймээс хүүхдийг хориглохгүйгээр хүмүүжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Америкт хүүхэд хүмүүжлийн систем гэж байхгүй. Өөрийгөө хамгаалах инстинкт нь өндөр учраас хүмүүжлийн тухай ярих боломж байхгүй.
-Тэгэхээр америкууд дархлаа сайтай гэсэн үг үү?
-Бие даах чадвар өндөр. Б.Спокийн онолыг хүүхдүүдэд туршиж баталсан А.Г.Никитиний туурвисан “Бид ба манай хүүхдүүд” номд өгүүлснээр тэднийх хүүхдүүддээ нэг ч зүйл хориглодоггүй байжээ. Нэг өдөр хосуудад ажил гараад эмээ дээр нь том хүүгээ орхиод явжээ. Эмээ нь хүүг өндөр сандал руу авирахад нь уначих вий гэж бодоод буулгасан аж. Гэтэл тэр үед л миний хүүхдийн дархлаанд сэв суусан гэж бичсэн байгаа юм. Дархлаа гэдэг тийм эмзэг эд.
Монголчууд хүүхдээ тав хүртэлх насанд нь хаан хүн шиг байлга гэдэг нь төрөлх чанарыг нь хамгаалж хүмүүжүүл гэсэн агуу сургаал юм. Өөрийгөө хамгаалах, бурууг эсэргүүцэх чадвар багаасаа төлөвшсөн хүн аль ч насандаа, ямар ч үед өөрийгөө аюулд өртөлгүй авч гардаг. Хориглож хүмүүжүүлсэн хүүхэд хүн хараагүй байхад буруу юм хийдэг. Одооны зарим хүүхэд байшин барилга дээр хүн хараагүй байхад балай зүйл зурж, бичээд байна шүү дээ. Энэ бол хүүхдийг хориглож хүмүүжүүлсний гай. Хүнд мэдэгдэлгүй гэмт явдал хийдэг, өөрийгөө хамгаалах, нэр төрөө эрхэмлэх төрөлх инстинкт байхгүй болсон гэсэн үг. Оюун ухаан, сэтгэлийн дархлаагүй хүн бол сохор хүн шиг юм. Нэг жишээ хэлье.
Манай нутгийн нэгэн хөвгүүн долдугаар анги төгсөөд өөр аймагт техникумд суралцахаар явсан юм. Тэнд очоод орон нутгийн залуучуудын доромжлол басамжлалыг тэвчилгүй тэдэнтэй зодолдож, хүний амь хохироогоод цаазын ял сонссон. Насанд хүрээгүй байсан тул төрийн өршөөлд багтаж, 17 жил гяндангийн яс цоожноос жирийн дэглэмтэй шорон дамжин “хүмүүжээд”, хүүхэд зангаа эвдэж, сүйтгэлгүй “ариун чанар”-аа хамгаалсаар наранд гарч ирсэн. Тэр залуугийн аав, ээжтэй ярилцахад, “Бид өргөмөл ганц хүү учраас эрхлүүлж, учирлаж, өөрийнх нь зоргоор хүмүүжүүлсэн” гэж билээ. Хөдөө орон нутгийн сургууль удирдаж явахад сонин явдал их тохиолдоно.
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Бугын Дэжидэд сургуулийнхаа түүхийг танилцуулж байхад надаас танай сургуулийн төгсөгч хүний амь хохироосон хүн бий юү гэж асууж, “шоконд” оруулж билээ. Би тэр цагаас хойш бүх шатны сургууль нийгэмд ямар их хариуцлага хүлээдэг юм бэ? Боловсролын бүх шатны байгууллага нь хүнийг хүмүүн болгон төлөвшүүлэх үүргийг бурхнаас, тэнгэрээс, үндэсний оршихуйгаас хүлээн авсан байгууллага гэж ойлгож, ухаарч ажиллах ёстой юм байна. Бүх шатны сургуулийн удирдлага “Миний удирдсан сургуулиас хэн төрж, юу бүтээж, юуг бусниулж явна” гэдгийг цаг мөч тутамд тооцох ёстой юм байна гэж ойлгосон.
-Хүний хувь ертөнцийг хамгаалж, авч явдаг олон төрлийн дархлааны суурь дархлаа нь ямар дархлаа вэ?
-Эртний мэргэд хийгээд шинжлэх ухааны сүүлийн үеийн судалгаагаар сэтгэл, оюуны дархлаа анхдагч ба анхдагч бус тогтолцоо буюу хоёулаа нийлмэл, цогц бөгөөд таашаах буюу эсэргүүцэх хүч юм. Хүн төрөлхтний оюун ухаан, сэтгэлийн тухай XX зууны турш судалж, олон зуун онол, сургаал гаргасан. Дархлааг таньж мэдсэн зүйл олон буй. Танин мэдээгүй нь ч байгаа. Олон зүй тогтолтой оюун ухааны тухай шинэ онол гарсны дараа Харвардын их сургуулийн профессор Ховард Гарднер олон төрлийн оюун ухаан байдаг. Тухайлбал, логик, хөгжмийн, хэл ярианы, дотоод ертөнцийн, хүмүүс хоорондын харилцааны, дүрслэлийн, сэтгэлийн хөдөлгөөний гэж долоо хуваагаад, долоон тусдаа оюун ухаанаас бүрдэнэ гэж үзжээ.
Зүй тогтлын нээлт нь хүн судлаачдын анхаарлыг татаж байдаг. Энэ онолын тухай дэлгэрэнгүй тайлбар хийж Монголын багш нарт хүргэсэн ачтан ШУТИС-ийн захирал асан, нэрт эрдэмтэн Д.Бадарч тайлбарлахдаа, хэмжилт хийх, харьцуулах, математикийн нарийн бодлого бодох чадварыг логик оюун гэнэ. Хэл ярианы оюун гэдэг нь аливаа нарийн төвөгтэй зүйлийн утга санааг төгөлдөр илэрхийлэх, үгээр сэтгэх чадварыг хэлнэ. Бодол санаагаа хөгжим, аялгуу, хэмнэлээр илэрхийлэх чадварыг хөгжмийн оюун гэнэ. Бодлоо хөдөлгөөнөөр удирдахад тархины хөдөлгүүрийг хэрэглэх чадварыг хөдөлгөөний оюун гэнэ. Дүрс зургаар үзэл бодлоо илэрхийлэх чадварыг дүрслэлийн оюун гэнэ. Энэчлэн өөрийгөө жолоодох үйл ажиллагааг төлөвлөхдөө өөрийн зан чанар, авьяас чадвар, зөн билгийг ашиглах чадварыг хүний дотоод ертөнцийн оюун гэнэ. Хүмүүстэй харилцаж, тодорхой таньж, ойлгон, тэдэнтэй хамтарч ажиллан, үерхэж нөхөрлөхийг хүмүүсийн хоорондын харилцааны оюун гэнэ гэх мэтээр тайлбарласан. Хэдэн жилийн өмнө сэтгэлийн хөдөлгөөний оюун байдгийг доктор Даниел Гөүлман нээв. Бид энэ бүхнийг судлан монгол хүний оюуны өвөрмөц онцлогийг тогтоон, хүний оюун ухаанаас ирэх “эсэргүүцэл”-ийг даван туулж, өөрийгөө хамгаалах дархлааг тогтоохыг нийгмээрээ анхаарах цаг боллоо.
-Оюун ухааны дархлаатай зэрэгцүүлээд сэтгэлийн дархлааг ярих хэрэгтэй байх?
-Сэтгэл хэмээх агуу ертөнцийн тухай ярих нь зүйтэй. Хэдэн жилийн өмнө Дээрхийн гэгээнтэн Далай багш АНУ-ын Калифорнийн их сургуулийн сэтгэл судлаачидтай уулзахдаа “Дорно дахины ард түмэн сэтгэлийг 2500 жил судалсан судалгаа, арвин их мэдлэг хуримтлуулсан” гэж бахархан ярьсан юм. Бурхан багшийн сургаал бол сэтгэлийн тухай, сэтгэлийг засах тухай, сэтгэлийг номхруулах тухай аугаа сургаал юм. XX зууны сэтгэл судлаачид психосфер буюу сэтгэл хөдлөл хэмээх өвөрмөц танин мэдэхүйн ай савыг нээн, сэтгэл мандал нь бохирдож гэмтдэг, ариусан илааршдаг өвөрмөц орон зай юм хэмээн тодорхойлсон байдаг. Өнөөдрийн бид ноосфер буюу оюун мандал, психосфер буюу сэтгэл мандлаа хайрлан хамгаалах цаг болжээ. Оюун ухааны, сэтгэлийн дархлаа төлөвшвөл биеийн, мэдээллийн, ёс суртахууны дархлааг хамгаалах хүчийг бидэнд хайрлаж, гаднын аюултай довтолгооноос биднийг хамгаалах болно. Бидний дээр өгүүлсэн дархлаанууд ингэж чамайг, намайг, биднийг, хүн төрөлхтнийг аврах гэгээрлийн хүч нь ухамсрын төлөвшил гэдгийг хэлье.
Философич Ж.Отгонбаяр хүн төрөлхтний нийгэмд дархлааны тухай ойлголт өргөжиж, тухайлбал нийгмийн дархлаа, төрийн дархлаа, соёлын дархлаа, хэлний дархлаа гэх зэргээр өргөсдөг гэжээ.
Дархлаа бүхний цаана эвлэх, эсэргүүцэх түрэмгийлэх хүч үйлчилж байгаа. Бас хүчинд автаж унах, сулрах, доройтох, мөхөх аюул ч бодитой байна. Бас мэдэх, ухаарах, зохицуулж даван туулах арга зам ч бүрэн байдаг. Бид бүхнийг танин мэдэх л чухлаас чухал болов. Сэрэх цаг болов гэж л хэлмээр байна.
Г.Сонинбаяр
Эх сурвалж: Монголын үнэн сонин №003/24534/