Алс баруун хязгаар, торгууд нутгаас төрсөн анхны хүний их эмч, Монголын эх барих эмэгтэйчүүдийн анхны эмч нарын нэг Амарбаярын Пагма гэх нэгэн буурлын тухай бичих завшаан тохиосонд олзуурхав. Учир нь тэртээх социалист нийгмийн өндөр хариуцлагатай он жилүүдэд Монголын ууган Нэгдүгээр төрөх эмнэлэг буюу одоогийн Өргөө амаржих газарт ажиллаж байсан түүнийг Монголын нэгэн үеийнхэн андахгүй мэдэх юм.
УЛААН ТАРИАНЫ ҮЕ
Өнгөрсөн зууны үеэс эхтэй арьс өнгөний өвчин 1940, 1950-аад онд хот хөдөөгүй дахин тархаж түүнтэй улс даяараа тэмцэхээр ЭХЯ-ны шийдвэр гарч 1957-1958 онд олон арван эмч нарт хөдөөгийн хүн амыг эрүүлжүүлэх нэг жилийн томилолт өгч ажиллуулсан гэдэг. Нэг монгол эмч, нэг орос эмч, бага эмч, нэг санитарын бүрэлдэхүүнтэй эмч нарын баг /отряд/ орон даяар эрчимтэй ажиллаж хүүхэд хөгшидгүй бүх хүнийг шинжилгээнд хамруулан ил далд байсан өвчнийг илрүүлэн оношилж эмчилж чадсаны дүнд “арьс өнгөний” гэх тодотголтой “тэмбүү” өвчнийг устгаж хүн амаа эрүүлжүүлж эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрөх нөхцөлийг бүрдүүлж чадсан байна. Түүхэнд тэр үеийг “Улаан тарианы үе” хэмээн нэрлэх болсон. Тэдгээр эмчийн нэг, торгууд нутгаас гаралтай А.Пагма 1955 онд МУИС-ийн Хүн эмнэлгийн факультетад зургаан жил сурч хүний их эмч мэргэжлээр төгсөөд нийслэлд Толгойтын бараа баазуудын эмнэлгийн эрхлэгчээр хөдөлмөрийн гараагаа эхлээд байжээ.
Түүнд ЭХЯ-наас Ховд аймгийн хүн амыг эрүүлжүүлэх 23 дугаар отрядыг удирдах томилолт өгсний дагуу аймгийнхаа бүх сум, баг хороогоор явж иргэдийг үзлэгт хамруулан серологийн шинжилгээ авч бэлгийн замын ил далд хэлбэрийн өвчнүүдийг илрүүлж эмчилгээнд уйгагүй хамруулсны дүнд хоёр жилийн дотор аймгийн хүн амаа эрүүлжүүлж чадсан нь түүнд цаашид орон нутагт ажиллах урам зориг өгчээ. Тэмбүү өвчний тархалт арилж отряд татан буугдаж эмч нар нийслэл рүү буцахад харин А.Пагма томилолтоо сунгаж төрсөн нутаг Ховд аймгийн Арьс өнгөний диспансерийн эрхлэгч, Булган сумынхаа Сум дундын эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, ерөнхий эмчээр 1965 он хүртэл ажилласан байна. 1961 онд нийслэлд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил дээшлүүлэх курст сурсан ба чухам энэ үеэс л түүнд сайн эмч болж их зүйл мэдэж сурах их хүсэл, тэмүүлэл эзэмдэх болсон гэдэг.
22 МЯНГАН НЯРАЙГ ӨЛГИЙДӨЖ АВЧЭЭ
Эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр улам ихийг мэдэх, сурах их тэмүүлэлдээ хөтлөгдөн улмаар 1965 онд нийслэлийг зорьж Хүн эмнэлгийн техникумд нэг жил багшилж байгаад Нэгдүгээр амаржих газар буюу одоогийн Өргөө амаржих газарт их эмчээр ажиллах болжээ. Энд түүний амьдралын 26 жил өнгөрсөн бөгөөд 22 мянган эхийн хүндрэлтэй төрөлтийг удирдаж 22 мянган нярайг өлгийдөж авчээ. Мөн таван мянга гаруй эмэгтэйд хагалгаа хийж 5000 амийг аварсан ачтан. 26 жилийн турш олон арван залуу эмч нарт өөрийн мэдлэг туршлагаа хуваалцаж Зөвлөх эмч, тасгийн эрхлэгч, мэс заслын эмчээр ажиллахдаа Ховд, Баян-Өлгий, Увс, Говь-Алтай, Завхан, Баянхонгор аймгуудад дуудлагаар олонтаа явж эх үрсийн амь насыг аварчээ.
Монгол Улсын Ардын эмч Бүлтэн, Үйлст нар түүний шавь нар байсан гээд бодоход эдүгээ 93 насыг зооглож буй буурал эмч ямар их даруухан хүн бэ гэж биширмээр. Ёстой л нөгөө эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэг дээ. Мөн эмэгтэйчүүдийн мэс заслын практикт Монгол Улсын хүний гавьяат эмч Ичинхорлоотой хамтарч үтрээгээр умайг авах мэс заслыг нэвтрүүлсэн юм. Тэрбээр 1981-1982 онд Москвад эх барих эмэгтэйчүүд, нялхсын чиглэлээр суралцаж мэргэжил дээшлүүлсэн нь тухайн үедээ их туршлага, ололт амжилтыг дагуулж байсан гэдэг. “А.Пагма эмчийн эмчилгээний арга, туршлагыг өдгөө ч бид үгүйлдэг юм” хэмээн Өргөө амаржих газрын эмч нар ярьж байсныг дурдах нь зүйтэй бол уу. Хэдийгээр өнөөдөр цаг үе өөр, төрөлт цөөрсөн хэдий ч эндэгдэл буурахгүй байгаа нь нэг талаар залуу эмч нарт ахмад эмч нарын арвин баялаг туршлага дутагдсаных ч гэж болохоор, нөгөөтэйгүүр эмнэлгийн орчин нөхцөлийг ч сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж буй.
Тиймээс А.Пагма эмчийн хүүхдүүд болон дүү нар нь түүний төрсөн нутаг Ховд аймгийн Булган сумын 90 жилийн ойн босгон дээр сумын Өрхийн эрүүл мэндийн төвийг орчин үеийн стандартаар барьж өгч бэлэглэсэнд Булган сумынхан талархаж тус Эрүүл мэндийн төвийг Ховд аймгийн Булган сумын хүндэт иргэн А.Пагмын нэрэмжит болгосон байна.
ТАНГАРГААСАА НЯЦААГҮЙ ЭМЧ
А.Пагма эмчийн ажил амьдралын зам дандаа дардан байгаагүй. Угаасаа хүний хорвоод тийм боломж ч үгүй байх. Залуу байхад нь үйлчлүүлэгч, өвчтөнүүдийн ар гэрийнхэн загнах, бүр дээд газарт нь матах, зүхэх зэрэг элдвийн л бэрхшээлтэй учирч байж. Заримдаа шантрах үе таарч байснаа ч нуугаагүй.
Мөн хоёр хүүгээ алдчихаад дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байсан цагт эмчийн тангаргаасаа няцах, өөрийгөө зэмлэх үе байсан ч хорвоог таних хоёргүй сэтгэлээр бие сэтгэлээ дийлж тангаргаасаа шантралгүй ажилласаар иржээ. Он цаг хүнийг эдгээдэг гэдэг дээ...
ТЭТГЭВЭРТЭЭ ГАРСАН Ч АЖИЛЛАСААР...
Өнгөрсөн зууны тэртээх 1930 оны хавар Ховд аймгийн Булган сумын малчин Амарбаярынд нэгэн нуган үр төрсөн нь хожмоо түмэнд дурсагдах алтан гарт эмч болно гэдгийг малчин Амарбаяр яахин мэдэх билээ. Ардын хүүхдүүдийн жишгээр есөн настайдаа сумын бага сургуульд орсон, нэг л мэдэхэд 1949 онд Ховдын 10 жилийн сургуулийг онц дүнтэй төгсөж нийслэлийг зорих болсон, МУИС-ийн хүн эмнэлгийн салбарт таван жил сурч төгсөөд баруун хязгаарыг зорьж улаан тарианы үетэй тулгарсан, ханьтайгаа гал голомтоо бадраасан, Булган сумынхаа сум дундын эмнэлэгт ерөнхий эмчээр ажилласан, улмаар Нэгдүгээр төрөхөд өнгөрүүлсэн 26 жил, бүгд түүний амьдралын их сургууль болсон.
Учир нь хүн насан туршдаа суралцдаг гэх ойлголт бол түүний философи. А.Пагма эмч 1990 онд тэтгэвэртээ гарсан ч гэртээ зүгээр суухыг эрхэмлээгүй. Дүү нь ахдаа таарах оффисын хөнгөн ажил санал болгосон ч хүлээж аваагүй байна. Эмч хүний хувьд хөдөлгөөнийг юунаас ч илүү эрхэмлэдэг тул “Номин холдинг” ХХК-д түгээлтийн машины пүүлэгч гэх ажлыг хийсээр иржээ. Би хөдөлгөөний хүчинд л өдий зэрэгтэй явж байна хэмээн ярьдаг аж.
ГЭРГИЙ С.ДУЛАМСҮРЭН НЬ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭЙ
Өдгөө А.Пагма эмчийнх өнөр өтгөн гэр бүлтэй болжээ. Төрүүлж өсгөсөн дөрвөн охид нь дотоод гадаадад сурч өндөр мэргэжил эзэмшсэн байна. Улмаар охид нь эмээ нар болж хоёр буурай үр ачаа тойруулан суух болжээ. Нэг охин нь аав ээжийнхээ мэргэжлийг өвлөн эмч болсон аж. Хань Дуламсүрэн нь 90 нас дөхөж яваа ч ануухан. Тэрбээр ханьтайгаа хамт орон нутгаас нийслэлд ирээд Улсын клиникийн төв эмнэлэгт лаборантаар гавьяаныхаа амралтад гарах хүртлээ тасралтгүй ажиллажээ. Тэд 1955 онд тоонот гэртээ галаа бадрааснаас хойш 67 дахь өвөлтэйгөө золгож буй. Энэ хугацаан дахь амьдралын эрээн бараан, ололт амжилтыг хамтдаа гар гараа атгалцан туулж бие биенээ хайраар дутаагаагүйн төлөөх шагналыг хоёр буурал хүртэж сууна.
ЗҮЙР ЦЭЦЭН ҮГСИЙН ХУРААНГУЙ ХЭВЛҮҮЛЖЭЭ
А.Пагма эмч хуучин монгол бичгийн гайхамшигтай чадвараа ашиглан 2016 онд “Монгол ардын зүйр цэцэн үг”-ийн хураангуй номыг хуучин монгол болон кирилээр хадаж хэвлүүлсэн юм. Энэ нь хүүхэд залууст их хүртээмжтэй уншигдахын зэрэгцээ ТВ7 хоног сониноор сурталчлагдаж буй аж.
Монгол Улсын хүний гавьяат эмч Ш.Цэрэнсамбуу: А.ПАГМА ЭМЧ БОЛ ГАЙХАМШИГТАЙ МЭС ЗАСАЛЧ ХҮН
-Манай Өргөө амаржих газрын нэгэн үе цаг дор ажил үйлсээрээ манлайлж явсан А.Пагма эмч эх барих эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгчээр 10 жил ажилласан гайхамшигтай мэс засалч хүн. Оросоор ямар ч алдаагүй маш цэвэрхэн бичдэг байв. Манай нэгэн үеийн шилдэг эмч нар болох Ардын болон гавьяат эмч Б.Үйлст, Б.Бүлтэн, Энхтуяа нарын багш. Одоо түүний шавь нараас ардын эмч хоёр, гавьяат эмч найм төрөөд байна.
Эгэл даруу, өнөд түүхтэй, өндөр настан, Ардын хувьсгалаас хэдхэн дүү А.Пагма эмчийнхээ хоёр ач, хоёр зээ, бас жичийг бид эх барьж төрүүлсэн. Таныхаа ач зээ, жичийг эх барьж төрүүлэх нь миний хувьд нэр төрийн хэрэг юм.
А.Пагма эмчтэй хамт ажиллаж яваагүй ч эмнэлгийнхээ 70, 80, 90 жилийн түүхэн ой, ахмадын баяр, уулзалтын үеэр байнга уулзаж түүхэн ном дурсамжид яриа тэмдэглэлийг нь авч явсаар хөгшин залуу хоёр найз болсон юм.
Энгийн сайхан эгэл даруухан та минь зуу насалж зургаадай таяг тулаарай! Таны үр хүүхэд, ач зээ, жич, гуч мянга түм болж үржих болтугай.
Ж.Намжил
Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/