Түрэмгий НҮРГЭЭН


Шувууны жиргээн, нам гүм ахуй, Туулын бургасанд орж ирсэн бугын сүрэг. Энэ бол хүн байгалийг хөөн зайлуулаагүй, сүүлийн үеийн улаанбаатарчуудын огт мэдэхгүй амьдрал. Бидний балчир үеийн нийслэлийг өнөөгийн дэлхийн түвшний “мега” хот болсон Улаанбаатартай харьцуулахын аргагүй. Юм юмаараа.

 

Хуучирсан хувцас мэт урагдаж...

 Бидний олонх нь өдөр бүр сонсдог дуу чимээндээ дассан байдаг. Рок хөгжим, энтертайнмент нэвтрүүлгүүд, хэн нэгэн дотнын хүнтэйгээ хэдэн цагаар утсаар тасралтгүй чалчицгаахыгаа юманд боддоггүй. Замын хөдөлгөөн, галт тэрэгний чимээ, шөнө дунд хуцах гэрийн тэжээвэр ноход. Эдгээр дуу чимээ хотын соёлын нэг хэсэг болсон бөгөөд бидэнд саад учруулах нь ховор гэж боддог. Гэсэн хэдий ч хөгжим, телевизор таны нойрыг хугасалж, замын хөдөлгөөний дуу чимээ толгойг тань өвтгөж эхлэхэд л энэ нь юунаас болоод байгааг ойлгох гэж хичээж эхлэх болно. Бидний олонхын хувьд бохирдол гэхээр зөвхөн агаарын бохирдол, байгаль, түүний нөөц баялгийг ашигласантай холбоотой гарах үр дагавруудын тухай л боддог. Гэтэл амьдралын хэмнэлийг тасалдуулах  дуу чимээ нь хамгийн том бохирдуулагчдын нэг болдгийг анзаардаггүй байна. Шинжлэх ухаан дуу чимээний бохирдлыг юу гэж тодорхойлж байгаа юм бэ.

“Дуу чимээний бохирдол гэдэг нь хүний хүсээгүй эсвэл тааламжгүй дуу чимээг хэлнэ. Хүсээгүй дуу чимээ их байх тусам хүрээлэн буй орчны тэнцвэрт байдал алдагдаж, дуу чимээний бохирдолтой болсон” гэж үздэг. Хэдийгээр технологи хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх болсон ч тэр хэрээр дуу чимээний бохирдол хурдацтай нэмэгдэж байгааг үгүйсгэх аргагүй. “Хүний чихэнд сонсогдох ердийн дуу чимээ нь нэг дицибель. Хамгийн багадаа 30дБ-аас ихдээ 140дБ хүртэлх хэлбэлзэл нь хүмүүст “Маш аюултай” гэж “Conserve Energy Future” сайтад дурджээ. Дуу чимээний бохирдол нь ерөнхийдөө хоёр төрөл байдаг. Тухайлбал, хүрээлэн буй орчны чимээ шуугианы бохирдол, хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй дуу чимээ.

Хүрээлэн буй орчны дуу чимээ: Үүнд аянга цахилгаан, амьтдын дуу чимээ болон бусад зүйл багтаж болно.

Хүний үйл ажиллагаанаас үүсгэгдсэн дуу чимээ: Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дуу чимээ, барилгын ажил, ахуйн дуу чимээ, мөн л бусад дуу чимээг багтааж болно.

 

Уухирдаж буй УЛААНБААТАР 

Тэгвэл бидний хувьд байдал ямар байгаа вэ. ДЭМБ-аас гадаад орчин дахь дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээг 60дБ гэж тогтоосон ч нийслэл хотод 75.19 дБ буюу аль хэдийнэ аюултай түвшинд хүрчээ. Монгол Улсын их сургуулийн эрдэмтдийн хийсэн сүүлийн судалгаанаас харвал, хамгийн их чимээтэй хэсгээр Сүхбаатар, Баянгол дүүрэг өрсөлдөгчгүйгээр тодорчээ.  Хамгийн оргил үедээ буюу оройн цагаар дуу чимээний хэмжээ 78.1 дБ-д хүрдэг. Энэ нь өрөөндөө хөгжим сонсохтой ижил гэсэн үг. Гадуур алхаж явахдаа л өрөөндөө хард рок хөгжим сонсож суугаа мэт мэдрэмж авах нь байна. Өглөө 75.1, өдөр 75.6, ажлын өдөр 76.45, амралтын өдөр 73.9 дБ байгаа нь бүгд л стандартаас давсан тоо юм. Хэрэв орчны чимээ 40 дБ-ээс хэтэрвэл нойргүйдэлд орж, 55 дБ- ээс их үед анхаарал сарниж, бухимддаг. Харин 60 дБ-ээс дээш бол цусны даралт ихэсдэг аж. Бид орчин үеийн мега хотуудын тулгамдсан асуудал болсон чимээний бохирдолд аль хэдийнэ нэрвэгдсэн гэсэн үг.

Улаанбаатарын дуу чимээний бохирдлын 30 гаруй хувийг авто зам эзэлдэг бөгөөд 76.3 дБ чимээ ялгаруулдаг аж. Тансаг интерьер, хүүхдийн тоглоомын талбай, өндөр цементэн ханаар хүрээлэгдсэн хотхонууд маань галт тэрэгний зам, онгоцны буудлын ойролцоо бол хамгийн эрсдэлтэй бүсэд тооцогдоно. Нийслэл хотын хэмжээнд галт тэрэг болон авто зам дунд түгжигдсэн ийм хотхон нэлээд хэд бий. Төмөр замаас 100 метрийн зайтай баригдсан хорооллын иргэд дуу чимээний бохирдол дунд амьдарч байна. Судалгаанаас харахад тус хорооллуудын чимээний хэмжээ дунджаар 71.7дБ буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 23.3 дБ-ээр давжээ. “Оршин суугчдын эрүүл мэндэд хортой” гэсэн ангилалд багтана.

Хот төлөвлөлтийн бодлогод дуу чимээг задлах ногоон бүсийг шийдэж, хоттой зэрэгцэн орших үйлдвэрүүд орон сууцны хороололд дуу чимээний бохирдол үүсгэж болзошгүй юү, үгүй юү гэдгийг тооцоолж харах ёстой байдаг. Тиймээс дуу чимээний бохирдлыг арилгахын тулд асуудал үүссэн эхлэл рүү эргэж харах нь зайлшгүй аж. Ингэж харвал аль 1950, 1960-аад оны үеэс л нийслэл хот байгаль эхийг босгон дээрээсээ хөөн зайлуулж ямар ч төлөвлөлтгүйгээр бетонон ширэнгэ өрж ирсний уршгаар бидний хүсээгүй дуу чимээний бохирдол үүссэн гэж дүгнэхэд нэг их хол зөрөхгүй л болов уу. Дуу чимээний энэхүү хор нөлөөг нийслэлийн иргэд анхаарч, хотын дарга, төр засгаас холбогдох арга хэмжээ авахыг шаардах л ёстой. Улаанбаатар хотын хоёр байшингийн хооронд байх ногоон байгууламж, цэцэрлэгүүдийг үгүй хийж, буурин дээр нь сүндэрлэх олон арван давхар барилгуудыг хар л даа.


Хотын орчин дахь дуу чимээтэй холбоотой баримтууд эртний Ромын үеэс эхтэй 

Ингээд бодохоор хүн төрөлхтөн их л эртнээс энэ бохирдолтой нүүр тулгарч эхэлсэн байх нь. Гэтэл 1970-аад он хүртэл засгийн газрууд дуу чимээг хүрээлэн буй орчны ноцтой асуудал гэхээсээ илүү жирийн л зүйл гэж үзэх хандлагатай байв. Тэр болтол дэлхий дээр албан газар, компаниудын явцуу эрх ашгийн үүднээс хүний амьдрах эрхийг ноцтойгоор зөрчин, хүрээлэн байгаа орчинд асар их хор хөнөөл учруулан байшин барилгууд боссоор л байв. Одоог хүртэл байдал нэг их сайжирсан юмгүй бүс нутгуудад тулгамдсан асуудалд хандах байр суурь өөр өөр байгаа юм. Хөгжиж буй ихэнх орнуудын хот төлөвлөлтөд  дуу чимээний бохирдлыг сарниулах төлөвлөгөө маш муу тусгагдсан байгаа нь бидний эргэн тойронд болж буй үйл явдлаас харагдана. Бид технологиор хүрээлүүлж, өдөр тутмын амьдралынхаа салшгүй хэсэг болгосон. 

Зурагт, гар утас, холигч нунтаглагч, будаа агшаагч, тоос сорогч, угаалгын машин ба хатаагч, хөргөгч, агааржуулагч гэх мэт хэрэгслүүд нь дуу чимээний бохирдлын бас нэг үүсвэр болж таны хөршийн амьдралын чанарт муугаар нөлөөлдөг гэвэл бидний хэн нь ч итгэхгүй. Гэтэл дэлхийн соёлтой орнууд аль хэдийнэ стандарт тогтоожээ. Тодорхойлсон стандартаар бол хажуу айлд, эсвэл гудамжид сонсогдохоор хүчтэйгээр хөгжмийн өсгөгч ажиллуулсан бол, байшингийн хананаас нь тэдэн зуун алхмын цаана сонсогдсон бол торгоно гэж хуульчлан журамлажээ. 

Дуу чимээг агаарын адил бохирдлын ангилалд оруулан тусгай шаардлага тавьдаг. Дэлхийн том хотуудад шөнийн цагаар машины дохио дуугаргахыг хориглож, зөрчсөн этгээдийг торгодог. Төмөр замын станц дээр чанга яригчаар ярихыг хорьж, барилгын ажлыг оройн 18:00 цагаас өглөө 07:00 цаг хүртэл хийлгэдэггүй. Зөрчсөн хүн бүрийг хэзээ ч мартахгүй болтол нь торгодог. АНУ-ын Дуу чимээний бохирдлын тухай хуульд заасан стандартыг зөрчсөн өдөр тутамд 25 мянган ам.доллароор торгох буюу нэг жил хүртэл хугацаагаар шоронд хорьдог.

 

“Хөгжлийн цуурай”  юу ҮЛДЭЭВ

Сүүлийн үед энэ стандартыг дууны өндөр намыг хэмжигч децибиль (dBA) нэгжээр давхар заах болжээ. Жишээ нь, хүн шивнэхэд 20 dBA, 1-2 метрийн зайд хоёр хүний хэвийн яриа 60, ачааны машины дуу 90, хийн даралтын алх 100, рок хөгжим 110, B747 онгоц хөөрөхөд 120 тус тус байдаг бөгөөд харин 130-аас дээш бол чих өвдөж, цаашилбал чихний хэнгэрэг хагарах болно. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар зүрхний өвчнөөр нас барж байгаа хүмүүсийн 3.0 хувь нь дуу чимээнээс холбоотой стрессээс болдгийг нь тогтоожээ. Дуу чимээний түвшин өндөр байгаа нь хүний зүрх судасны тогтолцоонд сөргөөр нөлөөлж, титэм судасны өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг байна. Хүн 45 дБ-ээс дээш чимээнд тав тух алдаж, 40-өөс дээш чимээнд унтаж чаддаггүй. Харин хүүхдийн сурах чадвар 55-аас дээш дуу чимээнд бүрэн алдагдаж, стресст ордог ажээ.

 “Дуу чимээ нь төв мэдрэлийн системийг өдөөдөг бөгөөд энэ нь зарим дааврыг ялгаруулдаг” гэж Испани улсын Барселона хот дахь Дэлхийн эрүүл мэндийн хүрээлэнгийн доктор Дэвид Рохас хэлэв. Тэрбээр үргэлжлүүлэн “Бидний тархи дуу чимээнд дасан зохицох чадвартай байдаг. Үргэлжилсэн их дуу чимээнд бид бухимдахаа больж, хүлээн авч, дасан зохицож эхэлнэ. Хэдийгээр чимээ шуугианыг мэдрэхгүй байсан ч таны төв мэдрэлийн системийг өдөөсөн хэвээр л байна” гэжээ. Оффис, барилгын талбай, баар зэрэг ажлын газрын хэт их дуу чимээ нь сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Зэрлэг амьтад ба хүний түрэмгий зан авир, нойргүйдэл, байнгын бухимдал, ядаргаа, сэтгэл гутрал, түгшүүр, цусны даралт ихсэх зэрэг нь дуу чимээний бохирдолтой холбоотой болохыг судалгаа харуулж байна.

 Дуу чимээ ихсэх тусам цочролын түвшин нэмэгдэж, хүмүүсийн тэвчээр багасах хандлагатай болдог. Эдгээр нь эрүүл мэндийн ноцтой, архаг эмгэгтэй болгохыг үгүйсгэх аргагүй. Хэдийгээр энэ төрлийн бохирдлыг хүмүүс огт анзаарахгүй, эсвэл хор хөнөөлгүй мэт санасаар амьдарч болох ч үнэн хэрэгтээ асар их үр дагавартай гэдэг нь хэдхэн тоо баримт сөхөн харахад л мэдэгдэх аж.

 

Дэлхийд ганцхан хүн төрөлхтөн амьдардаггүй 

Байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар ч багагүй сөрөг мэдээтэй. Дуу чимээний бохирдолд зэрлэг ан амьтдын байгалийн зөн нэрвэгдээд зогсохгүй хүн төрөлхтөн мөн ч олон асуудалтай тулгарч байгааг цухас дурдлаа. Хүн төрөлхтний хөгжлийн цуурай махчин амьтны олзоо олох боломжийг хааж, төрөлх нутгаасаа дайжиж дасан зохицох боломжгүй газар нүүдэллэснээс үүдэлтэй үхэх эрсдэлийг нэмэгдүүлж, нөхөн үржихүйд нь хүртэл саад болдог байна. Хүмүүсийн гаргадаг дуу чимээний ихээхэн хэсэг нь далайд үүсдэг. Саяхныг хүртэл дуу чимээний нөлөөллийн талаарх ихэнх судалгааг далайн хөхтөн амьтад, бага хэмжээгээр загасыг судалж байв. Сүүлийн хэдэн жилд эрдэмтэд сээр нуруугүй амьтад болон далайн орчны дуу чимээнд үзүүлэх хариу урвалын судалгаанд шилжсэн. Энэ судалгаа нь ялангуяа сээр нуруугүй амьтад далайн төрөл зүйлийн 75 хувийг бүрдүүлдэг тул далайн хоол хүнсний сүлжээний ихээхэн хувийг эзэлдгийг харгалзан үзэх нь чухал юм.

 

Дуу чимээний бохирдлын нийгэм, эдийн засгийн зардал 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тооцоолсноор Европт гурван хүн тутмын нэг нь замын хөдөлгөөний дуу чимээний хохирогч болж байна. Дуу чимээний бохирдол нь хувь хүнд үзүүлэх эрүүл мэндийн үр дагавраас илүү нийгэм, эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлдэг. Дуу чимээний бохирдол нь нойргүйдэлд хүргэж тухайн хүний өдрийн ажлын гүйцэтгэлд сөргөөр нөлөөлж, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчнөөр өвчлөх, эрүүл мэндийн системд нэмэлт цаг, зардал гарах, хүүхдийн сурах явцад сөргөөр нөлөөлж байна.

 

Бид юу хийж чадах вэ 

Бельги улсын Брюссель хотноо байгаль орчны хамгаалал, бодлогын шилдэг туршлагуудаа солилцоход нь хүмүүст туслах зорилготой ногоон долоо хоногийн бага хурлыг жил бүр зохион байгуулдаг. Уг хурлын энэ жилийн гол зорилго нь Европын хотуудад ажиллаж, амьдрахад илүү таатай болгоход анхаарал хандуулжээ. Дуу чимээний бохирдол нь хотуудын нийгмийн эрүүл мэндийн томоохон асуудал ч үл тоомсорлох хандлагатай байна. Төслүүдийн хүрээнд хотуудын олон тооны бохирдуулагчийн талаар мэдээлэл цуглуулж, судалгаа хийсэн. Судалгааны үр дүнг хот суурин газрын нийгмийн эрүүл мэндийг сайжруулахад туслах, бодлого боловсруулахад ашиглаж болно гэж найдаж байна.

Дэлхийд дуу чимээний бохирдолтой холбоотой олон зөрчилдөөнийг дуу чимээ ялгаруулагч болон хүлээн авагчийн хоорондын хэлэлцээрээр шийдвэрлэж болдог. Журам нь улс орон бүрд харилцан адилгүй бөгөөд орон нутгийн эрх баригчид, ялангуяа цагдаа нартай хамтран хэрэгжилтийг нь хянадаг юм байна. Үүнээс гадна урамшууллын механизм байж болно. Сургуулиас нэг километрийн зайд амьдардаг бүх хүүхдийг өдөр бүр тийшээ алхахыг урамшуулах, мөн адил албан газар оффисын ажилтнуудыг ч алхах, дугуй унахыг дэмжих. Үүний үр дүнд цусны даралт ихсэх, таргалалт буурахаас гадна зам тээврийн ослоос үүдэлтэй хөнгөн гэмтлээс сэргийлж хүүхдийн эрүүл мэнд эрс сайжрах талаар ухуулан сэнхрүүлэх үйл ажиллагаа долоо хоног бүр сургалтаар ордог болох хэрэгтэй. Хот маш сайн зохион байгуулалт, архитектуртай байх ёстой. Ийм шийдэл нь агаарын бохирдолгүй, дуу чимээний бохирдлыг шингээх төдийгүй биеийн хөдөлгөөнийг дэмжсэн ногоон байгууламжаар дүүрэн эко сити барьж босгох төлөвлөгөө юм.

ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №004/24535/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр