С.Ганхүү: Багаараа Эверестэд гарч монголчуудын түүхийг өөрчилмөөр байна


Монголын уулчдын үндэсний холбооны Аюулгүй ажиллагаа хариуцсан дэд ерөнхийлөгч С.Ганхүүгийн үүсгэн байгуулсан “Жаргалант” клубийн уулчид ирэх дөрөвдүгээрээ сарын 5-нд дэлхийн ноён оргил Эверестийн зулайд гишгэх дайралтаа эхлүүлэх гэж байна. Уг авиралт амжилттай болбол монголчууд түүхэндээ анх удаа багаараа Эверестэд гарах юм. Бүрэлдэхүүнд нь есөн уулчин багтсан бөгөөд жилийн өмнөөс бэлтгэлээ базааж эхэлжээ. Уулчин С.Ганхүүг манай уншигчид залуу уулчин Х.Бумхишигийг аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан гэдгээр нь эчнээ таних биз. С.Ганхүүгийн хувьд ууланд авираад 10 жил болсон. Эверестэд авирах багаараа хэд хэдэн оргилд амжилттай авирсан. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

 -Уулчин болсон шалтгаан юу байв. Эрсдэлтэй спорт шүү дээ. Юу нь таныг тэгтлээ татаж, өнөөдөр Эверестэд баг удирдан авирах хэмжээнд хүртэл дурлуулсан юм бол. Эндээс ярилцлагаа эхлүүлэх үү?

-Би Ховд аймгийн Манхан сумын хүн. Багаасаа л уултай ойр өссөн. Байнга л ууланд гарч, авирч өөрийгөө даван дийлдэг байлаа. Харин яг спорт болгосон нь 10 жилийн өмнөөс. 2014 онд миний найзууд бөөндөө ууланд алхдаг болсон. Би гурав дахь удаагийн алхалтаас нь тэдэнтэй нийлдэг юм. Тэгж явахдаа Н.Сүрэнжавтай танилцсанаар эргэлт, буцалтгүй уулын спортод орсон гэхэд болно. Дөрвөн улирал харгалзахгүй авирдаг байлаа. Улмаар 2018 оноос хилийн дээс алхаж авиралт хийдэг болсон. Европын ноён оргил Эльбруст 5642 метрт 10-уулаа, 2019 онд Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуад 6968 метрт зургуулаа, 2021 онд Киргизстаны Ленин оргилд 7134 метрт арвуулаа, Төв Тяньшаны нуруу Хан тэнгэрт 7010 метрт наймуулаа, Чапаев оргилд 6100 метрт наймуулаа авирч байлаа. 2016 онд би баг бүрдүүлж Эверестэд авирах тухай огт бодоогүй. Гэтэл өнөөдөр есөн хүнтэй баг бүрдүүлээд явахаар бэлтгэлээ базааж байна шүү дээ.

 -Есөн хүнтэй баг явах гэж байна. Бүрэлдэхүүнээ яаж сонгов. Багаараа авирах санаа хэзээ төрсөн юм бэ?

-Есөн хүнээр баг бүрдүүлэх санаа өнгөрсөн хавар төрсөн. Манай “Жаргалант” клуб байгуулагдаад есөн жил болжээ. Тэр утгаараа есийн тоог сонгосон. Эверестийн баг маань 2019 оноос бэлтгэгдсэн. Хоёр, гурван жилийн хугацаанд хамтдаа олон оргилд авиралт хийсэн учраас нэгнээ сайн ойлгож, мэдэрдэг. 38-52 насныхан багийг бүрдүүлж байгаа юм.

-Багаар авирахын тулд хамгийн түрүүнд эрсдэлээ тооцох байх. Энэ тал дээр ямар судалгаа хийж байна вэ?

-Юун түрүүнд эхлээд уулаа судална. Хэрвээ бид багаараа амжилттай оргилд гарвал Монголын уулын спортын түүхэнд анхдагч амжилтын эзэн болох юм. Өмнө нь тавуулаа авиралт эхлүүлээд гурав нь оргилд гарч байсан түүх бий. Түүнээс бусад тохиолдол нь дандаа ганцаараа, хоёулаа гарч байж. Монголчууд багаараа явж чаддаг юм шүү гэдгийг харуулах эрхэм зорилготой. 2021 онд багаараа Ленин оргилд гарахад хүмүүс гайхаж билээ. “Та нар япончууд уу” гэж асуусан. Тэр үед монгол гэдгээ хэлэхэд “Монголчууд ийм олноороо явдаг байсан юмуу. Хааяа л ганц, нэгээрээ явж байгаа хүнтэй тааралддаг байлаа. Монголчуудыг ийм олуулаа авирч байхыг харах сонирхолтой байна” гэдэг байв.

-Эрсдэлээс гадна давуу тал олон биз?

-Хамгийн гол нь сэтгэл зүй шүү дээ. Бас нэгнээ харцаараа мэдэрнэ. Хэн нэгний хувийн амбиц байх ёсгүй. Нэг хүний хувийн амбицаас болж багийн амжилт урууддаг байж таарахгүй. Гишүүдэд юу ч тохиолдож болно. Тэр бүгдэд багаараа л ажиллана. Энэ бол давуу тал. Манай багийн хувьд бие биенээ маш сайн мэдэрдэг, ойлголцдог хүмүүсээс бүрдсэн. Ахлагчийн үүрэг бол хүн бүрд анхаарал тавина. Бүгдтэй нь ярилцаж, яг л өөрийн хүүхэд шиг харж хандах ёстой юм.

-Авиралт яг хэзээ эхлэх юм бол?

-Гэрээт компаниас төлөвлөгөө ирүүлсэн. Дөрөвдүгээр сарын 5-наас эхлээд тавдугаар сарын 25-нд дуусахаар төлөвлөж байна. Бараг хоёр сарын хугацаанд Эверестэд авирах аялал маань үргэлжилнэ дээ. Энэ хугацаанд хэрэглэх бүхий л зүйлээ бэлдэнэ.

-Уулын спорт өртөг өндөр шүү дээ. Тэгээд олуулаа, удаан хугацаагаар явах юм байна. Зардал нэлээд гарах биз. Санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Тэрбум гаруй төгрөгийн төсөл юм. Нэг хүнээс 130 сая төгрөгийн зардал гарна. Одоо гурван гишүүнийхээ зардлыг шийдэж чадвал болох нь ээ. Бусад нь зардлаа шийдсэн. Багаараа явах гэж байгааг мэдээд компаниуд хандаж эхэлсэн. Хамгийн гол нь бид монголчууд олуулаа авирч чаддаг юм шүү гэдгийг харуулахыг зорьж байна. Монголын уулчдын тухай бодлыг өөрчлөхийг хүссэн учраас энэ авиралтыг амжилттай дуусгахын төлөө хичээх болно. Эверест рүү явахаас өмнө Г.Өсөхбаяр гавьяат, Б.Гангаамаа гавьяат, хамгийн сүүлд Эверестэд гарсан Б.Гантулга нартай уулзаж, зөвлөгөө авахаар төлөвлөсөн.

 

Бумаа сэтгэл зүй өндөр, бэлтгэл сайн хангасан байсан тулдаа амьд үлдсэн

-Залуу уулчин Х.Бумхишигийн биеийн байдал ямархуу байгаа вэ?

-Тун дажгүй шүү. Дахиад ууланд гарах тухай яриад л явж байна билээ. Гоо сайхны хагалгаанд ороод дууссан. Хөлд дээрээ боссон. Алхаж, гүйж, харайж болж байна. 10 хуруугаа л тайруулсан. Уулын авиралтыг урьдчилж таах боломжгүй юм. Үнэхээр залуу хүний цог золбоо л түүнийг аварлаа. Хэрвээ Бумаа тэвчээр заагаагүй бол, буруу үйлдэл хийгээгүй бол бидний хөдөлмөр талаар өнгөрөх байсан. Би тэр залуугаар одоо ч бахархдаг.

-Тухайн уулчны хөл хөлдсөн гэх мэдээллийг та яаж мэдсэн юм бэ?

-Гуравдугаар кемпээс буцаж явсан уулчид Х.Бумхишигтэй таарсан юм билээ. Хамт буухаар байсан ч манай хүн 5800 метрт үлдчихсэн байгаа юм. Түрүүлж буусан уулчид хоёр хоног хүлээгээд хэл чимээгүй болохоор нь Бишкек дэх Консул руу мэдэгдсэн байдаг. Ингээд л бидэнд мэдээлэл ирсэн. Үндсэндээ найм хоног биднийг хүлээсэн. Уулчид майхныг нь барьж өгөөд үлдээсэн байгаа юм. Сүүлдээ хоолгүй, усгүй болонгуутаа цас идэж хоёр хоносон байсан.

-Тухайн мэдээг та хэрхэн хүлээж авсан бэ?

-Их гайхсан шүү. Бид хамт л явдаг юм. 5800 метрт хөлөө хөлдөөсөн гэхэд нь цочирдож байлаа. Амь настай холбоотой асуудал болохоор хурдхан шиг л аврах талаар бодсон. Ингээд есдүгээр сарын 8-ны пүрэв гарагт хэрэглэлээ бэлтгээд л нислэгийн хуваарь харахад орой нь байж таардаг юм. Киргиз рүү утсаар залгаж “Очоод зардлыг нь өгье” гээд учраа тайлбарлахад маш нааштай хүлээж авсан. Шууд л зөвшөөрсөн. Хаа хаанаа уян хатан байж яаралтай арга хэмжээ авсны үр дүнд бид уулчин залуугаа эсэн мэнд аварч, өнөөдөр бүгд энх тунх байна шүү дээ. 

-Шуурхай ажиллажээ. Аврах ажиллагаа хэрхэн явагдав?

-Тийм шүү. Эндээс маш богино хугацаанд очоод аврах баг авиралтаа эхлүүлсэн. Ердийн үед авирахад гурав хоногт туулдаг зайг бид 24 цагийн хугацаанд л туулсан. Ангалаас ангалын хооронд үсэрнэ. Зарим газарт үнэхээр айж, бие салгалж байлаа.

-Өдөр, шөнөгүй явсан байх нь ээ?

-Хүний амь цаг, минутаар хэмжигдэж байхад зогсоод амрах эрх үгүй шүү дээ. Зүтгэхээс өөр сонголт байхгүй.

-Х.Бумхишиг маань амьд байгаа мэдээг та хэзээ хүлээж авсан бэ?

-Шөнөжин яваад л 5400 метрт очсон юм. Гэтэл “Утасны цэнэг дуусч байна. Сүүлийн ганц зураастай үлдлээ. Би 5800 метрт байгаа шүү” гэх зурвас уулчин залуугаас маань ирдэг юм. Мэнд байгаа мэдээг нь сонсоод сая нэг гүн амьсгаа авсан. Тэр даруйдаа “Би 5400 метрт очиж байна. Одоохон” гэж хариу бичээд л цаашаа авиралтаа үргэлжлүүлсэн. Дээшээ 400 метр яваад л Х.Бумхишиг дээрээ очсон. Надтай Оросын уулчин хамт очсон юм. Газар дээр нөхцөл байдал амар биш байлаа. Бид майхныг нь үлдээгээд л багажнуудаа гаргаж бэлтгээд буулгах арга хэмжээг яаралтай авсан. Богино хугацаанд эмнэлэгт хүргэх хэрэгтэйг ойлгож байлаа. Удсан ч үгүй араас хоёр уулчин маань гараад ирсэн. Буулгах ажиллагаа 24 цаг орчим үргэлжилсэн.

-Очоод та юу гэж хэлэв?

-Би эхлээд шууд өөрөө очихоос бага зэрэг айсан. Тэгээд надтай хамт явсан орос уулчныг түрүүлж очуулсан. Араас нь өөрөө очихдоо юу хэлэхээ бодоод л байлаа. Яваад очтол над руу хараад өндөлзөж байна. Тэгэхээр нь “Чи одоо хүртэл амьд байна уу” гэлээ. Над руу гайхаж харснаа хамгаалалтад шилжиж аваад л буусан. Бүр дор бууж, машинд суусны дараа тэврэлдээд “Баярлалаа ах аа” гээд уйлсан. Би ч “За одоо гэртээ харья” л гэлээ. Сайн ч үг хэлээгүй, муу ч үг хэлээгүй. Тухайн хүнээ гэмтээхгүй, өөрсдөө гэмтэхгүй яаж богино хугацаанд эсэнд мэнд буухаа л бодож байлаа. 5450 метр дээр би уушгины хаван болоод. Шөнөжин ханиалгаж байгаа юм. Аврах ажиллагаа явуулахад Оросын уулчид болох Илья, Вадим нар маш их тусалсан. Тэдний тусламжтайгаар аврах ажиллагаа амжилттай болсныг онцлох хэрэгтэй байх.

-Авирахаас илүү буух зам амар биш байгаа талаар Уулчдын үндэсний холбооноос мэдэгдэж байсан. Буух зам ямар байв?

-5800 метрээс доошоо 1400 метр газар авч явсан. Том, том ангалтай, эгц ханатай газруудаар аврах багажтай том цүнхээ үүрээд, аварсан залуугаа чирээд явна. Өөрсдөө ч унах өндөр эрсдэлтэй. Энгийн хүн явах ямар ч боломжгүй газраар аргалаад л гарч ирсэн. Хажуугаар нь аварсан залуугаа хурдхан шиг эмнэлгийн бараа харуулчихмаар байдаг. Аврах ажиллагаанд хамт явсан залуус маань маш хариуцлагатай, ур чадвартайгаар баг болж ажилласан. Бид багаар ажиллаж энэ их эрсдэлтэй ажлын ард амжилттай гарч билээ. Тухайн үед дотроо үнэхээр айдастай байсан. Гэхдээ хүний амь аврах гэж байгаа учраас айдсаа давж чадсан юм.

  Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 8 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 11 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 11 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 11 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 11 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 12 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 13 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 13 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 13 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 13 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 13 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 13 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 13 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 13 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 13 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 13 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 13 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 14 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 14 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 14 цагийн өмнө