Х.Одгэрэл: Нэг ч гэсэн монгол хүний ой ухааныг сэрээхийг зорьдог


Аз жаргалыг амьдралынхаа дадал болгож, оюун бодлоо удирдаж хүслээ биелүүлэх ухааныг шавь нартаа заадаг ажил хэрэгч бүсгүйг зорин уулзлаа. Бид биеэ чийрэгжүүлж, хөгжүүлэхэд анхаардаг атлаа, сэтгэл, тархиа төдийлөн дасгалжуулдаггүй. Тийм багш байдаг талаар зарим хүн сонсоогүй байх. Зөрөөд өнгөрөх нэгэнд инээмсэглэл, гэр бүл, найз нөхөд, хамт олондоо түгээх эерэг хандлага хүртэл халдварладаг. Гагцхүү  тэр дадлыг оюуны дасгалжуулагч нар суулгаж байна. Шинэ тутам хөгжиж буй уг мэргэжил хийгээд сургалтын мөн чанарын талаар дасгалжуулагч багш Х.Одгэрэлтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.

 

-Оюуны дасгалжуулагч гэж хүмүүс тэр бүр дуулаагүй байх. Оюуны дасгалжуулагчийн үүрэг, үндсэн зорилго, хичээлийн үндсэн сэдвээс сонирхуулна уу?

-Уураг тархинд чиглэсэн сургалт ховор.  Хүн фитнест явж, биеийн тамирын дасгал хийгээд галбираа хөгжүүлдэг нь сайхан.  Бие, тархи, сэтгэлийг хамтад нь дасгалжуулж байж хувь хүн хөгждөг. Гэтэл бид тэр бүр  бодолдоо анхаарч, сэтгэлээ тоодоггүй. Ухамсарт хүний суурь чанарыг тархи, сэтгэл хоёр л удирддаг юм байна. Сэтгэл нь өнгөрсөн үеийнхээ зовлон, шаналлаа тээж, ирээдүйдээ санаа зовж явдаг.  Нүдэнд харагдаж, гарт тэмтрэгддэггүй ч сэтгэл гэдэг эрхтэн биеийн дархлаатай шууд хамааралтай. Амархан өвчилдөг. Сэтгэлзүйчтэй уулзаж, ярилцдаг хүн ховор, тархины дасгалжуулагчаас зөвлөгөө авдаг нь түүнээс ч цөөн. Ой тогтоолтын академиас ялгаатай нь уураг тархийг хэрхэн дэлхийн таталцлын хууль, эерэг цэнэгтэй хуйлруулан татахыг бид заадаг. “Super jump” буюу олон улсын оюуны дасгалжуулагч багшийг 2019 оноос бэлтгэж эхэлсэн. Одоогоор 74 улсад үйл ажиллагаа явуулж байна. Манай улсад  2021 онд нэвтрүүлж, одоогийн байдлаар Монголд 700 гаруй оюуны дасгалжуулагч байдаг. Бид нэр шигээ ухамсрын түвшинд супер үсрэлт хийхийг эрхэмлэдэг.

-Монголчууд хэн нэгэнтэй бодол, сэтгэлээ хуваалцдаггүй онцлогтой дорнын ард түмэн. Дотроо бодоод л яваад байдаг. Шинэ тутамд хөгжиж байгаа хувь хүний хөгжлийн академиудаас танай ялгарах онцлог  юу вэ? 

-Замбараагүй олон мэдээллийг тархиндаа чихдэг атлаа бодлоо биелүүлэх дадалгүй байдаг. Манай сургалтын хөтөлбөрийн онцлог бол хүн өөрийгөө олох, амжилттай яваа хүний ард байдаг  найман дадлыг хэвшүүлэх. Олон улсын  “Winners” академийн 35 жилийн судалгааны үр дүнд алт шиг найман дадлыг шигшиж хөтөлбөртөө оруулснаараа онцлог. Эдгээр дадлыг хэвшүүлсэн хүн амжилттай, аз жаргалтай явдаг.  Хүн бусдыг биш өөрийгөө л өөрчлөх хэрэгтэй. Эхний таван дадал нь сөрөг мэдээллээс өөрийгөө хамгаалах, аз жаргалтай эрчмээр цэнэглэдэг. Дараагийн гурван дадал цэнэгээ хадгалах зорилготой. Монголчууд оюунлаг ард түмэн. Харамсалтай нь оюун ухааны эринд уураг тархиныхаа хүч чадлыг мэдрэхгүй байна. Нөгөөтэйгүүр манай сургалт  нарийн боловсруулсан, стандарт хөтөлбөртэй  төдийгүй  сургалтын хөтөлбөрийн 70 хувийг “Winners” академиас баталсан байдаг. Үлдсэн 30 хувийг багш өөрийнхөө аргаар баяжуулдаг. Уламжлалт сургалтаас санаа авах уу, ахуйтайгаа хослуулах уу гэдгийг багш шийднэ. Манай багш бүр өөрийн гэсэн онцлог арга барилтай.  Ашиг хонжоо биш, нэг ч гэсэн монгол хүний ой ухааныг сэрээж, зүрхэнд нь гал бадраахсан гэсэн зорилгоор хичээлээ заадаг. Ийм л сэтгэлээр баг хамт олонтойгоо зүтгэж байна. 

-Улс, үндэстнийг Аз жаргалын индексээр нь жагсаахад манай  орон сүүл мушгидаг. Гэтэл таны ярианаас аз жаргалыг түгээж болдгийг ойлголоо. Сургалтад хамрагдсан хүмүүст ямар эерэг өөрчлөлтүүд гарч байна вэ?

-Сургалтын эхний өдрөөс л үр дүнгээ өгдөг. Есөн өдөр богинохон хугацаа ч  хүн эрхэм зорилгоо олж чаддаг. Юунд уурлаж, бухимддагаа мэддэг болсноор стрессийн түвшин  буурна. Нийгмийн янз бүрийн нөлөөгөөр үүссэн уур бухимдлаа удирдаж, гэр бүл, ойр тойрныхондоо тайван хандаж, тэднийг ойлгодог. Үүнийг дагаад хүн хоорондын харилцаа, эрүүл мэнд, дархлааны систем сайжирна. Эерэг хандлага түгээж, хуримтлуулахаар санхүү, мөнгөний урсгал нэмэгддэг. Өөртөө итгэлтэй хүний удирдан манлайлах, ярих чадвар сайжирдаг. Шавь нараа харахад илүү  эрч хүчтэй,  энгийн зүйлээс ч аз жаргалыг  олж хардаг. Хүн инээхэд зав чөлөө хэрэггүй. Алхаад өнгөрөхдөө ч инээмсэглэж болно. Инээмсэглэлээс аз жаргалын гормон ялгардгийг шинжлэх ухаанаар нотолсон шүү дээ. 

-Ингэхэд та ямар шугамаар оюуны дасгалжуулагч болов?

-Би инженер мэргэжилтэй. Барилгын салбарт 15 жил ажилласан. Сургууль, оффисын барилга олныг барихад оролцож явлаа. Хүүхдүүдээ төрүүлээд эзэмшсэн мэргэжил, ажлаасаа холдсон. Энэ хугацаанд хүнсний дэлгүүр ажиллуулж үзлээ. Тэгэхэд л согтууруулах ундааны хамааралтай хүн хэчнээн олон болсныг, архины хэрэглээ нэмэгдсэнийг анзаарсан. Сөрөг муухай үйлд хувь нэмрээ оруулж, худалдаж суугаадаа өөрийгөө зэмлэдэг байлаа. Энэ эмзэглэл эерэг хандлага түгээгч болоход нөлөөлсөн. Үүнтэй зэрэгцээд оюутан цагийн найз Уянгынхаа өөрчлөлтийг цахим хуудастаа бичиж, нийтэлж байгаа мэдээллээс нь анзаарсан. Нэг өдөр найз маань сургалтынх нь тухай  зарыг  уншаад дэмжиж, анхны шавь нь болж суралцсан. Ингэж л “Super jump” сургалтад өнгөрсөн оны есдүгээр сард суусан. Мэдээж анхны өдрөө шүүмжлэгчийн нүдээр харна шүү дээ. Гэтэл миний бодол, сэтгэхүй есөн өдрийн дотор гайхалтай өөрчлөгдсөн. Бид өглөөнөөс орой хүртэл амьдралын тухай боддог. Ихэвчлэн мөнгө л бодно. Сургалтаар өөрийгөө хаана яваагаа олсон. Удаан бодсоны эцэст хувийн бизнесээ зараад дасгалжуулагч багш болохоор шийдлээ. Шат шатны сургалтад сууж хамгийн дээд буюу про цолоо авсан. Одоо би жинхэнэ Одгэрэлээ олж авсан. 


-Өнгөрсөн хугацаанд хэдэн удаагийн сургалт зохион байгуулав?

-60 хүнд хичээл зааснаас мастер багш хоёрыг бэлтгэлээ. Миний тарьсан 60 үр цаашаа салбарлаж байгаа гэж бодохоор буянтай санагддаг.  Хичээлийн үеэр багш аз жаргалтай,сурагч аз жаргалтай байдаг. Өөрөөр хэлбэл, зөв цэнэгтэй эрчмийн хуйлрал дээр хичээл ордог. Багш нар ч бие биедээ зааж, зөвлөдөг. Нэгнийгээ чадавхжуулах сургалтууд зохион байгуулдаг. Цахим орчинд бид нээлттэй байдаг. 

-Таны хичээлд суухыг хүссэн ч танхимд ирэх боломжгүй хөдөө орон нутаг, гадаад улсад амьдардаг хүмүүс ханддаг уу?

-Манайх танхимаас гадна цахим сургалт зохион байгуулдаг. Өглөө 06:00 цагийн онлайн ангид орон нутгийнхан, гадаадад амьдардаг монголчууд идэвхтэй хамрагддаг юм. Бид аймгуудад очиж сургалт зохион байгуулж байна. Оюунлаг хүн эртэч байдаг. Тэд завтай болохоо хүлээж биш цаг гаргаж өөрийгөө өөрчилж бас бусдыг манлайлж чадаж байна. Хамт олноо нэгэн сэтгэлтэй болгож, бүтээлч хандлагыг нэмэх зорилготой албан байгууллагууд манайхаас сургалт авдаг. 

-Танай багийн хэтийн төлөвлөгөө алсыг харсан том байна шүү . Тэгвэл ойрын зорилгоос хуваалцана уу?

-Манай баг “Хүчирхэг” нэртэй. Удирдлагын 11 гишүүнтэй. Зөвлөлийн багт орох хүсэлтэй багш нарт нээлттэй ханддаг. Бидний зорилго бол ард түмнээ соён гэгээрүүлэх. Далайд дусал нэмэр гэдэг. Хүн өөрийгөө засаад ирэхээр нийгэм цэвэр, гэгээлэг болно. Цаашлаад  Монголынхоо хүүхэд залууст, зөв дадал суулгавал манай улс арав, хорин жилийн дараа өндөр хөгжилтэй орон болно доо. Эрүүл ухаантай, сэтгэл, оюуны дархлаатай иргэд эх  орноо хөгжүүлэх нь гарцаагүй гэж боддог. Хэтийн зорилго бол том. Барилгатай зүйрлэвэл бат бөх, даацтай суурь байж гэмээнэ өндөр, сүрлэг барина. 

-Өсвөр насныханд зөв дадал суулгахсан гэж ярилаа. Тэдэнд чиглэсэн, насны онцлогт тохируулж хөтөлбөр боловсруулах уу?

-Насанд хүрэгчдэд зориулсан сургалтынхаа хөтөлбөрийг өсвөр үеийнхэнд зориулж боловсруулсан. Өнөөдөр өсвөр насны хүүхдүүд ямар байна. Бодит амьдрал дээрээ утас шагайж элдэв кино үздэг. Сошиал орчинд хэн хаана юу хийгээд явж байгааг ч бид мэдэхгүй  байгаа. Тэгвэл өсвөр насны хүүхдүүдэд зөв дадал суулгах нь хамгийн чухал. Бид өсвөр насныханд чиглэсэн сургалтыг  ЕБС-ийн сурагчдад туршилтаар хичээл ороход ахлах ангийнхан сайн хүлээж авсан. Манай найман дадлыг хэвшүүлсэн хүн орчин тойрондоо эерэг энергийг түгээдэг. Эерэг хандлага халдвартай. Зөв бодлоо дагаад яриа, сэтгэхүй өөрчлөгдөж, хүн хоорондын харилцааны чанар сайжирдаг.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/


0
angry
0
care
0
haha
7
liked
0
love
0
sad
12
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр