300 хөөрөгтэй Д.БААТАР


 Хөөрөгний соёл Монголоос үүссэн

 Хөөрөг нь хамрын тамхи хийх зориулалттай мана, хаш, чүнчигноров гэх мэт үнэт чулуугаар хийсэн гарын алганд багтах хэмжээтэй эд. Толгой буюу тагийг оюу болон шүрээр хийж, халбага буюу хутгуурыг алт, мөнгө, зааны яс, зэс, гууль, төмөр, хөнгөн цагаанаар урлах нь бий. Хөөргийг бэл бэнчингээс хамааран эврийн яс, мод, төмөр, шил, шаазангаар хийх тохиолдол ч байдаг ажээ. Эрт цагт хамрын тамхийг ханиад томуу, халдварт өвчин зэргээс сэргийлэхийн тулд хэрэглэдэг байсан бол хожим уламжлалт ёсоор мэндлэхдээ хөөрөг солилцон тамхилдаг болсон байна. XVII зууны үед Европт орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд дэлгэрсэн тухай зарим эрдэмтэн ярьдаг. Хамрын тамхи татах зуршил Манж, Төвөдөөс Монголд нэвтэрсэн бөгөөд хөөрөг ч мөн адил гэнэ. Гэтэл өөр нэг хэсэг нь хөөргийг VII зууны үед Монголоос гаралтай гэсэн яриа ч гаргасан. Чухам монголчуудын хэрэглээнд хэдий үеэс нэвтэрсэн нь эцсийн байдлаар батлагдаагүй гэвэл хилсдэхгүй. Хятад хөөрөгт нас, хээ угалз, хэн хийсэн гэдэг нь чухал.

 Харин монгол хөөрөгт чулуу, чулууны бүтэц, толгойн хийц чухал байдаг байна. Мөн тухайн хөөргийг төрийн зүтгэлтэн, хутагт хувилгаад хэрэглэж байсан бол их үнэ цэнтэйд тооцогддог. Мана, хаш, гартаам, чүнчигноров, оюу, пийсүү зэрэг байгалийн үнэт чулуун хөөргийг монголчууд нийтлэг хэрэглэсээр ирсэн. Хөөрөгний тухай Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Гонгоржав монгол хөөрөгний гарал үүслийг 200, 300 гаруйхан жилийн түүхээр хязгаарлахгүй тухай ярьсан байдаг. Тэрбээр “Зарим судлаач монголчуудын хөөрөгний соёлыг Манжийн үе буюу одоогоос 200-300 жилийн өмнөөс яригдах түүхтэй мэтээр ярьдаг. Миний хувьд үүний эсрэг байр суурьтай. Монголчуудын хөөрөгний хэрэглээ Киданы үе буюу одоогоос 1100 жилийн өмнө байсан гэдгийг батлах түүхэн олдворууд бий. Өвөрмонгол болон баруун монголчууд хөөргийг “хөхүүр” хэмээн нэрлэдэг. Орчин цагт ч баруун Монголын ард түмэн хөөргийг “хөхүүр” хэмээн нэрлэсэн нь хадгалагдаж үлдсэн байдаг. Үүнээс үүдэн монголчууд дашмаг, хөхүүр зэргийг дуурайлган хөөргийг анх бүтээсэн түүхтэй. Киданы үеийн булшнаас шаазангаар урласан хөөрөг олдож байсан. Ер нь хөөрөгний хэлбэр, хийц монголоос гаралтай. Харин хожмоо хятадууд хөөргийг чулуугаар хийсэн” хэмээн ярив. Энэ бүхнийг ийн оршил болгосон нь бид хөөрөг цуглуулагч Д.Баатартай уулзсаных юм. Тэрбээр 10 гаруй жилийн өмнөөс хөөрөг цуглуулж эхэлсэн бөгөөд өдгөө түүний цуглуулгад 300 гаруй хөөрөг бий. Хөөрөгнөөс гадна чулуу, мод, ясан эрхи цуглуулдаг бөгөөд 100 гаруй эрхитэй аж. 

Архангай аймгийн Өндөр-Улаан сумын харьяат тэрбээр Сэлэнгийн Дулаанхан суманд өсчээ. Тус сумын гал унтраах ангийн гал сөнөөгчөөс даргын албыг хүртэл хашиж байсан нэгэн. Улмаар 1999 оноос хотын иргэн болсон бөгөөд гал унтраах 18 дугаар ангид ажиллаж байжээ. Д.Баатар өдгөө багахан хэмжээний бизнесмэн болжээ. Нутгаасаа Сэлэнгэ аймгийг зорьсон шалтгаан нь Алтанбулагийн ТМС-т суралцаж, малын эмч болохоор шийдсэн байна. Аав, ээж нь малчин учраас тэдэндээ дэм болохын тулд дээрх мэргэжлийг сонгосон ч удалгүй сонирхол нь буурснаар малын эмч болох зорилго нь замхарчээ. Гал түймэртэй тэмцэх газарт 18 жилийг өнгөрүүлсэн Д.Баатар хувийн бизнес эрхлэхээр шийдсэнээр 2000 оноос дээрх байгууллагыг орхисон гэнэ.

 

Хөөрөг цуглуулагч болсон нь

Залуудаа хөөрөг, чулуу, эд эдлэл сонирхдоггүй байжээ. Гэвч 10 гаруй жилийн өмнөөс ганц, хоёр хөөрөг, чулуу сонирхож авснаар эргэлт буцалтгүй хобби болгохоор шийдсэн гэнэ. Хөөрөг сонирхсон хүн чулууг давхар сонирхох нь бичигдээгүй хууль. Тэрбээр ярихдаа “Хөөргийг хятадууд Монголд дэлгэрүүлсэн. Англиас гаралтай гэж ярьдаг. Гэтэл үнэндээ VII зууны үед хамааралтай “Гэсэр”, “Жангар”-туульс дээр хөөрөг зөрүүлдэг үйл явдал гардаг. Эндээс үзвэл Монголоос үүдсэн байх боломжтой. Эртний хэрэглээ болж таарч байгаа биз. Нарийн яривал гаанс нэрэхэд чулуунд нь тамхины хор шингэж үлддэг. Тэгэхээр хор нь хүний биед хүрдэггүй гэсэн үг” хэмээн ярианы эхэнд дурдав. Д.Баатар үргэлжлүүлэн ярихдаа “Байгалиас олдсон төрөл бүрийн чулуугаар бусад орон ээмэг, зүүлтнээс эхлээд бэлэг дурсгал голдуу хийдэг бол монголчууд хөөрөг л урласаар ирсэн. Яаж сайхан хөөрөг хийх тухай бодож, үүнээсээ л таашаал авдаг.

 Сүүлийн үеийн залуучууд үнэт чулуугаар хөөрөг урлахыг урлаг болтол нь хөгжүүлж чадсан байна. Энэ бол бахархал юм” гэв. Түүний цуглуулгад 300 гаруй чулуун хөөрөг бий. Ихэнхийг нь худалдаж авсан гэнэ. Зөвхөн чулуугаар ч зогсохгүй шил, шаазан, мод, эвэр хөөрөг хүртэл түүний цуглуулгад өнгө нэмнэ. Д.Баатарын чулуун хөөрөгний ихэнх нь сийлбэртэй. “Хөөрөг толгойндоо, хүүхэн үсэндээ гэдэг үг бий. Сайн, сайхан толгойтой хөөрөг цаанаа л нэг нүнжигтэй харагддаг” гэлээ. Цуглуулга арвинтай түүнээс, танд ер нь байхгүй чулуу байна уу гэхэд “Алмааз л алга. Гэхдээ алмаазан шигтгээтэй хөөрөг бий. Бадмаараг, маргадаар хийсэн нэн ховор хөөрөг хүртэл байна шүү” хэмээн гайхуулав. Тэр дуудлага худалдаанаас үнэ цохисон, хэт өндөр үнэтэй хөөрөг авах дургүй нэгэн. Гэвч нүдэнд нь туссан, атга дүүрэн үнэт чулуунд боломжийнхоо хэрээр үнэ хайрладаггүй ажээ. Энэ тухайгаа ярихдаа “Хөөрөг урладаг, цуглуулдаг хүмүүс нэгнээ андахгүй болсон. Сонин, содон хийцтэй, гоё сийлбэртэй хөөрөг байвал ярилцаж байгаад авдаг. Хуучны хөөрөгнүүд нэг их анхаарал татахаа больжээ. Шинэ хийцийн гоёмсог хөөргөнд илүүтэй шунадаг болсон байна” гэв. 

Д.Баатар гуайд өөрийнх нь дөрвөн үе дамжсан хөөрөг байдаг аж. Түүнчлэн Засагтхан аймгийн Эрдэнэ дүүрэгч ван Артсахарын Намхайжанцангийн эдэлж, хэрэглэж байсан пийсүү хөөргийг худалдаж авч байжээ. Хожим нь Завханы Их-Уул сумын харьяат нутагтаа нэлээд алдартай лам багш Сараадан гэдэг хүн барьж байсан гэдэг. Түүний хувьд Ю.Цэдэнбал даргын барьж байсан жижиг шар хөөргийг худалдаж аваагүйдээ харамсдаг тухайгаа ярилаа. 

Д.Баатарын цуглуулга дунд дотроо устай усан биндэрьяа хөөрөг анхаарал татна. Уг хөөргөнд есөн тариан түрүүтэй, бадамлянхуа цэцэг, эвийн загасыг сийлжээ. Мөн есөн нүдтэй гартаам хөөрөг дээр өөрийн эрхгүй нүд тусаж байгаа юм. Тэр бүү хэл ам цагаан хулганаар дүрсэлсэн сувдан хөөрөг ч хүүхнүүдийн харцыг булааж мэдэхээр юм билээ. 

Хүн эдэлж, хэрэглэж байгаа үнэт эдлэлээсээ таашаал авна гэдэг сайхан ажээ. Хөөрөг цуглуулагч Д.Баатар бол тэдний нэг. Тэр өөрийн хоббиноос таашаал авч, түүндээ боломжийнхоо хэрээр хөрөнгө зарцуулах дуртай ажээ.

 

Хөөрөгний тухай

Хөөрөгний хийцний тухайд манж, хятад, төвөд, монгол гэсэн дөрвөн хийц голлодог байна. Хөөрөгний амсар болон мөрийг имэрч үзээд хурц байвал орчин цагийнх, мөлгөр бол эртнийх хэмээн ялгахаас гадна найман мөртэй бол их гарын хөөрөг юм. Жинхэнэ хаш чулуун хөөрөг удах тусмаа өнгө орж үнэ цэнтэйд тооцогддог байна. Хаш чулуу долоон төрөл байдаг бол мана чулуу 36 төрөл бий. Чүнчигноров хөөрөг гэхэд хүний нүдний хорыг өөртөө шингээдэг бол сүйжин хөөрөг хүний биед хэрэгтэй чийгийг өгч байдаг учраас говьд ангаж цангадаггүй гэнэ. Хаш хөөргийг бадамлянхуа цэцэг мэт ариун сэтгэлтэй байх, эр эмийн ариун ёсыг сахих, зүрх сэтгэлийн амар амгаланг олох, догшин авир занг номхотгох утга бэлгэдлээр хэрэглэдэг. Манан хөөргийг ихэвчлэн гэр бүлийн аз жаргалтай амьдралыг бэлгэдэж хэрэглэдэг бөгөөд 30-аад төрлийн мана байдгийн дотор халтар мана нь саа өвчин, үе мөч татах өвчнөөс сэргийлдэг байна.

Харин шар мана ухаан санаа самуурахаас сэргийлдэг байна. Шүрэн хөөргийг атаа жөтөө, хар хорын сэтгэлийг зайлуулах, муу бүхнээс хамгаалах утгаар сүүжин буюу усан молор хөөрөг нь хүмүүст сайн энерги авчирдаг бол сувдан хөөрөг урт удаан нас, эрүүл энхийг бэлгэддэг байна. Оюу хөөрөг нь хэрүүл тэмцлийг номхотгох, атаа хорсол, үзэн ядалтыг зөөлрүүлэх, гэр бүлийн үнэнч хайр дурлалыг бататгах бэлгэ тэмдэг болдог ажээ. Оюу чулуу элбэг дүүрэн амьдрал, амны хишгийг даллан дуудагч гэнэ. Энэ тухай Д.Баатар ярихдаа “Чулуу бүхэн энергитэй. Үүнийг баталсан жишээ, яриа хөөрөө олон байдаг. Жишээ нь, Архангай аймгийн Хайрхан суманд нэг улаан чүнчигноров хөөрөг байсан. Дээхнэ үед тархаж байсан “Могойн яр” хэмээх өвчнийг анагаадаг. 

Тухайн өвчин нь хөлийн өсгийг тойруулан яр гардаг байж. Ингээд улаан чүнчигноровоор домноход шууд эдгэдэг гэсэн яриа бий. Эндээс үзвэл чулуунд ид шид байна. Ам муруйх гэх мэт саажилтыг гартаам хөөргөөр илээд гайгүй болгож байсан гэх түүх ч байдаг. Энэ бүхэн оргүй зүйл биш. Зарим чулуу бол эм танд ордог шүү” хэмээв.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/

 

 


0
angry
0
care
6
haha
6
liked
2
love
0
sad
9
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр