Цэргийн гарамгай жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан Дэвшилтэт социал демократ клуб, “Монголын үнэн” сонин хамтран илтгэх ур чадварын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээний нээлтэд Монгол ардын намын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал, Дэвшилтэт социал демократ клубийн ерөнхий зохицуулагч Ү.Амарбат нар нээж үг хэлэв. МАН-ын нарийн бичгийн дарга О.Батнайрамдал:
-Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 130 жилийн ойг тохиолдуулан МАН-ын дэргэдэх Социал демократ клуб, “Монголын үнэн” сонин хамтран анх удаа илтгэх ур чадварын тэмцээн зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 11 настай залуучуудаас 55 настай ахмадууд хүртэл 100 орчим хүн оролцлоо. Энэ тэмцээнээр жанжин Д.Сүхбаатарын үүх түүх, үлдээсэн өвийн талаар мэдлэг өглөө. Үүгээрээ залууст эх орноо хайрлах, эх орондоо хувь нэмрээ оруулах ухаарлыг өгч байна. Цаашдаа энэхүү тэмцээнийг зохион байгуулна. Монголын түүхэнд нэрээ үлдээсэн зүтгэлтнүүдийн талаар залуус маань мэдэх ёстой хэмээв.
“Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг:
-Энэ илтгэлийн тэмцээнд залуус ихээр оролцсон нь бахархалтай байна. Залуус маань эх хэл, эх түүхээ судалж байна. Их жанжин Д.Сүхбаатар МАН-ыг үүсгэн байгуулахаасаа өмнө “Монголын үнэн” сонин хэмээх анхны тогтмол хэвлэлийг санаачилсан байдаг. “Монголын үнэн” сонин 103 жилийн түүхтэй, МАН 102 жилийн түүхтэй. Өнөөдөр их жанжин Д.Сүхбаатарын 130 жилийн ой болж байна. Тухайн үедээ 27 настай залуу Монголд цоо шинэ хувьсгалыг хийж, өнөөдрийн бидний тусгаар тогтносон улсыг байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсныг бодоход бахархалтай байна хэмээв. Анх удаа зохион байгуулж байгаа илтгэх ур чадварын “Ирээдүйн эзэд” илтгэлээрээ илтгэгч Б.Оюунсайтар тэргүүн байр эзэлсэн бол удаах байрыг уран илтгэгч С.Ахшолпан эзэллээ. Тэргүүн байрын шагналт Б.Оюунсайтар “Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө түүхэн гавьяа байгуулсан их жанжин Д.Сүхбаатарын талаар хойч үеийнхэн бид түүхээ сайн судлах ёстой гэж боддог. Энэ түүхэн хүний талаар ирээдүйн эзэд бид мэдэж байх хэрэгтэй гэж бодлоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцав. Илтгэх урлагийн энэхүү тэмцээний гуравдугаар байрт хоёр, тэргүүн тусгай байрт тав, тусгай байрт 12 илтгэгч шалгарсан юм. Хоёрдугаар шатанд шалгарсан 20 илтгэгч илтгэлээ тавилаа.
Илтгэлийн уралдаанд 100 орчим илтгэгч оролцсон бөгөөд хамгийн залуу нь “Оюуны Ундраа” цогцолборын зургадугаар ангийн сурагч Д.Ивээл бол ахмад нь түүний аав 47 настай А.Дарханбаатар байв. Тэдний сэтгэгдлийг хүргэе.
А.Дарханбаатар: Охиндоо дэм болох гэж илтгэлийн уралдаанд оролцлоо
-Юун түрүүнд өөрийгөө товчхон танилцуулна уу?
-Алтангэрэл овогтой Дарханбаатар байна. Энэ илтгэлийн уралдаанд оролцож байгаа хамгийн ахмад оролцогчдын нэг. КУДС-ийг найруулагч мэргэжлээр төгсөж, театруудад ажиллаж явлаа.
-Энэ уралдааны талаар мэдээллийг хаанаас авсан бэ?
-Би анх огт төлөвлөөгүй байсан. Миний охин оролцохдоо надад санал тавьсан. Эхэндээ эргэлзэж байсан ч охиноо дэмжиж, урам зориг өгөх гээд оролцохоор шийдсэн. Охинтойгоо хамт оролцсондоо баяртай байна.
-Та ямар сэдвээр илтгэл тавив. Гол агуулга нь юу вэ?
-Миний илтгэлтэй “Түүх мартахгүй” гэсэн сэдэвтэй. Гол агуулга нь түүх хэзээ ч зогсохгүй, мартагддаггүй юм шүү гэдгийг л хэлэхийг хүссэн юм. Та мартахыг хүсэж байж болно. Гэхдээ мартагдахгүй. Хэзээ нэгэн цагт гараад л ирдэг.
-Илтгэлийн уралдаанд оролцогсдын 90 хувь нь оюутан, ахлах ангийн сурагчид байна. Залуусын илтгэх чадвар ямар түвшинд байна вэ?
-Би бол өөрийнхөө хэмжээнд л илтгэлээ тавилаа. Залуус үнэхээр мундаг болжээ. Илтгэх чадвар илт сайжирсан байна билээ. Жинхэнэ гал гарч байна шүү дээ. Би гал гаргаагүй. Харин гал дээр бага зэрэг тос нэмж өглөө. Залуусаар бахархаж байна, тэднээс сурах зүйл үнэхээр их юм. Өөрийгөө цаашид энэ чиглэлээр илүү сайн хөгжүүлье гэж бодсон. Хүүхдүүдийн илтгэлийг сонсоно гэдэг нэр төрийн хэрэг байлаа. Урамтай, дайчин илтгэлүүд нэлээд хэд байсан шүү.
Д.Ивээл: Монголын түүх, түүхэн хүмүүсийг судлах ёстой юм байна
-Өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Д.Ивээл гэдэг. 11 настай. “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн зургадугаар ангийн сурагч. Чөлөөт цагаараа дуулж, бүжиглэж, илтгэх дуртай. Хэдхэн хоногийн өмнө “Гэгээлэг бүхний тэргүүнд хамтдаа алхацгаая” илтгэлийн тэмцээнд амжилттай оролцож шилдэг 20-д шалгарсан.
-Энэ илтгэлийн уралдааны талаар мэдээлэл хаанаас авав. Яагаад оролцохоор болсон бэ?
-Д.Сүхбаатар гэдэг хүний талаар би сайн мэдэхгүй. Хөшөөг нь л мэдэж байна. Тиймээс илтгэлийн уралдаанд оролцохын тулд энэ түүхэн хүнийг судлах шаардлага гарч байгаа юм. Дээрээс нь бусад илтгэгч нарын илтгэлээс илүү их зүйл мэдэж авч болдог. Хүнд зориулж илтгэлийн тэмцээн зохион байгуулж байгаа нь сонирхолтой санагдсан. Энэ хүний тухай илүү ихийг мэдэхийг хүссэн учраас оролцсон юм. Илтгэл тавьж буй хүн бүрээс өөр санаа гарна. Тиймээс бүгдийг нь анхааралтай сонсохыг илүүд үзсэн. Миний өмнө нь оролцсон тэмцээний үеэр шүүгчид уг уралдааны мэдээллийг танилцуулсан.
-Д.Сүхбаатарыг мэдэхийн тулд багагүй судалгаа хийсэн байх?
-Миний үеийнхэн мэддэггүй юм билээ. Тиймээс ном, интернэт орчноос мэдээлэл авсан. Мөн “Өглөө”, “Сүхбаатар”, “Тэмцэл”, “Тунгалаг Тамир” зэрэг Д.Сүхбаатартай холбоотой бүх киног үзлээ.
-Илтгэл тавиад хэр удаж байгаа вэ?
-Нэг жил болж байна.
-Аавтайгаа хамт оролцох ямар байна вэ?
-Маш гоё байна. Өмнө нь байнга ээжтэйгээ цуг явдаг байсан. Харин энэ удаа зүгээр ч нэг аавтайгаа явсангүй. Хоёулаа илтгэл тавилаа. Аавын хувьд анх удаа илтгэл тавьсан нь энэ. Хэрхэн илтгэл тавих, юунд анхаарах зэргийг надаас сурсан.
-Илтгэгч нарын хамгийн залуу нь юм байна. Ах, эгч нараасаа юу сурав?
-Би бол муу илтгэгч биш, бас сайн ч биш. Ер нь бол Монголынхоо, түүхэн хүмүүсийнхээ үүх түүхийг сайн мэдэж, судлах ёстой юм байна гэдгийг энэ уралдаанаас ойлгож авлаа. Өөрийгөө хөгжүүлэх дээр илүү анхаарна.
-Нэг жилийн хугацаанд хэр олон газар илтгэл тавьсан бэ?
-Энэ бол миний хоёр дахь уралдаан. Өмнө нь “+300” клубын шугамаар, “Даймонд Майнд” хүүхэд хөгжлийн академийнхаа шугамаар сургуулиудаар явж үе тэнгийнхэндээ илтгэл тавьсан. Үеийнхнээсээ нэг алхам илүү явж байгаа учраас тэд намайг таатай хүлээж авдаг. Үеийнхэндээ үргэлж үлгэр дуурайл болж явахын төлөө хичээж байна даа.
Б.Мөнх
Эх сурвалж: Монголын үнэн сонин №005/24536/