Өнгөрсөн, ирээдүй хоёрыг эрлийзжүүлсэн “загварын зоотехникч”


Монгол угсаатны дээл хувцас бол үндэстний өвөрмөц онцлогийг тодорхойлдог хамгийн энгийн бөгөөд хамгийн үнэмшилтэй соёлын үзүүлэлтийн нэг юм. Нөгөө талаар Монгол орны цаг уур, хүн ардын эрхэлж буй мал аж ахуй, амьдралын хэв маяг, эрхэмлэж заншсан сэтгэлгээний үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтайгаа нягт уялдсан онцлогтой. Монголын олон ястны өвөрмөц төрхийг илэрхийлсэн хувцас хэрэглэл нь содон төрх, ур хийцээрээ ялгарах онцлогоо өөртөө шингээсэн байдаг. Хэдэн зуу, мянган жил нүүдэлчдийн амьдралын хэв маягт зохицон өөрчлөгдсөөр ирсэн үндэсний хувцасны загварыг суурин иргэншилд тохируулан өөрчилж, өмсөхөд биед эвтэйхэн, хөнгөхөн дулаахан болгож урласнаар орчин үеийн залуусын байнгын хэрэглээ болгохыг зорьж буй “Эртний Монгол хийц” салоны үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч хатагтай Оролмаагийн Уранцэцэг болон салоны үйлчин залуусын ажил үйлстэй “Монголын үнэн” сонин танилцлаа.

 

Урнаагийн ертөнц 

Монгол түмний бэлгэ ерөөлт хаврын тэргүүн сарын баяр дөхөөд ч тэр үү, гадаа нарлаг дулаахан, хаврын урь орсон мэт сэтгэгдэл төрүүлэх ажээ. Уламжлалт Сар шинийн баяр, эртний монгол хийц урлаач. Энэ хоёр ямар нэг нууцлаг зөн бэлгийн шижмээр холбоотой мэт. Үүднээсээ эхлээд л монгол үндэстэн, нүүдэлчин ахуйн соёлыг харуулсан эд өлгийн зүйлс эв донжийг нь олж байрлуулсан урлангийн хаалгаар орлоо. Шат дагуух ханаар урлагийн алдартнуудын нүүр дүүрэн инээмсэглэсэн зураг ярайх ба тэд бүгд л эртний маягийн хувцас хэрэглэл өмссөн байх аж. Намайг угтаж авсан бүсгүй замчилж гуравдугаар давхарт гаргав. Пүнхийсэн дулаахан уур амьсгалтай хамт зөв гэрэлтүүлэг, өнгөний зохирол төгс хосолсон цэлгэр танхимд орчихов. Мөн л нүүдэлчдийн ахуй, амьдралтай холбоотой эд өлгийн зүйлсээр тохижуулжээ. Ийм танхимд орж ирсэн үйлчлүүлэгч харихаа мартчихдаг байх даа гэж яагаад ч юм надад бодогдож байна.


Монгол хэв маяг, өв соёлыг өдөр тутмын амьдралынхаа хэв маяг болгож өөрийн ертөнцийг энэхүү урланд бүтээжээ. Салоны том танхимын баруун хана хүндэтгэлийн хоймор бололтой. “Гоёл” наадмын тэргүүн шагналаас эхлээд Москва хотод болдог олон улсын үндэсний хувцас урлаачдын наадмаас хүртсэн гурван гранпри шагналаа тавцан дээгүүр ирийтэл өржээ. Хүндэтгэлийн хойморт хувцас урлаачдын са­лонд л харж болох сонирхолтой эдлэл байсан нь Германы алдарт Köhler брэндийн оёдлын гар машин. Ээжийнх нь үнэнч хамтрагч гэнэ, аргагүй л хүндэтгэлийн хойморт байх эд. Ярьдаг бол овоохон түүх хүүрнэх байх даа. Тунгалаг глобус тавьсан том хүрэн ширээний ард суух, гялалзсан нүдтэй, шанаархаг бүсгүй О.Уран­цэцэг хатаг­тайг мөн болов уу гэж таасан маань зөв байв. Тэрбээр үсээ задгай тавьж, мон­гол хэв маяг шингэсэн орчин цагийн загварлаг дээл өмсжээ.

 

Монгол сэрэхүйн хаягаар 

Өөрийгөө танилцуулан гар барих хооронд баруун аймгийн бүсгүй байх гэсэн бодол төрж байна. Яах аргагүй баруун Алтай нутгийн охин юм санж. Ээж нь Ховд аймгийн Мянгад сумын захчин эмэгтэй. Миний хамгийн эхний асуулт “Ийм ертөнцтэй бүсгүйг хэрхэн бий болгов” байлаа. Дулаахан таатай уур амьсгалтай өрөө хэсэгхэн зуур нам гүм болж Уранцэцэг түр бодолхийлсэнээ “Хэдийгээр би хотын хүүхэд ч гэлээ зуныхаа амралтаар баруун хязгаар нутагтаа очиж, мал ахуй, сааль сүүний ажилд туслалцан, хөдөөний хүүхдүүдийн хийдэг ажил төрлийг хийж л өссөн. Дээр нь манай Ховд аймаг олон ястны өлгий болсон өвөрмөц соёл, ёс заншлын өлгий гэхэд болно. Тийм ахуй, ёс заншил дунд өссөн хүүхдийн дотоод сэрэхүй монгол өв соёлоор сэрэхгүй байх аргагүй болов уу” гэж байна. Сургууль соёлын мөр хөөн загвартай огт хамааралгүй мэргэжил эзэмшин, бизнес эрхэлж явсан ч түүний сэтгэлийн мухарт монгол дээлээ судлах, сурталчлах тухай бодол салдаггүй байж. Өнөөх л монгол сэрэхүй нь дуудаад байгаа хэрэг. Тэгээд монгол хувцасны судалгаа хийж эхэлжээ. Энэ бол бидний соёлын үнэт өв. Бид залуустаа, дэлхий дахинд хэрхэн хүргэх, яаж мэдүүлэх ёстой вэ гэдэг үүднээс судалгааны ажлаа хийж эхэлсэн гэнэ. Таны урлаж байгаа бүтээлүүд бүгд судалгаатай гарч байгаа гэж надад ойлгогдлоо гэхэд О.Уранцэцэг захирал “Судалгаагүй бол яаж загвар гаргах вэ, гэхдээ “Эртний монгол хийц” гэхээр л хаа байсан XIII зуун, түүнээс өмнөх үе ч юм уу, манжийн үеийн хувцас дэглэлтийг шууд хуулбарлан орчин үед үйлдвэрлэх ёстой юм биш. 


Тухайн үеийн амьдрал ахуйд зохицсон ур, хийц загвартай дээл хувцсаа тухайн үеийн хүмүүс нь л хийж, өмсөж хэрэглэж байсан. Тэр загваруудыг шууд хуулбарлахгүйгээр тодорхой деталиудыг нь оруулан үндсэн мөн чанарыг нь алдагдуулахгүй орчин үеийн гоёмсог дэгжин загварууд урлаж гаргах нь өв соёлын шинэчлэл. Түүхийг бид үгүйсгэх гээгүй. Түүхээ судалдаг, тэр хэвээр нь хадгалж явахыг хүсдэг мөн түүнчлэн болдог хэсэг бий. Өнгөрсөн үеэс өчүүхнийг тасдаж ирээд, ирээдүйгээс мөн тиймийг авчраад одоог бий болгох нь загвар зохион бүтээгч миний хүсээд байгаа зүйл. Яагаад монгол үндэсний хувцас зогсолтод орчихсон байсан гэж би хэлээд байгаа вэ. Намайг анх 2012 онд салоноо байгуулж байхад хатуухан хэлэхэд дээлийг тоож өмсдөг хүн ховорхон байлаа. Өмсөхөд тээртэй, хөлд орооцолдоод, 10 насаар хөгшин харагдуулдаг гэх мэт шалтаг хэлж, үндэсний тэмдэглэлт өдрүүдээр л гаргаж ирээд нэг хөдөрсөн болоод далд хийдэг байсан” гэв. Мэргэжлийг нь эзэмшээгүй ч мэргэжлийн түвшинд гарч, тив дэлхийгүй нэр алдраа дуурсгачихсан загвар зохион бүтээгчээс жаахан гоомой юм асуучихсандаа бантмар аядан аппаратаа гарган зураг авах санаатай байгаагаа ойлгуултал над руу харан инээвхийлснээ “Манай ажлын цөм болсон урлангийн өрөө рүү орж манай уран бүтээлчдийн зургийг авч болно, мөн дээд давхарт байгаа гэр, түүний интерьертэй танилцаж, хүсвэл зураг аваарай. Энэ хооронд би жаахан ажил амжуулаадхая” гэв. Түрүүнээс хойш хангинаад байсан утастай нь хамт захирлыг үлдээгээд түүний урлангийн хэсэг гэж нэрлэсэн хэсэг рүү явлаа. Тэндээс оёдлын машины тачигнах дуун тасрахгүй удсан юм. 

Урлангийн үүдэн хэсэгт манеканд өмсгөсөн гоёмсог хийц загвартай дээл хувцас байх хийгээд зай завсаргүй өрсөн эрээн мяраан торго дурдангаас эхлээд бүдүүн борог даавуу, тааран нэхмэлүүд ч харагдана. “Монгол үндэсний хувцас гэхээр л торго дурдангаар хийдэг мэт ойлголтоосоо бид салах цаг нь ирсэн. Бидний бүдүүн борог даавуу гэж голдог эдгээр материал дээр жаахан уран сэтгэмж нэмээд л ямар тансаг, гоёмсог бүтээгдэхүүн бий болдог гэж санана” хэмээсэн Уранцэцэгийн үг тархинд харван орж ирэв. Үнэхээр нүд салгамгүй уран гоёмсог ажээ. Хоёр жаахан бүсгүй оёдлын машин тачигнуулан суугаа харагдана. Нэг нь түрүүн намайг угтаж авсан бүсгүй мөн. Хоёр залуу эсгүүр гаргаж байгаа бололтой зургийн аппарат шажигнаж байгааг анзаарах ч сөхөөгүй ажилдаа хамаг анхаарлаа төвлөрүүлжээ. Эсгүүр гаргах маш нарийн ажил. Үйл уран байг ээ.

 

Завсарлага 


Хүмүүсийн ажилд садаа болохгүй санаатай О.Уранцэцэг захирлын заасан шатаар өгсөв. Асар том гэр музей руу яваад орчихов уу, яав. Эртний монгол хаадын гэр гэдэг төсөөлөл шууд л бууж байна. Бидний хүннү хээ гэж нэрлэж заншсан хээ хуараар чимэглэсэн хивс өвч битүү дэвсэж, эртний эд хэрэгслээр тохижуулжээ. Тоглоом наадгай, амарч суух газрыг ч мартсангүй. Хэвтэж, сууж, босож янз бүрээр л зураг дарав. За боллоо, одоо салоны хатагтайн зургийг авчихвал энэ талын ажил нэг мөр цэгцэрлээ л гэсэн үг.

 

“Ёстой !!!” зөв 


Доош бууж хүрвэл О.Уранцэцэг захирал ширээндээ тухалчихсан ямар нэг загвар дээр ажиллаж байгаа бололтой байснаа толгойгоо өндийлгөв. Аппаратаа ширээн дээр нь тавингаа би түүнийг “Мандах төрийн малгай, бүтэх төрийн бүс гэх мэтчилэн үндэсний хувцас ёс төр, бэлгэдэл агуулсан байдаг. Би таныг үндэсний үзэлтэй хүн байх гэж яагаад ч юм бодчих­лоо. Бид төрөө дээдэлдэг ард түмэн дээ. Таны хувьд ёстой гэдэг үг юу вэ” хэмээн түншвэл нүдээ эргэлдүүлэн над руу цочмог харсанаа “Ёстой гэдэг үгийг би мэ­дэхгүй. Ер нь уран бүтээлч хүнд ёстой гэдэг үг байх хэ­рэггүй болов уу. Сэтгүүлчид та нарт наад үгийг чинь нийтээр нь цээжлүүлчихсэн байдаг юм уу. Бүгд л нэг ийм үг амандаа бувтначихсан сууж байх юм. Наад үгэндээ хүртэл шинэчлэл хийвэл яасан юм бэ” гэнэ. Нүд нь хурц юм аа. Ээждээ загнуулсан хүүхэд аятай бүлтэлзэн сууж байтал үргэлжлүүлэн зөөлнөөр “Би энэ телевизийн нэвтрүүлэгч, хөтлөгч нарыг ганцхан Цагаан сар, баяр наадмаар л дээл хувцас өмсдөгөө болиосой, өдөр бүр эфиртээ үндэснийхээ хувцсыг өмсдөг байгаасай гэж боддог.  Нийгмийг түүчээлж явах ёстой тайз дэлгэцийнхэн, театрын жүжигчид, дуучид гэх мэт урлагийнхан ямар хувцсаар гангарсныг энэ нийгэм харна. 

Тэд үндэснийхээ хувцсыг өмсвөл даган дуурайна. Энэ бол моод түгээж байгаа хэлбэр. Нийгэмд тухайн улс орны хүчирхэг дундаж, дунджаас дээш давхарга хувцасны загвараа түгээж байдаг. Үүнийг хүмүүс харж моод дэлгэрдэг” хэмээн хүүрнэв. Миний явах цаг болжээ. “Миний хийж байгаа зүйлийг арван хүний найм нь буруушааж байвал би болино. Харин найм нь таашаан дэмжиж байвал үргэлжлүүлсээр л байх болно. Монголчуудаа биед эвтэйхэн, хөнгөхөн, дулаахан, өдөр тутмын гоёлтой болгож, нийтээр нь өмсүүлж хэвштэлээ зогсохгүй” гэж тэр намайг гаргаж өгөхдөө хэлсэн юм.

 

Асуулттай төгсгөл 

Миний багад манай нутагт уран Цо гэж дархан байлаа. Цагаан сараар тэднийд ороод идэж уухаа ч мартан ангайж орхисон сууж байдагсан. Гэр музей л гэсэн үг. “Эртний Монгол хийц” салоноор ороод гарахдаа ямар мэдрэмж авсан гээч. Миний төсөөлөлд байгаагүй хэтэрхий ойрхон юм шиг хязгааргүй холын мэт ертөнцийн хаалгаар ороод л гарлаа. Яагаад ийм хол юм бол оо? 

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №006/24537/

 

 


0
angry
8
care
0
haha
6
liked
1
love
0
sad
1
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр