Гадаадад сурдаг оюутнуудын амралтыг тохиолдуулан бид арван дөрвүүлээ Өмнөд Америкийн Эквадор улсад амарч аялах завшаан тохиосон юм.
Дэлхийн Экваторын шугам дээр орших энэ улс газар нутгаар Монголоос 5.5 дахин бага, хүн амын тоогоор манайхаас тав дахин их. Улирлын ялгаа гэж үгүй, дөрвөн янзын экосистемтэй, байгалийн тогтолцоо нь өндөр шовх уулсдаа сэрүүвтэр, далайн эрэг орчим нь халуун, Экваторынхоо шугам дагуу Амазоны ширэнгэн ойдоо нэн халуун, эгц дээрээс нар төөнөж байдаг онцлогтой. Гэтэл Алтар, Антисана, Котопакси, Чимборазо зэрэг өндөр оргил нь мөнх цастай, бас галт уулын идэвхжилтэй утаа буугиж харагддаг. Эдгээр оргил нь далайн түвшнээс 5023-6268 метрийн өндөрт байрладаг. Котопакси (Cotopaxi - сарны хүзүү) гэх уул нь далайн түвшнээс 5897 метрийн өндөрт орших цасаар хучигдсан, Японы Фүжи уул шиг хэлбэртэй маш үзэсгэлэнтэй уулын хормойд бид очсон. Эквадорын нийт нутгийн 22 хувийг үндэсний парк, тусгай хамгаалалттай газар эзэлдэг. Ямар ч ургамал ургахад зохицсон экологийн тааламжтай нөхцөлтэй. Энд элсэн цөлд ургадаг ургамал, амьтад ч байна. Эквадорт дэлхийн сүүн тэжээлтний найм, шувууны 16, хэвлээр явагчдын тав, газар уснаа амьдрагчдын найм, ургамлын зургаан хувь байдаг гэнэ.
Ялангуяа өмнө зүгийн нутгаар нь аялахдаа Английн байгаль судлаач Чарлз Дарвины музейг үзэж сонирхсон юм. Ч.Дарвин 1856 оноос энд судалгааны ажлаа өргөнөөр эхлүүлжээ. Энэ музейд 100 мянган шувууны төрлийг үзүүлсэн үзмэр байна. Загасны 23 метрийн урт яс, яст мэлхийн бүх төрөл амьдаараа байх юм. Ч.Дарвины Шимт ертөнцийн эволюцын онолоо туурвиж байх үеийн яст мэлхий ч байна. Үүнийг үзэж танилцсан бидний нүд баясан, сэтгэл сэргэж явлаа.
Нийслэлд нь өндөр байшин барьдаггүй
Эквадорын нийслэл нь Кито хот. Энд музей, сүмүүдийг бид үзэж сонирхсон. Нийслэлдээ дөрвөн сая хүн амьдардаг. Нийслэлийн хорооллууд нь ядуу, дунд, тансаг зэрэглэлээрээ ялгардаг. Ядуучуудын орон сууц нь шигүү байрласан, нэг байранд таван хүн амьдардаг. Дундчууд нь арай тохитой орон сууц, хауст, баячууд нь эдлэн газар, тансаг харшид амьдардаг байх юм. Гудамж талбай нь цэмцгэр, ногоон байгууламж сайтай, хог хаягдал хотод нь байхгүй, хогийг тогтоосон цагт ангилсан саванд хийхэд хот тохижилтынхон нь авчихдаг. Хогоо ангилж саванд хийгээгүй бол торгуультай гэнэ.
XIV зууны үеэс Испанийн колони болсноос үүдэлтэй эртний байшин барилга, шашны сүм олонтой юм. Газар хөдлөлт, галт уулын идэвхжилтэй бүсэд байдаг тул өндөр байшин барьдаггүй байна. Эквадорт 1808-1822 онд Испанийн колонийн эсрэг хүчтэй тэмцэл үргэлжилж улмаар ялж тусгаар тогтнол, эрх чөлөөгөө тунхагласан Өмнөд Америкийн анхны улс юм.Тусгаар тогтнолын баяраа 1809 оны наймдугаар сарын 10-ны өдөр гэж тэмдэглэдэг байна. Учир нь, энэ өдөр тусгаар тогтнолоо зарласан 50 хүнийг испаничууд дахин баривчлан шоронд хорьж, бүгдийг нь цаазалсан ч 1822 онд бүрэн ялагдсан юм байна. Эхэндээ Венесуэль, Колумби, Эквадор гурав нэгдсэн тусгаар улс байснаа 1830 оноос Эквадор тусдаа улс болж Кито хотыг нийслэлээ гэж зарласан. Китогийн төв талбайд эрх чөлөөний хөшөө, дөрвөн талд нь Засгийн газрын ордон, Улсын гол сүм, хамба ламын болон Ерөнхийлөгчийн ордон байрлана. Амралтын өдөр Китогийн төв зам дагуу иргэд зөвхөн 50 км дугуйгаар явж хэвшсэн бөгөөд энэ үед автомашины хөдөлгөөн бүрэн зогсдог байна.
Кито хотод 36 сүм бий
1888 оноос эквадорчууд католик шашинд нэгдсэнээс хойш эв найртай зөрчил тэмцэлгүй амьдрах болжээ. 1885 онд анхны Базилика католик сүм баригдаж эхэлжээ. Одоо ч үргэлжилж байгаа гэнэ. Энэ сүмийн голд Исүс Христийн зүрх байгаа гэнэ. Үнэхээр Исүсийн хонь хөтөлсөн, том зүрхний зураг байна. Сүмийн цонхоор түүний зүрх алсын уулын оройд байгаа эх гэгээн Марияагийн хөшөөг харж цохилж байдаг гэх. Эх үрсийн мөнхийн холбоог бэлгэдсэн юм байна.
Эквадорчууд Исүсийн мэндэлсэн есдүгээр сарын 8-ны өдөр төрсөн эрэгтэй хүнийг Хосе Мария, эмэгтэй хүнийг Мария Хосе гэж аав, ээжийнх нь нэрээр нэрлэдэг заншилтай болжээ. Дараагийн гол сүм 16 дугаар зууны үеэс баригдсан Ла Компаниа гэдэг Алтан сүм. Анх испаничуудыг Эквадорт ирснээс хойш нэмж дөрвөн групп ирсэн гэдэг.Тэдний хоёр дахь Франциско гэх группийнхэн сүм сургуулийг ихэд эрхэмлэж, боловсролыг дэмждэг байжээ. Тэд 1766 онд Ла Компаниа сүмийг барьж эхлээд 130 жилийн турш дуусгажээ. Дотор чимэглэлийг сидар гэдэг модоор зорж хийсэн, алтан хуудсаар нааж бүрсэн, түүнд 40 кг алт орсон маш үзэсгэлэнтэй юм. Сидар модыг барилгад дам нуруу, багана зэрэг бүх хийцэд хэрэглэдэг, маш чанартай мод юм. Гэхдээ үнэ цэн нь модонд ч биш, алтанд ч биш, Франциско бүлгийн Маркос гэдэг алдарт Архитекторын Борокю гэдэг алдарт зураачийн уран зургийн бүтээлд байгаа гэж танилцуулж байв. Энэ сүмийн шалыг 1920 онд шинэчилсэн, 1980 онд хүчтэй газар хөдлөлтөөр дээд дугуй оройд цав үүссэнээс өөр ямар нэг гэмтэл гараагүй анхныхаараа байгаа гэнэ. Тэр цав гарсан хэсгийг нарийвчлан засахад 10 жил зарцуулжээ. Сүмд 1100 эгшиг гаргадаг хоолой, хөгжим ажиллаж байдаг гэсэн. Иймэрхүү өөр өөр төрлийн 36 сүм зөвхөн Кито хотод байдаг. Эдгээр сүмийн нэгэнд байх 130 настай 32 метрийн өндөртэй нэгэн сайхан Aravcaria гэх сүрлэг модыг Чили улсаас авчирч суулгасан юм билээ.
Эквадорын шоколад сахар багатай
YUMBOS /Юумбос/ гэх шоколадны үйлдвэрт зочилж, найман төрлийг нь амталж үзлээ. Эквадорын анхны үйлдвэрүүд нь кофе, шоколадны үйлдвэр байжээ. Учир нь, какао маш элбэг, зэрлэг ургадаг юм байна. Какаоны тос, үр нь гашуун амттай. Хөрс нь үржил шим сайтай учир одоо ч өргөнөөр тариалж экспортод түүхийгээр нь гаргадаг. Тэд бидний Бельги, Японы шоколадыг амтархан идээд байдаг. Тэр нь боловсруулалт сайтай, сахар ихтэй гэсэн үг юм. Эквадорчууд шоколадыг 15, 25, 40 хувийн сахартай хийдэг. АНУ-д 50 хувийн сахартай хийж худалдаалдаг бол Чили улсад 30 хувийн давс, халуун ногоо, цагаан гаатай худалдаалдаг гэх мэт янз бүр байдаг. Шоколад бол хүний биед хэрэгтэй С амин дэмээр баялаг, биеийн хорыг гадагшлуулдаг, аз жаргалын гармон ялгаруулдаг, судас тэлдэг зэрэг ач холбогдолтой.
YUMBOS гэдэг нь нутгийн уугуул иргэдийн нэр бөгөөд тэд Кечуа (Kichva) хэлээр ярьдаг. Эквадорчууд Испани, Африкийн негр болон Кечуа угсаатнаас бүрэлдсэн үндэстэн. Эквадор улс албан хэргээ испани хэлээр явуулдаг. Уугуул иргэд нь намхан, бор царайтай юм. Үндэсний хувцас нь өвөрмөц, хар, хөх даавуун дээлтэй, хар шляпан малгайтай явцгаах юм.
Авлигачин Дэд Ерөнхийлөгчөө гэрийн хорионд оруулж чаджээ
Эквадорт 1990-ээд оны үед инфляц асар их өсөж эдийн засаг хямарсан байна. Тэр үед халамж хавтгайрч, авлига хээл хахууль газар авч, тэдний мөнгөний ханш нэг ам.доллартай харьцуулахад 25000-д хүрчээ. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь хямралаас гарах аргыг багагүй хугацаанд судалж эцэст нь мөнгөө US$ (Америк доллар)-т шилжүүлэх шийдвэр гаргажээ. Гэвч үр дүн тийм ч түргэн гаралгүй нэлээд хугацаа өнгөрч байж ханш тогтворжсон гэнэ. Одоо АНУ-д инфляц найман хувь байхад эднийд гурван хувь байна. Нэгэн үе төр, засгийн аппарат хэт данхайж, авилга хавтгайрсан, яам тусгай газрын тоо нь 48-д хүрч, Аз жаргалын сайд хүртэл байжээ. Одоо арай хумигдаж яам, тусгай газрын тоо нэг дахин багасаж 23 болсон гэнэ. Эквадор улс Ерөнхийлөгчийн засаглалтай. 2007-2010 онд байсан Ерөнхийлөгч нь дэд бүтцин хөгжилд томоохон бүтээн байгуулалтыг хийсэн ч авлигын ноцтой хэрэгт холбогдож Бельги улсад орогнож байгаа гэнэ. Тэрхүү Ерөнхийлөгчийн хамаарал бүхий нөхөд баривчлагдсан байна. Тухайлбал дэд Ерөнхийлөгч асан нь өдгөө гэрийн хорионд хөлдөө гавтай байгаа гэж хөтөч ихэд эгдүүцэн хэлж байлаа.
Амазоны ширэнгэн ойд сармагчны монштой таарав
Нийслэл Кито хотоос Амазоны ширэнгэн ойд очихоор автобусаар явав. Нийслэлд далайн түвшнээс дээш 2800 метрт өндөрт буудалд байрлаж байсан бид цааш аялсаар 4100 метрийн өндөрт гарч ирснээ 200 км үргэлжлэх урт хавцлыг даган уруудсаар 50 метрийн өндөр хамгийн нам газарт ирж буудаллав. Ширэнгэн ойн зам нь машин зөрөх боломжгүй тул сүүлдээ мухардаж автобуснаасаа бууж ачаагаа жижиг тэргээр зөөн 200-гаад метр явган явж буудалдаа хүрсэн юм.
Куяана (Kuyana) гэдэг жижиг буудал яг бидэнд таарсан таван өрөөтэй, арван хэдэн ортой тохилог буудал байв. Хамгийн сонирхолтой угтагч бол Ромон буюу Вуули Монк (Wooly Monkey) гэдэг ноосорхог сармагчны долоон сартай монди байв. Энэ нутагт жил бүр болдог аав, ээжийн баяраар хүмүүс ан хийцгээж, тааралдсанаа агнадаг. Тэр агналтаар ганц сар ч болоогүй энэ нялх амьтан өнчирч хоцрон энэ хэдийн асрамжид бойжиж сахилгагүй гэрийн амьтан болсон байна. Хэнд ч эрхлэх дуртай тэр хөөрхөн амьтан биднийг гурван өдөр хөгжөөсөн. Бид өдөр тутам аялал хийхэд эрэгтэй үйлчлэгч замчилж ойн сонин өвөрмөц зүйлийг танилцуулна. Тэрбээр сэлэм барьж замын саад өвс, мөчрүүдийг тасдан биднийг зориуд бартаат замаар дагуулан нэг бол гол, эсвэл хүрхрээ дээр очиж усанд оруулна. Халуун өдөр хүйтэн усанд ороход үнэхээр сайхан байлаа.
Эрвээхэй нь хүртэл үзэмж төгөлдөр цэнхэр өнгөтэй, болжмор шиг том биетэй нь гайхширал төрүүлж байлаа. Тэнд ургадаггүй өвс, ургамал гэж алга. Тэд навч, мөчир, жимсээр хоол ундаа хийчих юм. Бүр хачирхалтай нь модны өтөөр хоол хийж байна. Тэрхүү модны өт нь хүний чигчий хурууны дайны бөгөөд түүгээр шорлог хийж, шарж байна. Бид бүгд л сонирхож амталсан.
Экваторын 000.000 цэгт өндгийг босоогоор нь тогтоож үзлээ
Куяана амралтын газраас машинаар 70 км явж, Китогийн галт уулнаас эх авч Амазон мөрөнд цутгадаг Сатун Яку голоор 27 км завиар явж үзлээ. Маш ширүүн урсгалтай том том хад, чулуу ихтэй учир завиар явахад давлагаа болгонд хөгжил наргиантай байцгаав. Энэ голыг гуравдугаар зэргийн үзэсгэлэнт гол гэж нэрлэдэг гэнэ.
Харамсалтай нь, голын хоёр эрэг дагуу алт олборлох ажил эрчимтэй хийж байгаагаас ус нь булингартай болсон байна.
Колумбийн мафиуд ингэж байгаа юм гэж бидэнд тайлбарласан. Хүчтэй техникээр газрын хөрсийг эргүүлж байгааг харахад харуусал төрж байлаа. Тэр үеэр бид кино театрт “Аватар” киноны хоёрдугаар анги гарсныг харсан маань давхацсаныг ч хэлэх үү.
Экваторын шугам бол аялагчдын заавал үзэж сонирхох газар юм. Экваторын 000.000 цэгийг эрдэмтэд нарийн судалж тогтоосон байна. Түүнийг нэг баталгаа нь Экваторын шугам дээр өндгийг босоогоор нь тогтоож болдог. Бид ч тогтоож үзлээ. Том бронкод ус хийхэд шугамын урд, хойд хэсэгт нар буруу, зөв хоёр янзаар эргэлдэж байлаа. Энд байх музейд хамгийн жижиг болжмороос эхлээд янз бүрийн амьтан, усан гахай хүртэл байна.
“Пан Америк” хурдны зам нь 30000 км үргэлжилдэг
Кито нийслэлээс хойш, урагш явахад “Пан Америка” хурдны зам тааралдана. Энэ хурдны зам Аляскаас Канад, АНУ-ын Лос Анжелесоор нэвт дайран өнгөрч цааш Мексик, Панам, Колумби, Перу, Чили улсын нутгаар нийтдээ 30 мянган км үргэлжилдэг, зургаан урсгалтай авто зам юм. Манай нисэхийн зам л гэсэн үг. Өдөрт найман цаг давхихад бүтэн гурван сар туулах тийм урт зам гэнэ. Өндөр уул даваанууд, толгой эргэм хавцлууд, тасралгүй давтагдах гол мөрөн, тунель, өргөн урт гүүр зэргийг ямар гайхамшигтай барьж байгуулсан юм бэ.
2001 онд Монгол Улсын Их хурлаар “Мянганы зам” төсөл батлах тухай хэлэлцэж байхад сөрөг хүчин маань “Мянгуужингийн үлгэр” гэж эсэргүүцэж байсныг энэ хурдны замаар хурдлуулж явахдаа санав. Улаанбаатар-Дархан зам бол үүний дэргэд юу билээ. Тэв тэгшсэн газар 200 гаруйхан километр гэж бодохоор...
Авлигачид үгүй, хулгайч, банкны дээрэмчидгүй, хувийн хэвшлийнхнийг дэмждэгсэн бол Дарханы зам байтугай, дахиад Мянганы зам, Мянганы төмөр зам тавих нь тийм ч үлгэр биш байна шүү дээ. Эквадор улсад машинаар хаашаа ч явсан 4000 метрээс дээш уул даваагаар заавал явна. Байгалийн үзэсгэлэнг л үзнэ, бас зам, гүүр, дэд бүтэц бүтээн байгуулалтыг нүдээр харна. Өндөр хүчдэлийн шугамууд тэр л уулсын оройгоор хэрээстэй байна. Уулархаг нутгууд нь усан цахилгаан станцтай, гэхдээ борооноос шууд хамааралтай. Бороогүй бол голын ус багасаж цахилгаан станц зогсдог. Тэр нутгийнхны амьдрал харанхуй болоход хүрдэг гэнэ. Тийнхүү эрчим хүч нь борооноос хамааралтай.
Эквадорын сарнай цэцэг маш олон өнгөтэй
Байгалийн үзэсгэлэнт газруудаар аялахад Хасиенда-гаар заавал орно. Заримдаа хоноглоно. Хасиенда гэдэг нь эдлэн газар бүхий баячуудын орд харшийг хэлнэ. Эдгээр нь 1600 оны үеэс эхлээд олон зууны түүхтэй барилга, архитектурын үзэсгэлэн бүхий газар юм. Испаничууд байгалийн үзэсгэлэнг ашиглаж ямар гайхамшигтай бүтээн байгуулалт, зам, усан сан байгуулж мал аж ахуйг хөгжүүлж, түүний түүхий эдийг чанартай сайн боловсруулж байна.
Эквадорын хойт хэсэгт тариалан эрхэлдэг байж. Харин сүүлийн үед Колумбачууд орж ирж, “Сарнай” цэцэг ургуулах болсноор хойд хэсэгтээ мал аж ахуй, газар тариалан бараг эрхлэхээ больсон гэнэ. Сарнайг манай нүүрс шиг гадагш экспортолдог. Тэр нь манай нүүрснээс хамаагүй илүү ашигтай, ажлын байрыг олноор бий болгосон юм байна. Бас байгальд ээлтэй. Эквадорын сарнай маш олон өнгө, төрөлтэй байдаг. Ургуулсан сарнайн 94-97 хувийг экспортод гаргадаг. Зарим үед түүний 60 хувь нь ОХУ-д гарч байжээ. Гадагш нь Голландын авиа компани тээвэрлэдэг. Манай Улсын Их дэлгүүрт “Голланд сарнай” цэцэг зардаг. Тэр нь Эквадорынх ч байж магадгүй. Голланд сарнайн хадгалах хугацаа 18 хоног гэсэн. Хэдийгээр нутгийн хойд хэсэгтээ тариалан эрхлэхээ байсан ч өмнөд хэсэгтээ бэлчээрийн мал аж ахуй үржүүлдэг нь хэвээр, гол нь хар тарлан үнээг үржүүлж түүхий эдийг нь бүрэн боловсруулдаг аж. Нэг үнээ өдөрт 35 литр сүү өгдөг. Бүтээгдэхүүн нь экологийн цэвэр органик гэдгээрээ илүү үнэ цэнтэй. Хасиенда бүрд туслах аж ахуй хөгжүүлж орлого олдог. Бид Виндхам (Windham) нэртэй Хасиенда-д нэг хоноглосон. Энэ Хасиенда 3800м-ийн өндөрлөгт байрладаг. Олон байртай, бассейн, жакузтай. Гуаякие хотын шөнө (Guayaqie) тэртээ дор, харин од мичид ойрхон мэт байв. Энд хөгшин, залуугүй даралт их ихдэж, хоол идэх дуршил төрөхгүй байсан. Тийм өндөрт гарахад зажилж иддэг навч байх л юм билээ.
Бид өөр нэг Хасиенда-д очиход элэгсэг дотно хүлээн авч эзэмшил газар, харшаа танилцуулсан. Долоо дахь үедээ энд амьдарч байгаа. Дунд нь улсад нэг хураагдаж буцаан зарахад нь худалдаж авсан гэнэ. Тэндээ сүм шиг мөргөлийн өргөөтэй, 30 га газар сарнайн хүлэмжтэй, үнээний фермээ ажиллуулж байлаа.
Ер нь эквадорчууд, ялангуяа испаничууд нь их эелдэг, гэр бүлсэг, ний нуугүй харилцаатай хүмүүс юм. Амралтын өдрүүдэд аль нэгнийдээ ах дүүсээр цуглаж хооллохыг их чухалчилдаг. Улс даяараа жил тутам сайхан хоолны уралдаан зарлаж олон зуун хүмүүс оролцож тэмцээний тухай телевизээр нэвтрүүлдэг. Тээр жил 1995 онд бид Венесуэлийн “Халтар царайт” гэдэг киног үздэг байсан шиг л хоолны тэмцээнээ ихэд сонирхдог, хүн бүр оролцохыг хүсдэг байна. Эквадороор аялахад музей, сүм, Хасиенда гэх түүхийн бодит бүтээлүүдээс гадна урлаг соёлын биет өвүүд, хүмүүсийн удам судар ил тод байх юм. Монголчуудын хувьд ингэж үүх түүх, соёл уламжлалаа сэргээн ой санамжаа бэхэлж, дархлаагаа сайжруулж байх нь даяаршлын эрин үед улам л чухал болж байна даа.
Манта хотод жуулчид олноор очдог
Китогоос нисэх онгоцоор далайн эргийн хот Манта-д очлоо. Энд шинэ жил таарсан учир хотын чимэглэл гойд сайхан санагдсан. Аялагчид энэ хотод очдог гэсэн. Ер нь Эквадорт утаа униар, автомашины түгжрэл, агаарын бохирдол байхгүй юм. Баяр ёслол, хурим найрыг сайхан хоолтой, дуу хөгжимтэй, бүжиглэхийг голлодог байна. Шинэ жилийн шөнө энд тэндгүй салют буудаж, хүслийн гэрэл хөөргөж нэртэй хамтлагууд нь шөнийн 04 цаг хүртэл тоглосон.
Манта хотоос гарч говирхуу газраар явсаар Гуяакиль хотод хүрч онгоцоор Галапагос арлууд руу ниссэн.
Галапагос арлуудын яст мэлхийнүүд хонь шиг бэлчээрлэж харагддаг
Онгоцноос буухад хүчтэй халуун нар дээрээс төөнөж говь цөл газар бууснаа мэдрэв. Тэндээс автобусаар далайн эрэгт очиж, завинд сууж усан онгоцонд хүрлээ. Далай нь давлагаагүй тогтуун. Усан онгоц нь зочид буудлынх шиг өрөөнүүдтэй, хаашаа л харна далай, алсад арлууд харагдана.
Шөнө нэгээс нөгөө аралд очиж өдөр нь усан онгоцноосоо завиар явж арлын эрэгт бууна. Очсон газар бүрд өөр өөр амьтан ургамал, шувууд байх юм. Хонь шиг бэлчээрлэсэн яст мэлхийнүүд, түмэн янзын шувууд, махчин шар шувуу, аль нь ч хүнээс айхгүй. Харин ямаа дээр үеэс зэрлэгшиж олшроод хуурай газрын яст мэлхийн иддэг өвсийг идэж хомсдуулаад байсан тул вертолётоор буудаж устгасан гэх юм. Зургийг нь харахад сайхан том биетэй улаан ямаа байлаа. Далайн эргээр далайн нохой дүүрэн. Аварга загас багыг нь иддэг учир эр нь тэднийгээ тойрон хамгаалж байдаг байна. Унтах болохоороо тэд халуун наранд далайн эргээсээ нэлээд хол очиж тарж унтацгаах юм.
Гүрвэл 3.5 см-ээс 4 метр хүртэл урт биетэй олон зүйл, овгийнх байдаг гэнэ. Дэглийтэн - өрөвтас хэлбэртний овгийн усны гоё шувууд далайн эргээр их байх юм. Тэд загас, зөөлөн биетэн, хясаа, хавчаар хооллодог.
Далайн яст мэлхийнүүд нь өтгөн ургамалтай эрэг хавийн усанд нутагладаг. Нийллэгийн үеэрээ далайн гүн рүүгээ ордог. Өндөглөхдөө далайн хөвөөний үржих аятай газар болох зөөлөн элсэнд газар ухаж өндгөө булдаг. 200 хүртэл өндөг гаргадаг. Нуруу, зоо хэвлийдээ ясан хуягтай, тэр нь нурууны ясны сэртэн, хавирга, эгэмний ястай нь бэхлэгдсэн. Урд, хойд талдаа завсартай, түүгээр толгой, хөл, сүүл нь гарч, аюул учирвал хуягтаа шурган далдлагддаг. Хуурай газрын яст мэлхий ургамлаар хооллодог бол усных нь загас, мэлхий, нугалмайгүй амьтнаар хооллодог. Яст мэлхийн мах, тос, өндөг, хуягийг ашиглах зорилгоор хороож зарим төрөл ховордсон байна. Газрын том яст мэлхийн хуягт ямар ч хүн багтахаар том юм.
Бидний мэдэх зуун наст шиг том том моднууд жимсэлсэн, цэцэглэсэн, тэмээ бэлчиж байгаа мэт ярайж байдаг. Тэдний сүүдэр, ёроолд том том газар уснаа явагч урт сүүлтэй гүрвэлүүд бүлсэн хэвтэж байдаг. Говь гэхэд говь биш, цөл гэхэд цөл биш, тийм өвөрмөц сонин тогтоцтой юм.
Андын нуруу бол сөнөсөн галт уул
Галт уулнуудын зарим нь идэвхжилтэй, зарим нь сөнөсөн байдаг. Андын нуруу бол сөнөсөн галт уул. Галт уулын дэлбэрэлтийн дараа тогоо үүсэж нуур тогтсон байна. Тэнд шинэ тосгон байгуулагдаж аялагчдад үйлчилдэг болсон байна. Энд очиход будан манантай, бороо шивэрч байсан тул бид орой дээрээс нь харсан.
Биднийг саатах хугацаанд манан арилж зураг авахад саадгүй болсон. Бороогүй хуурай үед аялагчид нуурын хөвөөнд очдог шат замтай юм. Унтарсан галт уулын орчин болохоор нууранд ямар ч амьдрал байхгүй. Дээгүүр нь ниссэн шувуу хордож үхдэг гэнэ. Тийм болохоор хорт хий байнга ялгарч дээш хөөрч байдаг байх нь. Энэ нь манайд байдаг тогооноос том хэмжээний 3600 метр өндөр ууланд тогтсон тогоо, нуур юм.
Эквадорын экспортын гол бүтээгдэхүүн нь нефть
Эквадор улсад үйлдвэр төдийлөн хөгжөөгүй гэж байгаа боловч дотоодын гангийн хэрэгцээгээ бүрэн хангадаг хувийн таван үйлдвэр бий. Эквадорт газар хөдлөлтийн онцлогт тохирсон уян ганг барилгад хэрэглэдэг. Гаднаас импортолсон арматур тохирдоггүй гэнэ. Дотоодын цементийн хэрэгцээг бүрэн хангадаг дөрвөн хувийн үйлдвэртэй. Үйлдвэр, аж ахуйн нэгж, компаниудаа ашгаар нь, борлуулалтаар нь, татвар төлөлтөөр тус тусад нь шалгаруулдаг. Гадаадын хөрөнгө оруулалттайгаар нь бас ялгаж шалгаруулдаг. Мөн Колумбийн хөрөнгө оруулалттай компани олон байдаг. Экспортод гаргадаг гол бүтээгдэхүүн нь нэгдүгээрт нефть, хоёрдугаарт банана, /Гадил/ гуравдугаарт сам хорхой, дөрөвдүгээрт сарнай цэцэг гэнэ.
Сүүлийн үед сарнайн экспорт эрчимтэй нэмэгдэж байгаа. Ер нь Эквадорт 3800 м өндөрт мод тарьж сарнайн хүлэмж ажиллуулдаг байна. Ургадаггүй жимс гэж алга. Ой модны, жимс ногооны, сарнайн эх орон гэмээр. Банана, манго, авакадо зарим нутагт зэрлэг ургадаг. Төмс гэхэд 400 төрлийн төмс тарьдаг ажээ.
Панамын сувгаар жилд 125 сая тонн ачаа, тээвэр нэвтэрдэг
Эквадороос нутаг буцах замдаа Панам улсаар дамжин нисэв. Панамд хоёр өдөр саатахдаа Панамын суваг гэж гайхамшигт бүтээн байгуулалттай танилцлаа. Умард, өмнөд Америкийн эх газрыг холбодог Панамын хүзүүвчийн хамгийн намхан, хамгийн нарийхан хэсэгт Панамын сувгийг байгуулжээ. Энэ газар анх Америкийн мэдэлд байсныг өөрийн цэргийн хүчийг Панамд байршуулах зорилгоор Панамын мэдэлд өгчээ. Бальбо хот орчмын Номхон далайн хэсгийг Атлантын далайтай Кристобаль хотын орчмоор холбосон юм байна. XIX зууны дундуур Их Британи, АНУ хоёр суваг барих эрхийн талаар удаан маргалдаж байсан зөрчлийг Франц улс овжин ашиглаж 1879 онд сувгийн барилгын ажлыг эхэлсэн. Гэтэл Францын гүйцэтгэгч компани сүйрсэнтэй холбогдож Англи-Америкийн гэрээний дагуу сувгийг байгуулах эрх 1901 онд АНУ-д шилжсэн. 1914 онд анхны хөлөг онгоц зорчиж 1920 онд албан ёсоор нээсэн түүхтэй. Урт нь 81.6 км, гүн нь 11.5 м, өргөн нь 150 м, гурван хос хаалтын байгууламжтай, 40 мянган тн хүртэл даацтай хөлөг онгоц хоёр гурваараа зэрэгцэн нэвтрэх боломжтой юм байна. Энэ сувгаар жилд 125 сая.тн ачаа нэвтэрдэг. Панам улсын төсвийн орлогыг бараг дангаараа бүрдүүлдэг. Сувгийг үзэх аялагчид өдөрт тасралтгүй хэдэн мянгаараа цувж байдаг байна. Панамын суваг бол аялал жуулчлалыг татдаг гол бүс юм. Биднийг очиход ачааны, зорчигч тээврийн хоёр хөлөг онгоц зэрэгцэн гарсан нь үлгэрийн мэт санагдлаа. Учир нь, ирж байгаа онгоцны талын усны түвшин өндөр, гарч байгаа онгоцны талын усны түвшин доор байгаа мөртлөө онгоц сувгаар гарах үед ирж байгаа талын далайн усны түвшин доош орчих мэт харагдсан шүү.
Сувгаар өнгөрөхдөө онгоцнууд удаан явах юм. Өнгөрсөн ачааны онгоц нь асар том байшин мэт дандаа 40тн-ын контейнерууд ачсан /багцаалбал 1000 орчим контейнертой/ байсан. Хүн тээврийн онгоц нь 10 давхар байсан байх. Том орон сууц гэсэн үг. Энэ сувгийг ашиглалтад оруулснаар дэвэн дэлхийг тойрч явдаг байсан зам, цаг маш их хэмнэгдэж эдийн засгийн үр ашгаа олон улсад өгөөд эхэлсэн байна.
Эквадор-Панам-Истанбул- -Улаанбаатар. 2023.01.23
А.ШАГДАРСҮРЭН
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/