Д.Цогтбаатар: Сайн үйлс дэлгэрч, хүмүүний бие сэтгэл өвчин зовлонгүй, амар амгалан болно


Гандантэгчэнлин хийдийн лам, зурхайч Д.Цогтбаатартайм ирж буй туулай жилийн төлөв байдлын талаар ярилцлаа.

Галын хүч арвижих тул нийтээрээ галын аюулаас сэргийлээрэй

-Хэдхэн хоногийн дараа монголчууд хаврын тэргүүн сарын шинийн нэгэнтэй золгох гэж байна. Шороон үхрийн зурлагаар шинжвэл ямар төлөв байдал ажиглагдаж байна вэ?

-Монголчууд шинэ он гарахад тухайн жилийнхээ ерөнхий төлөв байдлыг шинжиж ирсэн уламжлалтай. Жилийн ерөнхий төлөв байдлыг хаан гараг, эзэн гараг, түшмэл гараг, цасан чихрийн амт, боовны үр гэх мэт, мөн шороон үхрийн зурлагаар шинжиж ирсэн. Хуучин цагт хүрээ хийдийнхээ үүдэнд шороон үхрийн зурлагыг маш томоор зурж тавьдаг байжээ. Үүнээс ард иргэд жилийнхээ өнгийг хардаг байсан байна. Энэ жилийн хувьд үхрийн толгой, эвэр, чих, сүүл, омруу, туурай нь хөх, шийр, ногт нь улаан, бие нь ногоон, цулбуур нь шар, ходоод нь цагаан, амаа хамхиж, сүүлээ баруун тийш шарвасан байна. Харин үхэр хариулаачийн царай нь улаан, дээл нь хөх, бүс нь шар, малгайгаа баруун гартаа барьсан, нэг гэзгээ баруун чихнийхээ араар, нөгөө гэзгээ зүүн чихнийхээ урдуур унжуулсан, олсоор томсон бургасан хөх шилбүүр барьсан, хүч чадал багатай, хөх гутлаа өмссөн, өвгөн хүн, үхрийнхээ өмнө яаравчлан гүйж яваагаар зурлагын үндсэн шинж гарлаа. 

Туулай жилийн төлөвийг дээрх зурлагаар шинжвэл өвгөд хөгшид буюу өндөр дээд суудалтанд сайн. Энэ нь төрийн өндөр алба хашиж буй хүмүүст сайн жил гарч байна гэсэн үг. Залууст буюу дунд суудалтанд дунд, нялхаст буюу ард иргэдэд төрийн бодлогоор эрүүл мэнд, ахуй амьдралд илүү анхаарч дэмжсэн, тушаал шийдвэр гаргавал зохилтой жил гарч байна. Эрдэмтэн мэргэдийн нийгэмд эзлэх байр суурь идэвхжиж, алдрыг олох нигууртай. Аялал жуулчлалд өлзийтэй. Худалдаа арилжаа эрхлэгчдийн ажил үйлс дэлгэрэх, бод мал өсөн арвижих сайн. Үйлдвэр, үйлчилгээ явуулж буй хүмүүсийн ажил үйлс саад бэрхшээл ихтэй байна. Хамгийн гол анхаарах зүйл нь галын хүч арвижих тул нийтээрээ галын аюулаас сэргийлээрэй. Иргэд рүү чиглэсэн хууль журам улам чангарах нигууртай. Ард иргэдийн амьдрал доройтож, хулгай, дээрэм элбэгших, үймээн самуун, хямрал тэмцэл гарах нь идэвхжих тул эв эеийг эрхэмлэх нь чухал. 

Эрүүл мэндийн тал дээр залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт арвижихын шалтгаан доройтно. Энэ нь төрөлт буурахын нэршил юм. Зурхайн ухаанд "жилийн цөвүүн", "хоногийн цөвүүн", "өдрийн цөвүүн" хэмнэлийг өгүүлдэг. Гарч байгаа 2023 оны гуравдугаар сарын 23, есдүгээр сарын 19-ний өдөр өвчин, зовлон дэлгэрэхээс сэрэмжил. Мөн зарим газар оронд хүйтэн, лус, бадгана чанар өвчин гарахаас сэргийлбэл зохимжтой. Үүнээс үзвэл эрүүл мэндийн байгууллагууд онцгой анхаарах жил бололтой. Цаг агаарын тухайд өвс ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, хүнсний ногоо, хадлан бэлчээрийн ургац ихэд дэлгэрнэ. Хур цагтаа бууна. Энэ жил хур тунадас дунд байх нь. Жилийн эх ба тэргүүн, дунд сард үүл их, мөндөр, цас, хур бороо элбэг. Зарим нутагт хур багасна. Зун, намрын улиралд салхи шуурга их, тал хийгээд нам дор газар, өвлийн сар, дөрвөн сарын сүүлд зарим газраа гантай хуурай болох нь. 

-Зурлагаар бол ард түмэн амьдралдаа онцгой анхаарал хандуулж, улам мэрийлттэй байх хэрэгтэйг сануулаад байгаа юм байна, зөв үү?

-Яг тийм. Төр засгийн удирдлагууд иргэд рүү илүү анхаарал хандуулах хэрэгтэй. Ингэхдээ халамжаар тэтгэх бус үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихээс эхлээд өсөн дэвжихэд нь анхаарвал зохино.


Урлаг соёлд урьд, хожид байгаагүй уран бүтээлч төрнө

-“Үзэсгэлэн болгогч” хэмээх ёгт нэр ямар утга илэрхийлдэг вэ?

-Ёгт нэр гэдэг бол нэг оныг нөгөөхөөс нь ялгаж байгаа бэлгэдэл, онцлог нэр юм. XVII жарны 37 дахь жил гарч байна. Нэг жарны 60 жилийг дотор нь ялгаж, тодотгож өгч байгаа. Монголчууд бид гарч буй жилийн ерөнхий төлөвийг зурхайн олон зурлагаар зурж, шинжиж ирсэн уламжлалтай. Товчхондоо нэрнээс нь авч үзвэл сайн сайхан, үзэсгэлэнтэй, бэрхшээл бүрийг амжилттай даван туулах чадварыг бэлгэдсэн ёгт нэр гэж ойлгох хэрэгтэй. Цагаан биндэрьяа сударт “Сайн үйлс дэлгэрч, хүмүүний бие сэтгэл өвчин зовлонгүй, амар амгалан, ихэс дээдэс, лам хуварга, эрдэмтэн мэргэд хүндлэгдэнэ. Мал сүргийн шим тэжээл нэмэгдэж, урлаг соёлд урьд, хожид байгаагүй гайхалтай уран бүтээлч төрөн гарна” гэж тэмдэглэсэн байгаа юм.

-Гарч буй жилдээ юунд анхаарч, урьдчилан сэргийлбэл зохистойг зурхайн ухаанаар шинжилдэг байх?

-Тийм ээ. Аливаа жилийг хатуу, зөөлөн хэмээн ялгах нь буруу. Ялангуяа зурхайн ухаан нь тухайн жилд урьдчилан сэргийлж, анхаарвал зохистой зүйлсийг хэлж өгдөг. Тухайлбал, дээд хүмүүст гэм их, иргэдэд хатуу хууль цааз ирэх гэдэг нь иргэдэд үйлчилж буй хууль улам чангарна гэсэн үг. Галын хүч арвижин, хүмүүн нугууд хоосрох нигууртай гэдэг нь эд хомс хэмээх утгыг илэрхийлж байна. Залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн төрөлт арвижихын шалтгаан доройтно хэмээх нь төрөлт буурна гэсэн утга. Эдгээрийг зурхайн ухаанд өгүүлжээ.


Хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтэн суудлын өнцгийн засал хийлгэнэ

-Та дээр туулай жилийн ерөнхий шинжийг хэллээ. Тэгвэл жилээр нь авч үзвэл ямар жилтнүүд анхаарвал зохилтой бол?

-Жил орно гэдэг зурхайн талаасаа давтамж юм. Энэ удаад туулай жилтнүүдийн жил орж байна. Жил нь орж байгаа хүмүүс засал номоо заавал хийлгэвэл зохилтой. Мөн хонь, гахай жилтнүүдийн ивээл жил гарч байгаа. Туулай, хонь, гахай жилтнүүд засал номоо илүүтэй анхааран хийлгэвээс тухайн ондоо ажил үйлс өөдрөг, ашиг орлого нь арвин тогтож, эрүүл мэнд нь эерэг, амар амгалан сайхан байж, төр засгийн ивээлд ч багтана. Үүнээс гадна тахиа жилтнүүдийн их харш жил учраас засал номоо сайтар хийлгэж, биедээ анхаараарай. Харин хулгана, морь жилтний бага харш жил нь тохиож байна.

 Тиймээс засал номоо хийлгэвэл элдэв саад бэрхшээл, хар, цагаан хэл ам, өвчин зовлонгоос гэтэлгэхийг зурхайн номд заажээ. Үүнээс гадна дөрвөн ногоон мэнгэтэй хүмүүсийн биеийн мэнгэ голложээ. Тэгэхээр энэ мэнгэнд төрсөн хүмүүс нэн түрүүнд “Өвчин зовлонгоос ангижрах” болтугай хэмээн эрүүл мэндийн ном уншуулж, биеэ энхрийлбэл зохино. Түүнчлэн 12 жил нь дотроо эр, эм гэж хуваагддаг. Тэгвэл эр зургаан жилийн суудал өнцөгдсөн. Тодруулбал, хулгана, бар, луу, морь, бич, нохой жилтэн суудлын өнцгийн засал хийлгэх нь ээ. Ингэснээр аваар ослоос гэтэлгэж, ажил үйлс бүтэж, атаа жөтөөнөөс хамгаалах болно. Жилийн тухайд төгсгөлд нь хэлэхэд, 1987, 1951 оны туулай жилтнүүд онцгой засал хийлгээрэй.

-Хүүхэд, хөгшдөд туулай жил ямар байх талаар зурхайд хэрхэн тэмдэглэсэн байна вэ?

-Юуны түрүүнд засал номыг нь сайтар хийлгээрэй. Ялангуяа биеийн хэм хэмнэл доройтох учраас ахмадуудынхаа заслыг хийлгэж, буян болоорой. Өтгөс баярлах болно. Хоёрдугаарт, балчир насныхны заслыг хийлгэвэл сайн. Хуучин цагт хүүхдүүдийн нийгэмд эзлэх байр суурь бага байсан учраас аав, ээж нь засал хийлгэхэд болдог байлаа. Өнөөдөр цаг өөр болж, хүүхдүүдийн нийгэмд эзлэх байр суурь ч өөрчлөгдсөн. Тиймээс тэдний тухайд нэн түрүүнд эрүүл мэндийн ном уншуулах нь зөв юм. Нийгэмд эзлэх байр суурь нь нэмэгдсэн учраас хүүхдийнхээ зүг мөрийг гаргуулахад ч гэмгүй.

 

Иргэд засал, номоо билгийн тооллын 16-наас хойш ч хийлгэж болно

-Шинийн 1-15-ныг хүртэл гандан болон бусад хийдийн ачаалал нэмэгддэг. Шинийн 15-нд багтааж засал ном уншуулахын ач холбогдол нь юунд оршиж байна вэ?

-Эрэгтэй хүн жилээ угтаж, эмэгтэй хүн жилээ дагадаг гэдэг. Эрэгтэй хүн жилээ угтаж орно гэдэг нь жил орохоос өмнө засал номоо хийлгэх хэрэгтэй гэсэн үг. Үүнд, өвлийн адаг үхэр сарын 15-наас хойш засал номоо хийлгэх нь зохилтой болов уу. Хаврын тэргүүн бар сарын шинийн 15-ны дотор заслаа хийлгэнэ гэсэн юм байхгүй. Хаврын тэргүүн бар сарын шинийн 1-15-ны өдрүүдэд Бурхан багшийн их дүйчин өдөр тохиодог. Энэ хугацаанд өдрүүдэд номын буян их үйлдвэл хязгааргүй их буян хураана гэдэг. Тиймээс хүмүүс шинийн 15-нд багтаж засал номоо хийлгэхийг зорьдог учиртай. Монголчууд бид билиг ард түмэн юм. Аливаа зүйлийг сарын эхэнд хийдэг. Нэг сар нь 30 хоногтой. Эхний 15 хоногийг шинийн  гэж нэрлэнэ. 16-наас хойш бол билгийн гэж тоологдоно. Тэр үүднээс хүмүүс ачаалал үүсгэдэг. Шинийн 15-ны дотор ачаалал ихтэй бол айл гэрийнхээ ноён нуруунд Их хүлгэн сударт уншуулбал зохилтой. Ам бүлийнхээ тоог бичээд Их хүлгэн судар Алтан Ганжуур, Жадамба, Алтангэрэл, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Лүмбэнгарав, Авидын чого, Их манал, Заслын найман ном, Гурван гүрэм, 10 хангал, Түй мандал гэх мэт айл гэрийнхээ ноён нуруунд зориулсан номоо хүрээ хийдэд ирээд бичүүлж болно. Ирэх боломжгүй бол Gandan.mn сайтаар нэвтрээд дээрх дурдсан номуудыг уншуулах боломжтой. Харин жилийн засал, номоо билгийн 16-наас хойш гандан хийдийн хүний ачаалал гайгүй болсон өдрүүдэд хийлгэж болно.

-Шинийн 1-нд эмэгтэйчүүд мөрөө гаргана, гаргахгүй гэдэг дээр жил бүр маргаан дагуулдаг. Ер нь эрт үед эмэгтэйчүүд мөр гаргадаг байсан уу?

-Эмэгтэйчүүд маань шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах нь зүйтэй. Эмэгтэй хүний нийгэм, гэр бүлд эзлэх байр суурь өөрчлөгдсөн, хуучин цаг үетэй харьцуулж болохгүй юм. Шинийн 1-нд зүг мөр, цээр гаргах гэдэг маань эцсийн үр дүнд хувь хүний өөртөө хандах хандлага гэхэд болно. Хүн нэг бүр, тэр бүү хэл амьтан ч өөртөө зовлон хүсэхгүй шүү дээ. Тиймээс мөрөө гаргах нь зөв.

-Шинийн 1-нд айл өрх болгон цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Энэ үед ямар тарни уншиж, хангай дэлхийдээ даатгах ёстой вэ?

-Зөвхөн шинийн 1-ний өглөө цай сүүнийхээ дээжийг өргөдөг гэж ойлгох нь өрөөсгөл юм. Монгол эмэгтэй бүр өдөр тутам цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Хувь хүн бүр өөрийн уншдаг тарни, мэгзэмтэй, өөрийн өргөдөг шүтээн нар, сар, уул, ус, газар оронтой шүү дээ. Тарни гэснээс хүн өөрийн тоонд хүргэсэн тарни, мэгзэмтэй байдаг, түүнийгээ уншиж өргөх нь зөв болов уу.

-Ярилцлагаа энэ хүргээд өндөрлөе. Төгсгөлд нь та юу хэлэх вэ?

-Гарч буй жилдээ монголчууд маань эрүүл энх, эв найрамдалтай байж, бодсон санасан зөв үйлс бүхэн нь ном ёсоороо бүтэж, эдийн засгийн хувьд  буян хишиг хурсан, амжилт бүтээл арвинтай жил байх болтугай. Монгол түмэн минь идээ, ундаа элбэг дэлбэг, энх тунх, Сар шинэдээ сайхан  шинэлээрэй.

Туулай жилийн өдөр тутмын зурлага худалдаанд гарсан бай­гааг сүсэгтэн олондоо  дуулгая. Та бүхэн цаг тооны бичгээ авч өдөр тутамдаа хэрэглээрэй.

Б.Мөнхзул

Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/


0
angry
0
care
1
haha
5
liked
3
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр