Дэвжин дээшлэхийг бэлгэдэн хотол олноороо элбэг дэлбэг тэмдэглэн өнгөрүүлдэг Сар шинийн баяр хэдхэн хоногийн дараа болно. Үндэсний уламжлалт баярын өмнө буурлаас үг сонсохоор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвлээ гуайн гэрийг зорилоо.
-Сар шинийн баярын талаар ярилцахаар таныг зорин ирлээ. Таныг бага залууд үндэсний уламжлалт баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг байсан бэ?
-Миний хүүхэд нас хөдөө газар өнгөрсөн. Манайх хотол айлаараа шинэлдэг байлаа. Одоогийнх шиг өргөн дэлгэр биш гурав, дөрвөн айлаар ороод Цагаан сар өндөрлөдөг. Тэр үед идээ ундаа элбэг дэлбэг биш, боов л олдоно. Түүнээс чихэр гэж байгаагүй юм. Бас орчин цаг шиг айл өрх болгон ууц тавьдаггүй. Зарим айл хуйхалсан толгой, өвчүү л тавьдаг байв. Үүнээс хүүхдүүдэд хонины шийр, нэг ширхэг хавсай л оногддог байсан юм.
-Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн зүг, мөрөө гаргаснаар эхэлдэг. Таны хүүхэд ахуйд айл саахалтынхан тань зүг, мөрөө хэрхэн гаргадаг байсан бэ?
-Хөдөөнийхөн зүг, мөрөө сүрхий гаргадаг. Морь унаад давхичихна шүү дээ. Би нагац ахтайгаа зүг, мөрөө гаргадаг байсан. Ах маань хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө надад морио унуулахад нь би “Ашгүй, айл хэсэх нь” гэж горьдоно. Гэтэл зүг, мөрөө гаргачихаад буцаад ирдэг байсан сан. Их ч ёс журамтай байж. Одоо бол зүг гаргах ёс төдий болжээ. Дээр үед зүг, мөр гаргахдаа их ач холбогдол өгч голдуу морио унаад явна. Үүний хажуугаар явганаар зөв зүгтээ гарч, мөрөө гаргадаг байсан даа.
-Тухайн үед та хэдэн настай байсан бэ?
-Би нэг муухан морь унадаг байсан гэж бодохоор тав, зургаатай л байсан болов уу. Гэсэн ч хүүхэд гэлтгүй зүг, мөрөө гаргадаг байсан.
-Сар шинээр багачуудын ажил мундахгүй. Идээ будаа бэлтгэхэд туслахаас эхлээд явуулын ажил бишгүй л байсан биз?
-Бий, бий. Битүүний өдөр нэлээд ажилтай. Хүүхдүүд бусад айлд цай хоол аваачиж өгнө. Ийм ажилд голдуу хүүхэд явдаг байсныг муухан санадаг юм. Тэгээд Цагаан сарын шинийн 1-ний өглөө хот айлынхаа хамгийн өндөр настантай айлд очиж золгодог. Нар тусахаас өмнө зүгээ гаргаж, нар уулын толгойд лавхан тусаад ирэхийн алдад золгож эхэлдэг.
-Таны багад битүүний хурал гэж байв уу. Зүг, мөрөө хаашаа гаргахаа хэнээс тодруулдаг байсан юм бэ?
-Манай нутагт тийм юм байгаагүй. Харин зүг, мөр гаргахаа нутгийнхаа ламаас асууж мэддэг. Тэр үед ямар ном хэвлэл гэж байсан биш дээ. Айлууд бурхандаа идээ будаагаа өргөж таваг засна. Цагаан сараар хүмүүс нутаг усныхаа хүндтэй айлуудаар орно. Төрөл садангуудаараа зочилно. Гэхдээ айлын хүн бүр явах албагүй. Нэг төлөөлөгч явчихад л болдог байсан. Тэр үед боодол гэж байлаа. Боодол гэдэг нь айлд очихдоо 12 эсвэл 16 ширхэгтэй боовтой, өвчүүтэй эсвэл хаатай очно гэсэн махны хуваарьтай байсан юм. Ингэж айлд боодлоо аваачиж өгөөд хариуд нь хонины толгой, шийр, хошного, мах буцаагаад авдаг. Тэгэхдээ голдуу хаа, хонтой шаант чөмөг ирдэг байсан санагддаг юм. Хонтой шаант чөмгийг бүстэй хүүхэдтэй айлд өгнө. Тухайн айл нь ч анхаарал хандуулж, хүндэтгэдэг байжээ.
-Цагаан гурил ховрын бараа байсан талаар сонсож байсан. Харин таны багад ямар байсан бэ?
-Гурил ховор л доо. Гэсэн ч айлууд Цагаан сар болохыг дөхүүлээд хэдэн боов хийнэ. Эх орны дайны үед гурил ерөөсөө олдохоо байчихаад хүмүүс хавсайгаа хийж чадахаа байчихсан. Бас чихэр олдохгүй. Тиймээс зарим үед айл болгонд 200 грамм элсэн чихэр хувь болгон өгдөг байсан. 200 грамм элсэн сахарыг чинь тухайн айл ёстой нэг чамбайлна шүү дээ. Ахиухныг өгөхөөр хайлуулж бор чихэр хийнэ. Ирисээс ч хатуу болдог байсан гээд бод доо.
-Хуучин цагт ховрын бараанаасаа бэлэг болгож Сар шинээр нэг нэгэндээ өгдөг байв уу?
-Хүүхдүүдэд хааш хаашаа 25 сантиметр орчим хэмжээтэй алчуур өгдөг байсан. Гэхдээ тэрийг юунд ч хэрэглэхгүй. Ээж айлын хүүхдэд өгөөд гэр дамжаад алга болдог байсан санагдана. Одоо бол алчуурыг хэрэглээ талаас нь харж байна. Дээхнэ үед арай өөр. Тэр алчууранд хүмүүс сэтгэлээ шингээгээд өгдөг байсан. Тиймээс Сар шинээр айлаас алчуур авахдаа тэр айлын сэтгэл хэмээн бодож авдаг байжээ. Цагаан сарын хувь гэж бий. Заавал тавьдаг байсан. Үндэсний уламжлалт энэ баярыг хүмүүс дэндүү гэмээр хүндэтгэдэг байсан санагддаг. Ерөөс Цагаан сар гэдэг тэр жил, ондоо хүний хувь заяа, амьдрал ямар байх вэ гэдгийг сайн талаас нь бэлгэдэж хийдэг бэлгэдлийн агуулгатай баяр юм.
-Биднийг ярилцан буй энэ үед таны олон дурсамж сэргэж байгаа байх. Тэдгээрээс тухайлан хуваалцах уу?
-Намайг сургуульд яваад ирэхэд ээж боов хийчихдэг байсан. Бүдүүн гурил гэдэг байсан юм даа. Одоогийнхоор бол хивгээр. Хивгийг элсэн чихэртэй хуурч байгаад дөрвөлжин хэлбэртэй боов хийдэг байсан. Юм ховор байхад дажгүй л боов болчихсон санагддаг байсан.
-Таныг сургуульд явахад дайн дуусаагүй байсан уу?
-Би 1945 оны дайн дуусаагүй байхад сургуульд явсан. Манай нутагт Баянхонгорын хүрээ гэж том хүрээ байж байгаад устчихаад удаагүй тав, зургаан жил л болж байсан цаг. Лам олонтой. Цагаан сарын шинийн 1-ний өглөө хүүхдүүд хэсэг бүлгээрээ нийлж айл хэснэ. Хүүхдүүдэд ихэвчлэн боов л өгнө. Одоо бодоход зарим айлыг нь зовоож байсан байх аа. Бас тэгээд айлын өгсөн боов тааруу бол гэр дээр нь тавьчихаад яваад өгнө. Голж байгаа нь тэр л дээ.
-Сахилгагүй байжээ дээ. Тэгээд чухам хэдий үеэс юм элбэгшиж эхэлсэн юм бэ?
-Намайг дунд сургуульд орох үеэс юм уу даа, дайн дуусаад юм жаахан элбэгшиж эхэлсэн. Цагаан сараар дэвтэр, харандаа бэлгэнд ирдэг болсон. Сургуулийн хүүхдүүдийн хувьд энэ том бэлэг. Алчуурны оронд дэвтэр өгчихдөг болсон гэсэн үг. Хортой харандаа гэж ховор бэлэг байсан. Ховрын бараа байхгүй юу. Үнэтэй ч байлаа. Заримдаа хортой харандаа 100 төгрөг хүрч байсан шүү. Тэр үеийн 100 төгрөг гэдэг чинь маш их мөнгө. Одоогийнхоор бол хоёр хонины үнийн дайтай байсан юм шүү дээ.
-Цагаан сараар шинэ дээл хувцас хийлгэдэг нийтийн жишиг тэр үед байсан юм уу?
-Ядуу айл чинь Цагаан сараар шинэ дээл оёж өмсөх гэж юу байх вэ дээ. Байгаагийнхаа арай дээрийг нь л өмсчихдөг. Би бол нэг муу цагаан нэхий дээлтэй л хүүхэд байсан. Дотуур байранд байхад өмд гутал урагдчихна. Уранхай ч гэсэн яахав дээ, явж л байдаг. Чадвал уранхай биш хувцас өмсөх санаатай. Бийлэгжүү айл шинэ дээл өмсдөг байсан байх. Манайх мэтийн борог айлд тийм зүйл байгаагүй.
-Ер нь Сар шинийн баярыг хэр өргөн дэлгэр тэмдэглэдэг байсан бэ?
-Гурав хоногтоо л дуусчихна. Шинийн гуравнаас хойш тавгаа хураана. Айл хэсэхийн хувьд байдлаасаа л болно. Харин ахмад хүмүүстэйгээ шинийн 3-ны дотор очиж золгодог. Их оройтвол шинийн наймны дотор очиж золгодог л байсан байх.
Цагаан сар бол хүндэтгэлийн баяр. Өөрийгөө гэхээсээ илүү түмэн олноо хүндэтгэж буй хэрэг юм шүү дээ. Түмэн олны төлөө өөрийгөө зориулах ёстой юм. Зарлага гарч байгаа бол амаа бариад харуусаад байх хэрэг байхгүй. Хүний өгсөн бэлгийг нэг муу цоорхой оймс байна гэж голох хэрэггүй. Хамгийн гол нь тэнд хүний сэтгэл гэж юугаар ч үнэлж боломгүй нандин юмыг цоорхой оймстой хамт аваад өвөртөлчихөж байгаа юм.
-Цагаан сарын хувь заавал үлдээдэг байсан талаар та хэлсэн. Хүүхдүүдийн хувьд хамгийн нандин хувь гэж юуг хэлдэг байв?
-Үнхэлцэг... Чанасан үнхэлцэг хөдөөний хүүхдүүдийн хувьд дээд зэргийн хишиг. Айлууд намар идэш бэлтгэхдээ Цагаан сардаа зориулаад үнхэлцгийг нь хадгалчихдаг. Үнхэлцэг их хүндтэй идээ байсан юм шүү дээ.
-Ижийгээсээ Цагаан сараар авсан хамгийн сайхан бэлэг юу байсан талаараа хуучилж болох уу?
-200 грамм элсэн чихрээ олж аваад бүдүүн гурилаар хийдэг байсан боовны амтыг мартахын аргагүй. 1947 оны зун сургуулиа тараад очиход ээж надад цохио чихэр өгсөн. Өөрөөр булуу чихэр ч гэж ярьдаг л юм. Тэгээд 1948 оноос эхлээд ёотон гарсан даа. Хөдөө ёотон тоолох гэж байдаг. Нэг бүтэн ёотон аваад дөрөв, таван хүн зогсож байгаад нэг нэгийг өгнө. Хамгийн сүүлд ёотон авсан нь мөнгө төлдөг байсан. Хөдөөний хүүхдүүд чинь ёотонг ааруул шиг зажлаад идчихдэг байсан юм даа.
-Та өрх толгойлсноос хойш хэзээнээс Сар шинийг тэмдэглэж эхлэв?
-50 жил Цагаан сар хийснээс сүүлийн 30 жилд нь хүмүүсийг дуурайгаад ууц чанасан. Түүнээс өмнө бол өргөн дэлгэр тэмдэглэж байгаагүй. Аймагт байхдаа идээ засдаг байснаас ууц чанаж байсныг санадаггүй. Зарим айл нь мах чанаад тавьчихсан байдаг юм. Гэхдээ энэ нэлээд сүүлд л дээ. Одоо бол бүхэл хонины мах чанаж тавьж байна. Зарим нь хонь илүүг ч тавьдаг байх. Яах вэ дээ, хүний амьдрал сайжирчихаж. Тийм болохоор идэж уух юм элбэгтэй, ханагар дэлгэр байх бэлгэдлийн үүднээс тэгдэг байх.
Хүн юугаа хэрэглэх нь хувийн асуудал. Гэхдээ Цагаан сарыг барууны орнууд руу явсан зарим хүн тээршаагаад байна. Зарлага их гардаг гээд. Гэтэл тэр юм зарсныхаа хүчинд амьд яваа ч юм бил үү, хэлж мэдэхгүй шүү дээ. Цаана чинь үл үзэгдэгч ертөнц гэж бий. Үл үзэгдэх ертөнц үзэгддэгээсээ ч том байж мэднэ. Тиймээс ялангуяа залуучууд маань бэлгэдлийн ертөнц гэдгийг үгүйсгэж болохгүй. Монголчууд тэнэгтээ Цагаан сарыг сүр болгож тэмдэглээд байгаа юм биш. Цаана нь зүй тогтолтой гэдгийг мэддэг ухаантай ард түмэн.
Б.Сэлэнгэ
Эх сурвалж: Монголын үнэн сонин №007/24538/