​ Ухардаггүй Д.Улам-Оргил


Тэртээх 20-иод жилийн өмнө Улаанбаатарт ажил хийхээр ирсэн нэгэн эмэгтэйг энэ удаад онцолж байгаа юм. Тавдугаар ангийн охиноо хань татаж, хоёр нялх хүүхдээ тэврээд жимс зарж эхэлсэн түүний ертөнцөөр хэсэгхэн хугацаанд аялуулж байна. Хүний амьдрал эрээнтэй, бараантай. Тэр л нугачааг даван туулж сайхан амьдралаа цогцлоохын төлөө зүтгэж буй нэгэн эмэгтэйг бид “Эгэл амьдрал” буландаа онцолсон юм. Тэр бол Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат Д.Улам-Оргил. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ханталст” худалдааны төвд жимсний лангуу ажиллуулдаг эгэл жирийн эмэгтэй, дөрвөн хүүхдийн ээж.

Эхлэл 

Говь цогцолсон бүс нутагт малчин Дашхүү хэмээх сэхээтэн, зургаан хүүхэдтэй айлын хоёр дахь охин болон мэндэлсэн Улам-Оргил 1989 онд ОХУ-ын Эрхүү хотын Оёдлын ТМС-д суралцаж, төгссөнөөр амьдралын гараагаа эхлүүлжээ. Улмаар тухайн хотдоо хоёр жил гаруйн хугацаанд ажилласан ч аргагүйн эрхэнд үйлдвэр нь татан буугдаж, ажилчид нь тарсан байна. Эрхүүгийн Оёдлын ТМС-т суралцсан монгол оюутнууд тэндээ ажлын байртай байсан ч зах зээлийн “шуурга”-наар бүгд нутаг буцсан аж. Энэ тухайгаа ярихдаа “Олон сайхан хүмүүсийн дунд ажиллаж байлаа. Хэдийгээр би оёдолчин болохыг хүсээгүй ч сургуульд ирсэн хуваариас хамгийн их таалагдсан, амьдралд ойр нь Эрхүүгийн Оёдлын ТМС байлаа. Хил давж сурна гэдэг бидний хувьд том мөрөөдөл. Гадаадад суралцах хүсэлдээ хөтлөгдөөд л энэ мэргэжлийг сонгосон хэрэг. Түүнээс биш эмч болох мөрөөдөлтэй явлаа” хэмээв.

 Үйлдвэр нь хаагдсан ч тэрбээр Эрхүүгээс буцахыг хүсээгүй учир хэсэг хугацаанд нөхцөл байдлыг харж, тэндээ үлджээ. Гэвч байдал улам дордсон нь түүнд нутаг буцахаас өөр сонголтыг үлдээсэнгүй. Ингээд эх орондоо ирсний дараа Монгол-Америкийн хөрөнгө оруулалттай “Тэмүүжин Менч” оёдлын үйлдвэрт ажилд орж хоёр жилийн хугацааг үджээ. Орост гурван жил сурснаар барууны орны соёлд бага ч атугай суралцсанаа тэр олзуурхан ярина. Хэдийгээр өөрийнх нь хүссэн мэргэжил биш ч Оросыг зорьсондоо хэзээ ч харамсдаггүй гэнэ. Орост суралцах хугацаандаа нөхөртэйгээ танилцаж, хамтын амьдралаа эхлүүлжээ. Галт тэргэнд танилцсан тэд өдгөө дөрвөн хүүхдийн аав, ээж болсон юм. Оёдлын үйлдвэрт ажиллаж байхдаа анхны хүүхдээ гаргасан түүний хувьд уг салбарт ажиллах сүүлийн он цаг нь энэ байж.


Хөлөө олоогүй он жилүүд

Гэртээ хүүхдээ харж суухдаа юу хийж чадахаа сайтар эргэцүүлжээ. Ингээд зах зээлийн нийгэмд хөлөө олохын тулд Багануур дүүрэгт сүү, айраг зараад зогсохгүй хүнсний ногоо хүртэл тариалсан байна. Гурван жил орчим хугацаанд ногоо тарьсан тэрбээр анхны жилдээ ургацаа хураахад нэг тонн орчим шар манжин авчээ. Үүнээс урам авч ногоочин болохоор шийдсэн ч “Барс” захын бөөний наймаачид сэтгэл рүү нь ус цацсан гэдэг. Энэ тухайгаа “Нэг тонн шар манжин хураана гэж зүүдлээ ч үгүй явсан миний хувьд маш их баярласан. Надад их итгэл өгсөн. Ингээд хэрхэн борлуулах тухайгаа “Барс”-ынхнаас зөвлөгөө авах санаатай утасдаж асуутал аваад ир гэсэн. 

Машинд ачаад аваад очтол миний хөдөлмөрийг доогуур үнэлсэн. Нөгөө өөдрөг бодол тэрүүхэн зуур алга болчихож байгаа юм. Нэгэнт ачаад ирсэн ногоог яалтай билээ гээд л өгсөн. Бараг үнэгүй шахам өгөөд явж байгаа юм чинь. Ёстой хэцүү байсан шүү” хэмээн ярилаа. Товчхондоо “Барс”-ынханд мяалуулсан ногоогоо гайгүй үнээр зарахын тулд лангуутай болох ёстой гэсэн бодол толгойд нь зурвасхийжээ. Жимс, ногоо зарж байгаа хүмүүсийг хараад цагаахан атаархал тээж үүний төлөө л зүтгэхээ Д.Улам-Оргил нэгэнт шийдсэн байна.

 

Мөрөөдөл биелсэн нь

“Ер нь миний бодсон, мөрөөдсөн, хүссэн бүхэн биеллээ олдог. Яагаад гэвэл би биелүүлэхийн төлөө шантарч үзээгүй хүн. Хэдэн жилийн өмнө би лангуутай болохыг мөрөөддөг байсан бол одоо өөрийн гэсэн жимсний дэлгүүртэй болохыг мөрөөддөг болсон. Энэ мөрөөдөл минь удахгүй биелнэ гэдэгт ч итгэдэг”. Тэр ийн ярилаа. 2004 онд худалдааны салбарт албан ёсоор хөл тавихдаа Баянзүрх дүүргийн нутагт дэвсгэрт орших “Ханталст” төвөөс гараагаа эхлүүлжээ. Нэг ёсондоо энд жимс, нарийн ногоо зараад 20 жил орчим болсон гэсэн үг. Тус худалдааны төвийн гадна талд зун, намрын цагт гар дээрээс худалдаа эрхлэгчид цөөнгүй байдгийг хүн бүр мэднэ. Тэгвэл одоогоос 20-иод жилийн өмнө Д.Улам-Оргил яг л тэдний нэг байсан. Том охины хамт гадаа талбайд жимс, ногоо зарж суухдаа санаандгүй байдлаар “Ханталст”-ын зохион байгуулагчтай уулзаж, лангуу түрээслэх сонирхолтой, хүсэлтэй байгаагаа уламжилж амжжээ. 

Азаар гэх үү, эсвэл үнэхээр бурхан ивээсэн үү, 2004 оны наймдугаар сард тус худалдааны төвд жимсний ганцхан лангуу сул байсан нь Д.Улам-Оргилд олдсон байна. Ингээд л 40 мянган төгрөгийн өртөг бүхий цөөхөн жимсээ лангуун дээрээ өрж тавиад бүгдийг нь шахам борлуулаад харьж байсан тэр өдөр түүний сэтгэлд дурсамж болон үлдсэн гэнэ. Өдгөө тэр алим, гадил, мандарин, гүзээлзгэнээс эхлээд 40 гаруй нэр төрлийн жимс, нарийн ногоо борлуулдаг нэгэн болсон. Энэ тухайгаа ярихдаа “Хэрвээ тэр зохион байгуулагчтай тааралдаагүй бол би өдийд ямар хэмжээнд ч яваа билээ. Тиймээс ач тусыг нь үргэлж санаж явах ёстой юм. Тууштай зүтгэл, зорилготой явсны ачаар би өнөөдөр гурван хүүхдээ дээд боловсролтой болгож, өөрийн гэсэн тохилог гурван өрөө байртай, унах унаатай, хүнээс нэг их дутахааргүй сайхан амьдралыг бий болгож чадсан. Хэдийгээр түрээсийн лангуу эзэмшдэг ч миний амьдралд асар их өөрчлөлт авчирсан учраас би энэ худалдааны төвийн удирдлагууд, хамт олонд үргэлж талархаж явдаг юм. Олон ч хүнийг ажлын байртай, орлоготой байлгаж байгаа” гэв.


Тэр хэзээ ч ухарч үзээгүй хүн

Д.Улам-Оргилтой уулзаад удаагүй байтал тэр “Би зориглож хийсэн зүйлээсээ хэзээ ч ухарч үзээгүй хүн. Худалдаа наймаа хийж эхэлсэн 20 гаруй жилийн хооронд юу эс болох билээ. Элдвийн л зүйл үзсэн. Бэр эгч маань чи өөр ажил хийх юм уу гэж хүртэл надаас асууж байсан. Гэхдээ энэ бүхэн намайг улам л хурцалдаг. Хэрвээ амархан шантардаг байсан бол магадгүй өнөөдөр ч Биокомбинатдаа таван ханатай гэрт амьдарч байх байсан юм билүү. Биокомбинатад амьдарч байхдаа хоёр ч удаа гэрээ үерт урсгаж байлаа. Гэхдээ өмнөө зорилго тавьсан байхад босоод л ирдэг юм билээ. Том зорилго, мөрөөдөл байсан учраас би өнөөдөр хэний ч өмнө бардам явж байна” хэмээн хэсэгхэн хугацаанд бодол болон ярилаа.

 Жимс, нарийн ногоо зарах тийм ч амар ажил биш. Бараа, бүтээгдэхүүн нь муудахаас эхлээд “шаталт” ихтэй. Их хэмжээний жимс, ногоо муутгахад “Чи цаашдаа чадах юм уу” гэж хэлсэн нь маш их сургамж болжээ. “Манай нөхөр миний үгийг дагадаг. Өөрөө л бие дааж шийдвэр гарган, түүнийг нь миний хань дэмждэг. Надад итгэдэг учраас тэр шүү дээ” хэмээн Д.Улам-Оргил  ярьж байна. Товчхондоо бол тэр аливаа асуудалд толгой мэдэн шийдвэр гаргадаг бөгөөд алдахаасаа онох нь их байдаг аж. Тиймээс л хань ижил нь Д.Улам-Оргилын гаргасан шийдвэрт огт эргэлзэж байгаагүй гэнэ. Энэ бол маш том чанар, бас дэмжлэг. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг ч алдах үе байна. Харин ганцаараа шийдвэр гаргахад алдсан ч эрсдэлээ өөрөө үүрэх хэрэг гарна. Энэ нь түүнд амар байдаг бололтой. Ярианы өнгөнөөс нь ажвал тэр хэзээ ч хийсэн ажлаасаа ухарч үзээгүй нэгэн гэдгийг ойлгоно. Нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой гэдэг шиг даруухан царайнаас асар их эрч хүч мэдрэгдэнэ. Хэдийгээр зарим үед шантарсан ч хэзээ ч болих тухай бодож үзээгүй гэнэ. Алдсан ч, оносон ч 20 жил тогтвортойгоор нэг газраа ажиллана гэдэг өөртөө итгэлтэй хүний шинж юм.


Эртэч эмэгтэй

Амжилтад хүрэхийн тулд эрт босох нь түүний эрхэм чанарын нэг. Хамгийн эрт ирж, хамгийн орой буцдаг байсан түүнийг хамтрагчид нь гайхдаг байж. Хүүхдүүдээ өсгөхийн зэрэгцээ ажлаа хийхийн тулд хоёр хүүхдээ гадил жимсний хайрцагт унтуулж байгаад наймаагаа хийдэг байсан аж. Энэ тухайгаа ярихдаа “Анх Улаанбаатарт хөлөө олоход үнэхээр чанга байлаа. Бэрхшээлгүй амьдрал гэж байхгүй. Тэр бүхнийг даван туулж чадвал амжилтад хүрнэ. Хоёр нялх амьтныг аваад Биогоос өглөө эртлэн гарч, орой хамгийн сүүлд харина гэдэг надад ахадсан ажил байсан. Гэхдээ би нэгэнт эхлүүлсэн учраас шантрах эрх байгаагүй юм. Эрт эхлүүлсэн ажил яагаад ч юм бүтээмж өндөртэй байдаг юм шиг санагддаг. Миний санасан, бодсон бүхэн алдаатай байгаагүй” гэв. “Эрт босвол нэгийг үзнэ, орой унтвал нэгийг сонсоно” гэдэг үг олон оныг элээж бидэн дээр ирсэн. Эртний юм шиг атлаа энэ цагийн хүмүүст  мөн ч их хамаатай. Эрт босоцгоож  хөдөлмөрлөөд улсаа хөгжүүлсэн тухайд манай алдарт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров ярьсан байдаг. Эртэч хүмүүс ихийг бүтээнэ гэж тэр тодорхойлж байна билээ. Тэр залууст хандан “Эртэч шувуухай байцгаая. Эрч хүчийг мэдрэх болно” хэмээн уриалж байгаа юм.

“Амьдрал өөрөө гоё юм. Эрээнтэй, бараантай байх нь хүнийг ухааруулдаг юм билээ. Өдөр бүр суралцаж явсаар нэг л мэдэхэд 20 жил “Ханталст”-ын лангуун дээр жимс заржээ. Адал явдалтай амьдралд дуртай учраас өдөр бүрийн өнөөдөртөө баярлаж явна” гэсэн түүний үгээр “Эгэл амьдрал”-ын түүхээ өндөрлөе. Эгэл, энгийн бүхэн сайхан.

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №008/24539/


0
angry
0
care
0
haha
0
liked
4
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр