Хөдөөгийн сэргэлт ба XXI зууны их нүүдэл


Миний урд Улаанбаатар хотын 1935 оноос хойших  хүн амын тоон судалгаа байна. 1935 онд 10.4 мянга орчим хүн амтай байсан нийслэл хот маань 1990 он гэхэд 587 мянгад хүрч 55 жилийн хооронд 570 мянга орчим иргэнээр нэмэгдсэн байх юм. Түүнээс хойш Улаанбаатар хотын хүн ам хөдөө орон нутгаас шилжин ирэгсэдтэйгээ нийлээд жил бүр 30-50 мянган иргэнээр өссөн дүнтэй явсаар 2005 онд сая давсан хүнтэй мегаполис болжээ. Өнөөдөр нийслэлд их дээд сургуулиудын 90, худалдаа үйлчилгээний 86, нийт хадгаламжийн 81, бүртгэлтэй аж ахуйн нэгжийн 76 хувь төвлөрч эрчим хүчний эх үүсвэрийн 85, хөрөнгө оруулалтын 50 хувийг дангаар бүрдүүлж Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг үйлдвэрлэж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийн 34 хувь нь нийслэлд амьдарч байна. Нийслэл хот маань өөртөө ахадсан ачааг үүрч яваа нь энэ тоон баримтуудаас харагдана. 

Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгд жагсдаг улс атлаа нийт газар нутгийнх нь 0.3-хан хувийг эзлэх нийслэл хотдоо нийт хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа. Агаарын бохирдол дэлхийн бусад хотоос 10 дахин их мөртлөө нэг хүнд ногдох ногоон байгууламж 10 дахин бага. Энэ нь нэг талаараа хүрээлэн байгаа байгальд учирсан асар их хохирол экологийн доройтлын шалтгаан. Улаанбаатар саятан хот. Саятан гэх тодотгол нь хүн амын тоон үзүүлэлт болохоос биш амьжиргааны түвшнийг илэрхийлж байгаа хэрэг биш. Улаанбаатар хотын иргэдийн авч буй цалинг дэлхийн дундаж цалинтай харьцуулахад 3.5 дахин бага гэсэн статистик тоо бий. Жилд 70-80 мянга гаруй автомашин шинээр замын хөдөлгөөнд орж, иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, үүнээс шалтгаалсан алдагдсан боломжийн өртөг сүүлийн 10 жилд 11.8 их наяд төгрөг болсон байна.

 Хатуухан хэлэхэд Монгол Улс дотор Улаанбаатар хот-улс болжээ. Хот, суурин газрын төвлөрлийг сааруулах тухай сүүлийн 20 жилийн турш яригдсан. Тооцоо судалгаагүй бодлого төлөвлөлт, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын арчаагүй хариуцлагагүй байдлын өр төлөөс жирийн иргэдийн нуруун дээр алдагдсан боломж, үнийн өсөлт, татварын дарамт болон бууж, иргэдийн амьжиргааны түвшин жил ирэх тусам дордсоор ирсэн. Одоо тоон үзүүлэлт дурдаад, сүүрс алдан гутарч суух цаг биш гэдгийг өнгөрсөн 30 жилийн алдаа завхрал ард иргэдэд нэгэнт ойлгуулчихсан. Одоо шинэ мөрнөөс, мөн шинэ “Хөдөөгийн сэргэлт”-ээс эхэлье. 

“Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлав”, “Урин цаг гэрийн тооно, нээлттэй цонхоор инээм­сэглэн мэхийж, энгэр ээвэр газрын цас ханзран малчны хотонд нялх төлийн дуу цангинаж эхлэв. Уул толгод, гол мөрөн уясан гэсэх агаад хүн малын нуруу сая тэнийн үзэгдэнэ” Дээрх өгүүлбэрүүд ямар нэгэн давахад бэрх зүйлийг гэтлэн гарч ирсэн хүн мал сая л жаргалын нар үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Малчин гэхээр л хэдэн малын хойноос чөлөө завгүй явж, ядрах харшихын туйлд хүрсэн хөөрхий хүмүүс төсөөлөгддөг цаг ард хоцорсон. Салхин сэнс, нарны зайгаар тог цахилгаанаа шийдэж, өвөлжөө хаваржаа, зуслан намаржаа дөрвөн цагийн эргэлтэд хүсвэл нүүж очиход бэлэн тохилог орон сууцтай, өдөр бүр усанд орж, телевизийн олон сувагт антен, хот хөдөө, ачааны суудлынхаар нь ялган унах төмөр хүлгүүд гаднаа ярайлгасан орчин үеийн малчид шинэ капиталистууд. Энэ тохиолдолд “Урьдын юм ул болж, шинэ юм зул болно” гэдэг зүйр үгийг ашиглаваас зохилтой аж.   

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж буй ажлуудаас Хот хөдөөгийн сэргэлтийн бодлого сүүлийн жилд хүчтэй яригдах болсон. Хотоос хөдөө рүү гэхэд хэн ч шууд очихгүй нь ойлгомжтой. Хотын төвлөрлийг багасгахтай зэрэгцэн хөдөөгийн хөгжлийг ярих шаардлагатай. Хөдөөгийн хөгжлийг ярихын тулд хотын хүний, эсвэл  хотжиж амжсан иргэдийн тархинд суусан, үлдсэн хөдөө гэдэг ойлголтыг цогцоор нь өөрчилж хот хөдөөгийн ялгааг багасгах ёстой болно. Цогцоор нь ч юу байх вэ дээ, хөдөөг дотоодын аялал жуулчлалын бүс гэж харахаас илүү ажиллаж амьдрахад таатай бүс нутаг гэдгийг нь ойлгуулж, таниулна гэсэн үг. Мөн түүнчлэн хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангахад эдийн засгийн бодит хөшүүрэг, эрх зүйн цогц шинэчлэл тогтолцооны томоохон шийдлийг олж хэрэгжүүлэх хэрэгтэй. Хот, хөдөөгийн ялгааг арилгаж болох уу гэвэл болно гэж хоёр гараа өргөн хэлмээр байгаа нийгмийн дундаж сэхээтэн залуус хэдэн мянгаараа зогсож байна. Шинэ сэргэлтийн бодлогод дурдагдсан боомт, эрчим хүч, аж үйлдвэржилтийн сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэх “Их бүтээн байгуулалт”-ыг дагасан ажлын байр хөдөөгийн хөгжилд том түлхэц болно. 

Ер нь л нийгэм давлагаалаад эхэлчихлээ. Хөдөөгийн талд, хөдөөгийн шинэ соёлыг түгээж “Хөдөөг моод”-нд оруулах үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж эхлэх цаг аль хэдийнэ хаяанд иржээ. Бид анх удаа “Хөдөөг “моод”-д оруулах гэж байгаа юм биш. 1950-аад оны сүүлч, 1960-аад оны эхэн үеэр атар газрыг эзэмших залуусын хөдөлгөөн, 1970-аад оны дундуур илгээлтийн эзэд “Эрдэнэт” хотыг барилцаж байсан түүх бий. Яг үүнтэй адилхан үндэсний хөдөлгөөн атрын дөрөвдүгээр аяныг орчин цагийн хөгжлийн шинэ агуулгаар баяжуулан өрнүүлнэ. Төрөөс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарыг бодлогоор дэмжихээр болсон. Хүнсээ дотооддоо бүрэн хангах, хүнс экспортлогч улс болох зорилтын хүрээнд “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг бас өрнүүлнэ. Нэмээд нэг юм дуулгахад Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжих сангаас гарах зээлийн 70 хувийг хөдөө аж ахуйн ийм чиглэлийн хоршоодод өгөхөөр болж байгаа. 

 

Жингийн ачаа 

1990 оноос эхлэн Улаанбаатар хотыг чиглэсэн их жин хөдөөнөөс хөдөлсөн. Зөвхөн 1992-2016 оны хооронд 607 мянган хүн Улаанбаатар хотод шилжин суурьшсаныг дээр дурдсан. Суурьшлыг дагаад утаа, хөрсний бохирдлын асуудал нүүрлэж, экологийн сүйрэл бүрэн утгаараа биеллээ олов. Үндсэн хуульд заасан хүн амын эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах ч алдагдав. Өвөлдөө утаандаа төөрч, зундаа шороо, тоостой зууралдан, амьдарч байна. Цаашлаад энэ их нүүдлийн уршгаар ажилгүйчүүд, ядуусын тоо нэмэгдэв. Бидний зорьж ирсэн Улаанбаатар үнэндээ ачааллаа дийлэхээ больж, эргээд бид төвөөс “зугтах” дээрээ тулж байна. 

Гэхдээ энэ бол дан ганц Улаан­баатар хотын ч зовлон биш. Аж үйлдвэр­жилтийн анхны хувьс­галаас эхтэй хот руу чиглэсэн хүн амын урсгал энэ зуунд ч дэлхий даяар тасрах янзгүй. Дэлхийн бүхий л мегаполис ийм л бэрх­шээлийн өмнө зогсож гарах гарцаа хайсаар байна.   

 

Бохирдлын орц, төвөөс зугтах хүч 

Улаанбаатар хот. Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг, дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг. Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж 687 микрограмм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй түвшнээс 27 дахин их байна.  Улаанбаатар хотын хөрсний нянгийн бохирдлыг стандарт үзүүлэлттэй харьцуулахад нийт дээжний 88 хувьд нь нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол хотын хүн амын төвлөрөл ихтэй худалдаа үйлчилгээ явуулдаг томоохон төвүүдийн орчимд аммонийн бохирдолт бэлчээрийн эрүүл хөрстэй харьцуулахад 10 дахин их байгаа юм. Мөн гэр хороолол, олон нийтийн газрын ахуйн хог хаягдал, шингэн бохирдолтой шууд холбоотой Улаанбаатар хотын хөрсөнд органик гаралтай бохирдол их байна. Бидний сонсохыг хүсээгүй дуу чимээ амьдарч буй орчинд тархсанаас дуу чимээний бохирдол үүсдэг. Үүнд, эх үүсвэрүүдэд нь барилга, моторт тээврийн хэрэгсэл, гудамжны шуугиан болон нисэх онгоц, галт тэрэг хамаарна. Тэгвэл ДЭМБ-аас гадаад орчин буюу гудамж талбайн дуу чимээний зөвшөөрөх дээд хэмжээ нь 60 децабел гэж тогтоосон ч нийслэл хотод 75.19 децабел буюу аюултай түвшинд хүрээд байна

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр