Уншигчид маань амжилтад хүрсэн бизнес эрхэлдэг эмэгтэйчүүдийн талаар ном, сонин сэтгүүлээс олонтаа уншсан байх. Тэдний ямар бэрхшээлийг даван туулж, өнөөдрийн амжилтад хүрсэнтэй танилцсан болов уу. Сониныхоо энэ дугаарт онлайн худалдаа эрхэлдэг эмэгтэйчүүдийн төлөөллийг урилаа. Түүнийг Т.Хишиг-Өлзий гэдэг. “Тэрбумтан Өлзий” нэрээр олон нийтэд танигдсан тэрбээр өдгөө онлайн худалдаагаа амжилттай эрхэлж, олон мянган дагагчтай пэйжийг хөтлөн явуулж байна.
-Бизнест пи-ар хийхэд олон чухал зүйл байдгийн нэг нь оновчтой нэр. Үүнийг та оновчтой мэдэрчээ?
-Баярлалаа.
-Гэхдээ яагаад “тэрбумтан” гэдэг үгийг сонгосон юм бэ. Энэ тоо таны хувьд ямар нэгэн бэлгэдэлтэй юү?
-Зорилгоо бодож байгаад одоогоос жил гаруйн өмнө “Тэрбумтан Өлзий” гэдэг нэрийг сонгосон. Гол нь бараа бүтээгдэхүүн борлуулахад хэн ч сонссон содон нэр байх ёстой. Тиймээс “тэрбумтан” гэдэг тодотголыг зорилготойгоор, зоригтойгоор нэрийнхээ өмнө тавьсан.
-Худалдаа, үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн болохоор энэ салбарыг сонгон ажиллах болов уу?
-Би чинь тэс өөр мэргэжилтэй хүн шүү дээ. Нарийн бичиг, операторын мэргэжил эзэмшсэн ч мэргэжлээрээ ганц ч удаа ажиллаагүй.
-Яагаад гэж асуувал та хариулах уу?
-Одоо бодоход анхнаасаа худалдааны чиглэлийн хүн болох байсан юм билээ. Би эмээгийн охин л доо. Багаасаа эмээтэйгээ сүү, тараг зарж худалдаа хийдэг байлаа. Ер нь л ажлын амтыг хүүхэд байхаасаа мэдэрсэн. Онлайн худалдаагаа эхлүүлээгүй байхдаа хүртэл таван хошуу малын сийлбэртэй буян хишгийн авдрыг борлуулж үзсэн. Тэр үеэс онлайн худалдааг хийж болмоор санагдсан. Түүнээс хойш хувийн бизнесээ эхлүүлээд долоон жил болж байна. Онлайн худалдааг эхлүүлэхдээ анх монголчуудын сайн мэдэх бурмыг нэг эмэгтэйгээс худалдаж авч байсан. Түүнтэй бизнесийн хүрээнд хамтрахаар ярилцсан. Гэхдээ тухайн үед яагаад би өөрөө энэ бизнесийг эхлүүлж болохгүй гэж бодсон. Тэр л үеэс онлайн худалдаагаа эхлүүлэх санаа төрсөн. Гурав дахь хүүхдээ төрүүлэхээр тээж байсан юм.
-Зургаа, долоон жилийн өмнө онлайн худалдаагаа эхлүүлж байхад одоогийнх шиг байгаагүй. Хөлөө олох гэж багагүй саад бэрхшээлийг дасан туулсан байх?
-Тухайн үед “Жирэмсэн ээжүүдийн групп”-ийнхээ туслах админ нь би. Аль болох хүнд туслахыг хичээдэг байлаа. Надад илүү зүйл байвал бусдад байгаагаараа туслахыг хүсдэг байв. Энэ нь эмээгийнхээ дэргэд өссөнтэй холбоотой байх. Ер нь би бусадтай байгаагаа хуваалцдаг төрлийн хүн л дээ. “Жирэмсэн ээжүүдийн групп”-ийн админ байхад олон сайхан санаа гарч ирсэн. Жирэмсэн ээжүүдээсээ захиалга авч бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхэлсэн. Үүнийхээ зэрэгцээ группийнхээ ээжүүдэд хэрэгтэй мэдээлэл оруулж, чөлөө завгүй өдрүүдийг өнгөрүүлдэг байв.
-Бизнес хийхэд хамрах хүрээ их чухал. Одоо “Тэрбумтан Өлзий” хэдэн дагагчтай болов?
-7000 гаруй дагагчтай.
-Тэгвэл анхны захиалгаа хэдэн төгрөгөөр эхлүүлж байв?
-Цалинтай ээжийн 50 мянган төгрөгөөр онлайн худалдаагаа эхлүүлж байлаа. Анх охиндоо хоолны ширээ захиалж байсан. Бас паск шиг загвартай эрэгтэй загварын цүнхнээс таван ширхгийг захиалж байлаа. Анх удаа онлайнаар бараа захиалж байгаа болохоор ямар юм ирэхийг мэдэхгүй их айдастай байсан ч эхний захиалга маань амжилттай болсон. Гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээж учраас бага мөнгөтэй. Гэхдээ бараа борлуулахдаа юмныхаа үнийг нугалж олохыг гол зорилгоо болгоогүй. Өөртэйгөө адилхан хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүдэд хүссэн барааг нь аль болох хямдаар санал болгохыг хүссэн юм. Одоо ч захиалга авахдаа энэ зарчмаа баримталдаг. Яагаад гэвэл гэртээ хүүхдээ хараад сууж байгаа ээжүүдэд тийм их мөнгө байхгүй шүү дээ.
-Цар тахлын үед онлайн худалдаа жинхэнэ утгаараа “цэцэглэсэн үү”?
-Хил гааль хаалттай байсан учраас онлайн худалдаа хийх тийм ч хялбар байгаагүй. Захиалсан бараа маш их удаж ирдэг. Борлуулалт хугацаа алдсанаас шалтгаалж “Луйварчин юм уу. Яагаад захиалсан бараа чинь одоо хүртэл ирэхгүй байгаа юм” гэхчилэн захиалагчаас олон янзын сэтгэгдэл ирдэг байлаа. Тухайн үед камин зуухыг үйлдвэрийн үнээр борлуулдаг захиалга авдаг байсан. Гэхдээ тийм ч их ашиг хараагүй. Нэг уут памперсны үнэ буюу 50 мянган төгрөгийн ашиг л харж борлуулалтаа хийдэг байсан юм. Гэтэл тухайн үед захиалсан бараа маш удаж ирсэн. Ирсэн ч автомашины хөдөлгөөн хязгаарлачихсан учраас асуудалтай гээд яривал дуусахгүй. Харин одоо бол хил гааль нээгдлээ. Хоёр ч удаа Эрээн рүү яваад ирлээ. Аль болох үйлдвэрээс нь бараа бүтээгдэхүүн авахыг хичээж байна даа.
-Одоо бол бараа бүтээгдэхүүнээ захиалдаг байнгын хамтран ажилладаг хүмүүстэй болчихсон байх?
-Эрээн хотод ажиллаж, амьдардаг өвөрмонгол эхнэр, нөхөр хоёртой хамтран ажиллаад гурван жил болж байна. Бид олон үйлдвэрийг судалж байгаа. Сайн бараатай үйлдвэртэй холбогдчихвол байнгын харилцагчтай болно. Ингэснээр бараагаа илүү хямд үнээр борлуулах боломж бүрдэх юм. Тиймээс харилцаа холбоогоо илүү өргөжүүлэх зорилготой ажиллаж, үйлдвэрүүдийг судалж байна.
-Учирсан бэрхшээлийг боломж болгон харж асуудлын ард нь гарч байсан тохиолдол танд бий юү?
-Бэрхшээлгүй зүйл гэж байхгүй. Түүнийг яаж харж байгаагаас бүх зүйл шалтгаална. Боломж байхгүй бол хүн урагшилж чадахгүй. Саяхан би бүтэлгүйтлээ. 100 ширхэг куртикийн захиалга өгсөн чинь 100 ширхэг цамц явуулчихсан байсан. Тэр үед хамгийн түрүүнд куртик захиалсан хүмүүсээ бодсон. Яагаад гэвэл, тэр хүмүүс чинь надад итгээд захиалга өгчихсөн шүү дээ. Тиймээс дахиад захиалсан. Даанч 30 куртиктэй, дахиад 70 цамц ирсэн. Ёстой асуудал үүссэн дээ.
-Асуудлынхаа ард хэрхэн гарсан бэ?
-Үлдсэн хэдэн төгрөгөөрөө дараагийн бараагаа захиалсан. Гэхдээ сайн бүтээгдэхүүн олохыг хүссэн. Тэгээд үс уналтын эсрэг бүтээгдэхүүн оруулж ирэхээр болсон юм. Яагаад гэвэл миний ч гэсэн үс унадаг учраас өөртэйгөө адилхан асуудалтай хүмүүст зориулан дараагийн захиалгаа хийсэн хэрэг. Өмнөх захиалга бүтэлгүйтсэн учраас эмээж байснаа нуухгүй. Гэхдээ айж, айж үс уналтын эсрэг цацлагаа олж авч захиалгаа хийсэн. Чанартай бүтээгдэхүүн ч таарч их баярласан. Үр дүн сайтай учраас чамлахааргүй захиалга авч чадсан. Ер нь “Нэг хаалга хаагдахад өөр нэг нь нээгддэг” гэж ярьдаг. Тиймээс түүний дараачаас эрүүл мэндийн чанартай бүтээгдэхүүн хайж эхэлсэн. Хайснаа ч олсон, хүмүүс тасралтгүй захиалж үр дүнгээ өгч байна.
-Онлайн худалдааны онцлог нь хүмүүсийн итгэлцэлд тогтдог. Хэн ямар бараа борлуулж байгааг мэдэхгүй мөртлөө итгэж захиалга хийнэ, зарим нь захиалсан барааныхаа урьдчилгааг өгдөг?
-Тийм шүү. Хүмүүс захиалга хийхийн өмнө тодорхой хэмжээнд судалгаа хийдэг юм билээ. Тэгээд дараа нь захиалга хийнэ. Нэг удаа захиалга хийгээд хүссэн бараагаа авч чадсан бол дахин холбогдох байдлаар итгэлцэл бий болдог. Өнгөрсөн хугацаанд би ингэж л ажилласан. Одоо зарим захиалагч маань надад тийм зүйл авмаар байна гэж захидаг болсон.
-Онлайн худалдаа эрхэлдэг хүмүүсийн чухал үйл ажиллагааны нэг нь түгээлт. Та түгээлтээ бие даан хийдэг үү эсвэл хэн нэгэнд хариуцуулан ажиллаж байна уу?
-Түгээлтээ нөхөртэйгөө хамт хийдэг. Улаанбаатарт бараа бүтээгдэхүүний түгээлт хийх хэцүү. Өдрийн ихэнх цагийг түгжрэлд өнгөрүүлдэг. Захиалгаа авчихаад түгээлт хийх дарааллаа гаргана. Улаанбаатарыг бараг бүтэн тойрдог гээд хэлчихэд болно доо. Зарим захиалагч түгжирч түгжирч очиход захиалга өгснөө мартаад гараад явчихсан байдаг. Яг хэлсэн газар нь очиход “Авахаа больсон” гэдэг тохиолдол олон гардаг. Гэхдээ бүгд тийм биш шүү. Зарим нь түгээлтээр очиход гэртээ урьж, цайгаар дайлдаг. Бараагаа хүргэж явахад асуудалтай зүйлсийн нэг нь нойл. Бас түрхэн зуур машинаа тавьчихаад гараад ирэхээр ачаад явчихсан байдаг тохиолдол цөөнгүй. Энэ мэтчилэн түгээлт хийж явахад бэрхшээл мундахгүй. Энэ жилийн хувьд үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлж хүргэлтийн хоёр хүнтэй болсон. Хоёулаа ээж. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд хажуугаар нь түгээлт хийдэг юм. Би гэртээ хүүхдээ хардаг ээжүүдээ дэмжихийг хичээдэг. Хүрээллээ тэднээр бүрдүүлж хамтдаа урагш алхахыг хүсдэг юм.
-Одоо ямар бараа бүтээгдэхүүн борлуулж байна вэ?
-Байрлал тогтоох төхөөрөмж буюу GPS оруулж ирээд борлуулж байна. GPS дотроо олон төрөлтэй. Тухайлбал, таван хошуу малд зориулан гаргасан GPS төхөөрөмжийг малчдадаа санал болгож байна. Аль болох чанартайг нь авчрахыг зорьдог. Тиймээс эхлээд нэг ширхгийг авчирч туршиж үздэг юм. Бид Цагаан сарын өмнө малын GPS төхөөрөмж оруулж ирсэн. Малчдаас олон ч санал хүсэлт ирлээ. Тэд сүлжээгүй газар, СИМ картгүйгээр ажилладаг GPS төхөөрөмж байна уу гэж асуудаг. Хамгийн гол нь цэнэгээ удаан барих ёстой гэсэн шаардлага тавьдаг. Энэ мэтээр олон санал ирдэг. Мэдээж бүх шаардлагад тохирсныг нь олно гэдэг амаргүй. Тиймээс тэдний шаардлагад аль болох дөхсөнийг нь олж авчирч борлуулахыг хичээж байна.
-Та GPS төхөөрөмжийг олон төрөл байдаг гэсэн. Тэдгээрээ өөр ямар төрлийг оруулж ирэхээр судалж байна вэ?
-Сүүлийн үед хүмүүс гэртээ амьтан тэжээдэг болсон. Хайртай амьтнаа хамгаалах, хаана байгааг нь мэдэх зорилгоор байрлал тогтоох төхөөрөмж ашиглах боломжтой. Түүгээр зогсохгүй хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, тэднийг аливаа тулгарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд GPS-ийг ашиглаж болно. Мөн өндөр настай хүмүүст хараа хяналт тавихад GPS төхөөрөмжийг ашигладаг туршлагаас судалж байна.
-Урин цаг ирж байгаатай холбогдуулан оруулж ирж байгаа бараа бүтээгдэхүүнээсээ танилцуулаач?
-Дээр дурдсанчлан эрүүл мэндийн чиглэлээр дагнан бараа бүтээгдэхүүнээ оруулж ирж байна. Энэ хүрээнд үе мөчний тос, эрүүл мэндийн хөлний наалтыг оруулж ирээд борлуулж байна. Урин дулаан болохоор хүмүүс хувцсаа нимгэлдэг учраас жин хасахыг хичээдэг. Тиймээс захиалагчдадаа тураах кофе, наалт санал болгож байгаа юм. Эдгээр бүтээгдэхүүнийг би эхлээд өөрөө туршсан. Үр дүнгээ хэрхэн өгснийг хүмүүс хараад хэлэх байх.
-Онлайн худалдаа эрхэлдэг хүмүүс бараагаа нугалж зардаг, их ашиг олдог гэсэн ойлголт нийтийн дунд байдаг. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-Банк, байр, автомашины зээл төлөөд л гүйж байна шүү дээ. Одоогоор тэрбумтан болчихоогүй л байна. Гэхдээ зорилгоосоо хэзээ ч ухрахгүй. 2-3 салбар дэлгүүрээ нээнэ гэсэн том төлөвлөгөөтэй урагшилж явна. Өнгөрсөн хугацаанд хүмүүнлэгийн ажилд оролцож ирсэн. Одоо ч гэсэн боломжоороо бусдад туслахыг хичээдэг. Ер нь энэ тал дээр бодсон зүйл бий. Гэхдээ дараа нь ажил хэрэг болсны дараа дэлгэе дээ.
-Санасан ажил тань бүтэх болтугай. Сайхан үйл болгон цагаан мөртэй байдаг?
-Баярлалаа. Би жил бүрийн Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр олон хүүхэдтэй ээжид гэр бэлэглэх юмсан гэж хүсдэг хүн л дээ. Би Эхийн алдар II одонтой ээж. Одонгоо 2021 онд авсан. Тухайн үед манайх монгол гэрт амьдардаг байсан. Одонгоо авах гэж байсан учраас надтай адилхан дөрвөн хүүхэдтэй амьдралын боломжгүй ээжийг орох оронтой болгочих юмсан гэж бодож байсан. Өөрийн гэсэн орох оронтой болох нь миний ч гэсэн зорилго байсан. Тэгсэн ямар гайхалтай үйл явдал болсон гэж санана. Та лав төсөөлөхгүй дээ. Алдарт эхийн одон авахын өмнөхөн манай гэр бүл хоёр өрөө байранд орсон.
-Хүн бэлэглэсэн юм уу?
-Үгүй ээ. Олон жилийн өмнөөс хуримтлуулсан мөнгөөрөө байртай болох боломжтой болсон юм. Энэ үйл явдал ямар гэнэтийн байсан гэж санана. Бусдад тусалъя гэж бодсоноос өөрийн гэсэн байртай болчихно чинээ бодож явсангүй. Тэгсэн миний бодол биеллээ олсон. Энэ бүгдээс итгэлцэл дээр тулгуурлаж их гоё зүйл хийж болохоор санагдсан юм.
ХАР САРМИС-дорнын анагаагч
Энэхүү хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь Япон улсын нарийн мэргэжлийн НАНО технологийг ашиглан дээд зэргийн сармисыг сонгон авч тусгай тоног төхөөрөмжөөр нэг сар орчим исгэн дарж боловсруулдаг. Энэ хугацаандаа ямар ч химийн бодис хольдоггүй тул хүний биед сөрөг нөлөө огт үзүүлэхгүй.
Хар сармисыг хэрэглэснээр:
- Биед хуримтлагдсан өөхийг хайлуулж тураан биеийн
жинг тогтворжуулна.
- Бамбайг багасгана, бамбайн хордлогыг дарна.
- Элэгний үйл ажиллагааг сайжруулж хортой
үйлчлэлээс хамгаална.
- Цэвэрших процессыг сааруулж, сарын тэмдгийг
тогтворжуулна.
- Арьсыг чангалж чийгшүүлж, эсийг сэргээж залуужуулна.
- Мэдрэлийн гаралтай элдэв өвчнийг анагааж, мэдрэлийн
ядаргааг тайлж, ой тогтоолт сайжруулна.
- Цус шингэлж цусны даралтыг тогтворжуулна.
- Бүх төрлийн үрэвсэл дарна.
- Чихрийн шижин буюу диабетыг эмчилнэ.
Цусан дахь сахарын хэмжээг багасгана
- Нас нэмэх тусам хүний биед илрэх хараа муудах,
дархлаа сулрах, цус харвах эрсдэлээс сэргийлнэ.
- Түрүү булчирхайн үрэвслээс сэргийлж сайжруулна.
Цайрын тухай:
- Цайр нь хүүхдийн өсөлтөд онцгой ач холбогдолтой, дархлааг сайжруулдаг элемент юм.
- Цайр дутагдсан үед хүүхдийн өсөлт муудна, амархан өвчлөмтгий болно, дахин дахин өвдөх хандлагатай болдог.
- Цайрын дутагдалтай хүүхдүүд шороо, чулуу, шүдэнзний мод, цаас идэх заримдаа гутлын ул долоох, ээжийнхээ арьсыг долоох шинж тэмдэг ажиглагддаг.
- Уух усыг нь эрдэсжүүлж өгч болно.
Б.СИЙЛЭН
Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/
Сэтгэгдэл (5)