Мөрөөдлийн диваажингаа цогцлоосон С.Самдандовжидынх


Гэр хороололд эко орчин бүрдүүлээд амьдарч чадвал заавал орон сууц руу зүтгээд яах вэ гэсэн бодолтой хүн олон болсон. Ялангуяа ахмадууд. Гэхдээ яг ийм бодолтой залуус ч хотын захад амьдралаа төвхнүүлэхээр тэмүүлдэг болж. Зуны өглөө моддын дунд шувуу жиргээд л... Хааяа нэг сэр сэр салхи хацар илбээд л... Энэ бол нийслэл хотын зуслангийн ногоон бүсийн дүр төрх. Тэгвэл гэр хороололд ч бид ийм орчныг бүрдүүлэн амьдарч болох ажээ. Чухам яаж вэ гэдгийг нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны иргэн Монгол Улсын Гавьяат барилгачин, бэлтгэл хурандаа С.Самдандовжидынхоос бэлтгэсэн сурвалжилгаар хүргэхийг зорив.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхлэхээс 12 жилийн өмнө С.Самдандовжид хувийнхаа “Тэрбум мод”-ыг  хэрэгжүүлж эхэлсэн юм. Хашаандаа 30 төрлийн 300 гаруй, Завхан аймгийн Завханмандал сумын нутаг Хүнгүйн голын эрэг дагуу 10 га газарт 8110 мод тарьж, ургуулж, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан гээд байгаль, экологийн тэнцвэрт байдалд онцгой гавьяа байгуулсан түүнийг онцлохгүй байхын аргагүй. Түүн рүү утас цохиж зорилгоо хэлэхэд уухайн тас зөвшөөрлөө. Угаас “Хэвлэлийн баатар” хүн аж. Учир нь, “Цагийн хүрд”-ийн баатар, “Байгаль бүтээгч өрх”, “Нийслэийн эко айл”, “Нийслэлийн шилдэг гэр бүл”, “Их хотын соёлч өрх”-өөр шалгарсан тэрбээр нэг хэсэгтээ л айл бүрийн хойморт залрахдаа мод тарих ажиллагаагаа хэрхэн эхлүүлснээ ярьж байсан. Цэнхэр дэлгэцээр ярихыг нь сонссон түүнтэй уулзах завшаан тохиосных маргааш нь гэрийг нь зорилоо.  Өглөө эртлэн залгаж, очиж яваагаа дуулгахад “Дөхөж ирээд залгаарай. Гэрээ зааж өгнө өө” гэж байна. Баруунтуруун дөхөөд залгатал тун ойлгомжтойгоор гэрээ заалаа. Аргагүй насаараа хилийн цэрэгт ажилласан бэлтгэл хурандаа цолтой түүний яриа хөөрөө товч бөгөөд тодорхой байх юм.

Зорьсон газраа очлоо. Тухайн орчиндоо хамгийн содон нь байх агаад өндөр модод нь хашаа давсан С.Самдандовжид гуайнхыг олоход амархан байв. Хашааны хаалганы нэг буланд “Байгаль бүтээгч өрх” гэсэн бичиг байх аж. Хаалга онгойлоо. Модот гудамжаар явж буй мэт сэтгэгдэл төрүүлэх нь тэр. Хэрвээ би зун цагт ирсэн бол гэж өөрийн эрхгүй бодогдлоо. Магадгүй ойн жимээр яваа мэт сэтгэгдэл төрөх байсан биз. Түүний гэргий Ч.Шуурай. Архивт ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан нэгэн. 

Тэд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Баруунтуруунд амьдардаг. 2009 онд тэтгэвэртээ гарсан даруйдаа гэр хороололд эзэмшлийн 0.7 га газраа авч хоёр давхар улаан хүрэн тоосгон байшин барихтай зэрэгцэн хашаагаа ногоожуулж 30-аад төрлийн 300 гаруй мод болон улаан лооль, зэрлэг сонгино, үхрийн нүд, чацаргана, мойл, тошлой, чавга, алим зэрэг жимс жимсгэнэ тарьжээ.


Алимны мод нь энэ жил жимсээ өгөх бол өнгөрсөн жил чавганы мод анхны ургацаа өгч тэднийг баярлуулжээ

 Алимны мод нь энэ жил жимсээ өгөх бол өнгөрсөн жил чавганы мод анхны ургацаа өгч тэднийг баярлуулсан гэнэ. Цаашилбал, монос, голт бор, хуш, нарс, сухай тарьжээ. Энэ бол тэдний залуу насны мөрөөдөл. Насаараа төрийн байгууллагад ажилласан тэд мөрөөдлийнхөө байшинд, ой дунд байгаа мэт амьдрахыг мөрөөддөг байсан гэнэ. Ингээд тэтгэвэрт гарсан даруйдаа нэг ч өдөр хойшлуулалгүйгээр мөрөөдлийнхөө амьдралаа цогцлоохоор ханцуй шамлан орсон байна. Жил жилээр хашаагаа моджуулж, тохижуулсаар өнөөдөр 0.7 га-даа төгөлтэй болсон нь бахархмаар сэтгэгдэл төрүүлэв. Тэд зөвхөн ой тариад зогсохгүй байшиндаа хүртэл тав тухтай амьдралыг бий болгожээ. Хийн түлшээр халаалтаа шийдсэнээр гэртээ саун, бассейнтай болсон аж. Мөн хашааны гэрэлтүүлэг нь 100 хувь нарны энергиэр цэнэглэгддэг. 14 жилийн хөдөлмөрийнхөө үр шимээр С.Самдандовжид, Ч.Шуурай нар өнөөдөр жимс жимсгэнэ, өргөст хэмх, улаан лооль зэрэг нарийн ногооныхоо жилийн хэрэгцээг 100 хувь хангаж, төмс, лууван, манжингийн хэрэгцээний 50 хувийг хангасан байх юм. Тэр ч бүү хэл Завханы зэрлэг сонгино, Баян-Өлгийн улаан сармис хүртэл тарьж үзсэн гэнэ. Зун цаг төдийгүй өвөл тэдний хашаа зүгээр л диваажин.

 Утаат Улаанбаатарын өвөл иргэд ойд алхаж, хотоос гарч хүчилтөрөгчөө сэлбэж байна. Харин С.Самдандовжид гуай хашаан дотроосоо л хүчилтөрөгчөө авч байгаа юм. Хашаагаар дөнгөж оронгуут тэрбээр “Эхлээд би энэ бүхнийг хэрхэн бий болгосноо танилцуулъя. Тэгээд ярилцлагаа эхлүүлнэ ээ” гэсээр угтлаа. “Монгол Улсын газар шороо, ус ургамал гэдэг бол агуу эд. Тэрнийг дэмжиж, додомдох хэрэгтэй. Их хотын соёлтой өрх олширвол их хот ч соёлтой хот болно. Хүн ажилч байх хэрэгтэй. Зүтгээд л байвал юманд хүрнэ” гэж С.Самдандовжид ярьж байна. Харин түүний гэргий Ч.Шуурай “Тэтгэвэрт гараад бид хоёр 14 жилд ийм орчин бүрдүүлж чадаж байхад мэдээлэл, технологи хөгжсөн энэ үед одоогийн залуучууд их зүйлийг хийж чадна” гэв. “Залуу наснаасаа эхлэн ой мод, цэцэг жимсээр хүрээлүүлсэн амины орон сууцтай болохыг мөрөөдөж явсан” гэх С.Самдандовжидын яриа, “1993 оноос эхлэн ширхэг хадаас цуглуулж явсаар мөрөөдлийн байшингаа барьсан” гэх эхнэрийнх нь яриа тэр хоёрын амин мөрөөдөл байсныг зэрвэсхэн сонссон хүн бараг ойлгохгүй. Учир нь, тэр хоёрын амьдрал Монгол Улсын хилийн орчимд өнгөрсөн болохоор суурьшмал, энгийн чөлөөт амьдралыг хүсэж мөрөөдөж байсан нь энэ. 

Тэр эх орондоо хайртай, эрх чөлөөнд дуртай хүн байсан тул эрсдэл хүлээж сөрөг хүчин МУНН-д элсэж хоёр ч удаа УИХ-д нэр дэвшээд амжжээ. Тэр хавьдаа л хамгийн хөдөлмөрч айл гэдэг нь барьсан хашаа, хорооноос нь бэлхнээ мэдэгдэнэ. 32 дугаар хорооныхны нүүрийн тахалдаг тоотой хэдхэн айлын нэг нь тэднийх. Гэрийн эзэгтэй Ч.Шуурай ярихдаа “Энэ хавьд бараг айл байдаггүй. Өдөр шөнөгүй машин холхисоор байгаад хөрс хатууруулчихсан байсан. Тэгээд л сийрэгжүүлж, бордож эхэлсэн дээ” гэвэл С.Самдандовжид гуай үргэлжлүүлэн “Чийгийн улаан хорхой, сангас, малын өтөг бууц гээд л олон төрлөөр бордсон. Одоо бүр тэр нь хашаанаас даваад энэ хавийн хөрсийг хүртэл маш сайхан бордсон” хэмээн ярилаа. Хөдөлмөрч, байгаль бүтээгч айлд очсоных, орчныг нүдээр харсных хашаан доторхыг товчхон сийрүүлэх гэж оролдъё.

Зүүн урд захад нь хэдэн жилийн өмнө чацарганы мод тарьсан байна. Намар цагтаа чацарганы жимс багсайтал ургадаг. Харин хашааныхаа урдуур үхрийн нүдний мод суулгажээ. Хашааныхаа баруун урд захад улаан лооль, өргөст хэмх, байцай зэрэг нарийн ногоо тарьдаг байна. Мөн хүлэмжиндээ өвөл, хаврынхаа хэрэгцээг бүрэн хангах хүнсний ногоо тариалдаг аж. Тухтай дүүжин, явган хүний зам, нарны толиор цэнэглэж асдаг гэрэл гээд л тэр хашаанд байхгүй юм алга. 

Гоёл чимэглэлийн зорилгоор ногоон, цагаан судалтай хаш чулуу ч тавьжээ. Гурван машины гарааш, хоёр давхар байшин, цэцгийн мандал гээд л хурандаагийн хашаанд юм бүхэн байна. Чөлөөндөө гарсан цагаасаа хойш өөрийнхөө гараар бүгдийг хийсэн нь энэ. Хүүхэд ахуйгаасаа хилийн отряд, застав дамжиж тогтсон гэр оронгүй явсан цаг хугацаагаа нөхөх гэж зүтгэсэн нь биеллээ олсон уу гэлтэй болжээ. Зуны аагим халуунд сэрүүцэх бассейнтай, ядарсан үедээ алжаалаа тайлах саунтай байна гэдэг бүр ч сайхан. Тэрбээр ярихдаа “Одоо бол диваажинд байгаа юм шиг санагдаж байна. Агаар салхи гэж дээд зэргийн. Мөнх ногоон мод гэхэд хоёр, гурван төрөл бий.


“Монголд ургаж болохуйц бараг бүх мод манай хашаанд байгаа шүү”

 Ер нь бол Монголд ургаж болохуйц бараг бүх мод манай хашаанд байгаа шүү” гэлээ. 14 жилийн хугацаанд тэд үнэхээр хөдөлмөрлөжээ. Байшингаас бусад бүх зүйлээ гэрийн эзэн, эзэгтэй хоёр өөрийн гараар бүтээсэн гэхээр хэчнээн хөдөлмөрч хүмүүс болохыг мэдэж болно. Хэдийгээр ногоо цагаа дэлгэрээгүй цагаар С.Самдандовжид гуайнд саатсан ч өгч буй энерги нь цаанаа л өөр. Монголд анхны мод үржүүлгийн аж ахуй Баруунтуруунаас эхэлсэн тухай тэр ярилаа. “Цэцэгчний хүслэн” дуу энэ газрын цэцгийн хүлэмжээс  төрснийг хальт хүүрнээд “Манай энэ хавьд мод тарьдаг айлууд байдаг. Гэхдээ манайх шиг холимог ой бий болгосон нь бараг үгүй. Тэд ургацдаа зориулж тариалалт хийсэн бол манайх амьдралдаа зориулснаараа ялгаатай юм. Эргэн тойрны айлууд манайхаас суулгац авч хашаандаа мод тарих явц жилийн жилд л үргэлжилдэг. Мод тарихад хамгийн гол нь ус чухал. Усгүй айл мод тарина гэж юу байх вэ. Усны асуудлаа л нэн түрүүнд шийдэх хэрэгтэй. Хувингаар зөөгөөд мод усална гэдэг хэцүү” хэмээв. 

Харин хөрсийг хэрхэн сайжруулсан тухайгаа ийн хөөрөлдөв. “Олон жил ургамал ургаагүй, шарилж лууль элбэг, машины дугуйнд дагтаршсан хөрсийг сийрэгжүүлж, амь оруулах нь нэн чухал. Ингэхийн тулд чийгийн улаан хорхой шаардлагатай. Мөн бордоо их хэрэглэсэн. Хар шороо, үхрийн аргал, хонины бууц, ой модонд ялзарч унасан навч зэргийг модныхоо нүхэнд хийж байлаа” гэв. 

Орчноо бүтээхийн тулд өдөр, шөнөгүй уйгагүй хөдөлмөрлөсөн тэд Завхан аймгийн Завханмандал суманд Хүнгүйн голын эрэг дагуу мод тарьж, цэцэрлэгт хүрээлэн байгуулсан тухай цухас дурдсан. Үүнийг лавлахад “Бидний тарьсан мод сайн ургаж байгаа болохоор бусадтай хуваалцмаар санагддаг юм байна. Бас үрсэлгээг нь ийш тийш тарааж буян үйлдэж эхэлсэн. Сүүлд нутаг усандаа нэг дорвитой ажил хийх санаа төрлөө.  

Ингээд төрсөн нутагтаа нэг газар сонгосон нь Завханмандал сумын Бор хярын элс юм. Түүний урд талд Хүнгүйн гол урсдаг. Тэр гол яг элсээ эмжээд байдаг. Хуучин цагт энэ гол битүү ойтой байсан ч одоо нэг ширхэг модгүй болсон. Тэгэхээр нь ах, дүү нартайгаа нийлж байгаа тэнд 10 га газар авч 8110 мод тарьсан даа. Улмаар “Мандал” нэртэй цэцэрлэгт хүрээлэнгийн анхны суурийг тавьсан түүхтэй. 

Нэг мод тарихад нэг насны буян, хоёр мод тарихад хойд насны буян гэж ярьдаг шүү дээ. Одоо тарьсан модод сайхан ургаж байгаа. Энэ жил нутагтаа очиж тарьсан модоо эргэх санаатай. Удахгүй Ховд, Баян-Өлгийд орчин цагийн хил хамгаалах алба байгуулагдсаны 90 жилийн ойн том арга хэмжээ болно. Тэнд би очих юм. Тэр далимаараа Завханмандалаар орж модоо эргэж, суурийг нь тавьсан цэцэрлэгт хүрээлэндээ очно” гэв.

Хилийн цэргийн салбарт насаараа зүтгэж, хамгийн олон хил зөрчигчийг барьсан гэдгээрээ хилчид дундаа алдаршсан тэрбээр олон арван айлд хашаагаа моджуулж, хашаандаа сайхан амьдрах сэдэл өгсөн “Энэ цагийн эгэл баатрууд”-ын нэг болж байна. Байгальд ээлтэй амьдарна гэдэг хувийн төдийгүй өрөөлийн эрүүл мэндэд онцгой гавьяа байгуулж байгаагийн нэг хэлбэр гэдгийг дурдах нь зүйн хэрэг. Эцэст нь, тэрбээр амьд яваа насандаа ганц ч болтугай мод тарьж энэ насандаа болон үр хойчдоо буян болохыг уриалсан юм. 

Б.МӨНХЗУЛ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №009/24540/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ Өчигдөр
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр