Үргэлжилсэн бороо үерийн дохио дахин асаасан долоо хоног


Баасан гарагт эхэлж орсон бороо өнгөрсөн амралтын өдрүүдэд нэлээд усархаг аадар болж, нийслэлийнхнийг дахин тух алдууллаа. Ням гаргийн борооны улмаас олон орон сууц, барилгын суурийн давхар, граш усанд автав. Онцгой байдлын албанд ням гаргийн 22:00 цагийн байдлаар борооны улмаас усанд автсан талаар 169 дуудлага ирж, 38 байршилд алба хаагчид ажиллан ус соруулжээ. Мөн 10 байршилд цахилгаан тасалсан байна. Тэрэлж, Налайх хоорондын зам усанд автаж, хөдөлгөөнд хүндрэл учирчээ. Долдугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Улаанбаатар хот орчмын голуудын усны түвшин 08:00 цагийн ажиглалтын мэдээтэй харьцуулахад Сэлбэ гол Дамбадаржаа, Санзай, Тэрэлж гол Тэрэлж амралт орчимд тус тус гурван см, Туул гол Улаанбаатар хот орчимд 27 см нэмэгдэж, үерийн түвшинд хүрэн үерлэснээс харахад өнгөрсөн амралтын өдрүүдэд хэр усархаг бороо орсон нь харагдана. 

Даваа гарагт нийслэлийн Засаг даргын мэдээлснээр долдугаар сарын 23-нд орсон борооны улмаас нийслэлийн 66 хорооны 195  барилга байгууламж, 59 гэр, байшин сууц, хашаа усанд өртсөн байна. 54 дэд өртөөнд холбогдсон 14 мянга гаруй хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, цахилгааныг нь тасалснаас 53 дэд өртөөний 11 мянган хэрэглэгчийн цахилгааныг сэргээжээ. Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргийн 66 хорооны байршилд нийслэл, дүүргийн Гамшгаас хамгаалах алба, Мэргэжлийн ангийн 693 ажилтан, алба хаагч 105 техниктэй үүрэг гүйцэтгэсэн байна. Үерийн улмаас зоорийн давхар усанд автсан Баянзүрх, Сүхбаатар, Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 195 барилга байгууламжаас 97 байрны усыг соруулжээ. Мөн 52 байрны зоорийн давхрын усны хэмжээ бага тул иргэд, СӨХ хамтран усыг зөөсөн аж. 

Ийнхүү усархаг борооны улмаас нийслэл хот дахин үерийн нөхцөл байдалтай болсон нь Сэлбэ голын ай сав, хамгаалалтын бүсэд хууль бусаар барилга, байгууламж барьсан, ийнхүү барих газрын зөвшөөрөл олгосон асуудлыг ул суурьтай хөндөхөд хүргэв. Энэ тал дээр мэргэжлийн хүмүүс ч үгээ хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал Сэлбэ, Дунд голын үерийн хамгаалалтын далан, халиа үүсэх бүсэд барилгажилт хийсэн “S’Out let” дэлгүүр, “Авлига  хороолол” нэр зүүсэн “Aqua garden” хороолол үерийн нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгааг мэргэжлийн инженерүүд балчир хүүхэд  ч ойлгохоор тайлбарласан. “S’Out let” дэлгүүрийн өргөтгөлийн барилгын нураах нь зүйтэй гэдэгт хаа хаанаа санал нэгдэх шиг болов. Мэдээж иргэд, аж ахуйн нэгжийн хувийн өмч, хөрөнгө, хөлс хөдөлмөр, амьдралынх нь баталгаа ч  гэлээ хот, нийтийн эрх ашгийн үүднээс дээрх алхмыг хийхээс аргагүй.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ наадмын өмнө үерийн нөхцөл байдалтай танилцах үеэрээ голын ай сав, голдирол, халиа үүсэх хамгаалалтын бүсэд хууль бусаар газар олгож, барилга барих зөвшөөрөл өгсөн асуудлыг шалгахыг чиглэл болгосон. Хотын газрын наймаа, авлига, албан тушаалын гэмт хэргийн хор уршиг үерийн усаар илрэн гарч байна ч гэж болно.  

Борооны улмаас олон арван байр усанд автсаны зэрэгцээ долдугаар сарын 17-23-нд нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 26 гарч, дээрх хугацаанд гал түймрээс 3.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, утаажилтын бүсээс 27 иргэнийг гаргаж, аврах ажиллагаагаар 3809 иргэнийг амь насыг аварчээ. Үргэлжлэн орсон борооны улмаас нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн байна. Ням гарагт орсон аадар борооны улмаас Чингүнжавын гудамж болон Богд уулын арын зам эвдэрчээ. Тухайлбал, 25-р эмийн сангаас “Өргөө” рүү өгсдөг Чингүнжавын гудамжны авто замын асфальт усанд хуурч урссан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулж, замын чанар ямар байгааг илчлэв. Борооны улмаас өнгөрсөн долоо хоногт нийслэлийн авто замын гэрлэн дохионд 28 удаа гэмтэл гарчээ.

Шадар сайдын ажлын албанаас  гаргасан мэдээллээр долдугаар сар гарснаас хойш Монгол орны нийт нутгаар үргэлжилсэн болон дуу цахилгаантай түр зуурын бороо орж, томоохон гол мөрнүүд үерийн аюултай түвшинг даван үерлэж, зарим газарт үерийн далангаа даван хальж үерлэсэн байна. Үерийн улмаас долоон иргэн амиа алдаж, 600 гаруй айл өрхийн гэр, байшин усанд автаж, 1500 гаруй толгой мал хорогдож, улсын чанартай авто замын зургаан байршилд эвдрэл гэмтэл гарсан байна. Мөн Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн төмөр замын 10 орчим хэсэгт замын далан сэтэрч эвдрэл гарсныг УБТЗ-ын ажилчид шуурхай ажиллаж долдугаар сарын 13-15-нд гэмтлийг засварлан хэвийн ажиллагаанд шилжүүлжээ.

Хүнсний асуудлаарх НҮБ-ын дээд хэмжээний уулзалт Итали Улсын нийслэл Ром хотноо НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төв байранд даваа гарагт эхлэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг урьсан бөгөөд Ерөнхийлөгчийг төлөөлөн Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр холбогдох хуралдаануудад оролцож байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн онд “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг санаачилж, 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, цаашлаад экспортлогч улс болох буюу дэлхийн хүн амын хүнсний хэрэгцээнд хувь нэмэр оруулах зорилтыг дэвшүүлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд олон улсын байгууллагууд болон гадны улс орнуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.

Өнгөрөгч ням гарагт Хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ой Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, орчин цагийн хил  хамгаалах байгууллагын түүх, үе үеийн эрэлхэг хилчид, эдүгээ цагийн хил хамгаалах үйл хэрэгт хүчин зүтгэж буй бие бүрэлдэхүүн, цэрэг, техник, хэрэгслийг танилцуулав. Хилийн чанадаас “Шувуу” ажиллагааны хүрээнд баривчлан авчирсан Т.Бадамжунайг сулласан гэх мэдээлэлтэй шинэ долоо хоног эхэлж, Хөдөлмөрийн баатар, "Гацуурт" компанийн захирал Л.Чинбат Сэлэнгэ аймгийн малчдыг машинаараа хөөсөн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусан прокурор руу шилжүүлсэн мэдээлэл олонд хүрээд байна.

 Г.САНЧИР

Эх сурвалж: Монголын үнэн сонин №027/24558/


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 13 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 23 цагийн өмнө
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17
Нарны эрчим хүчийг ашиглан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлжээ 2024/09/17
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анха… 2024/09/17
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 2024/09/16
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 2024/09/16
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 2024/09/16
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 2024/09/16
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 2024/09/16