Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна




Нийслэлийн зүрхэн тушаа орших Улаанбаатараараа овоглосон отгон театруудын нэгд харьяалагдаад удаагүй ч ямархан авьяас чадвар, ирээдүйтэйгээ харуулж яваа дуучин Б.Мөрөнтэй уулзаж энэ цагт төрж байгаа бодлоос нь хуваалцлаа. Улсын баяр наадмын дараахан оролцсон олон улсын уралдаандаа амжилт гаргаж эх орныхоо нэрийг дуудуулсан түүнийг мэргэжлийн урлагийнхан анзаарсан нь лав. Монгол Улсын Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү багшаасаа эрдмийн дуу сонсож оюутан ахуйгаасаа олон улсын уралдаанд оролцож яваа тэрбээр дэлхийн дуурийн нэрт дуучин Михаил Петренкогийн нэрэмжит шилдэг аргил хоолойтой дуучинд олгодог тусгай шагналын эзэн болоод удаагүй байгаа юм.

 

-Дуу дуулж, дуучдыг сонсож өссөн учраас, бас өөртөө урлагийн хүн болох өгөгдөл байгааг мэдэрсэн болохоор та дуучин болох сонголт хийсэн байх. Гэхдээ анхнаасаа л дуурийн дуучин болно гэж бодсон хэрэг үү?

-Яалаа гэж. Бусдын нэгэн адил С.Жавхлан, Т.Баясгалан, Э.Төрмандах дуучны дуунуудыг сонсож өсөхдөө “Тэдэн шиг болно” гэж бодсон. Мэргэжлийн сургууль ардын, эстрад, дуурийн гэх зэргээр, оюутны хүсэл сонирхлын дагуу ангид хуваарилдаг. Харин би бэлтгэл дамжаанд байхдаа дуурийн дуучин болох сонголтоо хийж Монгол Улсын консерваторид элсэн Гавьяат жүжигчин, дэд профессор Х.Үнэнхүү багшийнхаа удирдлага дор суралцсан.

-Дуурийн дуучин болно гэсний зоргоор хүн бүр дуулна гэвэл худал хэлсэн болно. Их бага хэмжээгээр өгөгдөлтэй байж гүнзгийрүүлэн судлах нь дамжиггүй?

-Бүх зүйл эхэндээ дүүрэн байдаггүй. Бага багаар уусаж мэдэрснээр дүүрдэг юм шиг санагдсан. Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, Ч.Бадрал нарыг дэлхийн тайзан дээр дуулахыг хараад “Монгол хүн яаж ингэж гайхалтай дуулдаг юм бэ” гэсэн омогшил төрдөг. Тэдний бүтээлтэйгээ хэрхэн ажиллаж байгааг харж ажигласнаар дадал болгох зүйл цөөнгүй ажиглагддаг байв. Ингэж би сонгодог урлагт бага багаар уусан дурласнаар нэвт холбогдсон байх. Үүнд консерваторийн сургалтын хөтөлбөр ч ихээхэн нөлөөлсөн. Хөгжмийн урлаг, сонгодог урлаг, өрнийн хөгжмийн түүхийн хичээл заадаг болохоор тэр болгоноос маш ихийг мэдэж авсан.

-Хэдийгээр сургуулиа төгсөөд удаагүй ч олон улсын чанартай тэмцээн уралдаанд цөөнгүй оролцож туршлага хуримтлуулжээ. Бас урилгаар оролцсон уралдаан ч байгаа санагдана. Азарбайжан улсад болсон бил үү?  

-Тийм ээ. Бюльбюлийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох боломж надад олдсон ч би явж амжаагүй. Төгсөх курсийн оюутан байсан учраас дипломын ажил, тайлан тоглолтдоо анхаарал хандуулах шаардлагатай байв.

Одоо би 23 настай. Олон улсын чанартай 10 уралдаанд оролцоод байна. Хамгийн сүүлд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Елена Образцовагийн нэрэмжит дуурийн дуучдын уралдаанд дууллаа.  Уралдаанд ОХУ, БНХАУ, Умард Македони, Израиль, Австри, Франц, Украин, Армени, Гурж, Беларусь, Литва, Казахстан, Вьетнам, Узбекистан, Туркменистан, Абхази, Молдова зэрэг 19 орны чансаа өндөр эрэгтэй 23, эмэгтэй 40 дуучин оролцсон. Эдгээр уралдаанаас их зүйл сурлаа.  

-Театрын хуваарьт тоглолт, уралдаан тэмцээн гээд их завгүй байдаг бололтой. Одоо юунд зорьж байна вэ?

-Би дуучин хүнд гурван үе байдаг гэж боддог. Улаанбаатар театрт ажиллаж байгаагийн хувьд туслах, гол дүрүүдийг бүтээхээс гадна тоглолтод оролцоно. Харин дуурийн дуучны өнцгөөс ярих юм бол 30 нас хүрч байж дуурь дуулж эхлэх юм болов уу. Яагаад гэвэл дуурийн дуучин энэ насандаа A, B зэрэглэлийн уралдаанд оролцдог. Тэгээд 30 наснаас хойш туршлага сууж, бие физиологийн хувьд тогтсоноор театрт дуулж эхэлдэг. Түүний дараа бол багшлах, шавь бэлтгэх зэргээр дуучны амьдрал гурван үе шаттайгаар өрнөдөг гэж боддог.


-Тэгвэл та аль үедээ явж байна вэ?

-Мэдээж эхнийх. Та өмнө нь миний одоогийн зорилгыг асуусан. Тэр асуултад хариулахад, одоо би  өөрийгөө хөгжүүлж, боловсролдоо илүү анхаарч байна. Үүний хажуугаар дараагийн уралдааны бэлтгэлээ эхлүүлчихээд явж байна.

-Багш хүн шавиа андахгүй, дуулах дүрийг нь хүртэл оноод хэлчихсэн тал байдаг. Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү танд энэ тал дээр зөвлөсөн үү?

-Одоогоор миний хоолойн өнгө бүрэн тогтоогүй байна. Намайг илэрхийлэх байх гэж бодож байгаа олон сайхан дүр байгаа ч би яарахгүй. Хэний ямар бүтээлийн аль дүрийг ямар характертай дуулах вэ гэдэг цаг хугацааны явцад харагдах зүйл байх.

-Гэхдээ бүтээхийг хүсдэг дүр танд байгаа гэдэгт итгэлтэй байна?

-“Дуучин хүн яарч болохгүй” гэж багш маань хэлдэг. Би ч үүнтэй санал нэг байдаг юм. Өмнө хэлсэнчлэн театрт 30 наснаас дүр бүтээж эхэлдэг гэж боддог. Тиймээс тэр болтол өөрийгөө хөгжүүлж, сурч л байя. Дуулах дүрүүдээ судалж л байя. Энэ бодлоороо одоо дүрийн судалгаа хийх маягаар явж байна даа. Түүнээс биш “Тийм дүр бүтээе. Ингэж дуулъя” гэсэн бодол одоогоор төрөхгүй байна.

-Таны ОХУ-д оролцсон олон улсын уралдааныг тодруулж ярилцлагаа үргэлжлүүлье. Шилдэг аргил хоолойтой дуучнаар хэзээ тодорсон бэ?

-Өнгөрсөн долдугаар сард хоёр уралдаанд оролцсоны нэг нь ОХУ-ын Ардын жүжигчин Лемешевийн нэрэмжит уралдаан байв. Энэ уралдаанд гаднын олон хэлээр дуулах зарчимтай. Түүний дагуу дөрвөн өөр хэлээр дууллаа. Би тэмцээний хамгийн залуу оролцогч нь байсан. Түүнчлэн Марийнский театрын гоцлол дуучин Михаил Петренкогийн нэрэмжит шилдэг аргил хоолойтой дуучинд олгодог шагналыг хүртсэн нь надад маш их урам хайрласан. Тиймээс энэ эрчээ алдахгүй цааш явахыг хичээх болно.

Би төгссөнөөсөө хойш B зэрэглэлийн хоёр уралдаанд оролцсон. Насны ангиллын хувьд 18-35 гээд заачихсан байдаг. Энэ уралдаануудад оролцоход нас, туршлага дутаж байгаа мэдрэмж төрсөн. Гэхдээ яах вэ, цаашид ч өөрийгөө сорино. Оролцож байгаа уралдаан тэмцээн бүрээс туршлага хуримтлуулна гэдэгт итгэлтэй байна. 

-Хор шар хөдлөх юм уу?

-Надад хүнтэй өрсөлдсөн дуучин нэг их хол явахгүй шиг санагддаг. Өөртэйгөө өрсөлдөж, өөрийгөө л ялан дийлэх хэрэгтэй. Гол асуудлыг хүн өөрөөсөө л хайх хэрэгтэй гэж боддог. Мэдээж урлагийн хүн цагаан хор шор байлгүй яах вэ. Түүнийгээ өөрийгөө хөгжүүлэхэд, ур чадвараа ахиулах хөшүүрэг болгон урагшилна гэсэн бодолтой явдаг юм. 

-Таны концертмейстерээр хэн ажиллаж байна вэ?

-Монгол Улсын консерваторийн Хөгжмийн ухаан, дуулаачийн сургуулийн концертмейстер багш, Соёлын тэргүүний ажилтан Г.Уугандэлгэр миний концертмейстерээр ажилладаг. Багш маань мөн Улаанбаатар театрт концертмейстерээр ажилладаг. Г.Уугандэлгэр багштайгаа нэгдүгээр курсэд орсон цагаасаа хойш хүүхэд нь юм шиг л зууралдаж явсаар байгаад өнөөдрийг хүрчээ. Энэ ташрамд, багшдаа баярлалаа гэж хэлье. 

-Одоо та хоёр ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Уралдаанд материалаа явуулсан, хариу нь хараахан гараагүй байна. “Ялта хүрэх зам” олон улсын наадамд оролцох зорилготойгоор бэлтгэлээ эхлүүлсэн. Театрын маань ажил эхэлсэн учраас уран бүтээлүүддээ оролцон тоглоод явна. 

-Дуучны авьяасыг төрж өссөн нутгийнх нь онцлогтой холбон ярих нь бий. Танаас ч гэсэн энэ асуултыг асууя?

-Би Улаанбаатар хотод төрсөн. Угсаа гарвал яривал Хэнтий аймгаар дуудагдана. Манай хамаатан садан дунд мэргэжлийн дуучин, урлагийн хүн байхгүй ч бүгд л хэвлүүхэн дуулдаг хүмүүс бий. Тэр дундаа манай аав их сайхан дуулдаг. Тэгэхээр би аавыгаа дуурайсан юм болов уу даа.  Намайг урлагийн хүн болоход гэр бүлийн дэмжлэг их байсан. Нэг хүүхдэдээ ч гэсэн хүссэн мэргэжлийг нь эзэмшүүлье гэж дэмжсэний дүнд би өдий зэрэгтэй яваа гэж боддог. Гэр бүлийнхэн маань намайг дэмжсэн, би ч дуучин болох их сонирхолтой байсан.

-Монголоос тодорсон дэлхийн дуурийн дуучидтайгаа холбоотой байдаг уу. Тэднээс зөвлөгөө авч байв уу?

-Ах нараас зөвлөгөө авна. Энэ тэндхийн уралдаануудыг үзэж туршлага ч судална. Үеийн залуус маань хаана явна. Бид хаана явна. Юугаараа илүү бас дутуу байна. Цаашид яавал адил түвшинд хүрэх вэ гэдэгт анхаараад явж байна. Манай театрт олон улсын уралдаанд авьяас, ур чадвараа сорьж яваа олон сайхан дуучин байдаг. Үеийн залуус биднийг театрын удирдлагууд маань их дэмждэг.

-Уралдаан тэмцээнд оролцоход гадаад хэлний мэдлэг их чухал?

-Бид консерваторид сурч байхдаа итали, орос хэлний боловсрол эзэмшдэг. Тэр дундаа дуулж байгаа бүтээлээ эх хэлээр нь зөв дуудаж байгаа эсэхийг хянах хэмжээний мэдлэгтэй болж төгсдөг. Харин илүү нарийн зүйлийг мэдэх шаардлага тулгарвал тухайн гадаад хэлийг эзэмшсэн хүнээс асууж хамтран ажилладаг юм. Олон улсын залуучууд дор хаяж хоёр гадаад хэлний мэдлэгтэй байдаг. Дуурийн дуучинд итали хэл чухал ч одоо цагт дэлхий нийтээрээ англиар ярьж байна. Тиймээс цаашид гадаад хэлний мэдлэгээ ахиулах бодолтой байна.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22