“20 минутын хот”-ын анхны жишиг бүтээн байгуулалт эхэллээ


Монгол Улсын шинэ зууны анхны томоохон  бүтээн байгуулалтын ажил гараанаас гарлаа. Улаанбаатар хотыг орчин үеийн стандартад нийцүүлэн, жишиг байдлаар хөгжүүлэх эхлэл суурь нь болсон “Сэлбэ дэд төв”-ийн  4400 айлын орон сууцны  бүтээн байгуулалтын ажлыг 24 сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр эхлүүллээ.  Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн  хөгжлийн 24 мега төслийг нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь “Сэлбэ” дэд төвийн ажил билээ. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2.206 нэгж талбайд хэрэгжих анхны “20 минутын хот”-ын барилга угсралтын ажлыг Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, “Оргил” худалдааны төв орчмын 25.6 га талбайд барихаар шавыг нь тавилаа. 


Нэг төвт хотоос олон төвт хот руу шилжих анхны алхам болсон “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын шав тавих ёслолд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай, Нийслэлийн ерөнхий архитектур Ч.Төгсдэлгэр, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах төсөл хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан, Чингэлтэй дүүргийн Засаг дарга, НИТХ-ын төлөөлөгч, “20 минутын хот корпорац” ХХК-ийн ТУЗ-ийн дарга  Н.Мандуул, “Сэлбэ 20 минутын хот корпорац” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл нар болон  төслийн гүйцэтгэгч компанийн ажилчид төдийгүй тухайн орчмын бүсээс газар чөлөөлсөн иргэдийн төлөөлөл ч хүрэлцэн ирсэн байлаа. Улаанбаатар хотын Засаг дарга Х.Нямбаатарын онцолсноор “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх санал, санаачилга одоогоос ердөө жилийн өмнө гарсан бөгөөд Гэр хорооллыг орон сууцжуулах, авто замын түгжрэлийг бууруулах анхдагч хуулийн төслийг эхний ээлжид боловсруулан УИХ-аар батлуулснаар хууль эрх зүйн орчныг хамгийн түрүүнд бүрдүүлжээ. Улмаар Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулснаар бүтээн байгуулалтын ажил явуулах хөрөнгө мөнгө босгох хууль эрх зүйн орчныг бий болгосон байна. Ингэснээр Газрын албатайгаа хамтран бүтээн байгуулалт өрнүүлэх газар чөлөөлөлтийн ажлыг амжилттай хэрэгжүүлсэн байна. Дараа нь олон улсын зах зээлд амжилттайгаар бонд босгосноор орон сууцны зураг төсөв, ТЭЗҮ гаргах ажлыг ч хийжээ. Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажлыг гүйтцэтгэснээр 365 хоногийн дараа барилга, бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байгааг Хотын дарга дарга онцолсон. Энэ бол нэг хүний шийдвэр, санаачилга  бус хамтран  зүтгэсэн багийнхны буюу маш олон хүний хамтын хүч хөдөлмөр, зүтгэл байсныг Хотын дарга тодотгож байлаа. Ингээд тэрбээр “Одоогийн УИХ-ын гишүүн П.Сайнзориг, О.Номинчимэг, Н.Батсүмбэрэл миний орлогчоор ажиллаж байсан Н.Мандуул, Л.Хосбаяр, НЗДТГ-ын дарга Д.Амгалан, НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга М.Үнэнбат, Сүхбаатар дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, НОСК-ын захирал М.Говьсайхан, одоо миний орлогчоор ажиллаж байгаа Т.Даваадалай, А.Амартүвшин гээд олон хүний хүч хөдөлмөрөөр өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эхэлж байна. Мөн Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны залуучуудыг магтах ёстой. Нийслэлд өмнө нь ийм хэмжээний газар чөлөөлөлт хийж байсан туршлага байхгүй. Эдгээр залуучууд иргэдтэй зөвшилцөж, хийх бүтээн байгуулалтаа танилцуулж, өмчийн эзний хөрөнгийг зохих ёсоор үнэлж, бүтээн байгуулалтын талбайг бэлдэж өгсөнд талархал илэрхийлье” гэлээ. "Сэлбэ” дэд төвийг 2027 онд бүрэн дуусгаж хүлээлгэж өгөхөөр ийнхүү ажил эхэлж байгаа юм. Төслийн гүйцэтгэгчээр "Чайна констракшн" компани ажиллах бөгөөд туслах ажилтнаар монгол хүмүүсийг ажиллуулах юм байна.  Ингэхдээ нийт ажилчдын 60-70 хувь нь монгол,үлдсэн ажиллах хүчийг Хятад улсаас авч ирж ажиллуулах ажээ. 


 “Сэлбэ” хотод гурван сургууль, таван цэцэрлэгийг шинээр барина
“Сэлбэ" дэд төвийн бүтээн байгуулалт нь III, IV хороолол дээр “Өнөр” хорооллыг нэмсэн дайны том бүтээн байгуулалт болно гэдгийг албаныхан онцолж байна.  Өөрөөр хэлбэл, социализмын үеийн их бүтээн байгуулалт шинэ зуунд ийнхүү эхэлж байгаа бөгөөд  нийтдээ 13 мянган айлын үйлчилгээтэй,  цогц орон сууцны хорооны Улаанбаатар хотын хойд бүсэд сүндэрлэхээр гараанаас гарлаа. “Сэлбэ 20 минутын хот"  төслийн хүрээнд, 10 мянган өрхийн 113 блок орон сууц, 17 км орчим авто зам, 43 км явган зам, 28.9 км дугуйн зам зэрэг төвлөрсөн бүтээн байгуулалтыг бий болгох ажээ.  Уг орон сууцанд орох хүсэлтэй иргэд ирэх наймдугаар сараас эхлэн захиалгаа өгч болно гэдгийг албаныхан дуулгасан. Ингэхдээ давхар, байршлаасаа шалтгаалаад үнэ харилцан адилгүй байх аж.  “Сэлбэ” дэд төвийн эхний ээлжийн 4400 айлын  орон сууцны хороолол нь хөөсөн фасадгүй бөгөөд олон жилийн насжилттай байх үүднээс металл гадаргуутай хийхээр болсон нь онцлог гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.  Мөн крантны усыг шууд хэрэглэх боломжийг бүрдүүлэн зэс трубо ашиглана гэдгийг Хотын дарга онцолсон. Энэ ажлыг 24 сарын хугацаанд барьж байгуулснаар  гэр хорооллын агаар, хөрсний бохирдлоос ангижруулах зорилт ийнхүү бодит ажил болоход ойрхон боллоо. “Сэлбэ” дэд төвийн  орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэж байгаа нь онцлууштай бөгөөд эдэлгээ, насжилтад маш чухал нөлөөтэйг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх юм байна. Тухайлбал, нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Сэлбэ гол дээр хөв цөөрөм байгуулж үерийн усны тохируулга хийнэ. Хөв цөөрөмтэйгөө уялдуулж усны хаялга, борооны ус зайлуулах шугам, шуудууг ч цогцоор угсрахаар төлөвлөжээ. Хүний хэрэгцээ цөм бүрэн байхаар төлөвлөсөн учраас нийгмийн бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлэхээр олон талаас нь бодож төлөвлөсөн төсөл гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Энэ ч үүднээс  Сэлбийн бүтээн байгуулалт хийгдэж буй орчимд өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын гурван сургууль хичээллэж байгаа юм байна. Харин цаашид нэмж гадаад хэл, техник, спортын төрөлжсөн хөтөлбөртэй гурван сургуулийг төслийн хүрээнд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Харин сургуулийн өмнөх насны боловсролын тухайд таван цэцэрлэг шинээр барихаар төлөвлөсөн байна. Мөн Монгол Улсын циркийг энд байгуулах талаар Соёл, аялал жуулчлал, залуучуудын яамтай зөвшилцөж, төлөвлөлт хийснээ Хотын дарга хуваалцсан юм. Ийнхүү “Сэлбэ” хотынхон нийгмийн аливаа үйлчилгээ авахын тулд замын түгжрэлд орж, цаг хугацаагаа барахгүй бөгөөд  нийслэлийнхний ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах  сайн цаг айсуйг бүтээн байгуулалтын төлөвлөлтөөс харж болохоор байгаа юм. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрийг дамнан баригдах “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын нээлтэд   Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр хүрэлцэн ирсэн байв. Тэрбээр энэ үеэр   “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд нэгдүгээрт, иргэдийн амьдрах орчин сайжирна. Хоёрдугаарт, 2200 айлын газарт  13 мянган айлын орон сууц барина гэдэг нь зургаа дахин нэмэгдүүлсэн хэмжээний өрхийн орон байрны асуудлыг шийдэж байна. Гуравдугаарт, 2200 янданг бууруулж, агаар, хөрсний бохирдлыг багасгаж байна. Дөрөвдүгээрт, ногоон байгуулж нэмэгдэж, хот төлөвлөлт сайжирна. Үүнээс гадна ойр орчмын газрын үнэлгээ өснө гэх мэт олон талын ач холбогдолтой. Мөн 13 мянган айлын орон сууцаа худалдан борлуулж, эргэлтэд оруулаад дараагийн 2200 айл, магадгүй 10 мянган айлын газар чөлөөлж, орон сууцжуулах эх үүсвэрээ олох боломжтой” хэмээн тодотгож  байлаа. 


 М.Өнөржаргал

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв 9 цагийн өмнө
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… 14 цагийн өмнө
ФОТО: УИХ-ын чуулган 15 цагийн өмнө
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 17 цагийн өмнө
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 17 цагийн өмнө
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… Өчигдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… Өчигдөр
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно Өчигдөр
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… Өчигдөр
Тэнгэрт дүүлсэн 100 жил Өчигдөр
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл Өчигдөр
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… Өчигдөр
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” Өчигдөр
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна Өчигдөр
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… Өчигдөр
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… Өчигдөр
Бүрэн бусын онолч Өчигдөр
Тахиа, өндөг, өгөгдөл Өчигдөр
Б.Халиунаа: Амьдралынхаа өөр нэгэн аяллыг эхлүүлэхээр замдаа гарч байн… Өчигдөр