Монгол Улсын анхны жишиг “20 минутын хот” болох “Сэлбэ” дэд төвийн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Тус бүсээс 2200 гаруй айл газраа чөлөөлснөөр ийнхүү барилга угсралтын ажлыг эхлүүлэх боломж бүрдээд байгаа билээ. Дахин төлөвлөлтөд орж газраа чөлөөлсөн иргэдийн хувьд сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж байна. Энэ бүсээс газраа чөлөөлсөн иргэдийн хувьд хөрөнгөө бэлэн мөнгөөр үнэлүүлсэн учраас орон сууцанд амьдрах уу эсвэл хашаа байшин авах уу гэдэг нь нээлттэй байжээ. Тийм ч учраас өөрсдийн хүсэл, сонирхлоор шийдвэрээ гаргасан байна. Дахин төлөвлөлтийн жишиг манай улсад ихэвчлэн газрыг нь орон сууцаар сольдог, эргээд ашиглалтад оролгүй уддаг нь иргэдэд хүндрэл учруулсаар ирсэн. Тэгвэл “Сэлбэ” дэд төвийн хувьд иргэдэд сонголтыг нээлттэй үлдээснээрээ давуу талтай бөгөөд газар чөлөөлсөн айлуудад ямар нэгэн хүндрэл учраагүй бөгөөд аливаа гомдол санал гараагүй нь дахин төлөвлөлтөд жишиг болсон хэмээн иргэд ам сайтай байна. Түүнчлэн энэхүү газар чөлөөлөлтөд өртөөгүй айлуудаас газраа чөлөөлүүлэх хүсэлтийг ч ихээр ирүүлж байгаа аж. Чингэлтэй дүүргийн 14, 18, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өрнүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд нийтдээ 13 мянган айлын орон сууц ашиглалтад орох юм. Ингэснээр Улаанбаатар хотын утаа, агаар, хөрсний бохирдлыг багагүй хэмжээгээр бууруулах тооцооллыг албаныхан хийгээд байгаа билээ. Бүтээн байгуулалтын шав тавих ёслолын үеэр газраа чөлөөлсөн иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирсэн байлаа. Тэдний төлөөлөөс газар чөлөөлөлт хэрхэн өрнөсөн талаарх байр суурийг нь сонслоо.
Ц.Энхсайхан: Чөлөөлсөн газартаа орон сууц авахаар төлөвлөсөн
/Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн/
-Би газраа чөлөөлсөн иргэдийн төлөөллийн хувьд бүтээн байгуулалтын ажлын нээлтийг сонирхож явна. Манайх энэ орчимд 40 гаруй жил амьдарсан. Миний үр хүүхдүүдийн өсөж төрсөн газар л даа. Ийм сайхан буянтай, авшигтай газар маань Улаанбатар хотын шинэ төлөвлөлтийн бүс болоод өнөөдөр ажил нь эхэлж байгаад иргэн хүний хувьд баяртай байна. Их ажил өрнөөд, олон айлын орон сууц барихаар болсонд талархалтай байгаа. Энэ хавьд орон сууц барих талаар нэлээд хэдэн жилийн өмнөөс яригдаж эхэлсэн л дээ. Хамгийн анх дахин төлөвлөлт гэж яваад “Байрыг байраар солино” гэдэг нөхцөлтэй байсан юм. Тухайн үедээ итгэл үнэмшил төрөөгүй учраас ажигласан байдалтай байсан л даа. Харин жил гаруйн өмнөөс “Сэлбэ” дэд төв барина гэдэг мэдээлэл гарч, бидэнтэй албаны хүмүүс ирж уулзсан л даа. Миний хувьд өөрийн олон жил амьдарсан газраа чөлөөлөхдөө хүрвэл бэлэн мөнгөөр зарж борлуулна гэж боддог байсан юм. Санасны дагуу улс бидний хашаа байшинг бэлэн мөнгөөр худалдан авах санал тавьсан учраас шууд хүлээж авсан. Миний хувьд хөрөнгөө боломжийн үнээр үнэлүүлсэн, сэтгэл ханамжтай байгаа. Ах нь газар чөлөөлөөд орон сууцанд орсон. Цаашдаа энд баригдах орон сууцанд үр хүүхдүүдээ оруулах бодолтой л байна. “Сэлбэ” дэд төвийн ажил анхнаасаа маш цэгцтэй бөгөөд хариуцлагатай, журамтай өрнөсөн. Энэ эрчээрээ орон сууцны бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж, хугацаандаа ашиглалтад орно гэдэгт итгэлтэй байна. Сэтгэл гаргаад, нэгдээд ажиллаж чадвал богино хугацаанд их ажил амжуулж, том үр дүнд хүрч болдгийг харуулсан жишиг ажил гэж ах нь хувьдаа дүгнэж байгаа. Цаашид энэ жишгээр Улаанбаатар хот утаа, түгжрэлээсээ салах байх гэж найддаг. Гэхдээ энэ бол ганц дарга нарын хийх ажил биш иргэн нэг бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй учраас улсаас явуулж буй ажлыг дэмжээд өөрийн хувь нэмрээ оруулах ёстой л гэж боддог.
Д.Хандмаа: Утаа гаргадаг яндангийн тоо буураасай гэдэг үүднээс хармын сэтгэлгүйгээр газраа чөлөөлсөн
/Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн/
-Эгч нь Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо орчимд 50 гаруй жил амьдарч байгаа иргэн. Манайх хоёр айлын газар чөлөөлсөн. Хашаандаа сайхан амьдардаг айлуудын нэг байсан. Хоёр давхар байшинтай, иж бүрэн тохижуулсан, халуун хүйтэн устай, цэцэрлэгт хүрээлэнтэй маш сайхан амьдардаг байсан. Долоон буудал орчимдоо хамгийн сайхан хашаатай айлын нэг байв. Тийм сайхан хашаандаа амьдраад л байхаар байлаа. Гэхдээ бидэнд нийгмийн хариуцлага гэж зүйл байх ёстой шүү дээ. Ганц миний биш Монгол Улсын иргэдийн эрүүл, цэвэр орчинд амьдрах эсэх тухай асуудал хөндөгдөж байхад хувиа хичээгээд сууж болохгүй гэдэг үүднээс хамгийн түрүүнд газраа чөлөөлсөн. Бусдадаа ч уриалсан. Төр манай хашаа байшинг сэтгэл ханамжтай үнээр авсан. Эгч нь химийн инженер. Тиймээс утааны хор, хөнөөлийг хамгийн сайн мэддэг хүний хувьд улаанбаатарчуудыг утаанаас салгах хотын удирдлагуудын санаачилгыг хоёр гараа өргөөд дэмждэг хүмүүсийн нэг. Тийм ч учраас газар чөлөөлөх ажилд манлайлж, ач холбогдлыг нь таниулах, мэдээлэл хүргэх ажлыг ч өөрийн хэмжээнд хийсэн. Энэ нь миний нийгэмдээ оруулж буй хувь нэмэр гэж хандсан гэх үү дээ. Дараагийн бүтээн байгуулалт саадгүй, сайхан өрнөж, олон айл орон сууцанд орж, утаа гаргадаг яндангийн тоо буураасай гэдэг үүднээс ямар ч хармын сэтгэлгүйгээр газраа чөлөөлсөн. “Сэлбэ” дэд төв барина гэж анх яригдсан цагаас нь гараа өргөөд дэмжсэн хүмүүсийн нэг учраас эргэн тойрондоо ч уриалж явна. Олон жил амьдарсан газар маань орчин үеийн шинэ, сайхан хот болж өргөжөөсэй гэж харж байна. Эгч нь газраа чөлөөлөөд одоогоор зуслангийн бүсэд амьдарч байна. Цаашдаа энд баригдсан орон сууцнаас худалдаж авах төлөвлөгөөтэй байна. Хашааныхаа буурин дээр босгосон байрнаас авахаар хүлээж байна. 24 сарын хугацаанд 4400 айлыг орон сууцанд оруулна гэдэг бол урд өмнө нь байгаагүй том ажил шүү. Цаашдаа ийм жишиг хот байгуулах ажил саадгүй өрнөж чадвал Улаанбаатар мөрөөдлийн хот болоход ойрхон байна л гэж хардаг даа.
Д.Эрдэнэцэцэг: Хотын удирдлагууд газар чөлөөлөлтийн ажилд маш хариуцлагатай хандсан
/Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэн/
-Би 20 гаруй жил амьдарсан хашаа байшингаа чөлөөлсөн иргэдийн төлөөлөл. Манайх 0.7 га газартай байсан. Төр бидний хөрөнгийг үнэгүйдүүлээгүйд баяртай байгаа. Манайх газраа чөлөөлөөд орон сууцанд орсон. Шууд бэлэн мөнгөөр нь худалдаж авсан нь их таалагдсан. Иргэд цаашдаа ямар байдлаар амьдрах вэ гэдэг сонголт үлдээж байгаа нь маш зөв. Чөлөөлсөн газар дээр маань их бүтээн байгуулалт өрнөж, олон айлын орон сууц баригдахаар ажлаа эхэлж байгаад баяртай байна. Хотын удирдлагууд маань энэ ажилд маш хариуцлагатай хандаж байгаа нь ажиглагдаж байгаа. Тиймээс би иргэн хүний хувьд энэ том ажил өрнөхөд саад болж болохгүй гэдэг үүднээс бушуухан газраа чөлөөлж өгсөн. Тухайн үед албаны хүмүүсийн хэлж, ярьж байсанчлан яг л хэлсэн цаг хугацаандаа ажлаа эхлүүлж байгаад таатай байна. Ямар ч байсан энэ олон айл ямар ч ач холбогдолгүйгээр газраа чөлөөлөөгүй юм байна гэж бодоод зогсож байна. Манай энэ ойр орчмоос газраа чөлөөлөөгүй 100 орчим айл үлдсэн гэж дуулсан. Тэр айлуудад хандаж хэлэхэд, та бүхэн маань энэ их ажлыг саадгүй явуулахад хувь нэмрээ оруулж даруйхан газраа чөлөөлж өгөөрэй гэж хэлмээр байна. Улаанбаатарчууд утаа, түгжрэлгүй, эрүүл сайхан орчинд амьдрахад өөрийн хувь нэмрийг оруулаарай гэж хэлье. Бидний хүрээлэн буй орчин ямар байх вэ гэдэг нь иргэн биднээс ч мөн хамаарна шүү дээ. Тиймээс бусдыгаа хүндэтгээд, хотын иргэний үүргээ биелүүлээрэй. Нөхөн олговор өгөх асуудал ямар ч саадгүй, түргэн шуурхай байгаа нь маш чухал. Дахин төлөвлөлтийн ажил өмнө нь бүтэлгүйтсэн, маш олон иргэн хохирсон учраас зарим айл хаширлаж байхыг үгүйсгэхгүй. Энэ удаад тийм зүйл огт байхгүйд сэтгэл ханамжтай байгаа.
Д.Мөнх-Очир: Иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлэлгүйгээр газар чөлөөлсөнд талархалтай байгаа
/Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны иргэн/
-Олон айлын орон сууц баригдах гэж байгаа учраас газраа чөлөөлөх шаардлага үүссэн. Бусад айлын адил үнэлгээ хийлгээд газраа чөлөөлсөн л дөө. Хамгийн эхлээд үнэлгээний компанийн хүмүүс ирээд газар, хашаа, байшин бүгдийг нь хэмжээ аваад багцаа хэлдэг юм билээ. Манайх өндөр хүчдэлийн шугам дор байсан учраас бичиг баримтгүй байсан юм. Тиймээс улсаас ийм айлуудын бичиг баримтыг улсаас бүрдүүлж өгсөн л дөө. Манайх хашаандаа ногоо тарьдаг байсан. Ер нь хашаагаа өөрийн хэмжээнд тохижуулдаг байсан л даа. Ямар ч байсан бидний хувьд газраа чөлөөлөхдөө сэтгэл ханамжтайгаар үнэлүүлсэн. Газар чөлөөлөлтийн үнэлгээ боломжийн явсан гэж ойлгосон. Манай ойр орчимд амьдарч байсан айлууд өөрсдөө орон сууцанд ороод нэмэлтээр хашаа авсан сураг ч дуулдаж байсан. Ямар ч байсан улс иргэдийн хөрөнгийг үнэгүйдүүлэлгүйгээр газар чөлөөлөлтийг явуулсан гэж ойлгож байгаа. Дахин төлөвлөлтийн ажил эртнээс яригдаж эхэлсэн ч ажил хэрэг бололгүй удсан. Бас орон сууцанд оруулна гэчихээд одоог хүртэл орох оронгүй яваа айл өрх ч олон байдаг юм билээ. Энэ удаагийн “Сэлбэ” дэд төвийн ажил маш хариуцлагатай өрнөсөн. Ямар нэг гомдол саналтай хүн дуулдахгүй байгаад иргэний хувьд сайшаалтай байгаа. Утаа гаргадаг яндангийн тоог цөөрүүлэх үндсэн зорилготойгоор улсаас хийж байгаа ажилд иргэн бид өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах ёстой. Энэ ч үүднээс манай ойр орчмын айлууд газраа удаж уялгүйгээр чөлөөлсөн. Олон айл ая тухтай амьдрах боломж бүрдүүлэхээр зорьж байгаа нь маш зөв. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад баяртай байна. Цаг хугацаандаа ашиглалтад орж, шинэ сайхан хот сүндэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна