Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр ойртож багачуудаа хэрхэн баярлуулах вэ, чухам ямар үзвэрүүд үзүүлбэл үр дүнтэй вэ гэдэг асуулттай эцэг эхчүүд нүүр тулдаг. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, хүүхэд залуучуудын газар, дүүрэг хороодоос олон талт ажлуудыг зохион байгуулдаг боловч хүүхэд бүрд хүртэх нь ховор. Замын бөглөрөл, дараалал хэт ихэсдэг тул хүүхэд, залуучуудын паркт хүн бүр хүүхдээ тоглуулж амждаггүй гээд бэрхшээл их.
Тэгвэл “Нандин хөгжил” сан шинэ суурьшлын бүс Яармагт байрлах “IC park” олон улсын цэцэрлэгт хүрээлэнтэй хоёр дахь жилдээ хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа бүрэн хангажээ. Энэ жилийн арга хэмжээний онцлогийг дурдахаас өмнө өнгөрсөн жилийн ололт амжилтыг эргэн нэг сөхөх нь зүйтэй болов уу. “IC park” олон улсын цэцэрлэгт хүрээлэн нь Хан-Уул дүүргийн VIII хороонд байрлах 350 мянган ам метр газарт “Олон улсын цэцэрлэгт хүрээлэн” төслийг 2021 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Уг төсөл нь нийслэлийн иргэдийн эрүүл, ая тухтай амарч зугаалах, ногоон хөгжлийн стандартыг хангасан дэвшилтэт технологийг ашиглан, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд улс үндэстний түүх, соёл урлагийн онцлогийг сурталчлан таниулах орон зайн төлөвлөлтийг бий болгохын сацуу хүүхэд залууст эх дэлхий, байгаль орчныг хайрлан хамгаалах, тэдэнд суурь мэдлэг, экологийн боловсрол олгох, дадлага хийх зориулалт бүхий дөрвөн улирлын жимсний мод, тарьц ургуулах ботаник хүрээлэн бий болгох нь тэдний эрхэм зорилго. Дөрвөн улирлын хүлэмж, усан толио, хиймэл нуур, алсыг харах өндөрлөгүүд, шинжлэх ухаан танин мэдэхүйн парк, спортын талбай, олон улсын соёлын газар, дугуйн бас гүйлтийн зам, автомашины зогсоол, явган зам зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг төлөвлөлтийн дагуу гүйцэтгэж эхлээд байна.
Эдгээр бүтээн байгуулалтын зэрэгцээ хувийн хэвшил буюу “Нандин хөгжил” сангийн хамт олонд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хөтөлбөр бүхий арга хэмжээг зохион байгуулах эрх олгосон явдал хийж бүтээх эрмэлзэл бүхий залуусыг дэмжиж буйн илэрхийлэл юм. Өнгөрсөн жилийн зургадугаар сарын нэгэнд “ТХ” продакшны авьяаслаг багачууд бүтэн өдөр тоглолт хийж, дуучин Ч.Уранхолбоо ая дуугаа өргөсөн юм. Гэр бүлээрээ дурсгалын зураг авахуулах гоёмсог тайзыг талбайн голд байршуулсан байв. Хүүхдийн тоглоомууд, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийг төрөл зүйлээр нь ангилан байршуулсан явдал эцэг эхчүүдийн талархлыг хүлээв. Гар зургийн уралдааны ялагчид тодорч, робот тоглоомыг багачууд тойрон бүчнэ. Шинэ суурьшлын бүсийн иргэд заавал хотын төвийг зорьж түгжрэхгүй, хүүхдүүдээ магнай тэнэгэр баярлуулах бүх боломжийг бүрдүүлсэн байв.
Энэ жил хоёр өдөр зохион байгуулах “Нандин үрс-Нандин өдөр” өдөрлөгийн хөтөлбөрийг улам баяжуулжээ. “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын авьяаслаг охид дуу, бүжиг, загварын үзүүлбэрүүд, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Ариунболд ахлагчтай морин циркийн хамт олны “Талын морьтон залуус” үзүүлбэр, “ТХ” продакшны хамт олон “New face”, “ICY”, “Сайн, муу”, “Boom boom”, “Утаа”, “Tes rivers”, “Маск”, “High hopes”, “Jennie” бүжиг, “Анхны хайр”, “Нандин охин”, “Охин үр” дуу, “Кино групп” жүжигчилсэн тоглолтоо толилуулах аж. Бүжиг, шүлэг, дууны уралдаанаас шалгарсан 20 хүүхдэд ивээн тэтгэгч компанийн гарын бэлэг гардуулахаа зохион байгуулагчид мэдэгдлээ.
Д.Ариунболд ахлагчтай “Талын морьтон залуус” морин циркийн хамтлаг нь БНСУ-ын Жежү арал, Бүх Хятадын таван одтой ресортод морин циркийн үзүүлбэрээр үзэгчдийн талархлыг хүлээсэн гайхамшигт залуус юм. “Талын морьтон залуус” нь хэдхэн өдрийн өмнө Монголд айлчилсан Австри улсын Ерөнхийлөгчид тоглолтоо толилуулсан билээ. “Нандин үрс-Нандин өдөр” өдөрлөгт анх удаа Монголын хүүхэд багачууд дэлхийд алдартай морин циркийн тоглолт үзэх нь ээ.
Н.Энхцэцэг
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна