Папарацын дуран, шүтэн бишрэгчдийнхээ нүдний өмнө өссөн алдартан Селена Гомесыг “Дэлхийн хүн”-ээр онцлов. “Дисней”-н шоунаас урлагийн замналд хөл тавьсан бяцхан охин өдгөө олон сая дагагчтай дэлхийн од, инфлюенсер болжээ. Селена цахим хуудастаа 420 сая дагагчтай. Дагагчийн тооноос гадна хандалт, уншигчдын тоо, хүртээмжтэй байдал, олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдлаараа инстаграмыг хошуучилдаг. Алдартнууд олон нийтийн сүлжээг мөнгө олох талбар болсон нь нууц биш. Селена маш ховор тохиолдолд сурталчилгаа хийдэг бөгөөд 775 мянган ам.долларын ханштай. Цахим сурталчилгааг орлогын эх үүсвэрээ болгосон Кардашьяны эгч дүүс нэг бараа бүтээгдэхүүнийг инстаграмаараа танилцуулахдаа 500 мянган ам.доллар авдаг аж. Селена өнгөрсөн онд өгсөн ярилцлагадаа нийт хөрөнгөө 1.3 тэрбум ам.доллароор үнэлэн 32 насандаа тэрбумтнуудын эгнээнд багтсан. Энэхүү амжилтаараа АНУ-ын хамгийн амжилттай бизнес эрхлэгч залуучуудын төлөөлөл болж байлаа. Гэвч ээжтэйгээ хамт үүсгэн байгуулсан “Wondermind” сэтгэцийн эрүүл мэндийн старт-апын санхүүгийн асуудал сөхөгдөөд удаагүй байна.
Гомес “Wondermind”-д хэчнээн хэмжээний хөрөнгө оруулсан нь тодорхойгүй байна. Компани чөлөөт ажилтнууд болон ханган нийлүүлэгчдэдээ төлбөрөө төлөөгүй бөгөөд ажилтнаа цомхотгож эхэлсэн. “Форбс” сэтгүүлийн мэдээлснээр старт-апын олон мянган ам.долларын өрийг дарахын тулд зарим үл хөдлөхөө барьцаалснаар нийт хөрөнгийн үнэлгээ 700 сая ам.долларт хүрч буурчээ. Хувийн бизнесээс гадна Селена хөгжмийн карьер, брэнд түншлэл, аялан тоглолтоосоо 90 сая ам.долларын ашиг олжээ. Түүний байгуулсан хамгийн өндөр дүнтэй тохиролцоо нь 2017 онд “Пума”-тай хамтран ажиллахдаа авсан 30 сая ам.долларын гэрээ байв. Пүүз болон оймсны загварыг Селена Гомес гаргажээ.
Гоо сайхны бизнес
Гомесын гэр бүлийн хөрөнгийн багцын үндсэн орлого “Rare Beauty” брэнд. Селена компанийхаа хувьцааны 51 хувийг эзэмшдэг. Гоо сайхны бүтээгдэхүүнээр дагнасан тус брэндийн үндсэн хөрөнгө оруулагчид нь Никки Эслами, Скотт Фридман нар юм. Фридман 2017 оныг хүртэл “NYX Cosmetics”-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм. Тэрбээр “Rare Beauty”-д хувь эзэмшдэггүй. Гоо сайхан бол өрсөлдөөнтэй салбар. Тэр хэрээр ашиг орлого нь харьцангуй байдаг. Калифорнийн татварын албанд мэдүүлснээр“Rare Beauty” 2024 онд 367 сая ам.долларын орлоготой ажиллажээ. Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан дуучин бүсгүйн хувьд 2020 он “Rare” жил байсан. Гурав дахь бие даасан цомгоо ийн нэрлэж, хорвоо ертөнцийг Селенагийн нүдээр харахыг фэнүүддээ уриалсан юм. Ерөнхийдөө "Rare" цомог нь Селена Гомесын амьдралд тохиолдсон үйл явдлуудаас сэдэвлэсэн намтарчилсан бүтээл болсон. Цомогт багтсан бүтэлгүй хайрын зовлонгоо мартан аз жаргалаа олсон тухай “Lose You To Love Me”, “Look at Her Now” дуугаараа фэнүүдээ давхар цохилтод оруулав. Сонсогчид “Жастин Биберийн талаар дуулсан” хэмээн шуугихад дуучин бүсгүй тодорхой хариулт өгөөгүй. Харин “The Zach Sang Show” нэвтрүүлэгт оролцохдоо “Анхны хайртайгаа учрахдаа хүн бүр учир ойлгохгүй залуу байдаг. Нөгөө хүнээсээ сэтгэл зүйн хувьд хэтэрхий хамааралтай болж, хүслийг хайр гэж эндүүрдэг. Би тийм ташаа ойлголттой явсан. Эцэст нь би хэн нэгнээсээ хамааралтай, хоорондоо ярилцаж чаддаггүй харилцаатай байхыг хүсээгүй. Жинхэнэ хайраа олохыг хүсэж байна” хэмээжээ. Түүнийг Канадын дуучин Жастин Бибертэй болздог гэх дуулиан 2010 онд дэгдсэн. Хэдэн жилийн турш тэд салж, нийлсэн тогтворгүй харилцаатай байлаа. Ингээд 2018 онд харилцаандаа цэг тавьж, Жастин Бибер загвар өмсөгч Хэйли Болдуинтай гэрлэсэн юм. Селена сүйт хархүү, хөгжмийн продюсер Бенни Бланкотой 2023 онд үерхсэн. Эрүүл мэндийн асуудлаас болж жин нэмж, гадаад төрхөөрөө шүүмжлүүлдэг. “Селена Гомес: Би ба миний ертөнц” баримтат кино 2022 онд нээлтээ хийв. Энэхүү бүтээлдээ хувийн амьдрал, эрүүл мэндийн асуудлаа хэрхэн даван туулснаа хуваалцжээ. Мөн өөрийгөө хоёр туйлт эмгэгтэй гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм.
“Зүрхний хулгайч”
Урлагийн замналаа 10 насандаа “Барнигийн найзууд” хүүхдийн олон ангит киноны Жианнагийн дүрээр эхлүүлжээ. Удалгүй 2003 онд “Тагнуулч хүүхдүүд” кинонд тоглов. “Дисней” сувгийн 2007-2012 онд цацагдсан “Wizards of Waverly Place” олон ангит киноны гол дүрийг бүтээсэн нь карьерын эргэлтийн цэг болсон. Түүнийг “Дисней” сувгаар гарч эхэлснээс хойш АНУ-ын испани гаралтай үзэгчид өсөж, тус сувгийг нэвтрүүлдэг Латин Америкийн телевизийн тоо 12 байсан бол 100 болж нэмэгдсэн. Алдарт “Дисней”-н киноны гол дүрийг бүтээсэн анхны латин охины хувиар Селена испани гаралтай хүүхдэд урам зориг өгчээ. Тэрбээр “Миний үеийн өсвөр насны одод бүгд шаргал үстэй байсан. Би тэдэн шиг болохыг хүсдэг байлаа. Латин аав ээжүүд надад хандаж эхлэхээс өмнө би өөрийнхөө яс үндэс, удам угсаа, соёлыг төлөөлөх нь ямар чухал гэдгийг ойлгодоггүй байсан юм. Би өөр үеийн, өөр соёлын төлөөлөл болж чадах итгэлтэй болсон” гэжээ. Урлагт хайртай, уран бүтээлч болсон нь ээжийн нөлөө байв. Театрын жүжигчин ээжийнхээ тоглолтыг ухаан орсон цагаасаа харж өссөн Селена тайзны урлагт эрхгүй татагджээ. “Тайзан дээр тоглох ээжийгээ хараад биширдэг байсан. Түүний яриа, үйл хөдлөлийг даган дуурайна. Гэртээ ч яг л жүжигт тоглож байгаа мэт ярьдаг. Тэр бүхэн надад тайзны сургууль болж “Дисней”-н киноны шалгаруулалтад тэнцсэн” гэж дурссан байдаг. Ээж нь түүнийг 16 настайдаа төрүүлсэн бөгөөд шүтэн биширдэг, Латин Америкийн алдартай дуучин Селена Кинтанилья-Пересийн нэрийг өгчээ. Эмээ өвөө нь Мексикийн Монтеррей хотоос Техаст суурьшсан латин америкчууд байв. Иймд өөрийгөө “Гурав дахь үеийн мексик-америк хүн” гэж тодорхойлдог. Ирээдүйн одыг таван настайд эцэг эх нь салжээ. Хойт эцэг Брайан Тиффи Селенагийн урлагийн төдийгүй бизнесийн карьерт үнэнч дэмжигч, шилдэг менежер нь болсон.
“Үнсгэлжингийн түүх” кино 2008 онд нээлтээ хийхэд хүүхдийн киноны бяцхан жүжигчнээс өсвөр насныхны шүтээн боллоо. Алдарт “Hollywood Records” студитэй гэрээ байгуулж, 11.4 сая үзэгчийг татсан нь ахлах сургуулийн мюзиклд дүр бүтээжээ. Хүүхдийн тайзнаас том үсрэлт хийж бокс оффисын “Зүрхний хулгайч” болсон түүх ингэж эхлэв. Гэсэн ч, хүүхдүүдээс өсвөр насныхан хүртэлх хүн бүхэн Селенаг хайрлаж байлаа.
Нью-Йоркийн “Coach” брэндийн албан ёсны төлөөлөгчөөр ажилласан төлбөрөө тус санд хандивлаж, үе тэнгийн алдартнууддаа үлгэр дуурайл болдог. Мөн 2016 онд Орландо дахь ижил хүйстнүүдийн клубт гарсан буудалцааны хохирогчдод зориулсан “Hands” дууг Бритни Спирс, Женнифер Лопез Гвен Стефани нартай хамтран дуулсан. Селена Гомез НҮБ-ын Хүүхдийн сангийн хамгийн залуу элч болж байв. Тэрбээр 2009 оноос хойш жил бүр Хүүхдийн сангийн хандивын аянд оролцож иржээ. “Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэг” олны танил эрхмүүдийг байнга шүүмжилж, заримдаа шийтгэх нь ч бий. Селенаг “Love You Like a Love Song” дууны клипийг хийхдээ морийг ягаанаар будаж, хордуулсан хэмээн буруутгасан. Ширүүн дайралтаас бултаж чадаагүй Селена тэр зураг авалтыг арга буюу хассан байна.
Х.Эрдэнэзаяа
Эх сурвалж: Монголын үнэн сонины №020/24647/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна