Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ


Ургац хураалтын ажил улс орон даяар эхэлж, өдгөө жирдэрч эхэллээ. Энэ жил ургац тэр дундаа улаанбуудай хураах ажлыг өмнөх жилүүдтэй харьцуулбал, 7-10 хоногийн өмнө эхлүүлжээ.  Тухайлбал, газар тариалангийн бүс нутаг  Сэлэнгэ аймагт үр тариа хураах ажлаа өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр эхлүүлж,  одоогоор 20 хувьтай үргэлжилж байгаа бол Төв аймаг энэ сарын 25 гэхэд төмс, хүнсний ногоо, аравдугаар сарын 10 гэхэд улаанбуудайгаа хурааж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. 

Тариаланчдын туйлын зорилго бол ургацаа ямар нэгэн хорогдол, алдагдалгүй, төлөвлөсөн ёсоор бүрэн дүүрэн хурааж авах явдал юм. Тиймээс энэхүү ажлыг салбарын яам буюу ХХААХҮЯ бодлого, зохицуулалтынхаа хүрээнд удирдан зохион байгуулж, харин бусад холбогдох яам, байгууллага, аж ахуйн нэгжүүд боломж нөөцдөө тулгуурлан дэмжин ажиллах үүрэгтэй. 

Жил бүр ургац хураах их ажил өрнөхөд тариаланчид цаг агаарын хүчин зүйл, бензин шатахууны хомсдол, агуулах савны хүрэлцээ дутмаг, ажиллах хүчний хомсдол гэх мэт олон асуудалтай нүүр тулж, түүнээс үүдэн зарим жил ургац алдах тохиолдол ч гардаг. Тэгвэл энэ жилийн тухайд салбар яамны зүгээс эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар ажиллаж буй талаар сурвалжиллаа.

Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж буйгаар ойрын өдрүүдэд нийт нутгаар хур тунадас орж хүйтрэх төлөвтэй байгаа тул салбар яам хүйтнийг өнгөрөөж байж техник, тоног төхөөрөмжийн нөөц бололцоогоо ашиглан ургац хураалтын ажлыг нэгдсэн байдлаар илүү эрчимжүүлж, төлөвлөсөн хугацаандаа буюу ирэх аравдугаар сарын 20 гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж эхэлжээ. Өнгөрсөн жилийн тухайд ургац хураалтын үеэр шатахуун, дизель түлш тасарч хомсдолд орж, ургац хураахад бэрхшээл үүсэж байсан бол энэ жилийн хувьд шатахуун, дизель түлшний нөөц хэвийн байгаа аж. Тиймээс улаанбуудайн болц гүйцсэн аж ахуйн нэгжүүд ургацаа хурааж, гурилын үйлдвэрүүдэд тушааж эхэлсэн байна.  Мөн "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК  улсын хэмжээнд тариаланчдын буудайг хүлээн авах зорилгоор долоон байршил дахь элеваторуудад засвар үйлчилгээ болон ариутгал хийж, буудай хүлээн авч эхэлжээ.

Ургац хураах ажил бол зөвхөн тариаланч, худалдан авагчийн асуудал биш. Харин улс орон даяар бүтэн жилийн хүнсээ нөөцөлж буй ажил үйлс тул олон талын хүчин зүйлээс хамааралтай байдаг.  Тиймээс холбогдох яамдуудтай хамтарч ажиллах ажлын хэсгүүд томилогдож, бэлтгэл ажлаа хангаж эхэлсэн байна. Тухайлбал, ургацын тээвэрлэлттэй холбоотойгоор замын ажлыг  цаг хугацаанд нь хийж гүйцэтгэх тал дээр Зам тээврийн яамтай, эрчим хүчээр таслахгүй,  доголдол үүсгэхгүйн тулд Эрчим хүчний яамтай, шатахуунаар тасалдуулахгүй, бүрэн хангахын тулд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамтай хамтарч ажиллахаар бэлтгэл ажлуудыг базааж эхэлсэн байна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 600 мянга орчим га талбайд тариалалт хийжээ. Тухайлбал, 348 мянган га-д үр тариа, 128 мянган га-д техникийн ургамал, 75 мянган га-д таримал тэжээл, 18 мянган га-д төмс, 16 мянган га талбайд хүнсний ногоо тус тус тариалсан байна.

Ургац хураалтын урьдчилсан дүн мэдээгээр улсын хэмжээнд 476 мянган тонн үр тариа хураан авах бөгөөд үүнээс 429 мянган тонн хүнсний улаан буудай, 257 мянган тонн төмс, 210 мянган тонн хүнсний ногоо хурааж авах тооцоо гарчээ.  Энэ жил тэжээлийн таримал болон тосны ургамлыг тус бүр 100 гаруй мянган га газар тариалсан нь салбарын яамны төлөвлөсөн хэмжээнээс нэмэгдсэн үзүүлэлт тул ямар нэгэн дутагдал гарахгүй гэж үзэж байна. Харин улаанбуудайн тухайд  429 мянган тонныг хураан авч үүнээс дараа жилийнхээ үрийг нөөцөлж, 250 гаруй тонн буудай гурил үйлдвэрлэлд нийлүүлэхээс гадна тодорхой хэмжээг нь тэжээл рүү шилжүүлэхээр урьдчилсан тооцоолол гаргасан байна.

 


Ургацын чанар, үзүүлэлт өмнөх жилүүдийнхээс нэмэгджээ 

Хүнсний улаанбуудайн хувьд чанар, стандарттай. Тухайлбал, стандартын хувьд гэхэд л арав гаруй үзүүлэлттэй байдаг аж. Тиймээс ургацын гарц, чанарыг улаанбуудайн үзүүлэлтээр авч үзвэл ямар нэгэн доголдол үүсээгүй, харин ч  га-гийн ургац өмнөх жилүүдийн түвшнээс нэмэгджээ. Энэ жилийн хувьд цавуулаг, сойлсон буудай гэх мэт чанарт сөргөөр нөлөөлөх асуудал гараагүй байна.

Өнгөрсөн жил 314 мянган га талбайд хүнсний улаанбуудай тариалсан бол энэ нь нийт төлөвлөж байсан хэмжээнээс 15 хувиар буурч, ойролцоогоор 56 мянган га-гаар багассан байна. Ингэж тариалалтын талбай багассан хэдий ч цаг агаарын нөхцөл байдал, тариаланчдын хэрэгжүүлж буй технологийн үр дүнд алдагдлаа ургацынхаа чанараар нөхөх боломжтой гэж үзэж буй талаар ХХААХҮЯ-ны Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Ц.Болорчулуун ярилаа. Тэрбээр “Дотоодын хэрэгцээнд 305 мянган тонн буудай шаардлагатай байдаг. 255 мянган тонн буудайг гурил үйлдвэрлэлд нийлүүлнэ гэсэн тооцоо гарсан. Ургац хурааж дууссаны дараа нэгдсэн дүн гарч, улмаар энэ тоо дээшээ, доошоо бага зэрэг хэлбэлздэг. Нөгөөтэйгүүр УИХ-ын 2024 оны дөрөвдүгээр сард баталсан гурилын Гаалийн албан татварыг тэглэсэн тогтоолтой холбоотойгоор импортоор орж ирэх гурилын тоо хэмжээнд хязгаарлалт тавиагүй. Тиймээс  ОХУ-аас импортоор орж ирж байгаа гурилын хэмжээ болон дотоодын ургацтай нийлээд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой гэж харж байна” гэлээ.

Тэгвэл энэ жил хүнсний ногоо, төмсний хэрэгцээнийхээ хэдэн хувийг дотоодоосоо хангах боломжтой вэ. Үүнд салбарын яамнаас дараах хариултыг өглөө. Өнгөрсөн жил хүнсний ногооныхоо 85 хувийг дотоодоосоо хангасан бол энэ жилийн хувьд  төмсний хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангах боломж бүрджээ. Тодруулбал,  тариалан эрхлэгчдэд 10 нэр төрлийн хүнсний ногоо тариалахад мөнгөн урамшуулал, хөнгөлөлттэй зээл олгох гэх мэт арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлсний үр дүнд ургацын хувь тодорхой хэмжээгээр нэмэгджээ.

 

Ургац хураах ажилд жил бүр 3500 гаруй хүн оролцдог 

Улсын хэмжээнд ургац хураах ажил өрнөх үед жил бүр тулгардаг бэрхшээл бол ажиллах хүн хүчний асуудал байдаг. Энэ жилийн хувьд ч мөн адил ийм бэрхшээлтэй нүүр тулж буй. Тиймээс салбарын яам эл асуудлыг шийдвэрлэх зорилгоор холбогдох газруудад шаардлагатай албан бичиг хүргүүлэх зохицуулалтыг хийсэн байна. Тодруулбал, ургац хураах ажилд оюутан залуус болон цэргийн албан хаагчидтай хамтарч ажиллах санал, албан бичгийг Боловсролын яам болон Батлан хамгаалах яаманд хүргүүлжээ.  Ингэснээр холбогдох аж ахуйн нэгжүүд их, дээд сургуулиудын оюутнуудтай гэрээ байгуулах замаар ажиллах хүн хүчнийхээ асуудлыг шийдвэрлэж байгаа аж. 

Өмнөх жилүүдэд аж ахуйн нэгжүүд  оюутнуудтай 14-21 хоногийн хугацаатай гэрээ байгуулан хамтарч ажилладаг байсан бол энэ жилийн хувьд бороо, цас орох зэрэг цаг агаарын хүчин зүйлээс үүдэн саатах магадлалыг тооцоолж гэрээгээ сараар байгуулах санал хүсэлт холбогдох байгууллагуудад уламжилсан байна. Сүүлийн жилүүдэд ургац хураах ажилд ихэвчлэн Дотоод хэргийн их сургууль болон Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнууд оролцож байгаа аж. Мөн орон нутгийн оюутан, сурагчдаас гадна цэргийн алба хаагчдыг ургац хураах ажилд дайчилдаг. Энэ тоог нэгтгэвэл, жил бүр нийт 3500 гаруй хүмүүс ургац хураах ажилд оролцдог байна.  Энэ жилийн хувьд ч мөн адил ийм тооны хүмүүс ургац хураах ажилд оролцоно гэж тооцоолжээ.

 

Цочир хүйтрэхийг малчид, тариаланчдад анхааруулж байна 

Ургац хураах ажил улсын хэмжээнд жигдэрсэн ч энэ сарын дунд үеэс цаг агаар сэрүүсэж, уулархан нутгаар цас орох төлөвтэй байна. Тодруулбал, энэ сарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур газар тариалан бүхий ихэнх нутгаар дунджийн орчим бол хур тунадасны хувьд ахиу хэмжээтэй орох төлөвтэй байна. Тухайлбал, энэ сарын 14-нд баруун аймгуудын нутгаар, 15-нд нутгийн төв хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, 15-наас ихэнх нутгаар сэрүүсч, хөрсөн дээр цочир хүйтрэхийг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Цочир хүйтрэх, цан хяруу унах зэрэг нь таримал ургамлын ургац хураалтад сөргөөр нөлөөлж болзошгүй тул цаг агаарын богино болон дунд хугацааны мэдээг тухай бүрт нь авч, ургац хураах ажлаа эрчимжүүлэх, урьдчилан сэргийлж, хамгаалах арга хэмжээ авахыг холбогдох албаныхан зөвлөв.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 52 минутын өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 3 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 4 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 4 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 4 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 5 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 5 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 5 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 5 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 5 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 5 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 5 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 5 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 5 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 5 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 6 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 6 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 6 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 6 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 6 цагийн өмнө