Ноднин Ш.Шийтэр багштай уулзах гэтэл сумдаар явсан байж билээ. Дам дуулбал сургуулиудад угийн бичгийн сургалт хийж яваа гэсэн. Багш, сурагчдад угийн бичиг ямар хамаа байна гэх шиг бодол төрсөн л дөө. Уг нь тэр асуудлаар “Эрдмийн зэрэг хамгаалсан” гэж болохоор хүн. Саяхан уулзан хөөрөлдөхөд их ухаарал хайрлав.Өөрт минь төдийгүй өрөөл бусдад ач тустай хэмээн зах зухаас нь ийнхүү сийрүүлэн илгээлээ.
Угийн бичигтэн болсон аймаг бий юү?
Ш.Шийтэр багшийг гайгүй гадарладаг л даа. Булганы Хангал сумын уугуул. Шарав хэмээх айлын ууган банди. Хими биологийн багш. Ард түмний үр хүүхдийн ухааныг тэлж сурган хүмүүжүүлэхээр үдсэн 23 жилийнхээ хичээл зүтгэлийн үр дүнгээр улсын бүтээлч багш, 11 жилийн дараа Гавьяат багшийн алдар хүртсэн хүн. Одоо бол угийн бичгийн багш гэхэд болно. Ураг төрөл, удам угсаа зүйгээр бол ярина шүү. Би хорчу овгийн элэн өвгийнхөө зургаа дахь үе, тухайлбал, аав Шарав, өвгөн аав Нямсүрэн, элэнц Самдан, хуланц Осор, элэн өвөг Очирынхны удам угсааг залгамжлан аж төрж сууна. Хүү долоо, ач болон жич маань найм ба ес дэх үеийн удам залгаж, угсаа төрөл холдон яс хугархуйн үед орлоо хэмээн өгүүлж байна.
-Таны энэ жишгээр үе залгамжилсан удмаа мэддэг хүн хэр олон бол?
-Олон л болгох гэж бодож мэрийсээр байна. Хүмүүст үзүүлж, дуурайлгах үлгэр загвар материалуудтай болсон. Мэдээлэл сурталчилгааны зүйл бэлтгэсэн. Дэмжлэг туслалцаа авах, бүх нийтийн хөдөлгөөн өрнүүлэхээр аймгийн болон зарим байгууллагын удирдлагатай уулзсан. Санал хүсэлт тавьсан. Даанч дорвитой дэмжлэг авч амжихгүй юм даа хэмээн санаашрав.
-Тантай уулзахаар сураглахад сумдын сургуулиудад сургалт хийж яваа гэсэн?
-Аа тийм, угийн бичгийг хамт олондоо, мөн хүүхэд, залуучуудад өвлүүлж хэвшүүлэх санаа бодолтой байгууллагын дарга цөөн боловч бий. Булган сумын соёлын ордныхон өв соёлын ажлын хүрээнд урьсан. Мэдэх чадахаараа л тусалсан даа. Аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга сайхан буянтай залуу бий.
Бид хоёрын яриа ингээд хөврөв. Хүсэж мөрөөдөн байж үртэй болсон ч санааширч яваа нэг гэр бүлтэй санамсаргүй тааралджээ. Эмч удам угсааны цус ойртож хэмээн оношилсон аж. Залуу хос нялх үрээ өрөвдсөн нь мэдээж. Дахиад ийм хүүхэд төрчих вий хэмээн айдас төрөө дөө. Гэр бүлээ цуцална гэхэар анхны хайр сэтгэл нандин. Ш.Шийтэр багш ингэж эргэцүүлэн бодож байгаад угийн бичгийг хөтлүүлэх, өвлүүлэх хүсэл төржээ. Аль эрт 60-аад онд шүү.
Эхэн үед өөрсдийн ураг удмыг аав, ээж, өвөө, эмээгээсээ асууж шалгаасаар арай хэмээн элэн өвөө, эмээ хүртэл бүрдүүлээд цааш явахгүй гацчихжээ. Түүндээ түшиглэн ер нь бусад айл өрх, иргэдийг угийн бичиг хөтлүүлж хэвшүүлэхэд нь туслах ажлыг 90-ээд оноос эхэлсэн аж.
Монголын угийн бичгийн холбооноос зөвлөмж авч улсын хэмжээнд угийн бичигтэн анхны аймаг болох санал боловсруулсан. Аймгийн Засаг даргад танилцуулбал дэмжин сайшаажээ.
Харин зөвлөлийн хурлын зарим гишүүн татгалзаад няцаав. Гэлээ ч шантарч орхиогүй. Оршин суудаг багийнхнаа угийн бичигтэн болгохоор ажилладаг болсон байна.
Угийн бичиг хөтлөөгүйгээс амьдралд учрах хор уршгийг хүүхэд, залуучуудад сайн ухамсарлуулж өвөө эмээ, аав ээж, хол ойрын саднаа эрүүл энх байхад ураг төрлөө сайн мэдэж авахыг хичээнгүйлэн зөвлөдөг. Настан буурлуудтайгаа зөвлөн угийн бичгээ хөтөлж эхэл хэмээн захидаг. Бас шаарддаг. Угийн бичиг хөтлүүлж хэвшүүлэх хөдөлгөөнийг хүүхэд, залуучуудын дунд өрнүүлэхэд хамтран ажиллах саналыг аймгийн Хүүхэд, залуучууд, гэр бүлийн хөгжлийн газарт танилцуулсан гэдэг. Олзуурхан дэмжжээ. Сургуулиудын багш, сурагчдад хамтарсан сургалт хийж эхлээд хэдэн жил болжээ. Нэг чухал уралдаан зарлан дүгнэдэг уламжлал тогтоолоо. Уралдаан нь жил бүр 1.5 сая төгрөгийн шагналын сантай. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар санхүүжилтийг гаргана. Уралдаанд сургуулиудын есдүгээр ангийн сурагчид идэвхтэй оролцдогийн дотор Хутаг-Өндөр, Гурванбуулагийнхан байнга шалгарч бусдын “шарыг хөдөлгөсөөр” байна.
Ураг төрөл, удам угсаагаа судлан угийн бичиг хөтөлж хэвших талаар Ш.Шийтэр багшийн гэр бүлээс санаа авах үлгэр дуурайл их бий. “Чихээр мянга сонсгосноос нүдээр нэг харуулах” илүү өгөөжтэй гэдэг. Тийм учраас угийн бичиг хөтлөлтийн аргачилсан (ном ч гэж болохоор) хоёр дэвтэр хэвлүүлэн байнга ашиглаж байна. “Үр удамдаа өвлүүлэх бидний бэлэг” гэсэн угийн бичиг хөтлөх загварчлалын товхимол хэвлүүлэн Сар шинийн баяраар үр хүүхэд, ураг төрлийнхөндөө өгчээ. Энэ бол төрөл хамаатнуудаа эрүүл үр хүүхдээр удам залгамжлуулахыг бэлгэдсэн, ямар ч сайхан эд материал, мөнгө төгрөгөөс илүү үнэ цэнтэй, бэлэг яах аргагүй мөнөөс мөн.
Ш.Шийтэр багшаас асууж лавлах зүйл дуусаагүй. Аймаг, орон нутгийнхны маань гэр бүлд “Гүзээндээ хөлтэй хүүхэд” л бүү төрөөсэй хэмээн түүний хэлсэн хүслийн үгээр энэ удаагийн яриаг өндөрлөв.
Хар элгийнхэн хал балгүй
Монгол түмний маань өвөг удам ямар сайхан ухаантай вэ хэмээн бишрэх сэтгэл төрөв. Амьдрах ухаан, эрүүл аж төрөх, үр хүүхдүүдээ амар амгалан, сайн сайхан өсгөж удам угсаагаа залгуулах бичигдсэн болон бичигдээгүй олон хууль, журам буй болгон дагаж мөрдөн өвлүүлж хэвшүүлсний нэг нь угийн бичиг хөтөлдөг уламжпал юм. Энэ бол өнө эртээс эхэлсэн, бүр хүннүгийн өвөг дээдсээс улбаатай хэмээн Монголын Угийн бичгийн холбооноос хэвлүүлсэн материалд тэмдэглэжээ.
Өрх гэр бүл ураг төрөл, удмын түүхэн мэдээллийг угийн бичгээр хөтлөхдөө бичмэл ба зураасаар холбон үзүүлэх гэсэн хоёр хэлбэрийн аль нэгээр нь, мөн хослуулан үйлддэг аж. Бас тойргийн ба саран байрлалтайгаар хөтөлдөг хэлбэр ч бий. Өөрөөсөө дээш буюу өмнөх удмыг мэдэх, тухайлбал, өөрсдөөсөө өмнөх ба дээших удам угсааны үеийг аав ээж, өвөө, эмээ, элэнц, хуланц, элэн, хулан, холбоо, өндөр өвөө, эмээгийн удмынхныхаа аль мэдэх удам угсааны үеэс эхэлж тэдгээрээс доош хүү, охин, ач зээ гэх мэт ураг төрлөө залгуулан хөтөлдөг байна. Хэрэв есөн үеэс дээш удам угсааг оруулсан бол төрөл холдсон хэмээн үзэж “яс хугархуй” гэж нэрлээд удам дотроос шинэ үржвэр удам эхэлдэг.
Угийн бичгийг бичмэлээр хөтлөхдөө эцэг болон эх, мөн хүргэн, бэр бологсод, тухайлбал, эцгийн талыг дагасан ясан төрөл буюу авга, эхийн талыг дагасан махан төрөл буюу нагац, мөн хүргэн, бэрийн талыг дагасан худ, худгуйн ураг удмын төрөл саднуудыг хамруулдаг аж. Тэдгээр ураг төрөл, хамаатан саднаас бусдыг “хар элэг”-ийнхэн гэдэг. Иргэдэд энгийн үгээр хэлэхэд элгэн садны биш эгэл жирийн хар элгийнхэнтэй үр хүүхдүүдээ ханьсуулан удам угсаагаа залгуулахад хал балгүй ээлтэй гэдгийг ухаарч мөрдөх шаардлагатай юм байна.
Төр, засгаас ард иргэдээр угийн бичгийг чанд хөтлүүлэхэд нэлээд анхаарал тавьдаг болжээ. Зарим баримт дурдъя. Ерөнхийлөгчийн гаргасан “Монгол Улсын хүн ам зүйн талаар баримтлах чиглэлийг зөвшөөрх тухай” зарлигт “... цус ойртохоос сэргийлэн гол хэрэглүүр-угийн бичгийг айл өрх бүрд хөтлүүлж хэвшүүлэх” гээд “Хүн бүр удмаа мэдэж, угийн бичгээ хөтлөх, үндэсний түүхэн уламжлалыг сэргээн хөгжүүлэхийг Монгол Улсын нийт иргэдэд уриалсугай” гэжээ. “Соёлын тухай” хуульд “ Гэр бүлийн соёл хүмүүжлийн уламжлалыг дээдлэн хөгжүүлж удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлөх”, мөн “Угийн бичиг хөтлөх ажлыг Засгийн газрын 2007 оны 257, 2008 оны 93 дугаар тогтоолыг баримтлан иргэний нийгмийн байгууллагуудтай гэрээ байгуулж хамтран зохион байгуулж ажиллах” гэсэн бол “Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-д дурдахдаа “ Удмын бичиг хөтөлдөг уламжлалыг олон түмний идэвх санаачилгад тулгуурлан сэргээх, хүн бүр овог болон өөрөөс дээш 7-9 үеэ мэддэг болох” гэсэн байна. Энд дурдсанаар Засгийн газраас хоёр удаа тогтоол гаргасан бол УИХ-ын 1996 онд гаргасан зургадугаар тогтоолд тодорхой заалт оруулжээ. Харин тэдгээр шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж зохицуулах эрхмүүд тэдгээрийг хавтсанд хийн "нойрсуулаад” мартсан бололтой. Хэзээ “нойрноос нь сэргээх” бол хэмээн олон нийт “горьдсоор” л байгаа шүү.
Та удам угсаагаа мэдэж байгаа юу
Их эзэн Чингис “Угсаагаа мэдэхгүй хүн ойд төөрсөн бич лугаа адил” гээд удам судраа цэвэр, ариун байлгахад ураг төрлийн есөн үеэ мэдэхгүй хүн бол зэрлэг хүн” хэмээн айлдсан нь ном хэвлэлд бий. Бич гэдэг нь ойд амьдардаг эрт галбын эринд үүссэн сармагчны удам билээ. Манайхан бич, мич, сармагчин хэмээн ярьдаг шүү дээ. Чингис хаан удам угсаагаа мэддэггүй хүнийг сармагчны удмын нэг төрөл, 2.5 сая жилийн өмнө бий болсон хүний өвөгтэй адил шүү гэжээ. Тэгэхдээ ойд төөрчихөөд хаашаа явахаа мэдэхгүй “эргүүтсэн” бичтэй зүйрлэсэн байх юм. Мөн ураг удмын залгамж үеийн төрөл холдож “яс хугархуй” хүртэлх есөн үеэ мэдэхгүй бол зэрлэг хүнтэй зүйрлэн адилтгажээ.Угийн бичиг хөтөлдөггүй, удам угсаагаа мэдэхгүйн балгийг үүнээс илүү яаж зүйрлэх билээ дээ. Эзэн хаан өөрийн 13 үеийг “Монголын нууц товчоо"-нд толилуулсан байдаг.
Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн мэт аж төрөхөөс “аврах” гол арга буюу угийн бичгийг хөтлөхөд ашиглах үлгэр загвар, зөвлөмж бэлээхэн бий. Юуны өмнө удам зүй судлаач эрдэмтдийн бичиж, бий болгосон ном, товхимол, заавар зөвлөмж, загварыг олж танилцах хэрэгтэй. Сонин хэвлэлд нийтэлж олны хүртээл болгосон зүйл ч их. Санаа авахуулахаар дурдахад удам зүйч Н.Түмэн-Өлзий, С.Пүрэвсүрэн нар зохион бэлтгэж, доктор профессор И.Пүрэвдорж хянан нягталж айл өрхөд түгээн угийн бичгийг хөтлүүлэхээр 2012 онд хэвлүүлсэн “Угийн бичиг” II дэвтэр байгаа. Түүнээс арга зүйн олон чухал зүйлийг танин мэднэ. “Уламжлалт угийн бичгийг сэргээн хөтлөх зөвлөмж чиглэл” бий. Угийн бичиг хөтлөх зураасан загварыг үзээд ашиглаж болно. Ахмадуудаас асууж суралцах хэрэгтэй. Аймаг, орон нутгийнхаа ард иргэд, айл өрхөд угийн бичиг хөтлүүлж хэвшүүлэхээр хичээн зүтгэж яваа дээр дурдсан Ш.Шийтэр багш шиг ахмадууд мэдээж аймаг, сумдад байна. Тэднээр дэмжүүлэн туслуулж өөрсдөө хичээн чармайж “Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн” биш, өвгөд дээдсээс уламжлан ирсэн жишгээр удам усгааныхаа ес, түүнээс дээш үеийг мэддэг, ураг удмынхнаа хүндэтгэж бахархдаг ураг төрөлтнүүд болцгооё.
“Угаа мэдэж байвал хүн болж байгаа нь тэр. Усаа мэдэж байвал мал болж байгаа нь тэр”. Энэ бол ухаант өвөг дээдэс маань амьдралыг тунгааж шигшин байж адислан үлдээсэн алтан сургаалын нэг. Ш.Шийтэр багшийн ерөөснөөр “Гүзээндээ хөлтэй хүүхэд” бүү үзэгдэг. Тэр айдсыг авралт бурхны тарни гэхээс илүү ард олон, айл өрхийн хөтөлсөн угийн бичиг ариусгана.
Ж.МӨНХ-ОЧИР
/Булган аймаг, Хэвлэл мэдээллийн ахмад ажилтан/
Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна