Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм


Түүхийн ухааны доктор Л.Баяртай ярилцлаа.

 

-Халхын голын ялалтын 85 жилийн ойн баяр тохиож буй өдрүүдэд Халхын голын дайны үеийн нөхцөл байдал, түүхэн үйл явцын талаар хүүхэд залууст бодитой ойлголт өгөх нь хэвлэл мэдээллийн байгууллагын ариун үүрэг гэж хэлэхэд буруудахгүй. Тэгэхээр Халхын голын дайны цар хүрээ хэр өргөн байсан талаар ярилцлагаа эхлүүлье?

-Халхын голд 1939 онд болсон энэхүү байлдааны ажиллагааг дайн, байлдаан, тулалдаан байсан уу гэдэг дээр одоо болтол судлаачид маргалддаг. Зарим судлаач энэ байлдааныг Дэлхийн хоёрдугаар дайны эхлэл хэмээн үздэг. Яагаад ингэж үзэх болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Халхын голын дайн дөрвөн сар үргэлжлээгүй, дөрвөн жил үргэлжилсэн юм. Тухайн үед цэрэг, зэвсгийн хүчирхэг гүрэн болсон Япон 1931-1932 онд Хятадын зүүн хойд хэсэг буюу Манжуурыг эзэлж аваад Манж-Го гэдэг тоглоомын улс байгуулж, мөхөж доройтсон Манж чин улсын сүүлийн эзэн хаан болох Пу И-г эзэн хаан, ерөнхийлөгчөөр тавьсныхаа дараа Манжуурт ийм улс байна гэж дэлхийд зарласан. Энэ нь цаагуураа Алс Дорнодод хяналтаа тогтоох гэсэн Японы эзэнт гүрэн тухайн үеийн ЗХУ хоёрын эрх ашиг мөргөлдөх болсон шалтгаан юм” гэдэг. Тухайн үед дэлхийн хүчирхэг гүрнүүд хоёр эвсэлд хуваагдсан байсан шүү дээ. 

Тэгэхээр дэлхийн хоёрдугаар дайны эхлэл 1939 оны есдүгээр сарын 1-нд Фашист Германы арми Польш улс руу довтолсон өдрийг гэж үздэг байсан бол тэдний сүүлийн үеийн судалгаагаар Азид тэр тусмаа Халхын голд 1939 оны тавдугаар сард эхэлсэн дайнаар эхэлжээ гэж үзэх болсон. Тэгэхээр энэ дайны цар хүрээ хэр өргөн, том байсан бэ гэдэг нь эндээс харагдана.

-Дайны урьдач нөхцөл ба дайн эхлэх болсон шалтгааныг юу гэж үздэг юм бэ?

-Халхын голын дайны урьдач нөхцөл 1927 оноос цэрэг-улс төрийн зүтгэлтнүүдийн хувьд томоохон асуудал тулгарснаар эхэлсэн. Токио цэрэг зэвсгийн хувьд хүчирхэгжин бусдын газар нутагт тэр дундаа Манжуур, Хятад, Оросын Алс Дорнод, Сибирьт өнгөлзөх бодлогоо үүнээс аль эрт 1889 оноос хэрэгжүүлж эхэлсэн байдаг юм. Түүнчлэн Орос-Японы 1904-1905 оны  дайн, 1918 оны Дэлхийн нэгдүгээр дайны үеэр аж үйлдвэрийн бүтээгдэхүүн, гадаад худалдааны өндөр өсөлт дагуулсан бол дайны дараах Версалийн гэрээгээр шийдвэрлэгдсэн Ази дахь Германы колонийн эзэмшлийн асуудлаар болон Өрнөдийн түнш орнуудын байр суурь, түүний бодлогын үр нөлөө, 1929 оны дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал Японы эдийн засагт хүндээр тусаж, 1937 оноос өдүүлсэн Хятад-Японы хоёрдугаар дайн, Манжуурт цөмрөн орсон ажиллагаатай холбоотой Үндэстнүүдийн лигийн тавьсан удаа дараагийн хориг арга хэмжээнээс үүдэн гадаад ертөнц дэх байр суурийг нь сулруулж, олон улсад нэр хүнд нь унаж эхэлсэн. Энэ байдал нь бизнесийн хүрээнийхэнд том цохилт болсон тул цэргийнхнийгээ шахаж эхэлсэн байдаг юм. 

Ази, Номхон далайн бүс нутаг дахь Франц, АНУ, Их Британитай ашиг сонирхлын зөрчлийн улмаас дурамжхан байгуулсан гэрээний зарим заалт, Хятадын зүүн нутагт явуулсан байлдааны ажиллагаа нь амжилтгүй болсон нь Токиогийн цэргийн дээд командлалын удирдлагуудад таалагдсангүй. Ингээд геополитикийн нөлөөний хүрээгээ цэргийн хүчээр шийдэх бодлого баримталж "Аугаа их Дорнод Азийн хөгжил-цэцэглэлтийн төлөвлөгөө" хэмээх улс төрийн үзэл, суртал нэвт шингэсэн төлөвлөгөө боловсруулсан байдаг юм. 

-Өмнөд чиглэлд харьцангуй амжилт олсон байдаг?

-Цэргийнхний хувьд хоёр чиглэлд хуваагдах нь буруу байсан, зөвхөн аль нэгийг нь сонгох байсан гэж одоо зарим улс төрч, судлаач тайлбарладаг л даа. Японы цэргийн дээд командлал нь бололцоо бүрдсэн гэж үзээд хоёр чиглэлийг зэрэг хэрэгжүүлэх байсан нь ерөөсөө тодорхой. Түүхэнд “Хэрвээ” гэж байдаггүй шүү дээ. Хоёр чиглэлийн талаар маргаан болсон нь зөвхөн аль чиглэлд эхний ээлжид хэрэгжүүлэх байсан гэдэг л байсан хэрэг.  Энэ нь хожим ЗХУ дэлхийн II дугаар дайнд татагдан орж Москва болон Ленинградын бүслэлт, Сталинградын тулалдааны үр дүнг хэрхэн эргэх вэ гэдгийг харгалзан хүлээзнэж Квантуны армийн жанжин штаб 1941-1943 онуудад Монголын Халхын гол, ЗХУ-ын Алс дорнодийн Уссури, Амар мөрний сав газар дахин цэргийн хүч хуримтлуулж илүү няхуур Кантокуэн хэмээх цэргийн шинэ ажиллагаанд бэлтгэж, төлөвлөн зөвхөн Токиогоос ирэх дээд командлалынхаа тушаалыг хүлээж байсан байгаа юм. Энэ нь Япон улсын өөрийн ба ЗХУ-ын НКВД-ийн Алс Дорнодын Сөрөг тагнуулын архив, Монгол Улсын Тагнуулын ерөнхий газрын Архивын материал, хилийн чанадад тагнуулын үүрэг гүйцэтгэгчдийн мэдүүлэг зэргээс нэгэнт ил болсон.

-Монголыг эзлэх тэдний ашиг сонирхол юу байсан юм бэ. Өнөөдөр зарим хүн Японы тал Монголыг огт сонирхоогүй ч гэж ярьдаг болжээ?

-Төлөвлөгөө нь Өмнөд ба Умард гэсэн үндсэн стратегийн хоёр чиглэлтэй байсан гэж хэлсэн дээ. Өмнөд чиглэл нь Номхон далай, Австрали, Индонези, Бирм, Энэтхэгийн хойгийн чиглэл рүү цохилт өгч АНУ, Английн колонуудыг булаан авах. Харин Умард чиглэлд Хятадыг буулган авах, Манжуур, Монголоор түшиц болгон ЗХУ-тай байлдаж Сибирь Алс Дорнодын чиглэлээр цохилт өгч Уралын нуруу хүртэлх газрыг тасдан авч эх газарт эзэмшилтэй болоход оршиж байсан.

Манж-Го улс Монгол Улстай хил залгах болсноор Япончууд Буйр нуурт цутгах Халхын голыг хилийн дээс гэж үзэж байсан. Харин монголчууд Халхын голоос зүүн чигт 16 километрийн цаана орших Номонхан тосгон хүртэл Монгол Улсын нутаг гэж үзэж байсан юм. Тухайн үед Манж-Го болон БНМАУ-ын талууд аль аль нь үүссэн нөхцөл байдалд хүлээцтэй хандаж байсан тул дорнод хилд буй болсон хилийн маргааныг гэрээ хэлэлцээний журмаар зохицуулж болно гэж үзэж яриа хэлэлцээ хийж байсан л даа. Япончууд газрын зураг дээрээ улсын хилийг Халхын голоос 20 километрээр баруун тийш болгож тэмдэглэглээд Манж-Го улсын газар нутаг энэ байна гэдэг агуулгаар маргаан дэгдээсэн. Тухайн үед Дундад иргэн улс, БНМАУ-ын хооронд хилийн ямар нэгэн маргаан байсангүй. Өмнө нь барга, халхын хооронд хилийн маргаан болж, түүнийг шийдвэрлэсний дараа хилийн шугам татсан. Хожим 1915 оны Хиагтын гэрээгээр тухайн хилийг хэвээр баталсан нь Монгол Улс, Дундад иргэн улс хоёрын хооронд ямар нэгэн маргаан гараагүй байдаг. Японы тал хилийн зэвсэгт мөргөлдөөн өдөөхийн тулд гаргасан ёс төдий шалтаг нь “Хилийн шугам байхгүй байна тодруулах шаардлагатай” гэдэг байсан. Ийм байдлаар Халхын голын дайны эхлэл тавигдсан. Геополитикийн хувьд өндөр хөгжилтэй улсууд нөлөөний хүрээгээ тэлэх, ялангуяа Манжуурын төмөр замд нөлөөгөө тогтоох гэсэн ашиг сонирхол дефакто оршиж байсан Монгол Улсын газар нутаг дээр мөргөлдсөн. Энэ утгаараа Халхын голын байлдаан Токиогийн цэрэг-улс төрийн өмнөд, умард бүлгийн ашиг сонирхол  байсан юм.

-Хилийн шугам тогтоох асуудлаар хоёр тал хэлэлцээр хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байдаг?

-Манжуур өртөөнд болсон Япон-Манж-Го-Монголын хилийн Хэлэлцээнд Монголын тал Ерөнхий сайдын орлогчийн түвшинд идэвхтэй оролцож байлаа. Хэрэв монголчууд Манж-Го улсыг хүлээн зөвшөөрвөл Япон улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч болно гэсэн санаа энэ үеэр ч гарсан байна. Иймээс Монголын удирдагчид Манж-гогийн талтай хилийн маргаанаа аль болох эв эеээр зохицуулах хүсэлтэй болоод иржээ. Иймээс ч Ерөнхий сайд Пэлжидийн Гэндэн (1895-1937) “Монгол Улс Манж-Го-той байлдах ямар ч хүсэлгүй, ийм юм хүсэж байгаагаараа Япон, Орос хоёр л байлдана биз” гэсэн утгаар санаагаа илэрхийлж байв. Тэрбээр чухам ийм бодол санаатай байсан учир Зөвлөлтийн цэргийг Монголын нутагт оруулж байршуулахын эсрэг байсан юм. Үүнд хойд хөршийн геополитик нөлөөлсөн тал бий.

-Аймшигтай туршилтууд, химийн бодисоор хордуулсан худаг ус гээд л бидний үеийнхэн киноноос үздэг байлаа. Энэ бүх зүйл түүхээс арчигдан алга болно гэж байх уу. Хариуцлага хүлээлгэсэн болов уу?

-Токиогоос 1932 онд Манж-Го-д шилжин байрлаж, Хятад, Орос, Солонгос, Монголын олзны амьд хүмүүс дээр биологи (бактериологи)-ийн зэвсгийн аймшигт туршилтыг явуулж байсан Японы Эзэн хааны армийн тусгай, маш нууц “731 дүгээр отряд Халхын голын дайны үед “Амьсгал боогдуулах, хорт болон бусад хий, бактериологийн хэрэгслийг дайнд хэрэглэхийг хориглох тухай 1925 оны Женевийн протокол”-ыг ноцтой зөрчиж, Зөвлөлт-Монголын цэргийн эсрэг 1939 оны зургаа, долдугаар сард тахал, гэдэсний хижиг, цусан суулга зэрэг гоц халдварт өвчин үүсгэгчдээр Халхын гол, түүнд цутгадаг Хулстайн болон Аргун Эргүүн) голуудын эх болон худаг, цөөрмүүдийг удаа дараа хордуулан олон хүний аминд хүрсэн нь тогтоогдсон боловч дайны дараа энэ хэрэгт Японоос хэн ч хариуцлага хүлээлгүй өнгөрсөн.

-Мана уулын хэрэг явдал гэдэг асуудал нийгэмд нэлээн маргаан дагуулдаг. Энэ хэрэг явдлын буруутан хэн байв, хэн хохирсон бэ?

-Гурав дахь цохилтоо авсны дараа сэтгэл түгшсэн Токиогийн дээд командлал цаг хожихоор тушаал өгч стратегийн амин судас болсон Манжуур-Хайлаарын төмөр замын зангилаанд 15-хан километр зайтай Халх гол, Нөмрөгийн голын бэлчир дэх Мана уулын орчим япончууд есдүгээр сарын 12-нд нэлээд хүчээр довтлон наймдугаар дивизийн 22 дугаар хороог түрж голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал есдүгээр сарын 15-нд эзэлсэн байран дээрээ яг таг зогсон, дайны ажиллагааг зогсоох Японы талаас санал болгосноор шийдвэр Москвагаас ирлээ.Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ эхэлсэн аж. Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад алдсан ба цаашид тэр чигээрээ асуудал шийдэгджээ.

Нөмрөгийн гол нь Манж-Го Монголын маргаантай асуудал байгаагүй, Номун ханы асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө есдүгээр сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ. Энэ үед Хасан нуурын мөргөлдөөнд Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан За озерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн өндөрлөгтөө бэхжих амжихын тулд хийсэн шиг алхам байжээ. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор түүхэнд 22 дугаар хорооны хэрэг явдал гэдэг үйл явдал болсон байна.

-Халхын  голын дайны хохирол хэр байсан бэ?

Халхын голын дайны дайтагч талуудын хохирлын хэмжээ одоо ч эцэслэн тогтоогдоогүй, цаашдын судалгаа нээлттэй хэвээр байна. Одоогоор хэвлэл, мэдээлэлд ил байгаа өгөгдөхүүнээс үзвэл, Зөвлөлт-Монголын нийт бие бүрэлдэхүүн амь үрэгдсэн болон сураггүй алга болсон, хүнд шархадсан гэх мэт амьд хүчний хохирол 18 500, үүнээс Зөвлөлтийн албан ёсны дүгнэлтээр, Монголын талын бие бүрэлдэхүүнээс амь үрэгдсэн 165, шархадсан 401 нийт  хохирол 566 гэдэг ч манай цэргийн түүхч, доктор, хурандаа С.Ганболд, Монголын талын хохирлыг 990 гаруй хүн гэж үздэг. Харин Японы судлаач А.Наканиси Зөвлөлт-Монголын бие бүрэлдэхүүний нийт хохирлыг 23,000-24.889 гэж багцаалжээ. Зөвлөлтийн мэдээгээр, Японы талаас амь үрэгдсэн, сураггүй алга болсон, хүнд шархадсан зэрэг амьд хүчний хохирол 61 мянга, онгоц 162-660 гэдэг маш их зөрүүтэй тоо хэлдэг бол Японы түүхч С.Хаяаси Японы амьд хүчний хохирлыг 55 мянга гэж үзсэн байдаг.

-Халхын голын дайны ач холбогдол юу байсан бэ. Дэлхийн дайнд үзүүлсэн нөлөө нь юу байв?

-Хаант засгийг халаад дөнгөж 18 жил шинэ тулгар хөгжиж буй Монгол Улсад энэ дайн нь үндэсний аюулгүй байдалд тулгарсан маш ноцтой аюул байсан юм. Хэдийгээр дайны цэрэг стратегийн гол бодлого Зөвлөлт Орос ба Япон улсуудын хооронд явагдсан ч Төв Азийн стратегийн хувьд гол байрлалтай, дефакто оршиж байсан Монгол Улс тусгаар тогтнолоо хамгаалан, дэлхийн анхааралд оруулж чадсан нь чухал байлаа. 

Халхын голын дайныг Дэлхийн II дайн эхлэхэд шууд нөлөө үзүүлсэн, өөрөөр хэлбэл, байлдааны ажиллагаа Алс Дорнодоос Европ руу шилжихэд хүргэсэн гэж үзвэл дэлхийн түүхэнд, ялангуяа Дэлхийн II дайны явцад түүнээс ч дутуугүй нөлөөг Халхын голын дайн үзүүлжээ гэж үзнэ.

Сүүлийн үед АНУ-ын судлаач Стюарт Голдман нарын эрдэмтэд нэгэн сонирхолтой санаа дэвшүүлэх болсон нь Халхын голын дайнд Японы хүлээсэн ялагдал, 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд Сувдан арал буюу Пёрл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний бааз руу хийсэн довтолгоо хоёрын шууд холбоо хамаарлын асуудал юм. С.Голдман “Япон 1941 оны сүүлчээр ЗХУ-ыг довтолсон бол Сталин Алс Дорнод дахь армийн 18 дивиз, 1700 танк, 1500 нисэх онгоц бүхий нөөц хүчийг Москвагийн төлөөх тулалдаанд татан оролцуулах боломжгүй байх байсан. Хэрэг явдал ингэж эргэсэн бол Германы ялалтаар ч төгсөх боломжтой байв. Тэр тохиолдолд дайны түүх, дэлхий дахины түүх ч мөн өөрөөр бичигдэх байв” гэж бичсэн байдаг.

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 19 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 20 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 21 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 21 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 21 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 21 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 21 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 21 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 21 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 22 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 22 цагийн өмнө