Амьдралын тойрог буюу “Хорооллын нас”


Хүний анхдагч хэрэгцээнүүдийн нэг бол орон гэртэй байх. Монголчууд “Бор гэртээ богд, хар гэртээ хаан” хэмээн орон гэртэй хүний сэтгэл хэчнээн хангалуун байдаг талаар өгүүлсэн байдаг даа. Гэхдээ хүний хэрэгцээ дуусах биш. Үүний дараа Үндсэн хуульд заасан сурч боловсрох, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх яригдана. Бодлоос бодлого ургана.

Энэ удаад бид байшин “Хорооллын нас”-ны талаар өгүүлэх гэж байна. Тийм ээ, та буруу уншаагүй “Хорооллын нас”  Хүний нас, амьд бодгалийн нас гэж ярьдаг болохоос хэзээ хорооллын нас гэж ярьдаг байсан юм бэ. Байшин барилгын насжилт байлгүй дээ гэж бодох л байх.

“Хорооллын нас”-ыг шинжлэх ухаан талаас нь эрдэмтэн, судлаачид тодорхойлоод ямар нэгэн латин, англи нэрээр судалгаа, бүтээлээ хийгээд явж байгаа байж ч магадгүй юм. Энэ их сонирхолтой ойлголт юм билээ. Хорооллын нас гэдэг ойлголт тухайн хорооллын хэдэн онд баригдсан, хэдэн жил хотоо чимэн сүндэрлэж байгаа тухай биш. Харин тэнд оршин суугчдын насжилтын талаарх ойлголт юм билээ. Ингээд үл нуршин өгүүлэхэд...

 

Итгэхэд бэрх шийдвэр 

Саяхан даа 10-аадхан жилийн өмнө БНСУ-ын эрх баригчид нэгэн хачирхалтай гэмээр шийдвэр гаргажээ. Тэдний гаргасан шийдвэрийг манай эрх баригчид гаргасан бол хөх тэнгэрийн тамгатай хөрслөг монгол бүсгүйчүүд хөхүй өвлийн хүйтэнд, Төрийн ордны зүүн баруун хаалгыг эзэгнэнхэн жагсах байсан гэдэгт би лав итгэлтэй байна. Солонгосын эрх баригчид хэд хэдэн орон сууцны хороолол доторх сургууль, цэцэрлэгийг хааж оронд нь эмнэлэг ажиллуулах болжээ. Ерөөсөө тэдгээр хорооллуудад амьдран суугч иргэдийн нас өндөр болж мөнөөхөн цэцэрлэг сургуульд сурах хүүхэд багачуудыг гаргаж чадахаа больсон л гэсэн үг. Хошигноод хэлэхэд үе нь мултарч “Үйлдвэр” нь хаагдсан өндөр настнууд ихтэй байж. Ингээд суралцах хүүхэдгүй болсон сургууль, цэцэрлэг сүнстэй байшин шиг сүүдийж байдаг болсон гэнэ. 

Төрийн үйлчилгээ түмэн олныхоо хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстой гэдэг утгаараа эрүүл мэнд, зөв амьдралын хэв маягийг дэмжих бүтээгдэхүүнүүд хэрэг болно биз дээ. Ингээд эзэнгүй болсон сургууль, цэцэрлэгийг эрүүл мэндийн байгууллага болгох нь зөв болж таарав. Ийм учиртай зөв шийдвэрт зөөлөн ханддаг ухаант монгол бүсгүйчүүд маань үүнийг сонсвол улаан, цагаан эстэй нь урсаж байдаг омголон араншингаа уярал хайрын нулимсаар угаах нь лавтай. 

Нөгөөтэйгүүр ийм асуудал зөвхөн гэр бүлсэг, дассан сурсан газраасаа сүнсээ ч салгахыг хүсдэггүй ази хүмүүст, тэдний амьдралын хэв маягт л тохиолдох болов уу гэсэн бодол төрж байна. Европ, Америк гэх мэт өрнөдийн соёл, соёл ч юу байх вэ тэдний өнөө үеийн бизнесийн орчин нэг газраа үе улиран, үр хүүхдэдээ өвлүүлэн суух боломж олгодоггүйтэй холбоотой ийм асуудал тулгардаггүй байх. Өөр нэг гаргалгаа нь хүн амын наслалт өндөртэй, өсөлт багатай, мөн хөгжлийн түвшин дээгүүр тул сургууль, цэцэрлэгийн хэрэгцээгээ аль хэдийн хангагдсан байх боломжтой. Тэгэхээр энэ асуудал төвлөрөл, хөгжил, хүн амын өсөлт өндөртэй ази, африк, өмнөд америкийн орнуудад тохиолдох юм байна.

 

“Төлөвлөөгүй” асуудал 1 

Хотжилт, төвлөрөл хожуу эхэлсэн, хүн амын насжилт цэл залуугаараа гэж хэлж болохоор манай үндэстний хувьд “Хорооллын нас” гэдэг асуудал тулгарахгүй гэж бодогдмоор. Гэтэл үгүй ажээ. Төвлөрөл эрчимтэй явагдсан нь ирээдүйд тулгарах асуудлын хугацааг наашлуулсан бололтой юм. Уг нь хөгжил дагасан асуудал гэхээр сайхан л санагдаж байна. Гэхдээ манай улсад жижиг ч байна уу, сайхан ч байна уу асуудал л бол уулын чинээ зовлон дагуулдаг юм хойно. Эрх чөлөөний нөхөн төлбөр л дөө.

Төр засаг маань Монголд тэр тусмаа Улаанбаатар хотод гараад эхэлсэн “Хорооллын нас” гэдэг асуудлыг хэрхэн шийдэх бол. Уг нь бол бэлхэн гарын авлага байна, будаа идчихэж болно. Ямар ч зүйлд төгс шийдэл гэж байдаггүй юм хойно будаа иднэ үү, загвар авна уу удирдагчдын ухаан шийдэх хэрэг. Удирдагчдын ухаан бодлоо уралдуулан уулыг давуулж, усыг гатлуулан алсыг харж суудаг төв талбайн хоймор сүндэрлэх Төрийн ордны шилэн цонхоор харах төдий аньсага нүднийх нь ширтэх төдий үзүүрт алдарт энхтайвны гүүр оршино. Энхтайвны гүүр даваад эхний таарах хороолол бол хуучнаар 120 мянгат. Улаанбаатар хотын анхны төлөвлөлтийн дагуу 1965 онд баригдаж дууссан энэ хорооллын анхны суурьшигчид тэнгэрт дэвшээд тэдний үр хүүхэд нь ач гучаа үзээд сууж буй. Энэ хоёр дахь үе шинэ мянганы босгон дээр тус хороололд шинэхэн суурьшин шижигнэж явсан биз ээ. Баригдаад 40 дэх жилийнхээ нүүрийг үзэж байсан 120 мянгатад 75, 52 дугаар сургууль харьяалагдана. Тухайн үед сургууль, цэцэрлэгийг цогцолбор маягаар шийддэг байсан учраас мөн тооны цэцэрлэг байгаа биз гэж тааж байна.

Хороололд баригдах үедээ хоёр сургууль, цэцэрлэгтэй байхад хүн амынхаа өсөлттэй уялдаад болно гэж тооцоолсон байх. Жишээ татсан хорооллын хувьд хөгшин хороолол тул сургууль, цэцэрлэгийн хүртээмж сайн гэдэг ангилалдаа багтана. Хамран суралцах хүрээнийх нь хорооллын оршин суугчдын үр хүүхэд аль хэдийнэ эр, эмийн цээнд хүрээд өрх гэр тусгаарлаад явсан. Энэ хөгшин хорооллын зүүнтэйгүүр өнгөрөх Чингисийн өргөн чөлөөний зүүн талд төв цэнгэлдэх хүрээлэнгийн урдуур хойгуур шил толь нь гялалзсан өндөр хорооллууд шил, шилээ даран сүндэрлэж буй. Хаваасыг нь дөнгөж тасалсан шинэхэн торго мэт эдгээр хорооллуудад хайрын хуримынхаа сэтгэл хөдлөлөөс гарч амжаагүй шинэхэн хосууд шилжин амьдардаг. Мөнөөхөн хөгшин хорооллоос өрх тусгаарлагсад гэж ойлгоход буруудахгүй.

 

Төлөвлөөгүй асуудал 2

Би дөнгөж өнөөдрийн шинэхэн мэдээ хараад сууж байна. Энэ жил 190 гаруй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг дуусгана гэж хэвлэлд дурджээ. Хэдэн сургууль, цэцэрлэг мөнөөхөн залуу хорооллуудад баригдахаар төлөвлөгдсөн бол. Сургууль, цэцэрлэгийн хүртээмж бага, хэрэгцээ ихтэй эдгээр хорооллуудад Үндсэн хуульд заасан боловсрох эрхтэй зуу, зуун хүүхэд багачууд өсөн торниж байгаа гэдгийг мэдэхийн тулд мэргэн ард руу давхиж хүрэх шаардлагагүй л дээ. Энд хувийн хэвшлийнхний хумхиад шидчихдэг төлөвлөлт гэдэг шинжлэх ухаан хэрэг болно. Хот төлөвлөлт дотроо дэд бүтцээс эхлээд хүн ам зүйн бодлого хүртэл багтаасан маний тархи хүрмээргүй айхтар зүйл. Төлөвлөлт гэхээр ганцхан дэд бүтэц, цахилгаан дулаан яриад байдаг байж болохгүй. Нэг асуудлыг нь яриад нөгөөг нь орхидог тахир дутуу төлөвлөлтийг төлөвлөлт ч гэж нэрлэх боломжгүй шүү дээ.

Шинэхэн хороолол барих төлөвлөгөө цаасан дээр зурагдахаас эхлээд л хорооллын нас, эрүүл мэнд, боловсрол, гоо зүй гэх мэт зүйлсэд анхаарлаа хандуулж, шаардлагатайгаас эхлээд онц шаардлагагүй руу нь эрэмбэлж, дэс дараатайгаар төлөвлөх ёстой юм шиг байгаа юм. Байгаа юм гэдэг нь би мэргэжлийн бус мэдрэмжээрээ л ярьж байгаа хэрэг.

 

Хэт “Алсын хараа” 

Үүнийг үл өгүүлэн “Хорооллын нас” руугаа оръё. “Хорооллын нас” хүн амынхаа наслалтай холбоотойгоор хөгширч байгаа шигээ бас эргээд залуужиж байдаг. Тухайн хорооллын хүн амын тоотой уялдуулан сургууль, цэцэрлэгээ барих ёстой байх. Сургууль, цэцэрлэгээ барихдаа мөн “Алсын хараа” гаргаж эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага болгон ашиглаж болохоор универсал барилгууд барьж болдоггүй юм болов уу гэж бодогдох. “Хорооллын нас” тавь тавин жилийн тойрогт хөгширч бас залуужиж байдаг байх нь. Байшин барилга гэдэг зуунаар тоологдох насжилттай байдаг тул насжилтын тойргийг хэд хэд өнгөрөөдөг. Европын орнуудад хэдэн зуу мянганаар тоологдох настай хэрэм, цайзууд байж л байдаг даа. Ухаан нь мөнөөхөн жишээ татсан хоёр хорооллын хувьд 50 жилийн дараа эргээд байр нь солигдож асуудал нөгөө талд яригдаж эхэлнэ. Өнөөгийн залуу хороололд эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээ өсөж, хөгшин хороололд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал яригдаж эхлэнэ. Хэт холыг хараад байна уу. 50 жилийн дараа боловсрол, эрүүл мэнд, анагаахын шинжлэх ухаан хүртэл өнөөдрийн миний төсөөллөөс ангид байж ч магадгүй л юм. Энэ талаар судлаачид ямар мэдээлэл статистиктай сууж байдаг юм бол доо. Гэхдээ асуудал өнөөдрийнх гэдгийг бид мартаж болохгүй.

 

Мэдэхгүйгээ мэддэг тул төгсгөв 

Ингээд “Хорооллын нас” гэдэг байдаг үгүйг нь ч мэдэхгүй асуудлын хүрээнд хот төлөвлөлт, сургууль, цэцэрлэгийн хүртээмж, дэд бүтэц, бүр далийгаад судалгааны талаар ч дурдаад амжлаа. Удирдагчдын сонор, соргог мэлмийнээс мултрахгүй тул тэдний гаргах шийдвэр мэргэн хийгээд оновчтой байх болтугай хэмээн иргэд амьсгал даран ширтээд суух үлдсэн үү. Зөвхөн “Чингисийн өргөн чөлөө”-ний хоёр талд байх хуучин, шинэ хорооллоор жишээ татан хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмж тэнгэр, газар мэт ялгаатай байгаа тухай өгүүлэв би.     

Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 16 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 19 цагийн өмнө
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 19 цагийн өмнө
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 19 цагийн өмнө
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 19 цагийн өмнө
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 20 цагийн өмнө
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 20 цагийн өмнө
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 20 цагийн өмнө
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 20 цагийн өмнө
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 20 цагийн өмнө
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 20 цагийн өмнө
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 20 цагийн өмнө
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 21 цагийн өмнө
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 21 цагийн өмнө
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 21 цагийн өмнө
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 21 цагийн өмнө
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 21 цагийн өмнө
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 21 цагийн өмнө
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 21 цагийн өмнө
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 22 цагийн өмнө