Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ



 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлэв. Эдийн засаг сэргэсэн ч цаашид тогтвортой байдлыг хангах нь том сорилт болох тул үүнд чиглэсэн мөнгөний бодлого,  санхүүгийн зохицуулалт хийхээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулжээ. Тухайлбал, Монголбанк дунд хугацааны инфляцын зорилтыг тав орчим хувьд тогтворжуулах зорилт дэвшүүлж буйгаараа онцлогтой гэдгийг холбогдох албаныхан тодотгож байв.  Ингэхдээ 2025-2026 онд +/-2 нэгж хувийн интервалтай, зургаан хувь орчимд тогтворжуулах, 2027 оноос тав орчим хувьд хүргэж бууруулах зорилт дэвшүүлжээ. 

Энэ тухайд Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Инфляцыг зургаан хувь гэсэн голч түвшинтэй байлгах, цаашид  таван хувь болгож багасгах мөнгөний бодлого хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байгаа. Цар тахлаас өмнө зээлийн хүү 12, 13 хувь байсан бол ковидын дараа геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн зэргээс төв банк мөнгөний бодлогоо өөрчилсөн. 2020 онд зургаан хувь байсан бодлогын хүү 13 хувьд хүрч, эргээд 11 хувь боллоо. Эдийн засаг идэвхжиж байгаа тул эх үүсвэрийн өрсөлдөөн банк, банкны бус зах зээлд хүчтэй өрнөж байна. Засгийн газартай хамтарч, чанаргүй зээлийг барагдуулах эрх зүйн шинэчлэл хийх санаачилга гаргаж байгаа. Одоо байгаа 1.7 их наяд төгрөгийн чанаргүй зээл багадаа 3-4 их наяд төгрөгийн барьцаа хөрөнгийг түгжин, эдийн засгийн эргэлтээс гаргасан гэсэн үг. Барьцаа хөрөнгийг арчилж, хамгаалах зардал банкуудаас гардгийг шийдэх ёстой. Макро эдийн засгийн төлөв байдал дунд, урт хугацаанд тогтвортой байх хэрэгтэй. Сүүлийн хоёр жил төсвийн орлого хүлээлтээс давлаа. Манай эдийн засаг уул уурхайгаас хамааралтай тул төсвийн орлогыг болгоомжтой төлөвлөх ёстой. Дэлхийн зах зээл дээр эдгээр бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг харах хэрэгтэй” хэмээв.  Төгрөгийн ханшийн хувьд гадаад хүчин зүйлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг үргэлжлүүлэн баримтлах, макро зохистой бодло­гын шийдвэр гаргалтын тогтолцоог илүү боловсронгуй болгох, жижиг дунд бизнесийн нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн тогтолцоог олон улсын сайн жишигт нийцүүлэх ажлыг эхлүүлэх зэрэг зорилт тусгасан байна. Түүнчлэн банкны салбарын тогтвортой байдлын хүрээнд Монголбанк тогтвортой, ногоон санхүүжилтийн мэдээлэл цуглуулах тогтолцоог хөгжүүлж, бэхжүүлэх, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, салбарын хяналт, шалгалтын үнэлгээний аргачлалыг олон улсын жишигт үе шаттайгаар нийцүүлэх зэрэг зорилт тусгажээ.

Банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн таатай орчин бүрдүүлэх, банкуудын зохистой засаглал эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хяналт шалгалтын үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх, салбарын тогтвортой ногоон санхүүжилт бий  болгоход анхаарахын зэрэгцээ Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны хэрэгжилт, үр дүнтэй байдлын дараагийн үнэлгээнд бэлтгэж, өөрийгөө үнэлэх аргачлалд шилжихийг зорьж буйг Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын Эрсдэлийн үнэлгээний хэлтсийн захирал Г.Борхүү онцлов.

Монголбанк Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг 2017 оноос хойш жил бүр олон нийтэд танилцуулж, хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгийн гол зорилго нь богино болон дунд хугацаанд хэрэгжүүлэх төрийн мөнгөний бодлогын зорилт, тэдгээрийн үндэслэлийг тайлбарлаж, мэдээллийн тэгш байдлыг хангахад чиглэдэг. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, ЗГХЭГ, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөл болон төрийн бусад байгууллагууд, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын болон төрийн бус байгууллагуудын төлөөлөл, их сургуулиудын багш, судлаачид оролцож санал солилцов. 


С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №034/24613/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Татвар, нийгмийн даатгалын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИ… 17 цагийн өмнө
Зуны саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Улаанбаатарт 20 хэм дулаан байна Өчигдөр
Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг сүндэрлүүлэв Өчигдөр
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн аж… Өчигдөр
ФОТО: УИХ-ын чуулган Өчигдөр
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” УИХ-ын тогтоол бат… 2025/06/03
Улаанбаатарт 23 хэм дулаан байна 2025/06/03
Туркменистаны Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө 2025/06/02
Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал х… 2025/06/02
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, С.Бердымухамедов нар албан ёсны хэлэлцээ хийлэ… 2025/06/02
ФИБА 3x3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монголд болно 2025/06/02
Монголын хүүхдийн спортын зуны наадамд 6120 тамирчин 271 багц медалийн… 2025/06/02
Тэнгэрт дүүлсэн 100 жил 2025/06/02
Дэлхийн энергийн төв ба Хамарын хийдийн тэмдэглэл 2025/06/02
Г.Нарантуяа: Хог хаягдлыг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх, бууруу… 2025/06/02
Трампын амбиц-“Алтан бөмбөгөр” 2025/06/02
Ирэх сард олон жилийн дунджаас сэрүүн байна 2025/06/02
Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов Монгол Улсад төри… 2025/06/02
“Сэтгэл шувуу” наадмын тэргүүн найрагч “Монголын үнэн” сонины нэрэмжит… 2025/06/02