Тусгаар улсын тулгын чулуу бэхэжсэн 100 жил


Цагийн сайхан зуны улирал, найр наадмын уухай үл тасрах талын Монгол дэлгэр жаргалтай. Дэлхийд ганцхан Монгол наадмын анир тасраагүй, дэлэнт малын буян татраагүй, дээлийн мөрөн дэх морьдын тоос арилаагүй байхад зуун жилийн ойн цуурай дуутай хууртай сонсогдож эхлэв. Өнгөрсөн зууны 1921 онд ялсан ардын хувьсгал Монгол Улсыг нийгмийн цоо шинэ тогтолцоонд хөтлөн орсон түүх зууныг давжээ. 

Богд хаант Монгол Улсаас Ардын засагтаа төрийн эрхийг авсан, ялалтдаа итгэлтэй амбиц өндөртэй залуус өмнөх үеийн аймаг, хошуудыг ноёд, хутагтын нэрээр нэрлэж байгааг өөрчилж, тухайн газар нутгийн шүтлэгт уулсын нэрээр нэрлэх санаачилга гарган 1923 онд Хан Хэнтий уул, Богд хан уул, Цэцэрлэг мандал уул, Хантайшир уулын аймаг гэж дөрвөн уулын нэрээр нэрлэсэн нь өнөө жил 100 дахь жил нь тохиож байна. Тухайн үед Ардын засгийн хурал Засагт хан аймгийг Хантайшир эсвэл Бурханбуудай уулын нэрээр нэрлэх үү гэж ярилцаж байгаад Хантайх уулын нэрээр нэрлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн нь шарласан хуудаснаа шашдирлагдан үлджээ. Дөрвөн аймгийн 100 жилийг таван аймаг тэмдэглэх учир юун хэмээвээс он цагийг жаахан урагшлуулж орь залуу Монгол хийгээд хаант Монгол Улсын тов тодорхой түүхийг сөхөх нь зайлшгүй. 

Эхлээд БНМАУ-ын түүхийн 1931 оны нэгдүгээр сарын 7-ны өдрийн Засгийн газрын 37 дугаар хурлаас Улсын Бага хурлын тэргүүлэгчид “Орон нутгийн засаг захиргаа, нутаг, дэвсгэрийн хуваарилалтад өөрчлөлт оруулах тухай хууль”, Сонгуулийн тухай зааврын төслийг оруулан батлуулж, шинээр 13 аймаг байгуулах, хуучин байсан 525 сумыг 324 сум болгон цомхотгосон шийдвэр гаргасан байна. “Хуучин дөрвөн аймаг буюу Богд хан уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Цэцэрлэг Мандал уулын аймгийн суурин дээр Архангай, Алтай, Дорнод, Дорноговь, Дөрвөд, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Тариалан, Төв, Хөвсгөл, Хэнтий, Ховд аймгийг байгуулж дараа нь 1932 оны арванхоёрдугаар сарын 30-ны Сайд нарын Зөвлөлийн 21 дүгээр хурлаар Тариалангийн аймгийг Сэлэнгэ, Дөрвөд аймгийг Увс аймаг гэж нэрлэхээр тогтов” гэдэг хуудсыг уншаад эргээд 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны дараах Богд хаант Монгол Улсын түүхийг цухасхан өгүүлсэн хэсэгт очъё. 


Хаант Монгол улс аймгуудын чуулган нэр хаяг, тамгыг өөрчлөхөөр болоход тухайн үеийн Засагт хан, Засагт хан аймгийн чуулган дарга, Шүүх таслах яамны эрхэлж зөвлөн шийтгэх сайд асан Д.Содномравдан, Дотоод яамны сайд, Да лам Г.Цэрэнчимэдэд “…Манай Засагт хан аймгийн чуулганы даргын тамганы үсгийн Заг голын эх Биндэрьяа нуур болбаас Сайн ноён хан аймгийн нутаг болмой. Хянаваас бусад аймгийн чуулганы даргын тамганы үсэгт өөр өөрийн аймгийн нутгийн ихээхэн уул ба гол нэр бүхий нь бөгөөд зүй нь шинэ цутган олгуулах тамганы үсэгт… уул аймгийн нутаг Хан Тайшир уул, Хан Буудай уул, энэхүү хоёр уулын дээр зарлигаар нэгийг нь тогтоолгож, оруулан цутгуулж олгуулахыг гуйсугай...” хэмээн мэдүүлжээ. Мэдүүлэг Богд хаанд хүрч, зарлиг гаргахдаа “… гуйсан ёсоор болгож Хан Тайшир уулын нэр дор халагтун” гэжээ. Ингэснээр Засагт хан аймгийн чуулган “Хан Тайшир уулын чуулган” гэх болж, тамганаа “Хан Тайшир уулын чуулганы даргын тамга” гэсэн үг бичигджээ. 

Хан Тайшир уулын чуулган 1923 он хүртэл 11 жил оршин тогтноод татан буугдаж Засагт хан аймгийн оронд “Хан Тайшир уулын аймаг” гэж нэрлэгдэх боллоо. Хантайшир уулын аймаг Засагт ханы хүрээ байсан газар буюу Хантайшир уулын орчим байх “Цагаан олом” гэдэг газар төвлөрч, зүүн тийш Онги, Шаргалжуут, баруун тийш Хар ус, Элсэн нуур, өмнөт тал нь Арцын хар тохой, умар тал нь Түйн гол буюу өнөөгийн Говь-Алтай аймгийн нутаг бүхлээрээ, Завхан, Хөвсгөл, Ховд аймгуудын нутгийн хагас, Өвөрхангай, Баянхонгор, Увс аймгийн зарим сумдын газар нутгийг багтааж, хилийн дээсийг Засагт хан аймаг байснаар тогтоожээ. Тухайн үед Хантайшир уулын аймгийн анхны дарга Цогт ван Дамдин-Абишагын нутаг засагт хан аймгийн хойд хошуудын нэгний засаг ноён байсан ба аймгийн даргын орлогчоор гүн Зэдбазар томилогдон ажиллажээ. Түүх сөхвөл ийм. 


Хантайшир уулын чуулган, Засагт хан аймгийн буурин дээр Хантайшир уулын аймаг, Хантайшир уулын аймгийн буурин дээр Говь-Алтай аймаг байгуулагдсан гэдгийг 2014 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр тамгалсан аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолд “Ардын сайд нарын зөвлөлийн 1923 оны 10 дугаар сарын 19-ний 38 дугаар тогтоолыг үндэслэн “Бидний Алтайн түүх” эрдэм шинжилгээний хуралд илтгэгчдээс ирүүлсэн санал, түүхийн баримтыг хэлэлцээд Засагт хан аймаг байгуулагдсан он тооллыг 1558 он, Хантайшир уулын аймаг 1923 онд байгуулагдсаны үргэлжлэл Говь-Алтай аймаг тул аймгийн түүхийг тухайн он жилээс эхлэн тоолохоор тооцсугай”гэж тогтоон шийдвэрлэжээ. Засагт ханы хөх харчуул, засгаа байгуулж, Өндөрхааныхан өрхөө татсаны, агаар нь тунгалаг арын сайхан хангай алдраа мандуулж, Төв нутгийнхан төрөө төвхнүүлж, Гэгээнтнүүдийн нутаг Завхан гэрийнхээ өрхийг татсаны 100 жилийн ойг ёслол, хүндэтгэл дүүрэн тэмдэглэхээр түүхээ сөхөж, төрлөө сураглаад эхэлсэн.


 Эртний төрт ёсны уламжлалтай Монгол Улс түүхэн хөгжлийнхөө явцад засаг захиргааны нэгж, газар нутгийн хил хязгаарыг тогтоон, зохион байгуулдаг тогтсон уламжлалыг ёс ёмбогор, төр төмбөгөр монголчууд бид яахин умартах билээ. Тийм ч учраас Засгийн газраас 2023 оны зургадугаар сарын 7-нд Хантайшир уулын аймгийн ойг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 1, 2-нд тэмдэглэх шийдвэрийг гаргажээ. Ардын Засгийн газрын 1923 оны шийдвэрээр Цэцэрлэг Мандал уулын аймаг, Богд хан уулын аймаг, Хантайшир уулын аймаг, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Архангай, Төв, Завхан, Хэнтий аймагт 2023 оны долдугаар сарын 27, 28-нд, Хантайшир уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмыг Говь-Алтай аймагт наймдугаар сарын 01, 02-нд тус тус тэмдэглэнэ.

Засагт ханы хөх эрчүүд гэж одоогийн Говь-Алтай аймгийн нутагт орших Хантайшир уулыг бүхэлд нь дамнан тойрч, Чингис хааны онгон тахилгын харуул хамгаа­лалт байдалтайгаар аж төрж асан “Хэцүү” хөх эрсийг хэлдэг байжээ. Тэд хэрсүү чанга бодол санаатай атлаа гэнэхэн, эрэмгий, оргилуун агаад дөлгөөн, овсгоо самбаа ихтэй, хөдөлмөрч шудар­гуу атлаа тайван, хамгийн гол нь хүнлэг голч нуруутай, холч бодолтой хүмүүс. Түүхийн ухааны доктор На.Сүхбаатар “Бид нар Хантайшир уулын аймгийн түүх, өв уламжлалыг заавал хадгалах хамгаалах үүрэгтэй бас эрхтэй” хэмээн Засагт ханы хэцүү хөхүү­дийг түүхээ мартахгүйг, түмнээ умартахгүй байхыг сануулсан нь нэгийг өгүүлнэ.


Хүн төрсөн оноороо л насаа тоолдог өөр гэр бүлд өргүүллээ, нэрээ солилоо гээд тухайн жилээс насаа тоолдоггүйтэй адил аймгийн ой түүхийн нугачаанд төөрч будилах ёсгүй хэмээн түүх дурдан улигласны учир ойлгогдох биз ээ. Эртний хүний өлгий болсон их Алтайн нуруугаар овоглосон Алтайчууд 13 тахилгат хайрхныхаа лус, савдгийг цэнгүүлэн нар хурыг тэгшрүүлэн наадах гэж байна. 

Энэ Алтайн хөглөгөр их ууланд төрсөн сод билэгт хүмүүн олон. Улсын баатар дөрөв, Ардын цолтон 12, Хөдөлмөрийн баатар 32, Төрийн шагналтан 21, Гавьяат цолтон 130, Шинжлэх ухааны академич хоёр, шинжлэх ухааны болон боловсролын доктор 250 гаруй, генерал 16 төрж алдар нэрээ дуурсгасан байдаг. Эдний дундаас Монголын төр, нийгмийн гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар, зууны манлай нийтлэлч “Монголын үнэн” сонины эрхлэгч асан Л.Түдэвийг бид онцлон дурдахаас аргагүй. Тэр бол Хантайширын жинхэнэ “Хөх харчуул”-ын нэгэн. Их хүмүүний төрсөн нутгийг мөн л “хэцүү хөх”-үүдийн нэг нийтлэлч Баасангийн Наминчимэд “Цагаан морьтын гол уруудсаар аманд нь орох үед Шар дэвсэгээс мушгиж буусан жалгын аманд нөмөр дулаан өвөлжөө буйг Өвөр замын өтөг гэнэ” хэмээн нүднээ харагдтал дүрсэлсэн нь Л.Түдэв эрхмийн төрсөн бууц гэдгийг нутгийнхан андахгүй мэддэг нь энэ хүнээ ихэд хүндэтгэж, дээдэлж явдгийн илрэл буй заа.

 ТРАМП ТӨМӨРӨӨ

Эх сурвалж: Монголын үнэн сонин 

 


 


0
angry
3
care
1
haha
7
liked
1
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
20 минутын хот бодлогын жишиг болох “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эх… 13 цагийн өмнө
Хамтын ажиллагааны талаар санал солилцож, ажлын амжилт хүслээ 23 цагийн өмнө
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр “Google” к… 23 цагийн өмнө
Улаанбаатарт 8 хэм дулаан байна 23 цагийн өмнө
“Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 28 байраар урагшилжэ… Өчигдөр
Баянхошуу, Шархад дэд төвийн нийт 220 айлын орон сууц энэ онд ашиглалт… Өчигдөр
Д.Сарандулам: Бид таныг дэлхийн боловсрол эзэмшихэд гүүр болж чадна Өчигдөр
Автомашингүй өдөр 20 зах, худалдааны төв ажиллахгүй 2024/09/17
Монголбанк инфляцыг таван хувь болгох зорилт дэвшүүлжээ 2024/09/17
Амьдралын тойрог буюу “Хорооллын нас” 2024/09/17
Энэ жил 429 мянган тонн улаанбуудай хураан авахаар тооцоолжээ 2024/09/17
Л.Баяр: Дэлхийн II дайн Халхын голд эхэлсэн юм 2024/09/17
“Найрамдал” зуслангийн авто замыг шинэчилж эхэллээ 2024/09/17
Нарны эрчим хүчийг ашиглан цөлжилтийн эсрэг төсөл хэрэгжүүлжээ 2024/09/17
Нойтон цас орж, тариалангийн бүс нутгаар цочир хүйтэрч болзошгүйг анха… 2024/09/17
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарь… 2024/09/16
Сөүлийн бүсгүй ба "Ягсүг" 2024/09/16
​ Ойд төөрсөн бич ба зэрлэг хүн 2024/09/16
Иж бүрэн шалгалтыг зохион байгууллаа 2024/09/16
Б.Мөрөн: Сонгодог урлагт бага багаар уусан дурлаж байна 2024/09/16