Д.Баярхүү: Аялал жуулчлал гадаад бодлогын салшгүй нэг хэсэг болсон цагт хөгжинө


Гадаад харилцааны тулгамдсан сэдвээр олон улсын харилцааны судлаач, эрдэмтэн Д.Баярхүүтэй ярилцлаа. 

-Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Монголд зочлох жил” болгон  зарласан. Үүний хүрээнд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлэн ажиллаж байна. Засгийн газар энэ зорилтдоо хүрэхийн тулд хэрхэн ажиллаж байна гэж та дүгнэх вэ?
-“Нэг сая жуулчин” гэж их том тоо мэт сонсогдож магад. Уншигчид санаж байгаа байх. Хэдэн жилийн өмнө Ерөнхий сайдын амнаас “400 сая жуулчин” гэх том тоо унасан. Яг үнэндээ 400 сая хүн аваад ирнэ гэсэн утгаар биш Монгол эх орон маань олон сая жуулчин татах нөхцөлийг буй болгохын төлөө аялал жуулчлалаа улсаараа хөгжүүлье гэсэн агуулгатай уриа болохоос математикийн хэдэн тооны тухай яриа биш байсан л даа. Үүнтэй адил “Тэрбум мод” уриа байна. Үүнийг яг тэрбум ширхэг мод коммунист субботникоор тарина гэсэн агуулгаар хэлээгүй юм. НҮБ-ын нэр хүндтэй индрээс дэлхий дахинд хандаж хэлсэн улс төрийн том уриа дуудлага юм. Өөрөөр хэлбэл, эх дэлхийгээ хайрлан хамгаалъя, хүлэмжийн хийгээ багасгая, экологио сэргээн босгоё гэсэн глобал уриалга. Хятадын Гадаад хэргийн сайд айлчлаад манай “Тэрбум мод”-ыг угтуулаад “70 тэрбум мод” дэвшүүлсэн нь  энэ уриа дэлхийд хүрсний гэрч байсан. Нийгмийн зөв амьдралын түлхүүр болгож тамхины “50 саяын торгууль”-ийг хэлж байсан даа. Энэ мэт утгаар нэг сая жуулчин гэдэг бол Засгийн газрын маш зөв бодлого, хэрэгжих бүрэн үндэстэй гэж хэлнэ. Хэрэгжүүлэх ч ёстой гэж үздэг. Монгол орны хөгжил цэцэглэлт, хүн ардын сайн сайхан амьдралд том дэвшил болох салбарыг төр засаг нэрлэж байна гэсэн үг. Монголын маань хөгжлийн нэгэн чухал гарц юм.

-Энэ Засгийн газар  аялал жуулчлалыг гадаад бодлогын нэг хэсэг болгон авч үзэж байгаа нь  салбарт шинэ сэргэлт бий болгоход  чухал түлхэц, том хөшүүрэг болж байгаа болов уу?
-Мэдээж, чухал түлхэц, том хөшүүрэг болно. Аялал жуулчлалыг гадаад бодлогын нэг чухал хэсэг гэж энэ Засгийн газар авч үзэж байна. Ингэж өндөр ач холбогдол өгч авч үзэх аваас хөгжих улс төрийн хөрс суурь нь төлөвшөөд, Засгийн газар, хувийн хэвшил, соёл урлаг, дэд бүтэц нь нэгэн чигт төвлөрөх болов уу гэж би үздэг. Механизм нь ч байж байна. “Монголд зочлох жил” бол хэрэгжүүлэх гол механизм нь гэж үзэх хэрэгтэй.
-Ерөнхий сайд гадаад  айлч­лалынхаа үеэр “Welcome to Mоngolia” арга хэмжээг зохион байгуулах болсон. Энэ нь тухайн улс орны жуулчдыг Монгол руу татахад оновчтой шийдэл болж чадаж байгаа эсэхийг та хэрхэн харж байна вэ? 
-Оновчтой шийдэл болно. Ганцхан жуулчин гэж явцуу ойлгож болохгүй. Жуулчид мэдээж голлох тоог бүрдүүлэх байх. Цаана нь аялал жуулчлалаа төрөлжүүлж авч үзвэл жуулчин, хувийн аялагч, монголч эрдэмтэн, гэр бүлийн зочин, гольфчин, тоглоомчин, хуримлагч хос, бүр дүрвэгсдийг ч нэрлэж болно шүү дээ. Туулж барахгүй энэ их том газар нутаг, дийлэнх нь зэлүүд, тал дүүрэн бэлчсэн мал сүрэг, нүүдлийн өвөрмөц аж төрөл, соёл, бүхэлдээ хөдөөгийн амьдрал гээд нүд хужирлах давуу тал байна. Дотор нь төрөлжүүлээд дэд бүтцээ хөгжүүлчихвэл олон боломж хувилбар бий. Гол нь эрэлхийлэх хэрэгтэй. 
Хот суурин руу ороод ирэхэд л түүх-соёлын олон өв, дэлхийд Монголын нэрийн хуудас болдог Эзэн Чингисийн өлгий нутгийн түүхт газрууд, шарын шашин, орчин цагийн XXI зууны монголчууд, хүүхэд залуус, үндэсний урлаг соёл, бүр рок-поп урлаг гээд хөвөрнө. Төрөлжүүлж, зөв зохион байгуулбал зөвхөн Улаанбаатартаа жуулчдын мөнгө “саах” бүрэн боломжтой. Энэ бүхнийг төр засаг брэнд болгоод бизнесийн эргэлтэд оруулахыг дэлхий даяар уриалаад байгаа юм биш үү. “Welcome to Mоngolia” бол орхиж үл болох том уриа дуудлага, эдийн засгийн маш зөв стратеги. Дээр дурдсан дээр гадаадын хөрөнгө оруулалт ба хөрөнгө оруулагчдыг нэмж нэрлэх нь зүйтэй.
-Өмнөх Засгийн газрууд аялал жуулчлалын салбарыг гадаад бодлогодоо тусгах асуудал учир дутагдалтай байсан шиг харагдаад байгаа юм. Цаашид өнөөгийн Засгийн газраас явуулж буй аялал жуулчлалын сэргэлтийн бодлогыг залгамжлан авч явах нь чухал болов уу?
-Гадаад бодлого, гадаад харилцаан дээр өмнөх үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ эрвийх дэрвийхээрээ ажилласан. Гадаад бодлогын залгамж чанараа хэзээ ч алдаж байгаагүй. Харин аялал жуулчлал дээр өнөөгийн эрх баригчид шигээ гадаад бодлогын салшгүй нэг хэсэг хэмээн өндөрт авч үзээгүй тал байж магад. Гэхдээ өнөөгийн эрх баригчид гэнэт сэдсэн, сэргэлтийн бодлого болгочихсон гэж туйлшруулах хэрэггүй. Цаг үе нь тэгж таарч, түүнийг овжин шүүрч авсан, мэдэрсэн гэх үү дээ. Манай хойд хөршийн дайн хүн ард, бүс нутагт, дэлхийн хүнсэнд, олон улсын логистикт сөргөөр нөлөөлж байна. Манай руу хандсан бодлого нь ч уян хатан, бизнес агуулгатай болж байна. Гурван улсын эдийн засгийн коридор байгуулахыг бид гэхээсээ тэд илүү сонирхож байна. Энэ нь манай улсад олдож буй бас нэг алтан боломж байж болно. Тэр нь аялал жуулчлалд нөлөөлнө. Нөгөө нэг онцлог нь дэлхий дахинд Монгол Улс маш идэвхтэй гадаад, дипломат бодлого явуулж байна. Монголд айлчлан ирсэн гадаадын өндөр дээр түвшний төлөөлөгчид, Улаанбаатарт зохиосон олон улсын чухал чухал чуулга уулзалт. Жишээлбэл, цоо шинээр институц болж төлөвшин буй “Эмэгтэй гадаад хэргийн сайд нарын форум” зэрэг томоохон арга хэмжээ олныг нэрлэж болно.  
-Ерөнхий сайд  АНУ-д айлчлал хийж байна. Ямар мессеж өгвөл тус улсын жуулчдыг татах, эх орондоо аялуулах сэдэл өгөх бол. Та олон улсын харилцааны судлаач хүний хувьд энэ тухайд ямар санал, зөвлөгөө хэлэх вэ?  
-Аливаа гадаад айлчлал дандаа эрэлхийлэл байж ирсэн. Монгол Улсын олон улсын нэр хүнд хангалттай сайн байна. Монголыг зорьж ирэх гадаадын өндөр дээд төлөөлөгчдийн айлчлал тогтмолжиж байна. Айлчлалууд хоёр урсгалтай болсон. Манай улс энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт, идэвхтэй, онолын хувьд прагматик гадаад бодлого явуулж чадаж байна. Гадаад бодлого хоёр ба гуравдагч хөршийн хооронд тэнцвэрийг зөв барьж чадаж байна. Түүний нэг илэрхийлэл бол энэ айлчлал болно. Дэлхийн тэргүүлэх глобал гүрэнд уригдаад айлчлаад очиж байгаа нь өөрөө улс төрийн өндөр ач холбогдолтой үйл явдал юм. Монгол Улсын олон улсын нэр хүнд хэр байгаагийн шалгуур үзүүлэлт болно. Тэр дундаа дэлхийн тэргүүлэх өрнөдийн гүрнүүд, тэдний өрнөд ертөнцөд Монгол гэдэг энэ жижиг улс хэр хүндлэгдэж байгаагийн ил тод илэрхийлэл. Олон улсын хэмжээний үйл явдал гэж үзэн хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Гадаад айлчлал болгон энэ улсын хөгжил дэвшил, шилжилтийн амаргүй цаг үеийн бэрхшээлийг гэтэлгэх шинэ түнш, шинэ хамтрагч, шинэ хөрөнгө оруулалт, худалдааны шинэ эргэлтийн төлөөх эрэлхийлэл байдаг. 
-Таны харж байгаагаар Ази гэлтгүй бүх улс орны жуулчдыг олноор татахын тулд гадагшаа эх орноо сурталчлан таниулах ажлыг ямар байдлаар хийвэл илүү үр дүнтэй байх бол? 
-Эх орны сурталчилгаа гэдэг маш том стратегийн асуудлыг хөндөж байна. ГХЯ бүтэцдээ гадаад сурталчилгааны департаменттай болсон нь боловсон хүчнээ байршуулж цаг аргацаах гэсэн санамсаргүй алхам байгаагүй юм. Үүнийг Элчин сайд байсан хүний хувьд зориуд хэлж байна. Бид ГХЯ-нд ч, хилийн чанадад ч ажиллаж байхдаа эх орноо дэлхий дахинд, суугаа орондоо сурталчлах ажлыг тасралтгүй хийдэг. Энэ бол дипломат албаны нэг том үүрэг. Сурталчлан таниулна гэдэг ГХЯ ба Соёлын яам, Засгийн газрын үндсэн үүрэг төдий биш. Хариуцах эзэд нь монголчууд, Монгол Улс өөрөө. Монголын нийгэм-эдийн засгийн бүх салбар гадаад сурталчилгааны бодит индэр нь юм. Тиймээс улс нийтээрээ босож хөдөлмөрлөх, эх орноо сайн сайхан харагдуулах бүх үйлсэд сэтгэл, гар нийлж оролцох хэрэгтэй. Хилийн чанадад суугаа, ажиллаж, амьдарч яваа монголчуудад бас том ачаа ногдоно. Дипломат алба яаж ч хүчирдэггүй монголчуудын гэмт хэрэг, хэл ам таталсан үйлдлийг таслан зогсоож байж гадаад сурталчилгаа үр дүнд хүрнэ.  
-Салбар яам хувийн хэвшлийн­хэнтэй хэрхэн уялдаа холбоотой ажилласнаар илүү үр дүнд хүрнэ гэж харж байна вэ. Олон улсын туршлага нь ямар байдаг юм бэ?    
-Олон улсын туршлага гэж томоор яримааргүй байна. Улс болгон л өөр өөрийн давуу талтай. Давуу талаа бид бодитой олж хараад XXI зууны даяаршилтай шууд холбоод авах хэрэгтэй. Өргөн уудам нутаг дэвсгэртээ аялал жуулчлал хөгжүүлэх наад захын боломжит хувилбар бол улсаа биш юм аа гэхэд нийслэл орчмоо тэр чигт нь гольфын талбай болгочихмоор байна. Баабар “Ердөө хагас, бүтэн сайнд гольф тоглоод буцах япон, солонгосчуудын мөнгийг хуримтлуулах асар их давуу тал байна. Хятадын өмнөд нутагт тэр хоёр улсын гольфчид “хахаж” байна” гэж бичсэн байсан даа. Манайд бол хаврын адаг сараас намрын адаг сар хүртэл жуулчдыг татах цаг агаар бий. Дэлхий дулаарч байгаа энэ үед аялал жуулчлалын сезоны цаг хугацааг уртасгах хэрэгтэй. Дөрвөөс аравдугаар сарыг дуустал аялал жуулчлалын улирал болгох, түүнд юуны өмнө нийслэл, цаашлаад ойр, залгаа аймаг ажил үйлсээ зохицуулах хэрэгтэй. Өвөл зөвхөн цас үзэх гэж, идэр есийн хүйтнийг биеэрээ мэдрэх гэж наашаа цувах жуулчид бас байж болно. Хайвал энэ мэт гарц шийдэл, боломж маш их байна. Явж явж Монгол маань аялал жуулчлалын олон улсын туршлага түгээгч болж ч болно шүү дээ. Аливаа зүйлийг өөдрөгөөр харж, санаж сэрэх хэрэгтэй. Овсгоо самбаа нэн чухал байна.  
-Цаашид манай улсын аялал жуулчлалын салбарын өнгө, ирээдүй, жуулчдын урсгал ямар түвшинд хүрэх бол. Та төсөөллөө хуваалцаач? 
-Хэрэв сая миний дурдсан гарц шийдэл, боломжийг буй болгоод зөв, төлөв төвшин хэрэгжүүлж чадвал аялагчдын тоо огцом өснө. Би их өөдрөгөөр харж байна. Тасралтгүй наашаа цувж байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд агаарын тээврийн үнэ хөлсийг зохицуулж, ухаалаг смарт болгох хэрэгтэй. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, мөн гольф, мөрийтэй тоглоом, казиногоор жуулчдыг татах ч боломж бий.
-Монгол Улс олон улс дахь харилцаандаа ахиц дэвшил гаргахын тулд юунд анхаарах ёстой вэ? 
-Гадаад харилцаа ахиц дэвшилттэй яваа. Монголын нийгэм-эдийн засгийн бүх салбарыг нэг том зургаар авч үзэхэд гадаад бодлого, гадаад харилцаа тасралтгүй прогрессоор өссөөр ирсэн байдаг юм. Өссөөр ч байна. Огт сааталгүй ямагт урагш давшиж яваа цорын ганц салбар. Хүн амын тоо цөөн, эдийн засаг хязгаартай, далайд гарцгүй, геополитикийн өвөрмөц байршилтай, тэр нь давуу тал болдоггүй  улс гэхэд өнөөдөр олон улсын тавцанд тодорч харагдахаар гадаад бодлого явуулж байна. НҮБ-д нэр хүнд ямагт өндөр явж ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны нэг том тоглогч болж чадсан гэх мэт зөв зүйтэй алхам олныг нэрлэж болно. 
Монголын хувьд нэг онцлог нь жижиг улс ийм их идэвх зүтгэл гаргаж, олон улсын харилцаанд нэр хүндтэй оролцож ирсэнд гадаадын улстөрч, дипломатч, цэргийн зүтгэлтэн, эрдэмтэд “Яаж ингэж чадав” гэж гайдаг. Учир нь, энхийг эрхэмлэж, олон тулгуурт гадаад бодлогоо тууштай явуулж байна. Гадаад бодлого дээрээ дотооддоо эв нэгдэлтэй байна. Дэлхийн бүх улс оронтой найрамдлыг эрхэмлэж, дипломат харилцаа тогтоож, Монгол Улсаа хүлээн зөвшөөрүүлж чадаж байна. Энэ бүхэн манай гадаад бодлогод өгөх гол үнэлгээ болно.
-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье!

 С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 6 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 9 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 9 цагийн өмнө
SDY Calling you... 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22