Нохойн замаар орж, ноёны ам руу гударсан хот төлөвлөлтийн балаг


Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан нэгэнтээ “Далай гэдэг өөрт байх өчүүхэн ч болов хир буртгаа хөвөө хаяа руугаа элдэн хөөх аж” хэмээн их усны эрэгт хөлөө жийчихсэн, бодлогошрон сууж асан нь одоо хэр сэтгэлд тодхон. Далай хэмээх их усан гадарга дээрээ хөвөх хир буртгийг тээршаан эрэг хөвөө рүүгээ элдэн хөөсөн нь мөн л хүмүүн бидний үлдээсэн ул мөр байх аж. Хорвоо ертөнц дээр байгаль эх хүн хоёрын хэн нь анхдагч вэ. Мэдээж энэ асуулт тэнэг мэт санагдах байх. Гэхдээ үүнд л учир бий юмсан. Нээрэн юун учир билээ? 

Нүүдэлчин монголчууд байгаль эхийг захирах, “хүчирхийлэх” биш зохицон, дээдэлж ирснээрээ эх нутгаа онгон дагшнаар нь авч үлджээ. Байгаль оршихуйн мөр, ормоор хүмүүн төрөлхтөн амьдрал үүсгэн, аргадан тайтгаруулж амьдарсаар ирсэн түүх өнгөрсөн зуунд төгсгөл болж эх байгалийг амьжиргааны үүсвэр, ашиг хонжооны хэрэгсэл гэж харах үзэл хүн төрөлхтнийг ноёрхон, хавчин шахаж, түүнгүйгээр оршин тогтнож болох мэт аашлах нь хэрээс хэтэрсэн. Хэнээрхэл, хийрхэл нь байгалийг өөрийнхөө аясаар байлгах гэж оролдсоноор горыг нь ч хүртэж эхэллээ. Байгальтай дайтаж эхэлсэн хүн төрөлхтөн Эль-Нино хэмээн нэрийдсэн дулаарлын мөчлөгт нэрвэгдэж цаг уурын өөрчлөлтийн эсрэг юу ч хийж чадахгүй толгойгоо маажаад л зогсож байна. Испанийн Мадрид, БНХАУ-ын Бээжин, Японы Токио хотууд шалзлам халуунд хайлан урсаж байхад Монгол Улсын нийслэл үерт урсахаа шахан Усанбаатар болж байв. 

Иргэн С.Нямдаваа Сэлбэ голын 60 метр өргөнтэй үерээс хамгаалах далангийн 40 метрийг нь дээрэмдэн барилга барих гэж буй газартаа оруулж 20-хон метрийн өргөнтэй үерийн даланг үлдээсэн нь өнгөрсөн долоон сарын эхээр болсон гамшгийг дагуулжээ. Даарин дээр давс гэгчээр үндэсний томоохон үйлдвэрлэгч “АПУ” ХК нь Сэлбэ, Дунд гол дагуу буюу Хан-Уул дүүргийн III хороо, үйлдвэрийн гудамж дагуу 20 метрийн өргөнтэй даланг зургаан метр болгон нарийсгаж, үйлдвэрийн агуулахаа барьсан нь гол үерлэх томоохон шалтгаан болжээ. Байгаль дээрэмдүүлсэн газраа буцааж авахаар хилэгнэн түрхэрсэн нь, олон жилийн ус зүйн тооцоо судалгаа хийж, инженерийн хийц зохиомжоор 100 жилд нэг тохиох үерийн гамшгаас хамгаалахаар засвар, шинэчлэлтийн ажлыг 2014 онд бүрэн хийж дууссан байгууламжийг зад татан “Сэлбэ” хорооллын таван байрны доод давхруудыг усанд живүүлэн тэрбум төгрөгөөр хохироочихов. 

Уг нь Сэлбэ голын далан Улаанбаатар хотын зүүн хойд хэсгийг үерийн уснаас хамгаалах зорилгоор тооцоо судалгаатай баригдсан. Тооцоо судалгааны эсрэг авилгал, эрх мэдлээ далайсан дарга нарын бүдүүн зүрхтэй шийдвэрээс гарсан хохирлын дүнг иргэд эд хөрөнгөөрөө төлөв. Хариуцлагыг хэнээс нэхэх билээ. Энэ талаар Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сэлбэ хотхоны иргэн С.Баяржаргалаас асуувал  “Эрх мэдэлтэн, албан тушаалтнууд байгалиа бассаны горыг бид амсаад сууж байна. Гарсан хор хохирлыг хэн нь барагдуулах юм бүү мэд. 

Бид далан сэтлээгүй, бид сайн дураараа энд байшин барьж суугаагүй. Хариуцлагыг ямар тэнгэр, хангайгаас нэхэх биш дээ” гэж нэлээд бухимдуухан ярьж байлаа. Үнэхээр сүүлийн жилүүдэд үерлэж айлгаагүй Сэлбэ голыг илт бассан гүүр, гүүрэн байгууламжийг далан хөндөлдүүлэн барьсан байх юм. Өндөр хэсэгтээ газраас 50 сантиметр, зарим хэсгээрээ газартайгаа наалдсан явган хүний гүүр, дулааны шугам хоолой барьсан нь том хаалт болсон болов уу гэж харагдаж байна билээ. “S OUTLET” дэлгүүрийн далан шахаж нарийсгасан хэсэгт голынхоо гольдирлыг хаан шигүү ургасан бургас, усны урсцыг боосон болов уу гэж бодогдож байв. 

 Угаас аливаа том асуудал ганцхан шалтгаан нөхцөлөөс болдоггүй. Хамгийн том асуудал нь хууль бус газар олголт мөн үү гэвэл мөн. Үүн дээр нэрмээс болж жижиг асуудлууд гарч ирэн хураагдсаар хотын илүүдэл гаргах нүх сүвийг бөглөж орхисон. Хүн, амьтнаар бол ялгадсын нүхгүй болчихсон хот л доо. Бүр язгуурыг нь хөөвөл Улаанбаатар хотын анхны төлөвлөлт. 1954 онд анх төлөвлөхдөө 600 мянган оршин суугчтай байхаар тооцоолж зам, талбай, цэвэр бохирын схемээ бодож төлөвлөжээ. 1970 онд нийслэлийн хүн ам 130 мянгаар өссөн байсан. Яам тамгын газраас эхлээд цэргийн анги, шорон гяндан зэрэг бүх байгууламжийг нийслэлд төвлөрүүлсэн нь тухайн үеийн Засгийн газрын алдаа байлаа. 1986 оны төлөвлөлтөөс хойш хүн амын шилжин суурьшилтыг хяналт, зохицуулалтгүй зөнд нь хаяснаас өдгөө Улаанбаатар хотод барагцаагаар 1.5 сая хүн буюу манай улсын нийт хүн амын тал хувь амьдран суудаг болсон. 

Хөдөөнөөс шилжин ирж суурьшигчид бохир зайлуулах далан суваг, жалга судгаа таглан бууж нэг үгээр хэлбэл гадагшлах сүвгүй асар том бохирын тогоо болчихсон гэхэд хилсдэхгүй. Долоон сарын үерт хамгийн их хохирсон Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сэлбэ хотхоны СӨХ-ны дарга Ж.Энхтайван “ Саяхан болсон гамшиг үе, үеийн дарга нарын тарьсан балаг л үерлэчихсэн гэсэн үг. Ийм хэмжээний бороо орж л байдаг, гол үерлээд урсаад өнгөрч л байдаг. “S OUTLET” дэлгүүрээс гадна “Их наяд” түүний хажуу талын хороолол, цаашлаад AQUA хороолол зэрэг барилга, хорооллууд их усны хаялга, урсцыг өөрчлөөд зогсохгүй тунаж тогтох ёстой сав газруудыг нь эзлээд, ус тогтож тунах байгалийн тогтцыг нь өөрчлөөд хаячихаар газаргүй болсон ус улам л догшроод байгаа юм. Хот төлөвлөлтийн алдаа, дарга нарын хариуцлагагүй байдал манай хорооллыг нэрвэчихсэн. 

Энэ хавьд нэг ч ус зайлуулах шугам, хоолой байхгүй. Байшингийн дээврээс унаж байгаа ус урсах газаргүй учраас шууд л хонгил руугаа орж байна. Гарсан бодит хохирол тэрбум гараад явсан. Хохирлыг хаанаас хэн барагдуулах талаар ямар ч шийдэл гараагүй байдаг. Ямар сайндаа бид нэгдэж нийлж холбоо байгуулаад өргөдөл бичээд сууж байх вэ дээ” хэмээн хүүрнэж сууна. 
Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 1954, 1961, 1975, 1986, 2002 онд нийт таван удаа боловсруулсан байдаг. Хүн амын хэт төвлөрлөөс үүдэлтэй орон сууцны хэрэглээний өсөлтийг хянаж чадахаа байж, үүн дээр дөрөөлсөн барилгын компаниуд төрийн өндөр албаны эрх мэдэл бүхий эрхмүүдийг хахуульдан их хотын төлөвлөлтөд ороогүй нүх сүв бүрийг таглан байшин барилга босгосныг нь алагтай болгон харж, амтай болгон шогширч сууна. Хот төлөвлөлт байгаа юу гэвэл байгаа. Хэрэгжилт л нохойн замаар орж, ноёны ам руу гудрав гэгч болж дээ. 
 Монголчууд суурин иргэншилд дасаж эхлээд удаагүй байхдаа нийтээрээ байгалийн уур хилэнг амссан нь 1966 он “Үерийн жил” хэмээн түүхэнд үлдэж, улс орны амьдралд асар их хохирол учруулж, туйлдуулсан гамшгийн гэрч болсон юм. Долоон сарын эхнээс үе үе орсон бороо сарын 10, 11-нд аадар болон цутгаснаас Туул, Сэлбэ, Улиастай голууд нийлж үерлэн, Улаанбаатар хотын Ажилчны, Октябрийн, Сүхбаатарын районы нэлээд хэсэг нэрвэгджээ. Тэр үед хотод 103.5 мм-ийн тунадас орсон нь жилийн дунджийн 43 орчим хувьд тооцогдож байлаа. Туулын усны урсгалын хурд 3-4 метр / секундэд хүрч, урсац 1700 шоо метр секунд болж, усны түвшин гурван метрээс илүү дээшилжээ. Төмөр зам, гүүр, харилцаа холбооны шугамууд сүйдэж, цахилгаан станцууд эвдэрсэн тул хот цахилгаангүй болсон төдийгүй Монголын радиогийн нэвтрүүлэг орон нутагт тасалдсан байна. Аж үйлдвэрийн комбинат, Талхан завод, Эмийн завод, Хотын бараа бааз, Эм хангамжийн агуулах зэрэг чухал газрууд үерт автсан юм. 

1966 болон 2023 оны хоёр үерийг 57 жил, бас Туул, Сэлбэ, Дундголын далан зааглаж байна. Гэсэн ч бодлогын алдаа гэдэг эзэнгүй ганц хариуцагчтай. 
Улаанбаатар хот орчимд 1915, 1934, 1959, 1966, 1982 онд томоохон үер болж байсан бөгөөд 1915 онд “Туул үерлэн, Уу Булан дүүрч, Чухлын буланг даван, Зайсангийн хүрээр бялхаж, Гандангийн хүр хүрсэн” гэсэн түүхэн мэдээ байдаг билээ. Үе үехэн байгаль усан цэвэрлэгээ хийж хонхор хотгор бүрээ ариусган цэвэрлэдэг ажээ. Улаанбаатар хотын ЗДТГ-аас мэдээлж буйгаар 461 км үерийн далан барьж байж иргэдээ хамгаална гэсэн төлөвлөлт гарсан гэнэ. Аятай юу даа. Иргэд аль юм  болгон эрх мэдэлтнүүдийн шуналын золиос болох вэ дээ. Энэ наймдугаар сар бороо ихтэй л байх юм дуулдана. Үер усны аюул харанга дэлдсээр байгааг мартаж яахин болох. Нэн шаардлагатай байгаа ажлуудаа яаравчлан хийгээсэй. 


Миний бодлогошрон суух довцог доогуур Сэлбэ гол сэрүүхэн, тунгалгаараа, гольдирлоо даган хоржигнон урссаар л байна. Ус өөрөө тунгалагшин долгилохын хэрээр хүмүүний сэтгэлийн буртгийг тээн гүвэлзэн одох бөлгөө. Ус тунгалаг байхад ёроолынх нь чулууг тоолж болмоор ажээ. Засаг ч мөн ийн тунгалагшин цэвэршихийн зөн ч юм билүү. 


 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/


0
angry
0
care
0
haha
3
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 6 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 9 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 9 цагийн өмнө
SDY Calling you... 9 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 9 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22