“Тод хээт зам”-аар тодрон гэрэлтэх ирээдүйн зүг...


Улсын маань нийслэл Улаанбаатар өдөр хоног өнгөрөн одох бүрийд өнгө нэмэн жавхаажиж, сүр нэмэн нэр нь цуурайтсаар байгаа билээ. Нэгэн цагт нүүдэлчдийн эсгий хот гэгдэж тоос тортгондоо дарагдсан нунж доройхон дүр төрх үгүй болж “Азийн цагаан дагина”-аараа дуудагдаж явсан ч үе бий.  Иргэн бүр нь хөдөлмөрлөн эрвийх, дэрвийхээрээ зүтгэсний хүчинд нийслэл маань орчин үеийн мега хотын шинжиндээ орж, алхах цардмал замтай, амран тухлах цэцэрлэгтэй ч болжээ. Хотын өнгө төрхийг ийн өөрчлөх зарлаагүй компанит ажлын арын фронтод ногдсоноо хийгээд л орхичихдог ноомой залуус ажилладаггүй. Энэ арын фронтын залуус салбар, салбартаа сайн нэрээр танигдсан байдаг. Тэдний төлөөлөл болсон залуусын байгуулж, зүтгэж, тэмүүлж босгож ирсэн “Тод хээт зам” ХХК-ийн үйлдвэрийг зорьж нэг өдрийнх нь ажлыг сурвалжиллаа. 

“Тод хээт зам” ХХК-ийн үйлдвэрийн ажил өглөө 7:30 цагт эхэлдэг гэж Доржийн Болормаа захирлаас сонссон тул эртлэн гарч Баянхошууны VII хороонд байрлах бетон хийцийн үйлдвэрийг зорилоо. Машин ордог том хаалганы хоёр талаар мод тарьж хашаалан тохижуулжээ. Алслагдсан гэр хорооллын бүсэд ийн тохижуулсан газар тун ховор учраас хараа булаасан байж болох л доо. Аппаратаа гарган зураг дарж зогстол дотроос хууз сахалтай эр гарч ирэн найрсгаар инээмсэглэн мэндлээд ямар хэргээр явааг минь лавлаж байна. Үйлдвэрийн борлуулалт хариуцсан менежер, захирлын баруун гар, арын албыг нь найдвартай залгуулагч, захирал бүсгүйн итгэлт хань Сүрэнгийн Ганзориг гэдэг залуу байна. Ирсэн хэрэг зорилгоо учирлан хэлж үйлдвэрийн байр руу нэвтэрлээ. Залуус ажлаа эхэлжээ. Урьд өдрийн хийсэн бүтээгдэхүүнээ өрж, ачуулахад бэлдэж байх аж. Сүүлд ярианы явцад авсан ойлголтоор энэ нь үндсэн ажилчдын нэмэлт орлогын ажил байсан юм билээ. Өндөрлөж өрсөн явган замын хавтангийн дэргэдүүр гарч бүрэн автоматжсан цех рүү орлоо. Ажилчид хараахан ажлаа эхлээгүй байгаа тул нам гүм байна. Хавтан хийх жор, тунгаа тааруулж холигч машиныг ачаалжээ. Одоо хэн нэгэн орж ирээд эхлэх команд өглөө гэхэд хавтангууд цементэн парадаар жагсан хэрэглэгчдийн буюу их хотын иргэдийн тав тухыг хангахаар жирийтэл цувж эхэлнэ. Эндээс өдөрт 400 метр квадрат явган замын хавтан эсвэл 1000 ширхэг замын бордюр гарна. Үйлдвэр хоёр цехтэй. Нэг нь даралтаар бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бол нөгөө цехэд нь хараагүй хүмүүст зориулсан хөтөч хавтанг хагас механикжсан төхөөрөмжөөр үйлдвэрлэдэг. Гэхдээ энэ цехийн ажил аль хэдийнэ эхэлсэн байна. Цаг нартай уралддаг байх л даа. 
Одоогоос 12 жилийн өмнө “Тод хээт зам” ХХК-ийн суурийг тавьжээ. Увс аймгийн Хяргас сумын харьяат Доржийн эгч дүү охид болох Ганцэцэг, Болормаа мөн Болормаагийн хань С.Ганзориг гурав сэтгэл, зорилгоо нэгтгэн анхны бүтээгдэхүүнээ гаргаж байв. Д.Ганцэцэг, Д.Болормаа хоёр өөрсдийн төрсөн эгч Д.Ганчимэгийн үйлдвэрээс санаа авч “өрх тусгаарласан” гэдэг. Доржийн хэдэн охид донсолгож эхэлсэн түүх ийм. Анх ганц зуурагч, гар вибратортой ажлаа эхэлж үйлдвэрлэлийн бүх л процессыг өөрсдийн хүчээр нугалж байжээ. Одоо энд үндсэн 15, цагаар ажиллах 15 гээд нийт 30-аад залуус яралзтал хөдлөн бүх л процессыг автомат төхөөрөмж болон техникээр нугалж байна.  Үндсэн ажилтнууд компани байгуулагдсан цагаас шахам хамт байж мэргэшсэн хийх ажил, хэмнэх цагаа хэнээр ч заалгахааргүй болсон эрс гэнэ. “Манайх голдуу зуны урин дулаан цагаар ажилладаг тул оюутан залуус ирж ажиллах их дуртай шүү” гэж үйлдвэрийнхээ цехийг танилцуулж яваа С.Ганзориг инээмсэглэн өгүүлснээ “Анх байгуулагдаж байхад шинэхэн мэндэлсэн компанийг зорьж ирдэг харилцагч ховор тул бүтээгдэхүүнээ зарж борлуулна гэдэг хүнд асуудал байлаа. Шантарч ухармаар өдрүүд мөн ч олон байсан шүү. Шантарч ухраад хаа хүрэх билээ, хүрэх цэгээ харчихсан, очих замаа олсон хүмүүс ухрах араагаа авч хаяад л зүтгэнэ биз дээ. Одоо ч тэр үеэ бодвол компани хөл дээрээ бат найдвартай зогссон” гэж дурсамж хүүрнэн зогсоно. С.Ганзориг үйлдвэрээ хөрөнгө чинээний хувьд хөл дээр нь тогтоох, техник технологио шинэчлэх зорилго өвөртлөн БНСУ-д таван ч жил ажиллаад ирсэн гэж байгаа. Ард эхнэр нь эгчтэйгээ алба ажлаа нугалаад, арав таваа цуглуулаад, амжилтаа бага багаар ахиулаад л хүлээж байсан гэнэ. 
Анх эхэлж байснаа бодвол “Тод хээт зам” ХХК үнэхээр хөл дээрээ тогтож чаджээ. Эдний захиалагчид үндэсний томоохон компаниудаас гадна төрийн үйлчилгээний байгууллагууд ч багтдаг аж. Улаанбаатар хотын тохижилт үйлчилгээний компани эдний найдвартай түнш юм билээ. Би С.Ганзоригоос “Танай компани төрийн ямар нэгэн тендер, төсөлд ордог уу?” гэж үг дуулчих санаатай үлмэдээчин царайлан асуувал “Манай компани төрийн ямар нэгэн төсөл шалгаруулалтад ороод байх шаардлагагүй л дээ. Харин манай харилцагчид тийм төсөлд орж шалгарсан компаниуд байх нь элбэг. Бид зөвхөн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд захиалагчдынхаа ажлыг тасалчихгүй байх тал дээр л анхаарна. Ойрын хугацаанд хийж гүйцэтгэх хамгийн том ажил бол “Дорноговь АЗЗА”компанийн явган хүний замын хашлага 9006 ширхэг, хөтөч хавтан 637 метр квадрат, явган хүний замын хавтан 2700 метр квадратын захиалга болон Өмнөговийн захиалга байгаа. Үүнийг цаг хугацаа алдалгүй хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 100 хувь хангаж чадахаар бүтээгдэхүүн өгөх зорилт тавиад ажиллаж байна” гэв. Бетон хийцээ байнгын лабораторийн шинжилгээнд оруулдаг гэдгээ дурдаад саяхан буюу өнгөрсөн зургадугаар сарын 22-нд БҮК буюу Барилга архитектур корпорацын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд орж чанарын MNS1272-99, MNS2122-85, MNS4699-2016 стандартыг хангасан хуудсыг нүүр бардамж үзүүлж байна. БҮК буюу Барилга архитектур корпорацын лаборатори бетон зуурмагийн шинжилгээгээр улсдаа толгой цохино л доо. 
“Тод хээт зам” ХХК долоон төрлийн бетон хийцийг өнгө хийцийн олон сонголттойгоор үйлдвэрлэж байна. Явган хүний замын хавтанг хоёр төрлөөр хэрэглэгч, захиалагчийн хүссэн өнгөөр үйлдвэрлэж өгөхөөс гадна явган замын хашлага, эко хавтан хоёр төрөл, авто замын хашлага хавтан, хоёр нүхт блок хэрэглэгчдэд санал болгож байна билээ. 
Бетон хийцийн үйлдвэр ажлын улиралтай. Хавар дөрвөн сарын дундуур ажлаа эхэлж, намар арваннэгдүгээр сард үйлдвэрлэлээ зогсооно. Ажилчдын олонх нь энэ хооронд амралтаа авч ард үлдсэн нь бүтээгдэхүүнээ борлуулж, ачиж буулгах ажлаа хариуцна. Энэ процесс арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилдэг гэсэн. Татан авалт, түгээлтийн явцад олон жолооч орлого мөнгөтэй болдог нь мэдээж. Одоо Дорноговийн захиалга гэхэд л хүнд даацын 20-оод тэргийг жолоочийг ажилтай болгоно гэж байна. 
Цаашдаа технологиудаа сайж­руулж, техник, тоног төхөөрөмжөө шинэчилж үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг ахиулах тал дээр судалгаа хийж байгаа гэнэ. Тахилтад газар авч шинэ үйлдвэрийнхээ шавыг ч тавьчихаж. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулах том зорилгоос гадна өөр чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн судалгаа хийгээд эхэлсэн тухайгаа шивнээд амжив. 

“Тод хээт зам” ХХК бизнесийн ертөнцөд өөрийн гэсэн замаа тавьж өөрсдийн гэсэн хээгээ тамгаланхан урагшилж байна. Зам тавих, мод тарих, ном бичих энэ насанд хийх гурван том буян юм гэсэн биз дээ. Үйлдвэрийн цех нэгэн хэмээр нүргэлэн дуугарч ирээдүй тийш зорих их замыг дардан болгохоор өглөөг эхлүүллээ. “Тод хээт зам” тодрон зурайх болтугай.

 Трамп Төмөрөө

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/


0
angry
0
care
0
haha
2
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 21 цагийн өмнө
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… Өчигдөр
Үндэсний болон нийтийн шатрын тухайд Өчигдөр
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… Өчигдөр
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов Өчигдөр
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ Өчигдөр
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… Өчигдөр
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… Өчигдөр
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав Өчигдөр
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… Өчигдөр
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… Өчигдөр
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа Өчигдөр
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… Өчигдөр
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… Өчигдөр
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… Өчигдөр
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… Өчигдөр
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа Өчигдөр
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа Өчигдөр
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн Өчигдөр
Улаанбаатарт 3 хэм дулаан байна Өчигдөр