Долдугаар сард хур бороо ихтэй, нар шарсан өдрүүд үргэлжиллээ. Энэ сард бороо үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг агаарын урьдчилсан мэдээгээр анхааруулж байна.
Энэ жил тухайд хаврын тариалалт урьд жилүүдээс хожуу буюу тавдугаар сарын 15-наас жигдэрчээ. Учир нь, өнгөрсөн дөрөв, тавдугаар сард хүйтэн сэрүүн, хөрсний дулаан үр суух гүндээ нэмэгдэхгүй, дулааны хангамж дутагдалтай байжээ. Нийтдээ 334.7 мянган га-д улаанбуудай, 18.1 мянган га-д төмс, 12.5 мянган га-д хүнсний ногоо, 65.6 мянган га-д малын тэжээл, 118.9 мянган га-д тосны ургамал, нийтдээ 580.6 мянган га-д тариалалт хийгээд байгаа юм. Тариалалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нийт тариалсан талбайн хэмжээ 9.7 мянган га талбайгаар нэмэгджээ.
Энэ жил 350.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэхээр төлөвлөсөн байна.
2023 оны ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангаар дамжуулан хэрэгцээт улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөж, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэжээ.
Хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор нийтдээ 4.1 тэрбум төгрөгийн үнэ бүхий 12 нэр төрлийн ил талбайн болон хүлэмжийн ногооны үрийг нийлүүлж, Засгийн газрын шийдвэрийн дагуу үнийг 80 хувиар хөнгөлөн аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газруудаар дамжуулан иргэд, ногоочдод технологийн хугацаанд олгох ажлыг зохион байгуулжээ. Хүнсний ногоонд урамшуулал олгож эхэлснээр тариалсан талбай, хураан авсан ургацын хэмжээ сүүлийн хоёр жилд 30 шахам хувиар өсөж голлох нэрийн хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах хэмжээнд хүрсэн байна.
Усалгаатай газар тариаланг 2030 онд 100.0 мянга га-д хүргэх зорилт тавьсан. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Хүнсний ногооны үйлдвэрлэл ба усалгаатай хөдөө аж ахуй” төслийн хүрээнд 40.0 сая.ам долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Завхан, Хэнтий, Дорнод, Сэлэнгэ, Төв аймагт 6.0 мянган га талбайд услалтын систем байгуулах ажил, мөн Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Увс аймгийн Улаангом сумын Арсайн услалтын систем барилгын ажил тус тус хэвийн явагдаж байна.
1597 иргэн, аж ахуйн нэгжид 361 тэрбум төгрөгийн зээл олгоод байна
УИХ, Засгийн газрын тогтоолын дагуу арилжааны банкны эх үүсвэрээр, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих хүрээнд жилийн нийт 18 хувь буюу зээлдэгчээс тав хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэй, 24 хүртэл сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын болон жилийн нийт 19 хувь буюу зээлдэгчээс зургаан хувь, Засгийн газраас хариуцан төлөх 13 хувийн хүүтэй, 60 хүртэл сарын хугацаатай хөнгөлөлттэй зээлийг олгохоор шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд ХХААХҮЯ арилжааны 10 банктай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна. Өнгөрсөн сарын 28-ны өдрийн байдлаар нийт 2732 иргэн, аж ахуйн нэгжийн 1,152.6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, банканд уламжилснаас 1597 иргэн, аж ахуйн нэгжид 361.43 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 219.1 тэрбум төгрөгийг эргэлтийн хөрөнгийн чиглэлээр, 142.3 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын чиглэлээр олгосон байна.
Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээлийг салбараар нь авч үзвэл газар тариалангийн чиглэлээр 1206 иргэн, аж ахуйн нэгжид 127.2 тэрбум төгрөг, мал аж ахуйн чиглэлээр 111 иргэн, аж ахуйн нэгжид 26.88 тэрбум төгрөг, хүнсний боловсруулах болон сав баглаа боодлын үйлдвэрлэлийн чиглэлээр 302 аж ахуйн нэгжид 207.1 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгож, зээлийн эх үүсвэр ашиглалт 27.1 хувьтай байна.
Д.Есөн-Эрдэнэ: Ургацын урьдчилсан төлөв наймдугаар сарын 20-доос гарна
Тариалалтын явцын талаар ХХААХҮЯ-ны Газар, тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Есөн-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.
-Өнгөрсөн сард бороо хур ихтэйгээс гадна их халалт үргэлжиллээ. Энэ тариалалтад нөлөөлөх үү?
-Тариалангийн бүс нутгаар хур тунадастай байлаа. Хур тунадас хугацаандаа орсон учир тариалалтад сөрөг нөлөө үзүүлэх нь бага байх болов уу. Зүүн бүсэд халалт ихтэй байсан ч бороо орж, тариалалт хэвийн явагдаж байна. Харин усархаг бороо, хүчтэй мөндөр орсны улмаас голын ай савын дагуух тариаланчдын талбай үерт автлаа. Тиймээс тариаланчид цаг агаарын урьдчилсан мэдээллийг сайн харж, ажиглаж байна.
Энэ жил бороо хур ихтэйгэээс хортон шавж, хог ургамал их гарч байна. Тиймээс мэргэжилтнүүд хөнөөлт организмын тархалтын судалгаа хийж, тариаланчдад зөвлөмж өгч байгаа. Мөн уринш боловсруулалтыг хийж байна. Техник, тоног төхөөрөмжөө завсарлаж байна.
-Ургацын төлөв байдлын мэдээлэл хэзээ гарах вэ?
-Эрт ургацын төмс, хүнсний ногоо гараад эхэлсэн. Наймдугаар сарын 20-доос ургацын урьдчилсан төлөв байдал гарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна