Т.Ням-Очир: 21 цэцэрлэг, сургуулийн байрыг ашиглалтад оруулаад байна


2023-2024 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын явц болон бусад асуудлаар Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа. 

-Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Бэлтгэл ажлын явц хэдэн хувьтай байна вэ? 
-Шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажлыг аймаг, дүүрэг, цэцэрлэг, сургууль, насан туршийн суралцахуйн төвүүд дор бүрнээ хангаж байна. Аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орсон. Наймдугаар сар гарсаар цаг үеийн асуудлаар хоёр удаагийн шуурхай хурлыг зохион байгуулж, хичээлийн жилийн бэлтгэл ажилтай холбоотой асуудлаар зөвлөлдсөн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу цэцэрлэг, сургуулийн урсгал засварын зардлыг орон нутаг хариуцаж байна. Энэ жилийн тухайд дотоод орчны агаарын чанар, сурагчдын эрүүл аюулгүй байдлыг хангах хүрээнд мэргэжлийн байгууллагуудаас өгөгдсөн чиглэлийн дагуу хичээл эхлэхээс 30 хоногийн өмнө урсгал засваруудаа дуусгах зарчим барьж байна.
Засгийн газраас энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулиудыг гурван ээлжээр хичээллүүлэхгүй байх, ачааллыг бууруулах чиглэлтэй тогтоол гарсан. Үүний хэрэгжилтийг хангах цогц арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд 32 сургуулийн анги танхимын засварт 7.4 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн тодотголоор баталсан. Эдгээр ажлын худалдан авалт зарлагдаж, засварын ажлууд эхэлж байна. Мөн үерийн улмаас Баянзүрх дүүргийн 256 болон Сүхбаатар дүүргийн 16 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг буюу түрээсийн байрууд, ерөнхий боловсролын 31 дүгээр сургуулиуд эрсдэлд өртсөн. Онцгой байдлын шугамаар дүүргээс эдгээр цэцэрлэг, сургуулийн барилга байгууламжид засвар, тохижилт хийнэ. 

74 барилга ашиглалтад оруулж, суудлын тоог 4000 орчмоор нэмэгдүүлнэ

-Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүртээм­жийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хичээлийн жилд шинээр хэдэн сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулах төлөвлөгөө­тэй байна вэ?  
-Боловсролын салбарт нийт хөрөнгө оруулалтын 468 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүний 419 нь сургалтын зориулалттай барилга байгууламж. Энэ онд нийт 74 барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 21 цэцэрлэг, сургуулийн байрыг ашиглалтад оруулж суудлын тоог 4000 орчмоор нэмэгдүүлээд байна. 
Нийслэлийн ерөнхий боловс­ролын сургуулиудын ачааллыг бууруулах, гурван ээлжийг халах хүрээнд энэ онд багтаан 21 барилга байгууламжийг ашиг­лалтад оруулахаар зохицуулалт хийн ажиллаж байна. Ингэснээр суудлын тоо 5280-аар нэмэгдэнэ. Эдгээрээс хоёр нь буулган шинээр барьж байгаа барилга.
Цэцэрлэгийн тухайд энэ ондоо багтаан 27 цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар төлөвлөснөөс одоогоор арван барилга дээр Улсын комисс ажилласан.


-Засгийн газраас ерөнхий боловсролын сургуулиудыг гурав биш хоёр ээлжээр хичээллүүлэх зорилт тавиад буй. Энэ хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэх магадлалтай хэдэн сургууль байна вэ. Тэдгээрийг зохицуулах боломж бий юү?
-Засгийн газрын тогтоол батлагдаж, БШУ-ы сайдаар ахлуулсан бүх яам, нийслэл, мэргэжлийн байгууллагын төлөөллийг багтаасан ажлын хэсгийнхэн өнгөрсөн сараас эхлэн ажиллаж байна. Тухайн ажлын хэсгийнхэн хэд хэдэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, богино, дунд, урт хугацааны төлөвлөлт хийн ажиллаж байна. Тухайлбал, хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх хүрээнд нөхцөл байдлын талаар долдугаар сард Засгийн газрын хуралдаанд танилцуулж, өгсөн үүрэг чиглэлийн дагуу боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх тогтоолыг батлуулсан. Мөн сургалтын зориулалтаар түрээсэлж болох барилга байгууламжуудыг судалж, шийдвэрлэх дэд ажлын хэсэг ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 22 сургуульд 19489 ам метр бүхий 22 түрээсийн байрыг шийдвэрлэн 13815 хүүхэд хичээллэх бэлтгэл ажлыг хангаад байна. Түүнчлэн сургуулийн анги танхимыг өргөтгөх, нийтийн эзэмшлийн талбайг хичээлийн анги танхим болгон тохижуулах зэргээр 32 сургуульд 7.4 тэрбум төгрөгийн засвар тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр 6936 хүүхэд хичээллэх боломж бүрдэх юм.


Сургуулийн ачааллыг бууруулах бас нэг шийдэл нь сургуулийн бүтэц, хэв шинжийг шинээр төлөвлөн зохион байгуулах юм. Энэ жилийн тухайд Баянзүрх болон Хан-Уул дүүрэгт тус бүр нэг ахлах сургуулийг байгуулна. Сургуулиудыг ахлах сургуулийн зохион байгуулалтаар хөгжүүлэх нь хамгийн оновчтой төлөвлөлт гэж үзэж болно. Мөн дунд хугацаандаа нийслэлийн ачаалал өндөртэй байршил дахь 14 сургуулийг өргөтгөх судалгааг нарийвчлан хийж байна. Энэ хүрээнд ирэх оны төсөвт хөрөнгийг тусгах, шаардлагатай зураг төсвийг боловсруулна. Хамран сургах тойргийг газарзүйн мэдээллийн системд тулгуурлан шинэчлэх ажлыг мөн хийж байна. Ингэснээр хүүхэд гэртээ хамгийн ойр сургуульдаа сурах боломжтой болно.

 
-Ямар нэгэн шалтгаанаар товлосон хугацаандаа ашиг­лалтад оруулах боломжгүй болж хойшилсон, “царцсан” сургууль, цэцэрлэгийн барилга бий юү?
-Дээр дурдсан 468 төсөл, арга хэмжээнээс 399 төсөл, арга хэмжээг 2023 онд санхүүжүүлэхээр улсын төсөвт суулгасан. Нийт 23 төсөл, арга хэмжээний гэрээг цуцалж, зарим компанийг “хар жагсаалт”-д оруулах асуудал гарч байгаа.

Хуулиар сурах бичгийг худалдан авах боломжтой болсон

-Сурах бичгийн хүрэлцээ хангамжтай холбоотой маргаан, шүүмжлэл жил бүр гардаг. Энэ удаад ийм асуудал үүсгэхгүй байхын тулд ямар төлөвлөгөө, зохион байгуулалттай ажиллаж байна вэ? 
-Боловсролын ерөнхий газрын хийсэн судалгаагаар 1-3 дугаар ангийн сурах бичиг 100, 4-5 дугаар ангийнх 93-95, дунд, ахлах ангийнх 76-96 хүртэл хувийн хангалттай гарсан. Холбогдох хууль тогтоомжийн дагуу өнгөрсөн жилүүдэд ерөнхий боловсролын сургуулийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичгийг ерөнхий гэрээгээр зарлаж байсан. Энэ хугацаа дууссан тул Боловсролын ерөнхий газраас худалдан авах ажиллагааг зохион байгуулж, өнөөдрийн байдлаар сонгон шалгаруулалтын үнэлгээний хороо үнэлгээгээ хийж байна.
УИХ-ын хаврын чуулганаар баталсан боловсролын багц хуульд сурах бичгийг эцэг эх, асран хамгаалагч хүсвэл худалдан авч болох зохицуулалт тусгасан. Үүнийг боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн батлах зохицуулалттай. Тэгэхээр энэ жилээс сурах бичгийг худалдан авах боломжтой болно.


-2023-2024 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд шинээр нэвтрүүлж буй хөтөлбөр, шинэчлэлт гэх мэт онцлох дэвшилтэт өөрчлөлт бий юү? 
-Өнгөрсөн хичээлийн жилд боловсролын салбарт хэд хэдэн шинэ платформ, түүнийг дагасан үндэсний хөтөлбөртэй нийцсэн хөтөлбөр, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, арга зүйг туршсан. Тухай бүр дээр Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгийн дүгнэлт гарч байна. Дүгнэлтийн дагуу энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн  V, VI ангид англи хэлний Pearson, III, IV ангид математикийн Эдүтэн платформуудыг үндэсний хэмжээнд нэвтрүүлнэ. Үүнээс гадна сурах бичгийг цахимжуулж, интерактив хувилбарыг гаргах, STEAM, СИИ сургалт гэх мэт туршиж, үр дүн тодорхой гарсан олон ажлыг нутагшуулах, өөрийн орны онцлогт тохируулан сайжруулах ажлыг хийнэ.

Эцэг, эхийн мэдээлэлд үндэслэн хоёр настнуудад  цэцэрлэг санал болгоно

-Цэцэрлэгийн цахим бүртгэл үргэлжилж байна. Одоогоор хэчнээн хүүхэд бүртгүүлээд байна вэ. Хүүхдээ бүртгүүлж буй эцэг эхчүүд юунд анхаарах шаардлагатай вэ? 
-Энэ сарын 9-ний өдрийн 08:35 цагийн байдлаар 71980 хүүхэд бүртгүүлсэн байна. Үүнийг нарийвчилж, дүүрэг, хороогоор нь  харж болно. Анхаарах зүйлийн тухайд иргэний бүртгэлийн мэдээлэл үнэн зөв байх ёстой. Энэ мэдээлэл баталгаатай байхад ямар ч асуудал гарахгүй. Харин орон нутгийн хаягтай, түр оршин суугч иргэн нийслэлийн цэцэрлэгт хүүхдээ хамруулах хүсэлтийг цахимаар илгээхийн тулд амьдарч буй дүүрэг, хороондоо бүртгүүлж, хүсэлт илгээх ёстой. 


-Энэ хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн суралцах хэчнээн хүүхэд байгаа вэ. Тэдгээр хоёр настнуудыг бүгдийг нь цэцэрлэгт хамруулах боломж нөхцөлийг хэрхэн бүрдүүлж байна вэ? 
-Албан ёсны статистик мэдээгээр Монгол Улсад хоёр настай 72439 хүүхэд байгаагаас 33142 нь Улаанбаатар хотод амьдарч байна. Энэ хичээлийн жилийн тухайд өнгөрсөн жилд авсан арга хэмжээтэй адил, түрээсийн буюу салбар цэцэрлэг ажиллуулах, хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг нэмэгдүүлэн хоолны зардал олгох гэх мэт үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 


-Анх удаа цэцэрлэгт хамруулах гэж буй хүүхдийг бүртгүүлэхэд хамрагдах цэцэрлэгийн сонголт гарч ирэхгүй байгаа юм билээ. Энэ тохиолдолд эцэг эхийн  бүртгэлтэй хаягийн дагуу харьяа цэцэрлэгтээ цаанаасаа автоматаар хуваарилагдаад явах уу. Аль эсвэл эхлээд цахимаар бүртгүүлээд дараа нь харьяа цэцэрлэг дээр нь очиж заавал бүртгүүлэх ёстой юу?
-Хүүхдээ цэцэрлэгт хамруулах хүсэлтээ цахимаар энэ сарын 20 хүртэл илгээх боломжтой. Энэ бол өмнө нь хамрагдаж байсан хүүхэд тухайн цэцэрлэгтээ үргэлжлүүлж явах эсэхийг асууж байгаа юм. Харин цэцэрлэгт явж байгаагүй хүүхэд бол хамруулах хүсэлт илгээхэд л болно. Эцэг эх, асран хамгаалагч нар хүсэлтээ явуулахдаа оршин суугаа хаягийн мэдээлэлдээ хяналт тавих шаардлагатай. Цахим хүсэлт дууссаны дараа буюу энэ сарын 21-25-нд эцэг, эхийн хаягийн мэдээлэлд үндэслэн хамран сургах тойргийн цэцэрлэгийг санал болгоно. Тухайн цэцэрлэгт хүүхдээ явуулах шийдвэрийг эцэг эх гаргаж, цэцэрлэг дээр нь очиж гэрээ байгуулах юм. Parent.edu.mn сайтад эцэг эх, асран хамгаалагчтай байгуулах гэрээний загварыг татаж авахаар байршуулсан. Хүүхдийн шинжилгээг мөн уян хатан байлгахаар зохицуулалт хийж байна. Тэгэхээр хуучин шиг цэцэрлэгийн үүдэнд дугаарлаж зогсдог, бүртгүүлэх, гэрээ байгуулах, шинжилгээ өгөх гэх мэт олон дахин явдаг асуудал гарахгүй.  


-Цахим бүртгэлтэй холбоо­тойгоор мэдээлэл зөрүүтэй, хаяг бүртгэлгүй гэх мэт зөрчил гарсан тохиолдолд хаана хандаж, тухайн асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой вэ? 
-Тухайн үйлчилгээнд харуулж буй оршин суугаа хаягийн мэдээлэл иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сан дахь мэдээлэл юм. Тухайн мэдээлэл хуучирсан эсвэл зөрүүтэй бол оршин суугаа газрынхаа улсын бүртгэгчид хандаж, засварлуулах боломжтой.

С.Юмсүрэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 10 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 10 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 10 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 11 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 11 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 11 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22