Морин туураар тамгалагдсан монгол газар шороонд моторт хөлгийн дугуйн мөр анх гарсан нь тун саяхных. Он цагийг нь тодруулъя гэвэл хүмүүн төрөлхтний түүхийн зузаан хуудсыг тийм ч урагшаа эргүүлж хайх шаардлагагүй. Эдүгээгээс 100 гаруйхан жилийн өмнө, тодруулбал XX зууны эхэн үед Монголд байсан гадаадын худалдаа эрхлэгчид, үйлдвэрийн эзэд анх механикжсан тээврийн хэрэгслийг оруулж ирсэн аж. 1907 онд Орос, Хятадаас ирсэн авто машин Их Хүрээнд анх үзэгдэх болсон бөгөөд тэдгээрийг 1913 онд эхлээд Монголын экспедиц, дараа нь цөөн тооны хувь хүмүүс худалдан авсан тухай түүхийн баримт бий. Богд хаан 1912 оны эхээр Хятадын Тяньжин хотноо ажиллаж байсан Америкийн худалдааны нэгэн пүүсээр дамжуулан захиалга өгч, Америкаас суудлын авто машин нэгийг захиалан авчруулж байв. Нийслэл Хүрээнд байсан анхны машиныг буриад Бадамжав гэдэг эр барьж байсан гэдэг. 1921 онд Ардын хувьсгал ялсны дараа ч морин өртөө, үхэр, тэмээ зэрэг ердийн хөсөг тээврийн гол хэрэгсэл хэвээр байв.
Харин 1922 оны эцсээр цэргийн яаманд Оросоос 10 машин шилжүүлж, 1923 онд анхны гарааш байгуулан, жолооч бэлтгэх ажил эхэлжээ. Үүгээр үндэсний тээврийн байгууллагын эх суурь тавигдсан гэж үздэг. Ийнхүү Хүннүгийн үеэс уламжилж, Өгөдэй, Хубилай хаадын үед төгөлдөржин хөгжсөн морин өртөө, улаа, ердийн хөсгийн тээвэр орчин цагийн техникт халаагаа өгсөн түүхтэй. 1924 оноос нь тээврийн хэрэгслээс татвар хураамжийг авдаг болж, тухайн оны арваннэгдүгээр сард хуралдсан улсын Анхдугаар хурлаас “Тээх нэвтрүүлэх хэргийг эрхлэх тусгай газар” байгуулах тогтоол гарчээ. Уг газрыг 1925 оны долдугаар сарын дунд үед байгуулснаар орчин цагийн автотээврийн байгууллага үүссэн түүхтэй. Тухайн үед улсын сангаас 111,8 мянган янчаан, Аж ахуйн яамнаас ачааны зориулалтын долоон машин болон зарим эд хөрөнгийг уг механикжсан тээврийн газарт шилжүүлжээ. 1936 онд БНМАУ, ЗХУ-ын Засгийн газрын хамтарсан шийдвэрээр хоёр талаас хувь нийлүүлж “Монгол транс” гэдэг байгууллагыг бий болгосон байна.
Хувиа нийлүүлсэн Монгол транс
Хувьсгалын хэрэгцээг бататгана бидний биес ээ хө
Хурц улаан тугаараа
Баяр хүргэе нөхдүүд ээ гэсэн дуу хүртэл төрсөн бий.
Үүний дараа “Монгол транс” 100 хувь Монголын талд шилжиж “Монгол тээх” гэдэг шинэ байгууллага үүссэнээр Улаанбаатар-Хэнтий аймаг хоорондын морин өртөөг татан буулгажээ. Улмаар ЗХУ-ын тусламжтайгаар зургаан машинтай шуудан буудал байгуулж Улаанбаатар-Алтанбулагийн хооронд бараа таваар зорчигч тээвэрлэж эхэлсэн байдаг. Үүнээс өмнө буюу 1929 онд “Монгол транс”-ын дэргэд гурван автомашиныг тоноглож Улаанбаатар-Амгаланбаатарын хооронд хүн тээвэрлэснийг хотын зорчигч тээврийн үндэс тавигдсан гэж үздэг.
Энэ үеэс зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллах хөдлөх бүрэлдэхүүнийг зорчигч урсгалд тохируулан сонгох, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг диспетчерийн удирдлагаар хангах, нийтийн тээврийн үйлчилгээнд бие даасан хяналт шалгалтын албыг бий болгох, зорчигч урсгалын иж бүрэн судалгаа хийх, үнэ тариф, цалин хөлсний системийг боловсронгуй болгох, жолооч кондуктор, техникийн ажилтан, ажилчдыг тусгай курс сургуулиар бэлтгэх замаар нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний нэгдсэн систем бүрэлдэн тогтсон байна. 1935 онд Худалдааны авто бааз, 1954 онд Авто-такси моторын бааз, 1965 онд Гадаадын мэргэжилтэнд үйлчлэх авто бааз гэх мэт төрөлжсөн тээврийн байгууллага нийслэл хотод байгуулагдаж, 1940 оны арваннэгдүгээр сард БНМАУ-ын Зам тээврийн яамыг байгуулж төрөл бүрийн тээвэр, зам барилгын ажлыг төвлөрүүлж удирдах болсон аж. 1969 онд Улаанбаатар хотын тээврийг удирдах газар бий болж автобус таксины хийгээд зарим баазуудын үйл ажиллагааг нийслэлийнхэнд хүртээж төрөлжсөн салбаруудтай болжээ. 1987 онд хотын тээврийн системд троллейбусны үйлчилгээ цоо шинээр нэмэгдсэн байна. Энэ үеэс хойших тээврийн салбар зах, зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж төвлөрсөн тээврийн зонхилох хэсэг нь хувьчлагдаж хувийн хэвшлийн компаниуд үүссэн юм. Монгол Улсын эдийн засагт томоохон байр суурь эзэлдэг автотээврийн салбар ийнхүү 100 жилийн түүхээ шашдирлан өнөөдөртэй золгожээ.
Шинэ зуунд эрчимтэй хөгжиж буй зам тээврийн салбарын нэг том салаа мөчир нь автотээвэр. Энэ талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохицуулж, зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй байгууллага нь “Автотээврийн үндэсний төв” төрийн өмчит үйлдвэрийн газар юм. Тус үйлдвэрийн газар хүн амын автотээврийн эрэлт хэрэгцээг хангаж, хэрэглэгчдийн эрх ашгийг дээдэлсэн, улс орны нийгэм эдийн засгийн нийтлэг эрх ашигт нийцсэн автотээврийн тогтвортой системийг бий болгох, төр захиргааны байгууллагаас автотээврийг хөгжүүлэх талаар баримтлах бодлого, чиглэл, шийдвэрийг хэрэгжүүлж, улс болон хот хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээг боловсронгуй болгох, тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналтыг сайжруулах, бүртгэлжүүлэх, орчин үеийн шаардлага хангасан мэдээллийг системийг бий болгох, хэрэглэгчдийг хөдөлгөөний аюулгүй байдал хангасан, хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй тээврийн хэрэгсэл ашигладаг болгоход эрхэм зорилготой. Ердийн хөсгөөс улбаалан хөгжсөн автотээврийн салбар өнөөдөр Засгийн газрын цахим шилжилттэй хөл нийлүүлэн, бүрэн цахимжиж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна.
Г.Санчир
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна