Ур дэглээч, уран шаглаачдын нутаг Урт цагаан, Урт цагааны эргэн тойрноос үе үеийн урчууд, загвар зохион бүтээгчид төрөн гарсан байдаг. Нэг үгээр хэлбэл Монголын хувцас урлалын өлгий гээд хэлчихэд гэмгүй мэт. Одоо хэр эндээс хувцас урлаачид, оёдол, үйлдвэрлэлийн залуу шинэхэн компаниуд төрөн гарсаар, уг үндсээ ургуулж, үр жимсээ соёолуулсаар л байгаа ажээ. Одоогоос хориодхон жилийн өмнө Урт цагаан арагш цэргийн оёдлын үйлдвэр залгаад замын хойд талдаа “Нарны титэм” хавиар сууриа тавьсан оёдлын жижиг цехүүд, загварын сургалт дамжаанууд өнөөдөр хөлд орох нь орж, хил давах нь давж байр сууриа бэхжүүлж, батжуулаад явж байгаа. “Монголын үнэн” сонин нийтлэлийн бодлогоороо хийж бүтээх хүсэл эрмэлзлэл дүүрэн, хийсэн бүтээсэн зүйлстэй, ажилч хөдөлмөрч “Бүтээлч монгол” залуусаа үргэлж дэмжин ажилладаг билээ. Бид энэ удаагийн дугаартаа 18-хан настай ч алдрын оргил өөд мацах урт холын аяныхаа анхны алхмыг хийж яваа залуухан урлаач Л.Янжиндулам бүсгүйн саяхан Монголын хувцас урлалын өлгийд тохижуулж орсон урлангаар зочиллоо.
2023 оны өвөл нэгдүгээр сар. Л.Янжиндулам МУИС-ийн харьяа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн хувцас урлал, дизайны ангийг төгсөөд ажлын байр хайж эхлэв. Нас бага, зүс шингэн бүсгүйг очсон газар бүр нь гар хөлийн үзүүрт зарчих гээд, сонирхож, хүсэж, дурлаж сурсан мэргэжлээр нь ажиллуулах янзгүй. Хаа газар байх мэргэжилдээ сайн, дархлагдсан ажилтнууд шинэ, туршлага багатай нэгнээ гар хөлийн үзүүрт зарчих гээд байдаг нь бараг уламжлал шахуу юм даа. Ингээд зүгээр суусангүй, ээж Сайнбилэгээсээ анхныхаа хөрөнгө оруулалтыг авч, оёдлын машин, жаал зугаа бараа, материал авахуулаад өөрийн гараар үйл мэтгэж, урлан бүтээх ажилдаа оров.
Хамгийн анхны захиалгыг мөн л ээж нь олж өгчээ. Захиалгаас олсон орлогоороо материалаа зэхэн өөрийнхөө хийж урласан бүтээгдэхүүнээ сонирхуулж байхаар цахим хуудас ч нээн ажиллуулав. Түүний хамгийн анхны хийсэн бүтээгдэхүүн залуусын, мөн өөрийнхөө дурлаж өмсдөг “Хүүдий”-г урлаад өмсчихлөө. Үеийн залуус хийгээд найз нөхөд, арван жилийн ангийн андууд нь сонирхоод жигтэйхэн. Ингээд л үеийнх нь залуус өөрийнх шиг нь “Хүүдий”-тэй болмоор байгаа хүслээ илэрхийлж эхлэх нь тэр.
Дэлхийд нэрд гарсан брэндүүд бүгд л шахам тэгээс эхэлж, нэгээс өгсөж тоолсон нь мэдээж. Өнөөгийн дэлхий ертөнцийн хөдөлгөх хүч болж буй технологийн аварга компаниуд хүртэл гараашаас гараагаа эхэлж байсан түүхтэй. Ангийн найзынхаа хүсэлтээр хос “Хүүдий”-н дээрээ нэрийг нь шаглаж урлаж өгсөн нь залуусын сонирхлыг бүр ч илүүтэй татах болов. Л.Янжиндулам “Би одоо дэлгүүрээс хувцас худалдаж авахаа больсон. Гадуур явж байгаад надад таалагдсан хувцас харагдах юм бол ирээд хийгээд л өмсчихдөг. Одоо бүр манайхан надаар хувцсаа захиалж хийлгээд гаднаас хувцас авахаа больсон. Эдийн засагт нь ч хэмнэлттэй, надад ч хөөрхөн орлоготой, хэн хэндээ болоод л байна” гээд хөгжилтэй инээж байна. Аргагүй л нялхаараа юм даа гэж яриаг нь сонсож суухдаа би ч өхөөрдөн бодов. Л.Янжиндулам дөрвөн хүүхэдтэй айлын хоёр дахь охин. “Манайхнаас хэн ч ийм оёдол, урлалын чиглэлээр яваагүй. Манай хамаатан садан дунд ч байхгүй байх. Том эгч маань цагдаагийн албанд ажилладаг эмч хүн.
Ээж маань цагдаагийн албанд ажиллаж байгаад тэтгэвэртээ гараад удаагүй байна” гэж хүүрнээд “Би энэ мэргэжилд аргагүй л багаасаа татагдсан. Бодож, тэмүүлсээр байгаад дурлаж сонгосон сургуульдаа орсон доо” гэж хөөрөлхөнө. Харахад энэ жижигхэн биений хаанаас нь ундардаг санаа вэ гэж гайхширмаар. Бие нь жижиг бэлчээр нь том ханагаруудын хойч энд зогсож байна даа гэж бахдан бодсон минь алдаагүй байх аа. Тун саяхнаас энэ урлангаа тохижуулж авчээ.
Эхлээд удаагүй тул эмх цэгц ч муутай, ил далд загвар зургууд минь ч бий гэснээр бид хоёр зураг авалт хийсэнгүй бүтээгдэхүүний зургаар сурвалжилгаа чимэглэхээр тохиров. Түүний ширээн дээгүүр монгол хийцийн цамц тэргүүтнээс гадна түүний өөрийн үүсгэн бий болгож цааш хөгжүүлэн авч явах “Tuntuush” брэндийн “Хүүдий” буюу бидний нэрлэж заншсанаар малгайтай цамц өнгө, өнгөөрөө өрөөтэй, өлгөөстэй, эвхээстэй харагдана.
Л.Янжиндулам брэндийнхээ тухай “Анх би ойрхны ирээдүйн нэг зорилго болох “Урлах эрдэм” сургуульд суралцах төлбөрөө олох санаатай ажиллаж, хүний захиалгаар оёдол хийж эхэлсэн юм. Оёдол хийж эхлээд үеийн залуусын дунд хувцаслалтын ямар чиг хандлага байгааг анзаарч хараад л явлаа. Ингээд орчин үеийн хотын залуусын хувцаслах хэв маяг, хүсэл сонирхолд нийцүүлэн “Tuntuush” брэндээ гаргаж эхэлсэн. Одоо би сургуульдаа ч сурна, энэ эхлүүлсэн ажлаа ч орхихгүй” гэж байна. Анхныхаа загварыг гаргачихаад цаашид өөрийнхөө брэндийг хэрхэн нэрлэх талаар гэрийнхэнтэйгээ ярилцаж асууя гэтэл ээж нь “Түнтүүш” гэдэг нэрийг л санал болгож. Учир нь энэ нэр Л.Янжиндуламын багын хоч юм байж л дээ. “Би багынхаа хочноос их ичдэг байлаа. Хүүхэд байхдаа ч ичиж, гэрийнхнээ энэ нэрээр битгий дуудаасай гэж бараг залбирдаг байсан байх. Одоо бол энэ нэрэндээ дуртай болчихсон. Брэндээ ч цаашид өвөрмөц сонирхолтойгоор бүтээж улс орныхоо нэрийг гадаадад дуудуулах юмсан гэдэг том мөрөөдөлтэй болсон” гэж байв. Үнэхээр түүний
“Tuntuush” брэнд бусдаас өвөрмөгц шийдэлтэй зүйл нь захиалагчийн хүссэн өнгө, материалаар хийхээс гадна нэрийг нь урлаж өгдгөөрөө онцлог санагдсан даа. Нэмээд дуртай хээ, үсэг эсвэл бүр үг, хайртай хүнийхээ нэрийг ч оёулж болох сонголттой юм гэсэн. Хэн ч харсан ердөө цор ганц хувь. Л.Янжиндуламыг угаасаа малгайтай цамц хийх дуртай гэж би хэлсэн билүү.
Малгайтай цамцнаасаа улбаалан спорт хувцас хийж үзсэн нь амжилт олоодхов. Л.Янжиндуламын хувцас урлах дуртай материал нь “Жүри” хэмээх материал гэнэ. Үүгээрээ цаашид биеийн тамирын хослол, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан, хүүхдийн насанд тохирсон бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөөтэй байгаагаа хэлнэ билээ.
Том зорилго, мөрөөдөлтэй жижигхэн бүсгүйн тохижуулж эхэлсэн урлангаас би инээмсэглэн гарч ирлээ. “Сургуульд суралцангаа ажлаа хийгээд, албаа залгуулаад явах нь дээ би. Завгүй өдрүүд, цаг хугацаа намайг хүлээж байна даа” гэж инээмсэглэн ярьсан бүсгүйн үг чихэнд сонсогдсоор л байсан хэрэг л дээ.
Амжилт хүсье, Түнтүүш ээ.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/
Сэтгэгдэл (6)