Өлгөц
Хэрвээ дэлхий дээрх бүх хүн швейцарчууд шиг амьдардаг бол хүн төрөлхтөнд өнөөдөр 2.75 дэлхий хэрэгтэй болно гэнэ. Нээрэн бид чинь нөөц дэлхийтэй бил үү. Эх дэлхийгээ орхиж, нөөцөнд байгаа өөр нэгэн дэлхий рүү давхиан дундаа үсрэн мордож, унаа сэлгээд явчих аятай л аашилцгаах аж. Монголчууд суман өртөөгөөр өдтэй бичиг хүргэхдээ сэлгээ мориндоо ийн үсрэн мордож, буухиалан давхидаг байсан гэдэг шиг л. Уг нь ч нөөц дэлхийтэй сэн бол унаа сэлгэж нурууг нь амраахгүй бол байгаль дэлхий уурлаж догшроод, бусгаж шилгээгээд, булгиж хөрвөөчих гээд л байх шиг.
Байгаль хамгаалагчдын оролцоотойгоор жилийн турш эх дэлхийгээс авч хэрэглэх нөхөн сэргээгдэх баялгийн хэрэглээний даацыг тооцоолж, жилийнхээ үүцийг барж, ирээдүйгээсээ идэж эхлэх өдрийг зарладаг болоод уджээ. 1971 онд Их Британийн “New Economics Foundation” судалгааны төвийн ажилтан Эндрю Симс анх энэ ажлыг санаачилж, 2006 онд “Global Footprint Network”-тэй хамтран дэлхий ба улс орнууд нөхөн сэргээгдэх баялгаа жилийн турш хэрхэн ашиглаж байгааг тооцоолж, тухайн орны био хүчин чадлаас давсан хэрэглээ эхлэх өдрийг зарлажээ. Дэлхийн байгаль хамгаалах хамгийн том байгууллага болох дэлхийн байгаль хамгаалах сан нь 2007 оноос хойш “Дэлхийн нөхөн сэргээгдэх баялгийн жилийн хэрэглээний нөөц хэтрэх өдөр”-ийг тооцоолон зарлахад оролцож байгаа юм. Өөрөөр хэлбэл эдгээр байгууллагууд хамтран хүн төрөлхтөн нэг жилийнхээ нөхөн сэргээгдэх баялгийн хэрэглээгээ хэзээ барахыг хэмжиж, тогоон дахь махыг нь тоолж, торон доторх гурилыг нь өнгийнө гэсэн үг. Жишээ нь, Монгол Улс шиг дөрвөн улиралтай улс оронд амьд үлдэхийн тулд хоол хүнс, орон байр, халаалт хэрэгтэй гэдэг нь маргаангүй. Манай орны экологийн нөөц бидний эдгээр хэрэгцээг хангадаг. Гэхдээ бид энэ нөөцийг нэг жилд хэрхэн зарцуулж хэрэглэдэг вэ? Энэ асуултад экологийн нөөцийн хэрэглээ, био хүчин чадлыг харьцуулан хариулж болно гэнэ. Банкны хуулгаар орлого, зарлагаа харьцуулдаг шиг экологийн нөөц, экосистемийн нөхөн сэргэлттэйгээ хэрхэн уялдан тэнцвэржиж байгааг хүн ам тэдний ашиглалт, нийлүүлэлт, эрэлтийг тооцоолон хэмжинэ. Эрэлт талаас хүн амын ургамлаас гаралтай хүнс, эслэг бүтээгдэхүүн, мал, загасны бүтээгдэхүүн, мод болон ойн бусад бүтээгдэхүүний хэрэглээ, хотын дэд бүтцийн орон зай, чулуужсан түлшнээс ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийг шингээх ойг оруулан тооцоолж хэмждэг бол нийлүүлэлт талд нь хот, аймаг, улс орны био чадавх болох ойн сан, бэлчээр, тариалангийн талбай, загас агнуурын талбай, барилга байгууламж зэрэг биологийн үр өгөөжтэй газар нутаг, бүс нутгаар илэрхийлэгдэнэ. Экологийн даацыг хувь хүн, хот, бүс нутаг, улс орон болон дэлхий даяар ингэж тооцоолж болно.
Экологийн нөөц ба био чадавхын хоорондын зөрүүг хэд хэдэн хүчин зүйлээр тодорхойлдог. Бидний хуримтлал хэр их хэрэглэж, хэр үр дүнтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас шалтгаалдаг шүү дээ. Яг түүн шиг нэг хүнд ногдох био чадавхыг хэчнээн га газар нутагтай, га тус бүр нь хэр үржил шимтэй, хэдэн хүн (хот, улс, дэлхийн) энэ био чадавхыг хуваалцаж байгаагаас хамаарч тодорхойлдог. Олон улс орон ийм шалгуураар “улаан” ангилалд ордог бөгөөд энэ нь экосистемийн нөхөн сэргээгдэх чадвараас (био хүчин чадал) илүү их байгалийн нөөцийг ашигладаг гэсэн үг юм. Тухайн улсын био чадавх нь хүн амынх нь хэрэглээнээс их байвал тухайн улс “экологийн нөөц”-тэй гэж сайрхаж болно. Харин эсрэгээрээ улс орнууд (мөн хот, мужууд) загас агнуур, мод бэлтгэл зэргийн хяналтгүй ашиглалтаас, эсвэл өөрийн экосистемийн шингээж чадахаас илүү нүүрстөрөгчийн давхар ислийг агаар мандалд ялгаруулах замаар нөөцөө багасгаж экологийн хомстолд орж болно. Нөхөн сэргэх боломжтой байгалийн баялаг болох эрчим хүчний хэрэглээ, загас агнуур, ойн аж ахуй гэх мэт нөөцийн хэрэглээний хэтрэлт жил бүр л өсөн нэмэгдсээр жилийн хэрэглээгээ барж, ирээдүйгээсээ авсан хугацаа нь наашилсаар л байна. Жишээ нь 2022 онд дэлхий жилийн хоолоо дуусгаж, “ирээдүйн нөөц”-өөр амьдарч эхэлсэн өдөр нь 2021 оныхоос хоёр хоногийн өмнө буюу долдугаар сарын 28-нд тохиосон байх юм. Энэ өдрийг дэлхий даяар Overshoot гэж нэрлэдэг. Анх 1971 оны арванхоёрдугаар сарын 25-нд дэлхийн нөхөн сэргээгдэх нөөц дууссан гэж тооцсон. Түүнээс хойш ковид тахал гэх мэт зарим үл хамаарах хүчин зүйлүүдийг эс тооцвол энэ өдөр урагшилсаар л байж. Ташрамд дурдахад Монгол Улс 2023 онд хэрэглэх нөөцөө гуравдугаар сарын 21-нд дууссан байна.
Улс орны эдийн засгийн үйл ажиллагаа, хөдөө аж ахуйн бүтээмж, импорт экспорт, эрчим хүчний хэрэглээ гэх мэт мэдээллийг цуглуулдаг байгууллага байдаг. Хар ухаанаар бодоход айл өрх хэдий хэмжээний хүнс (гурил, гоймон, мах, сонгино) идсэн, хоолоо хийхдээ хэр хэмжээний мод ашигласан зэргийг тооцоолох нь дараагийн сарын өрхийн орлого, зарлагаа тооцох боломж олгодог. Жимсээгийн нөхөр модон сандал, ширээ хийх модны тоо ширхгийг, сандал ширээ хийж буй нөхрөө урамшуулан дуртай цуйванг нь цахилгаан зууханд хийж өгөхдөө Жимсээ хэр их эрчим хүч хэрэглэв гэх мэт мэдээллийг цуглуулж багцлан мэдээлдэг гэсэн үг. Эдгээр байгууллага нь НҮБ зэрэг олон улсын агентлагуудад дээрх мэдээллээ өгдөг бөгөөд мэдээллийг дэлхийн ихэнх улс орнуудад тогтмол хэлбэрээр түгээнэ. Дэлхийн 200 гаруй орны экологийн даацыг тооцдог “Global Footprint Network” нь эдгээр олон улс, орны байгууллагын мэдээллийг авч, нягтлан бодох бүртгэлийн иж бүрэн мэдээллийн сандаа оруулж, улс бүр хэдий хэр нөөц ашиглаж байгааг тооцдог байна.
Хүн амын нягтрал ихтэй харьцангуй жижиг газар нутагт төвлөрсөн эрчим хүч, материалын өндөр хэрэглээ, зардалтай улс орон, хөдөө аж ахуйн салбар нь цэвэр ус, химийн бордоог ихээхэн хэмжээгээр ашигладаг, эрчим хүчний хэрэгцээгээ чулуужсан түлшээр хангадаг хэвээр байгаа улс орнууд, экологийн хувьд онгон зэлүүд, ашиглагдаагүй газар нутаг үгүй болж, орон сууц, худалдааны зориулалтаар хотжсон гэх мэт газруудын нөөц хэтэрсэн огноо эрт тоологддог ажээ. Хүн төрөлхтний хэрэглээг байгаль нөхөн сэргээж дийлэхээ байвал яах вэ?
Дэлхийд цэвэр баялгийн импорт байхгүй тул дэлхийн хэмжээнд экологийн хомстол нь экологийн сүйрэл дагуулж ч мэднэ гэж зарим нийтлэлч таамаглан бичиж байна. Тэд орчин үеийн эдийн засгийн бодит тулгамдсан асуудал нь экологийн сүйрэл гэж үзэж байгаа бололтой. Тийм ч байж болох юм. Өнөөгийн шинжлэх ухааны дэвшил болон эдийн засгийн хөгжил нь гарагийн хэврэгхэн шим мандалд явагддаг бөгөөд байгальд хор хохирол авчирч, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдах магадлалыг ихэсгэж байдаг. Хэрэв шинжлэх ухаан хөгжлийн зөв өсөлт дэвшлийг тодорхойлж чадахгүй бол шүү дээ. Дэлхийн экосистемийг эвдэж дуусвал энэ бүхний хор хохирлыг зөвхөн үхэр, хонь, үнэг туулайнууд бус хүн төрөлхтөн ч мөн хүртэх болно. Экологийн сүйрэл нь эдийн засгийн сүйрэл, улс төрийн хямрал, хүн төрөлхтний амьдралын чанарын уналт зэргийн шалтгаан болоод зогсохгүй бүр соёл иргэншилд ч заналхийлж болзошгүй. Үнэхээр аймшигтай санагдаж байгаа биз.
Цаашид экосистемийн эвдрэл, сүйрлээс бид өөрсдийгөө хамгаалахын тулд хэрэглээний энгийн хэлбэр рүү шилжихээс аргагүй. Ашгийн хойноос улайрсан үйлдвэрлэл, олборлолт, хэт тансаглалаас татгалзах ямар арга зам байгааг эрэн хайж, өсөлт дэвшлийн хурдаа сааруулах, багасгах нь биднийг аюулаас аврах гарц байж болох юм.
Хөдөө аж ахуйн нөхөн төлжилтийг төрийн бодлого, санаачилгаар үндэсний болон орон нутгийн түвшинд хэрэгжүүлж, нэг жилийн хэрэглээгээ тухайн жилийнхээ эцэс хүртэл тэнцвэржүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжиж, авч ашиглаад хаягдал болгодог хэрэглээнээс, тойрог хэлбэрийн хэрэглээ рүү шилжих замаар л эрчим хүч, материалын хэрэглээгээ бууруулж чадах аж. Үр дүнд нь жилийн хэрэглээ тэнцвэртэй болж экосистемийн нөхөн сэргээгдэх үйл ажиллагаа хэвийн болно. Чулуужсан түлшийг сэргээгдэх эрчим хүчээр сольсон улс орнуудын хэрэглээний нөөцийн дуусах хугацаа жилийн сүүл рүү тоологдож эхлээд байгаа сайн жишээ байгаа бол батарей, цахим тээврийн хэрэгслийн металлын хэрэгцээ нэмэгдэж байгаа улс орнуудын хэрэглээний нөөц жилийн эхэнд дууссан дүн мэдээтэй байгаа. Газар тариалан, мах үйлдвэрлэл гэх мэтийн хэрэглээнээс хэтэрсэн үйлдвэрлэлийн хэмжээг багасгаж өрх бүрийн үйлдвэрлэл буюу бэлчээрийн мал аж ахуй, өрхийн тариалангийн систем, нүүдэлчдийн амьдрах хэв маяг дэлхий гаргийн аврал байж болох юм.
Эсвэл өөр нэг арга байна. Бид ой, цэвэр ус, хүчилтөрөгч, хүний гараар сүйдэж болох байгалийн нөхөн сэргээж хүчрэхээ болиод байгаа нөөцүүдээ сайн харилцаат хөрш гариг нээн олж тэндээсээ импортолъё. Үгүй гэвэл ирээдүйн хөгжил рүү улайран зүтгэх хүн төрөлхтний унаа болсон хөөрхий эх дэлхий минь, алив би бууя.
Баримт:
Жил болгон наашилсаар ирсэн баримт огноо
1971 он: 12-р сарын 25
1980 он: 11-р сарын 8
1990 он: 10-р сарын 14
2000 он: 9-р сарын 25
2010: 8-р сарын 8
2019: 7-р сарын 29
2020: 8-р сарын 22 (Цар тахлын улмаас түр хойшилсон)
2021 он: 7-р сарын 30
2022: 7-р сарын 28
Шинэ мэдээлэл гарах тусам огноог байнга шинэчилдэг. Тиймээс огноо нь тухайн жилийн танилцуулснаас өөр байж болно.
Баримт:
Улс орнуудын Overshoot өдөр
Хоёрдугаар сарын 10: Катар (жагсаалтын эхнийх нь)
Гуравдугаар сарын 13: АНУ
Гуравдугаар сарын 28: Дани
Гуравдугаар сарын 31: Финланд
Дөрөвдүгээр сарын 3: Швед
Дөрөвдүгээр сарын 12: Норвеги
Тавдугаар сарын 19: Их Британи
6-р сарын 1: Хятад
Долдугаар сарын 8: Парагвай
Наймдугаар сарын 12: Бразил
Есдүгээр сарын 3: Тайланд
Аравдугаар сарын 11: Узбекистан
Арваннэгдүгээр сарын 11: Египет
Арванхоёрдугаар сарын 20: Ямайка (жагсаалтын сүүлчийнх)
Мөн Overshoot өдөр байдаггүй улс орнуудын урт жагсаалт байдаг. Энэ нь нэг хүнд ногдох хэмжээгээрээ дэлхийн нөөцийг боломжит хэрэгцээгээр ашиглаж амьдардаг гэсэн үг юм. Тэдний дунд Сан-Томе, Принсипи, Комор зэрэг жижиг үндэстнүүдээс эхлээд Энэтхэг, Пакистан зэрэг улс хүртэл байдаг.
Трамп Төмөрөө
Эх сурвалж: Монголын үнэн сонин №029/24560/
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна